Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...

Хэдийд ч юм бэ дээ, одоогийн Баянхонгорын өмнүүрх Юм бэйсийн хошуунд Дугар зайсан гэгч нутагладаг байж. Үлгэр ярих гэж байгаа юм биш шүү. Түвдийн шашин гажуудаж, Бурхан багшийнхаас өөр номоор явна хэмээсэн бүлэглэл хүчирхэгжээд байхад тэр хүн очиж завхралаас нь гэтэлгэсэн ухаантан гэлцдэг. Түвдийн толгой лам нар “Манай шашныг аврах хүмүүн умар зүгт байна, тэр хүн энэ тэмдгийг таних учиртай” гээд нэг эрдэмтэй ламынхаа орхимжинд хар бөс оёод мордуулжээ. Сайхь лам Тангуд уулсыг давж, амьхандаа тэр хавиараа л мөнөөх хар бөсийг анзаарах ажигч гярхай нэгэнтэй таарчих санаатай бишгүй явж. Сүүлдээ таван Цайдамыг хэжиж, Хөх нуурыг тойроод, цөл гаталж л дээ. Буусан айлынх нь эзэн “Хээ, тан шиг дээгүүр сахилтай лам орхимжиндоо хар тэмдэг хадчихсан явахыг бодоход танай Түвдийн шашин ч самуурч гүйцсэн юм шив дээ” гэж хэлэхийг сонсох үедээ Лхасын хувраг Монголын говьд ирчихсэн байжээ. Лам ч хонон өнжин саатаж, хэрэг зоригоо нэгд нэгэнгүй учирласан юм байх. Хэр удаан ч гуйлгасан юм бэ, юутай ч Дугар зайсан Лхаст очно, гэхдээ ирэх жил өөрөө яваад очно гэж амалжээ. Зорьсондоо хүрсэн лам ч буцаж. Өвөл нь Дугар зайсан саяхан бууранд гарсан ингэ унаад Лхас руу гарчээ. Манай Сэгс Цагаан Богд хавиас шүү дээ. Их л удаж хүрсэн нь лавтай. Одоо бол Гансу ортол хоногийн л газар. Чунчинь, Бээжин, Шанхай гурван хотоос Лхас хүрэх шууд галт тэрэг үүгээр дайрна. Тэгээд л 30-аад цагийн дараа Будалин ордны өмнө зогсож байх вий.


 Доорхи бяцхан өгүүллийг би "Номын ертөнц" хэмээх ТББ-ын хүсэлтээр бичсэн юм. Жил бүрийн хавар тэд номын үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг уламжлалтайг хүмүүс мэддэг болжээ. 2012 оны 3-р сард бичсэн уг өгүүлэлээ би сайтдаа тавьсан ч, дараахан нь буюу намайг Солонгост байх үед вэб үйлчилгээ үзүүлж байсан компани маань дампуурч, би ч онлайн хадгалсан олон бичвэрээ үүрд алдсан, бухимдмаар явдал тохиолдож билээ.

 

          Үсэглэлийн баяраар “Цагаан буга”, “Алтан алим” хэмээх хоёр ном бэлгэнд ирсэний дараагаас би ном уншиж эхэлсэн бөгөөд миний өөртөө худалдаж авсан анхны ном бол “Энэтхэг, Балба, Фижи үлгэр”. Одоо санахад, их гоё ном байжээ. “Сээтх гуайн сургаал хаалга хүртэл” гээд л үлгэрүүдийн нэрийг ч би мартаагүй. Энэтхэг маягийн хээ хуар болсон эрээн мяраан зурагтай хавтас нь даанч нимгэн тул тэгсхийгээд шалдарчихаж билээ. Ангийнхаа нэг хүүд өгч уншуулаад, араас нь нэхэл дагал болж байж, хавтасгүй дээрээ бас сэжиг хүрмээр халтартсан юм буцааж авсан сан. Түүнээс хойш би номоо маш их хайрлаж гамнадаг, бусдад дамжуулахыг үзэн яддаг болсон доо.

                Өвгөчүүлтэй яриа нийлэх хэцүү л дээ. Хэдий сайхан яруу найрагч боловч, хэтэрхий өндөр нас нь харьцахад садаа болоод байв. Япон хэл, монгол хэл энд ямар ч хамаагүй. Тэрүүхэн үедээ, яагаад ч юм бэ, мань өвгөн надад таалагдаагүй. Зүгээр нэг дотогшоо хүмүүс байдаг л даа. Тэр дотогшоо ч гэхэд хангалтгүй, бүр хаалттай хүн шиг санагдсан. Философичийн хүү гэдгийг нь би санах ёстой ч байсан уу, мэдэхгүй ээ. Өвгөн бийрэрхүү хошуутай ханзны үзгээр юу ч юм бэ бичээд, англиар буй тэр хэвлэмэл эд өөрийнх нь шүлгүүд яг мөн эсэхэд эргэлзэж байгаа шинжтэй, удаан харж харж номыг над руу буцаан сарвайсан. Том яруу найрагч учраас, япон хүний зангаар мэхийгээгүй. Бидний үг дуугүй, товчхон уулзалт.

                Таникава гуайн Америкт хэвлэгдсэн нэг номын нээлт дээр “Өнөө цагт амьд сэрүүн яваа хамгийн аугаа их яруу найрагч” гэж цоллосон нь зөвийг би одоо л мэдэрч сууна. “Амьд явна гэдэг” хэмээх шүлгийг ахин уншаад л. Шүлгийг ойлгох хамгийн сайн арга бол орчуулах.

                Солонгосын урлаг тааруу, зураачид нь сул гэсэн үгийг би Монголд бишгүй л сонсч байлаа. Арай ч үгүй биз гэж боддог байсан ч, өнөөдрийг хүртэл орчин цагийн урлагаас нь яг нэг дор шимтэж харж танилцсан минь үгүй. Ямар ч азаар гэх юм бэ дээ, энэ удаа Солонгост ирэхдээ би нэг зураачийн нэлээд том үзэсгэлэнг Бусанд үзэж, тэр хүний уран бүтээлтэй боломжийн сайн танилцсан. Модон бараар дэлхийд тэргүүлэгсдийн нэг, тэр их мастерын бүтээл Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал” номын хавтас болсон удаатай. Энэ бүхний цаад учир холбоог тоочвол их урт түүх болно. Одоо бол нэгэн гайхалтай мүзейн тухай л өгүүлэх гэсэн юм.

                Манай нэгэн телевизээр Чойжин ламын сүм музейн тухай нэвтрүүлэг гарч байв. Хөтлөгч нь уг сүмд хадгалагдан буй нэгэн хуврагийн занданшуулсан шунхан шүтээнийг танилцуулахдаа:

                -Хажууханд маань ийм шүтээн байхад, манайхан сүүлийн үед Буриад руу явж Итгэл хамбад мөргөх болжээ. Итгэл хамбатай адилхан шүтээн энэ мэтээр Монголд цөөнгүй байдгийг мэдэхгүйдээ тэр шүү дээ! хэмээн мэдэмхийрдэг байгаа.

                Сэтгүүлчийн буруу биш ч байж магадгүй. Түүнд мэдээлэл өгсөн хэн нэг лам л буруу зөрүү ойлголт төрүүлээ биз. Яг үнэндээ Итгэл хамба 160 жилийн туршид амьд хэвээрээ буй цорын ганц хүмүүн бие бөгөөд орчин цагийн шинжлэх ухаан тайлж чадаагүй аугаа их нууц билээ. Яг иймэрхүү гүн бясалгалд автан он удаан суугаа лам нар Хималайн уулсын агуйд олноороо буй гэж урьд нь би сонссон л доо. Тиймээс ч Түвд рүү явж, чухам л ийм бясалгагчдын тухай олж мэдэх гэж өөрийн хэмжээнд зорьсон сон. Энэтхэг, Балба, Түвдэд аугаа их хутагт гэгээнтнүүдийн лагшинг шүтээн болгож залдаг эртний уламжлал өнөө хэр хадгалагдсан нь үнэн л дээ. Лхасын Гандан, Бэрээвүн, Сэра, Шигацэгийн Дашлхүмбэ, Амдогийн Гүмбум, Гансу дахь Лавран хийдүүдэд хосгүй эрдэмт лам нарын цогцсыг шүтээн болгон өчнөөн зууны туршид хадгалсаар байна. Бага Хөлгөний уламжлалт орнуудад ч иймэрхүү байдлаар мөнгөлж хамгаалсан шүтээнүүд байдгийн нэг нь Вьетнамын алдарт Кхак Минь билээ. Харин тэдгээрийн алийг нь ч Итгэл хамбатай харьцуулшгүй юм аа.

Шинэ ном

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.

Г.Аюурзанын санаачлан гаргасан "Шинэ үеийн номын сан" цувралын анхны боть. Сонгодог гүн ухааныг өргөн олноо хялбаршуулан түгээх гэсэн, Монголын хэмжээний анхны оролдлого. 2000 онд анх хэвлэгдснээсээ хойш олонтаа шинэчлэгдэж, өнөө хэр уншигчдын дуртай ном хэвээр байна.