Манай нэгэн телевизээр Чойжин ламын сүм музейн тухай нэвтрүүлэг гарч байв. Хөтлөгч нь уг сүмд хадгалагдан буй нэгэн хуврагийн занданшуулсан шунхан шүтээнийг танилцуулахдаа:
-Хажууханд маань ийм шүтээн байхад, манайхан сүүлийн үед Буриад руу явж Итгэл хамбад мөргөх болжээ. Итгэл хамбатай адилхан шүтээн энэ мэтээр Монголд цөөнгүй байдгийг мэдэхгүйдээ тэр шүү дээ! хэмээн мэдэмхийрдэг байгаа.
Сэтгүүлчийн буруу биш ч байж магадгүй. Түүнд мэдээлэл өгсөн хэн нэг лам л буруу зөрүү ойлголт төрүүлээ биз. Яг үнэндээ Итгэл хамба 160 жилийн туршид амьд хэвээрээ буй цорын ганц хүмүүн бие бөгөөд орчин цагийн шинжлэх ухаан тайлж чадаагүй аугаа их нууц билээ. Яг иймэрхүү гүн бясалгалд автан он удаан суугаа лам нар Хималайн уулсын агуйд олноороо буй гэж урьд нь би сонссон л доо. Тиймээс ч Түвд рүү явж, чухам л ийм бясалгагчдын тухай олж мэдэх гэж өөрийн хэмжээнд зорьсон сон. Энэтхэг, Балба, Түвдэд аугаа их хутагт гэгээнтнүүдийн лагшинг шүтээн болгож залдаг эртний уламжлал өнөө хэр хадгалагдсан нь үнэн л дээ. Лхасын Гандан, Бэрээвүн, Сэра, Шигацэгийн Дашлхүмбэ, Амдогийн Гүмбум, Гансу дахь Лавран хийдүүдэд хосгүй эрдэмт лам нарын цогцсыг шүтээн болгон өчнөөн зууны туршид хадгалсаар байна. Бага Хөлгөний уламжлалт орнуудад ч иймэрхүү байдлаар мөнгөлж хамгаалсан шүтээнүүд байдгийн нэг нь Вьетнамын алдарт Кхак Минь билээ. Харин тэдгээрийн алийг нь ч Итгэл хамбатай харьцуулшгүй юм аа.
Дээд зиндааны лам нарыг эрт цагт эгээ л Египетийн мумийн аргаар занданшуулдаг байжээ. Давсалж хатаагаад, цогцсыг цэхлэн тэгшилж, бүх бие нь хэлбэрээ алдахааргүй болсон хойно нүүрийг будаж хэдэнтээ давхарлан шунхдаад, гадуур нь алт мөнгөөр бүрдэг. Ингээд сууж асан хийдэд нь залдаг бөгөөд манай Чойжин ламын музейд байгаа нь чухам тийм шүтээн болой. Шарын шашныг үндэслэгч Зонхов ламын цогцос ч ийм шүтээнд цогцлоод Лхаст мөнгөн суварганд залаатай байсныг Хятадын Соёлын хувьсгалын үеэр “улаан хамгаалагчид” устгасан гэдэг. Харин Итгэл хамбыг хэн ч занданшуулаагүй, цогцсыг удаан хадгалах зорилгоор ямарваа нөөшийн арга огт хэрэглээгүй юм.
Энэ утгаараа Буддын ертөнцөд ч бус, ерөөсөө хүн төрөлхтөний түүхэнд хосгүй үзэгдэл билээ. Би хувьдаа Итгэл хамбыг зөвхөн буриад зоны төдийгүй, нийт монгол угсаатны бахархалт шүтээн гэж боддог.
Дорнод Сибирийн буддистуудын оюун санааны удирдагч болох Буриадын бурхан шашны тэргүүн лам нар Бандит хамба хэмээх хэргэм зүүдэг, эгээ л манай Зая гэгээн, Ламын гэгээн, Ноён хутагт нарын адилаар дүрийг нь тодруулан залдаг байж. Одоогоос 160 жилийн тэртээ Улаан-Үүдээс нэлээд наахна Өлзий Дов хэмээх газар төрсөн Дашдорж Итигэлов хэмээх өнчин хүү айлын мал хариулж явахдаа “Би Хамба лам болно” гэж хэлэхэд, мөнөөх айлын эхнэр шоолон хөхөрч байсан гэдэг. Хувь заяаны ивээлээр жаалхүү зарцын ажлаас зугтаж, Агын нэгэн хийдэд шавилсан бөгөөд ном эрдэмд цоорч, улмаар Янгажийн дацангийн хамбад өргөмжлөгдөн, 1911 онд өмнөх дүрийн Бандит хамба Дамбадорж Заяаевын хойт дүрээр тодорчээ.
Юутай ч, Итгэл хамба амьд ахуйдаа л онцгой авьяас билиг нь мэдрэгдсэн, тухайн үедээ сүсэгтнүүдийн дунд гоц бишрэгдсэн хувраг явсан тухай нь хэсэг бусаг хууч яриа бий. Тухайлбал, Дэлхийн I дайны үеэр Итгэл хамбын адисласан буриад цэргүүд дайны талбараас цөм амьд мэнд буцаж ирсэн гэлцдэг. Бас тухайн үеийн цагдаагийн газрын мэдээлэлд хамба лам нэгэнтээ морь унаад Цагаан нуурын мандал дээгүүр нэг километр гаруй давхисан гэсэн ер бусын тэмдэглэл үлджээ. Мөн газар товчилдог байсныг нь хэн хүнгүй ярьдаг. Октябрийн хувьсгалын дараа Буриадад ирээд байсан Агваан Доржиевтой уулзахдаа Итгэл хамба:
-Ээ, та дэмий л ирлээ дээ. Мөдхөн таныг барьж хороох төлөг буугаад байна. Даруйхан буц хэмээжээ. XIII Далай ламын шадар хүн болох Агваан Доржиев Зөвлөлт засгаас Түвдийн тусгаар тогтнолын тухайд дэмжлэг авах зорилготой явсан тул буцах тухай ямар ч үг сонсохыг хүссэнгүй,
-Ингэхэд та өөрөө яагаад зугтаж гарахгүй байгаа билээ? хэмээн хариу лавлахад, Итгэл хамба:
-Тэд намайг барьж амжихгүй л дээ хэмээсэн аж.
Шашны зүтгэлтнүүдийн эсрэг Зөвлөлт засгийн үйл ажиллагаа идэвхжсэн 1927 оны зуны эхэн сард Итгэл хамба шавь нараа дуудуулсан байна. Амарлингуйгаар завилан суусан хамба ламтан өөрийнх нь цогцсыг 30 жилийн дараа эргэж нэг үзэхийг захиад, талийгаачдын хойноос уншдаг “Хира Намши” хэмээх судрыг айлтгахыг хүсчээ. Шавь нар нь цочирдож, амьд сэрүүн багшдаа үхэгсдийн ном уншиж төвдсөнгүй. Тэгмэгц хамба өөрөө сайхь номыг эхлэн дууджээ. Яваандаа шавь нар нь номын хэмнэлд автан дор бүрнээ даган уншицгаасан бөгөөд номыг уншиж гүйцмэгц Итгэл хамба нирваан болсон байна.
Шавь нар нь багшийгаа завилан суусан чигт нь хуш модон хайрцагт хийгээд, тэр янзаар нь Хөх Зүрх хэмээх газарт нутаглуулжээ. Дараахнаас нь буюу 1930-аад онд лам нарыг хэлмэгдүүлж, сүм хийдийг устгах завхрал гаарсныг бид мэднэ. Харин энэ цуст яргаллаа бага ч атугай цайруулах санаа Сталинд төрсний авралаар 1944 онд хуучин Янгажийн дацангийн тууринаа одоогийн Ивэлгийн дацанг сэргээсэн нь манай Гандан хийд үйл ажиллагаагаа сэргээсэн үетэй давхцана. Ор нэр төдий ажиллаж эхэлсэн хийдэд Итгэл хамбын цөөвтөр шавь хурах болсон аж.
1955 онд нэгэн шавь нь нууцаар бунхныг нээж үзэхэд Итгэл хамбын бие лагшин яг хэвээрээ байжээ. Дараа нь, 1973 онд хэсэг лам ахин нууцаар нээхэд мөн л ямар ч сэвгүй, амьд хүнийх шиг зулай нь гялалзсаар сууж байсан гэдэг. Мөнхүү газрыг мэдэх сүүлчийн амьд гэрчийн оролцоотойгоор 2002 оны зун ер бусын ламын цогцсыг гаргаж, Улаан-Үүдийн ойролцоох Ивэлгийн дацанд авчирч залсан юм. Хамба ламын дүр төрх танигдахуйц байсны дээр хуш хайрцагт дэвссэн давсанд арьсны зарим хэсэг түлэгдсэнийг эс тооцвол, чих, хамар, гарын хуруу цөм бүрэн бүтэн, арьс нь зөөлөн хэвээрээ байж. Тусгай шинжээчид бас уригдаж, амьд ахуйнх нь гэрэл зурагтай харьцуулан таньж баталгаажуулжээ.
Энэ үеэс л Итгэл хамбын үлдээсэн оньсого дэлхий нийтийг гайхшруулсан юм.
Ердийн үхлээр үхэгсэд хайрцагт хийсэн давсанд идэгдээд хорчийчихдог атал тэрээр 75 жилийн туршид бүтнээрээ хадгалагдсаны нууцыг хэн ч тайлж барахгүй байна. Бас хичнээн ч сайн хадгалагдсан цогцос ил гарсныхаа дараа 2-3 цаг болоод л агаарт исэлдэн бутардаг бол, хамбын бунхныг нээхэд ямар ч үхсний шинж мэдэгдээгүй, бүр анхилам үнэр түгсэн хэмээлцдэг бөгөөд өнөө хэр лавтайяа 10 жил ердийн нөхцөлд зүв зүгээр оршсоор буйн нууцыг, чухам яаж эрчим хүчний тэнцвэрээ олоод буйн учрыг яагаад ч олохгүй байна.
Дацанд залснаас хойш гурван жилийн хугацаанд Оросын хамгийн шилдэг эрдэмтэд арьс, үс, хумснаас нь сорьц авч шинжилсэн бөгөөд тухай бүрт амьд хүний шинж илэрч, тэр ч бүү хэл олон хүн очсоны дараа биеийн жин нь нэмэгдэж байжээ. Жилд дунджаар 2 кг-аар нэмэгдсээр ил гаргасан эхний зургаан жилд л гэхэд 10-аад кг нэмэгдэж, 41 кг болсон гэдэг. Гаргасны дараа жил буюу нэг л удаа Итгэл хамбын жин гэнэт багасч, шингэнээ алдан хорчийжээ. Харин Буриадад ургадаг эмийн ургамлаар баяжуулсан сав суулга дэргэд нь байрлуулснаар эргээд хэвийн байдалдаа орсон гэдэг. Тэгэхээр байгалийн хэмнэлтэй таацуулсан өөр нууц ч бас байж мэднэ. Зарим судлаачид Амар, Лена, Енисей гурван их мөрний эх судал болсон Могойт хавийн газарзүйн өвөрмөц тогтоцтой ч холбон үзэх нь бий. Бас Бурхан багш “Миний сургаал улам бүр хойшилсоор дээд хүчээ үзүүлнэ” гэж лүндэгнэсний биелэл ч гэлцэх нь бий. Буриадын Эгэтийн дацанд Буддагийн амьд ахуйд бүтээсэн, 2500 жилээр тоологдох настай Зандан Жуу бурхан залаатай байдгийг ч үүнтэй холбодог.
Япончууд түр (клиник) үхэлд өртсөн буюу зүрх нь зогссон ч тархи нь үхжээгүй хүнийг таньдаг нарийн мэдрэмтгий багаж бүтээснээ ОХУ-ын ШУА-д бэлэглэсэн бөгөөд түүгээр Итгэл хамбын тархийг шинжлэхэд минутад нэг удаа лугшиж буй нь тогтоогдсон гэдэг. Амьд хүний тархи минут тутамд 3-4 удаа лугшдаг аж. Эсийн түвшиндээ бол бөөм нь хэлбэрээ алдаагүй, цитоплазм нь зохист шинжээ хадгалсан нь тогтоогджээ. Шинжээчид мөн Итгэл хамбын бие дотор зайлшгүй байх учиртай төмөр, зэс, йод, мөнгө зэрэг элементүүд итгэмээргүй өчүүхэн хувьтай буйг тогтоосон бөгөөд “Тэр бараг л хоосон юм!” гэж дүгнэсэн нь буддын гүн ухааны суурь ойлголтод хамаатай ч юм шиг. Итгэл хамбыг IX Богд “хоосон чанарыг онож, сансарын хязгаарыг гэтэлчихсэн хүн” гэж дүгнэсэн нь учиртай даг. Эрдэмтдийн зүгээс “энэ л хоосон чанарыг оносноороо аливаа бактер үржих нөхцлийг үгүй хийжээ” гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Энэ мэтчилэн шинжилгээний дүн бүрийг нийтэд зарласны дараа Итгэл хамбыг тойрсон таамаглалууд улам бүр уран зөгнөлөөр баяжих болж, хичнээн гүнзгий судлах тусам төчнөөн олон оньсого зангидагдсаар, маш олон цуурхал дэгдэхэд хүрсэн тул Буриадын буддын нийгэмлэгийн зүгээс судалгааг зогсооход хүрсэн юм. Үүнийгээ тэд:
-Итгэл хамба бол туршилт судалгааны үзмэр биш, бидэнд ямар нэгэн зүйл нотлох шаардлага үгүй. Тэр амьд гэдэгт бид эргэлзэхгүй. Энэ итгэл маань л хамгийн дээд зүйл гэж тайлбарласан юм.
Миний бие анх 2008 оны 1-р сард Итгэл хамбад бараалхсан. Буриадын Драмын театрын ерөнхий найруулагч Цэрэндорж Бальжанов Ивэлгийн дацангийн хамба Дамба Аюушеевтэй танилцуулсаны дараа миний бие цуг явсан америк зохиолч Матью Дэйвисийн хамтаар хоёулхнаа тийшээ орлоо. Ормогц л ямар нэгэн ер бусын догдлолд автаж, хэн нэгэн намайг ажиглаад буй мэт сэтгэгдэл төрсөн сөн. Зүүн өвдөгнөөс нь адис авахаар духаа хүргэтэл, бүхий л тархи өөд мэлсхийсэн цагаан гэгээ татах шиг болж билээ. Өвлийн сүмд торгон өмдний цаанаас духанд тулах өвдөг нь, мэдээж, хүйтэн байсан ч, зүгээр нэг мод мэтийн эд зүйлсэд хүрч байгаагаас их ондоо мэдрэмж эзэмдсэн. Сүмээс гарч ирсэн хойно ч миний толгой дүйнгэтэн эргэсээр байсан. Харин Матью маань: “Үхсэн хүний нүд ширгэчихдэгийг би мэднэ. Харин түүний нүдний алим зовхио түрээд мэдрэгдэж байна. Би л лав амьд гэдэгт нь итгэлээ” хэмээсэн сэн.
Юутай ч шилэн хорго нь дотроосоо хөлөрч цантах нь мэдэгддэг гэнэ. Зундаа нимгэлэх, өвөлдөө зузаалах маягаар дөрвөн улирлын хувцадыг нь сольдог бөгөөд энэ бүхнийг хийдэг Бямбаа лам: “Би Итгэл хамбын биеийг алчуураар арчдаг тул надад амьдад нь эргэлзэх зүйл үгүй” хэмээн ярьж байв. Эмч Ажеев нь нэг удаа хамбын биеийг хэмжих үед Итгэл хамба инээх нь мэдрэгдсэн гэж ярьсан байдаг. Ивэлгийнхэн гадагш нь ярьдаггүй, өөр нууцууд ч байдаг шиг билээ. Бүр Итгэл хамбын дэргэд зэрэгцэн суугаад бясалгадаг, тэгээд бясалгалынхаа хүчээр түүнтэй ярилцаж, хэлсэн үгийг нь тэмдэглэж буулгадаг лам ч байдаг гэлцэнэ.
Цөмийн шинжилгээгээр дэлхийд тэргүүлдэг Дубнагийн их сургуулийн эрдэмтэд Итгэл хамбын оюун сүнсний нөлөөлөл 15-20 мянган км орон зайд үйлчилдэг гэж дүгнэсэн удаатай. Тиймээс ч Горбачев, Путин, Чубайс зэрэг Оросын улс төрийн томчууд мөргөж, шинэ цагийн аврал хэмээн биширдэг аж. Итгэл хамбад мөргөснийхөө дараа аюул ослоос аврагдсан, эдгэршгүй өвчин нь илааршсан гэх хүмүүс олон.
Сая 160 насных нь ойд зориулсан арван өргөлийн баярын үеэр Итгэл хамба нүдээ нээсэн гэлцэж байна. Татарстаны Ардын яруу найрагч Алексей Остудин:
-Би яг зүүн талаас нь очиж хартал над руу ширтэж байсан. Их ухаалаг нүдтэй хүн байна билээ гэж ярив. Буриадын нэрт яруу найрагч Дондог Өлзийтүевийн хүү Амарсанаа, энэхүү Алексей бид гурав Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд нэг багшийн буюу Евгений Долматовскийн шавь нар явснаараа ихэд дотносоцгоосон хэрэг л дээ. Ингээд нэгэн оройн аминчхан ярианы дараа Остудин энэ тухайгаа итгэлтэй хэлсэн нь тэр.
Шашингүй үзэлтнүүдийг эргэлзээнд оруулж, бясалгагчдыг шинэ найдвар тийш хөтөлж буй Итгэл хамбатан хүний оюуны хүч байгалийн хуулийг ч давамгайлдгийн тод жишээ болж байна. Тэрээр бясалгалын хүчээр гаднын нөлөөллийг саармагжуулан, давсны идэмхий чанарыг дотоод долгионоороо зогсоож чадсан бололтой. Тэр ч бүү хэл амин гүйдлийнхээ хэмнэлийг олон зуу дахин удаашруулж чадсанаараа цаг хугацааны эрхшээл гээч нь бясалгалын өмнө хүчин мөхсийг биеэрээ харуулжээ. Энэтхэг дэх Гоман дацан хэмээх шашны их сургуулийн профессор, гэвш лхарамба Лувсанхайдав “Майдар бурхан биечлэн залрахын цагт Итгэл хамба сэргэн амилж босох болно!” хэмээн айлдаж Итгэл хамбад зориулсан эрдэм шинжилгээний хурлынхныг шагшруулсан удаатай.
Үхлийн дараа ч амьдрал үргэлжилдгийг энэ биеэрээ номлосоор суугаа энэ гайхамшигт хуврагийн 160 насны ойг буриадууд маань тэмдэглэлээ. Оросын зарим сонинд энэ арга хэмжээг “Бага Алтаргана боллоо” гэж онцолсон харагдана. Үнэхээр ч буриадын үндэсний ухамсрын дэвшил дэгжил дэлгэрлийн баяр болов. Цаг болоод нөхцөл бүрдсэнийх биз ээ. Баярын хүрээнд орос, буриад, монгол хэлээр Итгэл хамбад зориулсан өргөл шүлгийн наадам болж миний бие нэгэн шүүгчээр нь суусан. Тэнд уншигдсан хамгийн шилдэг шүлгийн нэгийг Буриадын яруу найрагч Алайр яст Сергей Тумуров бичжээ. “Үйл явдлуудын хил хязгаарт...” хэмээх нэртэй мөнөөх гурамсан шүлгийг орчуулснаа уншигч танд толилуулъя:
1-р хэсэг.
Транссибирийн тэнгэр хийгээд Ивэлгийн хөндийн огтлолцол дээр
Үйл явдлуудын хил хязгаарт...
Өнө мөнхийн тэнгэрлэг сүнсний орон зай
Үлшгүй их эрчимт тивтэй шүргэлцжээ.
Энд, залбирал, инээмсэглэлээр бүтсэн
Цаг хугацааны гайхамшигт, нууцлаг эргэлт
Хөлхсөн олны цуст дажин,
Хөгийн зүүд мэт он жилүүдийг өртөөлжээ.
Энд, сайн муу бүхэн, атгахан жимс -
Орчлонгийн гэнэхэн мөрөөслүүд,
Ондоон өнцгөөс хүйтнээр шагайсан
Овоо хараа... хөлийн чимээ цөм холилджээ.
Урьдын хэрцгий, өнөөгийн арчаагүй дайснууд ч
Уучлагдаж өршөөгджээ.
Үйл явдлуудын хил хязгаарт...
Албаны тамга, цаг хугацааны төлөөс үгүй
Аливаа бүхэн утгагүй хоосон уудамд –
Аугаа гэгээнтний орон зайд бид шүргэлцжээ.
Амьдралаас олдсон энэ л
Агшин зуурын тайтгарлын гүнд
Өөрөө чи ч, өрөөл бусад ч,
Айсуй яваа үй түмэн ертөнц ч
Ав адилхан багтжээ.
2.Гэгээнтний зогсоосон цаг хугацаа
Өөр дотроосоо өөрийгөө,
Тэр л хос сүүдэр –
Үйлийн үр зэрэглээ хоёрын уулзварыг олж хараад,
Гэгээнтэн энэ л хэврэгхэн орчлонг эрхшээж,
Гийж сацарсан үнэнийг бидэнд номлов:
Ямар ч үгээс илүү,
Ямар ч санаанаас гүн,
Үйлдэл алхмаас маань ч –
Хайрлаж, шаналахаас маань ч...
Үзэгдэх төдий зүүд,
Амьд ухамсраас маань ч дээгүүрийг номлов.
3.Үсэнд буурал суух нам гүмхэн мэдрэмж...
Он цаг улирахын хэрээр зүрх минь
Сэтгэлийн бөглүү орон зайн анирыг,
Орчлонгийн хувь заяаны оддын чимээг өршөөх юм.
Өөрийгөө хийгээд бусдыг ялахуйн
алдаа хийгээд баясал сарниж,
Үнэн голоосоо, эв дүйгүйхнээр
Өссөн нутгийнхаа дуу хоолойг чагнахаа
Бүхнээс илүүд тавьдаг болох юм.
Ямархан нэг аз жаргал, ээ Бурхан минь,
энэ амьдралын уртыг ээ...
Ялдамхан эргэлдэх цасан ширхэг,
Хүүхэд байхаасаа л дуртай байсан
Хөөрч догдлом бүхэн
Насны намраар одод ширтэхэд шинэхнээрээ ч,
Навчис унахад л бясалгахуйн дөр суух юм.
Үсэнд буурал суух тодхон, нам гүм мэдрэмж,
Үл мэдэгхэн сэрчигнэх тэр л шинэхэн авиа...
Үнэндээ энэ л амьдралын минь
шүүрс алдах, амьсгалахын хоорондох
сүүмгэр заагийг нэвтлэн унах юм.
Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.