Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Номын баярын сэтгүүлд өгсөн ярилцлага

2021 оны хаврын “Номын баяр”-аар буюу 6-р сарын 11-13-ны өдрүүдэд “Шинэ үеийн номын сан” цувралыг “Альфа” номын дэлгүүрээс эрхлэн шинээр багцалж хэвлэсэн нээлт болов. Тэр үеэр “Номын ертөнц” сэтгүүлд өгсөн яриа:

 

Сайн байна уу, ярилцлага хийхийн өмнө ингэхэд хамгийн сүүлд хэзээ ярилцлага өгсөн юм бол гээд хайх үед сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд өгсөн яриа олсонгүй. Ямар нэг ном, ямар нэгэн бүтээл дээр ажиллаж байгаа болоод чимээгүй байсан гэж таамаглаж байна.  Зөв үү?

  • “Сүнсний томьёо” гарсны дараа “Өдрийн сонин”-д яриа өгсөн санагдана. “Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)” гарахад харин ковидын ид үе таараад, юун ярилцлага гэдэг шиг л өнгөрсөн байх. Ер нь сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бид их хачин цаг үед амьдрах ёстой болсноо мэдлээ шүү дээ. Монголд ч биш, дэлхий даяар. Бүх зүйлийг ахиад цоо шинээр ойлгох ёстой юм шиг байна. Нийгэм гэдэг нь абстракт ойлголт ч байж магадгүйг харлаа. Зарим хүн анх удаа л гэрээс гаралгүй бүтэн сар болж үзсэн байх. Тэр нь бидний мөн чанарт сөргөөр гэхээсээ илүү, эерэгээр нөлөөлсөн ч юм шиг. Ийм өвөрмөц, завшаантай ч байж магадгүй цаг хугацааг харин төдийлөн бүтээлч өнгөрөөж чадсангүй ээ. Нэг номон дээр сууж байгаа, хэзээ дуусахыг хараахан хэлж мэдэхгүй л байна.
  • Ном бичихийн тулд хийсэн судалгаанд хамгийн урт хугацааг зарцуулсан зохиол гэвэл?
  • -Бөөгийн домог”л болов уу даа. 2007 онд анх бичье гэж шийдээд, гар бичмэлээ ахин дахин ноороглосоор, ямар нэгэн содон сонин юм олоод үзчих санаатай Ольхон арал руу ахин дахин явсаар, ийм байдлаар гурван жил шахам болсон шүү. Энэ бол судалгаа гэхээсээ илүү, зохиол өөрөө хар аяндаа бичигдээд явчих зам мөрийг нь олох гэж хайсан, тийм уур амьсгалыг бий болгоод бүрэн дүүрэн мэдрэхийг хичээсэн эрэл л юм даа. Бичих явцад маш их сунжирсан зохиол гэвэл “Цагаан, Хар, Улаан” юм байна. Бас л дундаас нь орхиж, эргэж сууж, ийш тийш явж арайхийн ард нь гарсан.
  • “Сүүжийг сэтлэхгүй бол муу ёр” гэдэг үгийн цаана бог малын хөлд яс тээглэж зовоохгүй гэх санаа, “яс мөлжвөл зовлон нимгэрнэ” гэхийн цаана нь хоолоо халуунаар нь идэлгүй яс мөлжих хооронд бага зэрэг хөргөөд идвэл ходоод, улаан хоолойн өвчнөөс үүдэлтэй зовлон эдлэхгүй байх ч гэх юм уу, Монголчуудын сургааль, цээрийн цаана байх ардын ухааны талаар судалгааны явцад таарч байсан уу?
  • Би ер нь учиргүй материал цуглуулаад, сэдэвчилсэн тэмдэглэл хийгээд, баримт жагсаагаад байдаггүй. Угаасаа миний занд тохирохгүй. Тиймэрхүү махруун ажлаас амархан залхдаг. Амьдралд ч гэсэн тийм л ханддаг. Амьдрахад сонирхолтой байгаа учраас л би амьдраад яваад байгаа юм. Зохиол минь бусдад гэхээсээ илүү өөрт сонирхолтой байх нь л надад чухал. Би юм бүхнийг ойлгож таних гэж хичээдэг хүн биш. Зарим юмсыг ерөөсөө анзаардаггүй учраас огт бодож үзээгүй зүйлс надад маш их байдаг юм билээ. Наад асуултад тань яригдаж байгаа жишээнүүд сонирхолтой сонсогдож байна. Гэхдээ үнэндээ миний бодож үзээгүй зүйлс байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал унших ёстой номын жагсаалт хэр чухал вэ? Уран зохиолын хичээлийг Монгол хэлний хичээлд нэгтгэчихсэн явдлыг юу гэж үнэлдэг вэ?
  •  “Заавал унших” гэдэг үг өөрөө албадлага шиг сонсогдож байгаагаас яриагаа эхлэе л дээ. Номын амтанд ид орох гэж яваа хүүхдийг уншихад албадаж болохгүй. Санал болгомоор номууд бий. Гэхдээ төгс жагсаалт гэж байх боломжгүй учраас, бүх хүүхдийг нэг хэвд цутгах гэсэн юм шиг оролдлого болчихоос болгоомжлох хэрэгтэй. Хүний хамгийн гол онцлог бол давтагдашгүй шинж нь. Хувь хүний тэр гол чанарыг бүдэгрүүлэх өчүүхэн төдий ч бай санаа сэдэл орсон л бол, тэр ажлаас нэг их сайн үр дүн гарахгүй л болов уу. Хувь хүн нэг бүрийн төрөлх чанарт тохирсон мэдлэг, мэдээлэл, таашаалын талаар ярих боломж урьд хэзээ ч байгаагүй. Тийм ч учраас нийтийн боловсрол хүчтэй, бүх хүүхдэд зориулаад нэгэн янзын зохиолуудыг “заавал унш” гээд өгөхөд ямар ч асуудалгүй гэж харагддаг байж. Харин өнөөдөр бол бүх хүүхдийг тэгшитгэх үзэл санаа ямар ч ирээдүйгүй. Тэр тусмаа унших ёстой номыг нь дээрээс жагсааж бичээд тулгана гэдэг бол бүр ч бүтэхгүй. Тийм учраас л хувь хүүхэд бүрийн онцлогийг хөгжүүлэх зорилготой цэцэрлэг, сургууль Монголд ч байгуулагдаад эхэлж байна. Бид интернетэд юуг түлхүү үзэж, юун дээр илүү удаан саатаж байна вэ гэдгийг хаа нэгтээ тооцоолоод, дараагийн үйлдэл алхмаа хийхээс маань өрсөн бидний таашаалд нийцэх магадлалтай мэдээллийг өмнө маань бэлдээд харуулдаг дата боловсруулалтын систем дотор өнөөгийн хүмүүс амьдарч явна. Уншигчийн хувьд ч бидний таашаал хаа нэгтээ бүртгэгдэж л байгаа. Тэгэхээр хэн ямар зохиол уншаад өөрийгөө таньж, аз жаргалтай болж, магадгүй бусдыг хайрлаж чаддаг вэ гэдгийг тун удахгүй тодорхойлж эхлэх байх. Зарим нь Фолкнерын уншигч, зарим нь “Хаан ширээний тоглоом”-ын уншигч, зарим нь “Ногоон нүдэн лам”-ын уншигч байдаг нь яалт ч үгүй үнэн учраас, бүх уншигчийг ангилж болно. Ангийн бүх хүүхэд нэгэн дуугаар “Шекспир гайхамшиг!” гэж хашгирдаг болгох амархан ч, хүүхэд бүрийг уран зохиол мэдэрдэг болгох боломжгүй. Тэдний заримд нь Шекспир хэзээ ч ойлгогдохгүй. Тиймээс заавал унших ёстой ном гээч жор ерөөсөө чухал биш. Уран зохиол хүн хүнд өөр өөрөөр тусдаг. Өөр өөрөөр тусдаг нь л онцгой чанар нь. Үүнийг орхигдуулаад, хүн бүрт жигд тусдаг мэтээр програмчилсныг хэвээр үргэлжлүүлэх гээд зүтгээд байгаа нь манай уран зохиолын сургалтын хоцрогдол юм. Хичээл нь бие даагаад явах ч орон зайгүй болсон нь энэ л хоцрогдолтой холбоотой байх. Дунд сургуульд энэ хичээлээ байлгая л гэж байгаа бол, агуулга, сургалтын хэлбэрээ өнөөдрийн сурагчдад тэнцэхүйц хэмжээнд шинэчлэх хэрэгтэй.
  • Сүүлийн үед нийгэм дэх ялгаа улам хоёр тийш болоод байх шиг. “Баячуудыгаа луйварчин” гэж үзэн ядаж,  “ядуусаа залхуу” гэж жигшиж буй сэтгэлгээ их болжээ. Энэ талаар юу гэж боддог вэ?
  • Зөвхөн баян, ядуугаараа ч биш. Бид бүх зүйлээрээ улам тод ялгарч байна. Үздэг кино, уншдаг ном, сонсдог хөгжим, боловсрол, бусдад ханддаг хандлага, амьдралыг ойлгодог үзэл бодол, сайн ба мууг, сайхан ба муухайг хэмжих хэмжүүрээрээ ч бид бие биеэсээ асар хурдан холдож, хооронд маань үүссэн ан цав жил ирэх тусам ангал болон тэлж байгаа. Бидний хийж чадах, чармайж зоривол үр дүн гарч магадгүй ганц л зүйл бий. Ан цав ч байна уу, ангал ч байна уу, энэ заагийн хоёр талд байгаа хүмүүсийг холбох гүүр нь юу байж болох вэ гэдгийг хамтдаа олж хараад хамтдаа бүтээх. Уг нь ан цав төдий байхад нь зөв бодлого баримталсан сан бол бид томхон алхаад л өнөөдрийг аварчих байсан биз. Одоо бол асар том гүүр барих шаардлагатай болсон. Гэхдээ одоо л амжиж барихгүй бол хойшид улам ч их зардал гарч, магадгүй төсөөлөө ч үгүй их хохирол амсана.
  • “Метро нь байсан бол ном уншина шүү дээ” гэх наргиа яриа байдаг. Иргэдийнхээ ном уншилтын байдлаар нь үзүүлсэн үзүүлэлтийг зарим улс ч гаргадаг. Таны хувьд монголчууд хэр уншдаг ард түмэн юм бол? Яагаад ингэж асууж байна гэхээр та өөрөө ном гаргаж, түүнийгээ борлуулж буй мэдээлэлтэй хүн гэж харж байна.
  • Тооны хувьд бол сайн уншдаг, бүр гайхаж бахархмаар сайн уншдаг ч байж магадгүй. Харин чанарын хувьд эргэлзээтэй. Гэхдээ энэ тийм ч халаглаад байхаар зүйл биш.
  • “Шинэ үеийн номын сан” цуврал тань уншигчдад хүрснээр нэгэн үеийнхний үзэл бодлыг төлөвшихөд тусалсан. Энэ цуврал одоо багцаараа гарах болж, бидний дараагийн үеийн залуус унших боломжтой болж буй. Энэ цувралыг залуус уншихын ач холбогдлын тухай ярилцах уу?
  • Би бусдыг төлөвшүүлэх ч гэдэг юм уу, уншигчдын цоо шинэ үеийг бэлдэх зорилгоор тэр цуврал хар номуудыг сэдээгүй шүү дээ. Тухайн үедээ бол өөрт хамгийн сайхан санагдсан үгсийг түүж тэмдэглэдэг, өөртөө гойд сэтгэгдэл төрүүлсэн сэтгэгчдийн тухай бяцхан өгүүлэл бэлдэж сонинд нийтлүүлдэг л байсан хэрэг. Дараа нь өгүүллүүд маань олширч, ном болгоод гаргачихмаар хэмжээнд хүрсэн. Ингээд 1999 оны сүүлээр “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”-ийг бэлдэж тавьсан. Нэг найз маань T & U printing гээд хэвлэх үйлдвэр удирдаж байлаа. Тэднийх байж болох хамгийн хямд хувилбараар хэвлэж өгье гэсэн. Хамгийн хямд хувилбаруудын нэг нь хавтасны шийдэл ганц л өнгөтэй байх. Ингээд цагаан хар хоёр өнгөнөөс би харыг нь илүүд үзсэн юм. Эхний номоо хэвлэгдэж байх зуур түүж тэмдэглэсэн афоризмуудаа сэдвээр нь бүлэглэн ангилж, бас нэг ном бэлдчихлээ. Энэ маягаар цуврал номууд гаргаж болох санаа төрсөн тул “Шинэ үеийн номын сан” гэдэг нэр бодож олсон. Зарим ботиудыг уран зохиолд зориулсан. Сонгодог философичдын тухай хялбаршуулсан бүтээлээр эхлүүлснээ цаг хугацааны хувьд наашлуулж ХХ зууны сэтгэгчдийн талаар бас нэг ном бичихээр шийдсэн. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”-ийг бичихийн тулд би бараг 100 ном уншиж, олон янзын тэмдэглэл хөтөлж сийрүүлсэн. Ийм ном бичиж байгааг минь сонсоод Москвад ЭСЯ-нд ажиллаж байсан Съезд гэдэг хүн Жованни Реале, Дарио Антисери нарын “Өрнийн философи эхлэлээсээ өнөөг хүртэл”номыг бэлэг болгон явуулж байсныг мартдаггүй. Иймэрхүү л янзаар, өөрсдөө урсах мэт гарчихсан номууд. Бусдад эдгээр ном хэр ач тустайг би дүгнэхэд эвгүй. Зүгээр, ном бичнэ гэдэг тухайн бичвэрүүдээ маш олон удаа эргэж уншиж нягталдаг ажил шүү дээ. Одоо хэр би эдгээр номуудаа үе үе эргэж хардаг. Дажгүй бичигдсэн санагддаг. Сөхөж үзэх бүрт л өөртөө шинэ зүйл олж авдаг даа.
  • Шинэ үеийн номын сан цувралаас таны толгойд хамгийн удаан эргэлдсэн, онцлохоор бүтээл юу байсан бэ?
  • “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”. Ямар зохиол сонгож оруулах вэ, юуг нь чухалчилж үзэх вэ гээд олон талаас нь удаан бодож бичсэн. Тэнд товч утгыг нь өгүүлж танилцуулсан 85 зохиолоос 2000 онд бол орчуулагдсан ном бараг байгаагүй. Тэр утгаараа гадаад хэлтэй залууст унших номоо сонгоход нь, орчуулагчдад монгол хэл рүү хөрвүүлэх номоо онилоход нь чиг баримжаа болсон байх аа. Хувьдаа бол “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй”-г бичихдээ үнэхээр их аз жаргалтай байсан. Зэнгийн гоо зүйг мэдэрснийхээ ачаар л би яруу найрагчийнхаа хувьд нас биед хүрсэн байж магадгүй. Яруу найрагчийн мэдрэмжээр голлож бичсэн учраас бясалгалын суурийг нь биш, агшин зуурын гэгээрлийг нь жаахан өргөмжилсөн тал бий. Хожим, завтай, амьдралын муугүй туршлагатай болсон хойноо энэ номоо ахиж жаахан дэлгэрүүлэх сэн гэж мөрөөддөг л юм.
  • Хүүхдийн аав, ээж гэдэг талаас нь асуулт асуумаар байна. Бага, өсвөр насанд нь хүүхдэдээ хэрхэн нөлөө үзүүлж байсан бэ. Олонх эцэг эхчүүд мундаг хүүхэдтэй болохыг хичээгээд уралдаад л байх шиг. Аз жаргалтайгаар амьдарч чаддаг хүн бий болгох ёстой юм болов уу, мундаг манлайлагч хүүхэдтэй болох ёстой юм болов уу?
  • Надаас хавьгүй дээр нөлөөлж чадах зүйлээр л дутаахгүйг хичээснээс өөрөөр хүмүүжүүлж гавьсан юм надад байхгүй дээ. Хүүхдүүд минь мөлхөж эхлэхдээ л ном сонирхдог, номын хуудас эргүүлж, зураг үзэж баясдаг байсан. Нэг нь ч ном урж үзээгүй өссөн. Бусдыг би дүгнэх эрхгүй. Зүгээр л бодлоо хэлэхэд, ямар хүн болох нь дан гагц сайн сургууль, гадаад хэлний дугуйлан сонгон, шахуу цагийн хуваарь, хувийн багш, эцэг эхийн хичээл зүтгэл, тухайн хүүхдийн хор шараас хамаардаггүй байх аа. Бидний багад нэг ангийн 30 хүүхдийн дотор хичээгээд хичээгээд толгойд нь юу ч тогтдоггүй хүүхдүүд байж л байсан. Хичээлээ давтдаггүй мөртлөө онц сураад манлайлж явдаг хүүхдүүд ч байсан. Угаасаа л юмыг нэг уншаад цаад санааг нь ойлгож чаддаг хүүхэд байхад, арав уншаад ч ойлгодоггүй хүүхэд бас байна. Хоёр дахь жаалыг зовоох хэрэггүй. Тэр эцэг эхийнхээ уралдаанч хүслийг хангаж гадаадын их сургуульд тэнцэхийн тулд “гавал” хүүхдүүдтэй хамт тоо бодох гээд, дургүй юмаа унших гээд зовж суух албагүй. Түүнд өөр сайн чадах зүйл байж л таарна. Тэгээд ч нэг хүнийг эцэг эхийн хоёр талын хэдэн зуун мянган дээд үе, хамаатан саднаас удамшсан, үй олон өөр өөр онцлог чанаруудын огтлолцол бий болгодог. Манлайлал гэдэг чинь монголчууд шиг гуравхан сая ард түмний хувьд хоёр гурван хүний л хэмжээнд яригдах ойлголт. Хүүхэд зөнгөөрөө хүүхдийн ёсоор өсч, цаашдаа ч бусдын зохиосон “мундаг-мулгуу”, “баян-ядуу” гэх мэт жишиг харьцуулалтаар биш, өөрийнхөө хувь тавилангаар л амьдрах ёстой гэж би боддог.
  • Дахин нэг асуулт байна. Та хорин хэдэн настай үеийнхээ өөр дээрээ очвол юу хэлэх, зөвлөх байсан бол? Магадгүй хийсвэр мэт санагдах энэ асуулт хорин хэдтнүүдэд их чухал байж болох юм.
  • Би Москвад Утга зохиолын дээд сургууль төгссөн. Миний төгссөн сургуульд өөрийгөө гоц авьяастан гээд итгэчихсэн, түүндээ хөөрөөд архи дарсанд автсан залуус бас байсан. Өөрийгөө дөвийлгөж мунхарсан хүн хайран цаг хугацааг ямар ч хэрэггүй зүйлд дэмий гарздаж яваагаа ч ойлгодоггүй. 4-р курс төгссөн хавраа л би нэр хүндтэй сургуулиас олигтой мэдлэг ч олж аваагүй яваагаа мэдсэн. Зэнгийн сатори гэдэг шиг үе үе хүний орой руу нэг юм орох шиг тийм ухаарал төрөх үе байна. Гэвч сэтгэлээ цалгиах, мунхралд автах хором бүрт сатори үгүй болдог гэдэгчлэн, аанай л элдвийн дампуу зуршлаасаа бүрэн салж чадахгүй, хамгийн эрч хүчтэй өдрүүдээ хий хоосон үрсэн минь их. Тэр үеийн өөртэйгөө тааралддаг сан бол, “Хожмын өдөр би чамайг хараад ичих вий. Өөрийгөө ичээх зүйлсээс үтэр хол яв” л гэж бүр нэг сайн гэгч хэлэх юм сан даа.
Шинэ ном

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.