Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...

            Франц Кафкагийн романууд­гүй­гээр ч, Самюэл Бэккеттийн жүжгүүдгүйгээр ч ХХ зууны утга зохиол, философи сэтгэлгээ, модернист гоо зүйг төсөөлөхийн аргагүй. Тэдгээрийн дотроос Кафкагийн “Хувирал” хэмээх өгүүллэг, Бэккеттийн “Годог хүлээхүй” жүжиг бол харилцан уялдуулж, жишин ажиглахад үнэхээрийн сонирхол татахуйц бүтээлүүд.

            Эдгээр зохиол хоёулаа тухайн үедээ утга зохиолын хүрээнд цоо шинэ үзэгдэл болж, маш их дуулиан шагшаан тарьж, хоёулаа ХХ зууны сонгодог болон мөнхөрсөн гээд тодорхойлолт талаасаа ч ижил төстэйн зэрэгцээ өгүүлэмжийн хэв маягт нь ч анхаарал татахуйц адил төс цөөнгүй.

            Кафка ч, Бэккет ч баатруудынхаа сэтгэлийн гүн дэх цөхрөл, дотоод сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг маш алгуур, шаталсан маягтай үзүүлдэг онцлогтой зохиолчид. Тиймээс эдгээр зохиолыг нийтийн хэрэглээний утга зохиолоос нэлээд өөрөөр авч үздэг. Энэ шалтгааны улмаас Бэккеттийн үндэслэсэн абсурд театрыг “Годог хүлээхүй” жүжгийн нэрээр “Хүлээхүйн театр” ч гэж нэрлэсэн байдаг. Уншигч, үзэгч аль аль нь “Хувирал”-ын гол дүр болох Замза, “Годог хүлээж буй” Владимир, Эстрагон нарын сэтгэл санааны мухардалд автсаар эцсийн дүнд эдгээр зохиолоос энэ ертөнцийн, орчин цагийн иргэншил доторхи хүний амьдралын хоосон мөн чанарыг олж хардаг. Чухам үүн дээр л мөнөөх зохиолууд өөр хоорондоо адилсах хамгийн чухал чанараа олж байгаа юм.

                        Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч - уйлах шиг.

                       Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь ч - уйлах шиг…

 

            Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий.

            Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг. Хийц эгэл монгол цамцтай, халуунд үүртэсхийн, их үсэн дороосоо нарыг нүд буландан харсхийж нуруугаа үүрэн айсуй нь Улаанбаатарын зуныг ер бусын бодлогошронгуй болгодог. Тийм л содон хүн.

            Юунд ч үл халирах хэнэггүй мэт; тэгсэн мөртлөө хачин нарийн хуниас нугалаастай шүлэг бичиж түүндээ автаад уйлна. Бодь амгалан ч юм шиг; тэгсэн мөртлөө жигтэйхэн улстөржиж “Ганц хүний хөдөлгөөн” хүртэл байгуулсан. Бүхнийг таньж нэвтэрсэн гүн ухаантан мэт; тэгсэн мөртлөө амьдралын хамгийн энгийн зүйлсийг гайхаж хачирхана. Хуучин цагт манай өмнөө барих эдийн засагчдын нэг явсан атлаа, зах зээлийн аашийг өнөө болтол ойлгож ухаарахгүй халаглана. Өвгөн хүн мэт; тэгсэн хэрнээ үс сахлын цаанах нүүр царай нь хачин толимог саруул. Буддын шашны ёс жаягийг төгс мэднэ; тэгсэн мөртлөө Есүсийг бас шүтнэ. Тийм л оньсого мэт ертөнц.

 

                “Цогт тайж” киног үзээгүй хүн ховор доо. Соц үед өссөн хүүхдүүд бид тэр киногоор л Цогт тайжийг аугаа их баатар, эсрэг талын дүр болох Гүүш хааныг Монголоос урвасан этгээд гэж ойлгодог байлаа. Харин Хөхнуурын монголчуудын хувьд Гүүш хааны алдар Чингис богдтой, Халхын Цогтын нэр буг чөтгөртэй адил үзэгдэнэ. Гэхдээ энэ түүхт хүнийг бид дөвийлгөж байсаны адилаар Дээд Монгол болон Түвдэд байдгаар нь гутаан муучилсаар иржээ. Хошуудын баатарлаг туульсад бүр шашны дайсан, шимнусын хаан Цогт хэмээн гарах бөгөөд “Хөхнуурын домог” номд “цоохор Цогт хятадын даосыг шүтэгч” гэж хүртэл бичсэн харагдана. Уг нь бол яах аргагүй улааны шашинтан, буддизмын энэ урсгалыг мандуулахын төлөөнөө амь амьдралаа зориулсан хүн л дээ. Цоохор гэдэг нь доромж ба өргөмж хэд хэдэн утгатай. Хөхнуурын монголчууд Цогт хаан цоохор морь унадаг байснаас ийм нэр үүдсэн гэлцэх юм. Бямбын Ринчен абугай кино тууждаа Цогтыг алаг морь унадаг гэж бичсэн нь дам холбоотой байж магадгүй. Алаг, цоохор хоёр бол адууны зүсний хувьд ч, хэлцийнхээ хувьд ч шүтэлцээтэй байхуйц үгс. Бас тэр үед нүүдэлчид цэцэг өвчнөөр өвдөх нь түгээмэл асан тул ийм өвчний ул мөр болох нүүрний цоохор ч байж мэднэ. Зарим судлаачид “цөхүр” хэмээх алдар цолны сунжирсан дуудлага гэж үздэг. Баатарлаг, бас эрдэмтэй хүн байсан тул ийм цол хүртсэн байх ч магадлалтай.

Шинэ ном

“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.

http://news.gogo.mn/r/75276

Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.

http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film