Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
2005 ОНД БИЧИЖ БАЙСАН НЭГЭН ӨГҮҮЛЭЛ
“ЭРТНИЙ САЙХАН”-АА ТӨРИЙН ДУУЛАЛ БОЛГОЦГООЁ!
 
 
Монголын нэгдсэн улс байгуулагдаж, эзэн богд Чингис хаанаа өргөмжилсөний 800 жилийн ой тохиож буй ирэх онд бид төрийн сүлд, бэлгэдэл, дуулал зэргээ төрт ёсны уламжлалдаа дүйцүүлэн өөрчлөх эсэх тухай яриа өрнөөд нэлээд удаж байна.
Миний сонсож дуулснаар бол, 1992 оноос хойш хэрэглэж байгаа төрийн сүлдийг соёмбоор солих нь бараг л шийдэгдчихсэн бололтой. Энэ бол хавьгүй зөв шийдвэр санагдана. Хүннү, Сүмбэ, Нирун улсуудын үеэс их талын нүүдэлчдийн сүлд тэмдэг нь нар, сар, гал байсаар ирсэн. Хэдийгээр шарын шашны тиг ухагдахуун нэлээд туссан тал бий ч, соёмбо тэмдэг нүүдэлчдийн сэтгэлгээний олон бэлгэдлийг агуулсан, мөнхүү гачил дүрсийг ч мөн оройдоо залсан гэдэг утгаараа монгол хүн соёмбоо сүлдэлж явах нь зүйн хэрэг.
(Харамсалтай нь, соёмбо маань төрийн сүлд болсонгүй, бид модон морьтойгоо л үлджээ)
Харин төрийн дууллыг өөрчлөх эсэх дээр нэлээд зөрүүтэй саналууд дуулдаж байна. Сар гаруйн өмнө Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын эвлэлээс төрийн дууллын үг, аяын талаар санал асуусан ч удаа бий. Төрөөс томилсон ажлын хэсэг нь чухам ямар шийдэлд хүрч байгааг мэдэхгүй. Гэвч нэгэн иргэний санал бодлыг анхаарч юун магад хэмээн үүнийг бичиж сууна.
Саяхан манай нэг яруу найрагч: “Төрийн дууллын ая бол агуу юм. Аугаа их Мөрдоржийн бүтээл. Үг нь ч агуу. Аугаа их Дамдинсүрэнгийн шүлэг шүү дээ. Тэгэхээр бага сага гар хүрвэл яадаг юм бэ гэхээс бүрмөсөн өөрчлөх хэрэггүй” гэж зурагтаар ярьж байхыг сонсов. Бас зарим эрх мэдэлтэй хүмүүс “Манай нутгийн хүний бүтээл төрийн бэлгэдэл болж байгааг өөрчлүүлэхгүй” гэж сонгогчдынхоо өмнө ам гарсан тухай нэг сонинд бичсэн харагдана билээ.
Уран зохиолд нэлээд хэдэн жилээ тууштай зориулсан, үндэснийхээ урлагт элэгтэй хүний хувьд одоогийн манай төрийн дууллын талаар юу бодож явдгаа шуудхан хэлье. Мөрдорж сод авьяас билигтэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч БНМАУ-ын төрийн дуулал бол Александровын “Союз нерушимый” хэмээх сүрлэг, бадрангуй, марштай яг нэг уур амьсгалаар бичигдсэн, цэвэр социалист үзэл суртлын дуу шүү дээ. Та зэрэгцүүлээд л сонсоод үз. Аль аль нь цэргийн үлээвэр хөгжмийн чуулгад зориулан зохиосон, хүчирхэг хэмнэлтэй марш. Хамгийн гол нь хоёулаа орос маягийн аялгуу. ОХУ төрийн сүлд, бэлгэдлээ шинэчлэхдээ уг аяыг төрийн дуулалдаа дахин авч хэрэглэсэн. Хуучин ЗХУ бол аварга амжилтуудын номд бүртгэгдсэн, супер их гүрэн байсан бөгөөд оросуудын өөрсдөөрөө бахархах үзэлд ч тэр цаг үеийнх нь түүх хүчтэй түлхэц өгдөг. Тэгээд ч ЗХУ гэдэг олон үндэстэн нэгдэж байгуулсан гэхээсээ илүү, чухамдаа оросууд л өөрсдийн захиргаан дор бий болгосон эзэнт гүрэн байсан шүү дээ. Орос оюун санаанд бүхэл бүтэн эрин зууных нь бэлгэдэл болж үлдсэн тэр аялгууг өөрчлөх нь утгагүй хэрэг болох байсан нь лав. Гэвч бид бол орос биш, социализм манай бүхий л түүхийн хамгийн бахархам цаг үе ч биш. Орос маягийн аялгуугаар төрийн дууллаа хийж явах ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй.
Наад захын жишээ татахад, сумо бөхийн тэмцээн өндөрлөх бүрт бид Японы төрийн дууллыг сонсдог. Өнгөрсөн жил Афинд, сая Туринд Грек, Италийн сүлд дууллыг сонслоо. Яг л тухайн үндэстний өвөрмөц онцлог сонсогдож байна. Харин манай төрийн дууллаас монгол үндэстний онцлог ер харагддаггүй, мэдрэгддэггүй. Яахав, соц үед төрж өссөн бид л сонссоор байгаад дасчихсан болохоос, өөр тийм гайхамшигтай “Монголын” гэх юм энэ аялгуунд байдаггүй.
Үгийн тухайд бол, үнэндээ өрөвдөлтэй шүлэг шүү дээ. 1992 онд Ч.Чимид, Ц.Гайтав хоёрын хамтран бичсэн “Урьдын бэрх дарлал”-ыг Ц.Дамдинсүрэнгийн “Дархан манай хувьсгал”-аар солиход би л хувьдаа маш их гайхаж байсан. Өөр хоорондоо чанарын болоод утга санааны ямар ч ялгаагүй л үгс. Ч.Чимид нарын үгийн 2-р бадаг “Зөвлөлт оронтой заяа холбож” гэж эхэлдгийг хаяхын тулд сольж байна гэж тайлбарлацгааж байсан. Гэтэл Ц.Дамдинсүрэнгийн үгт ч мөн Зөвлөлтийг биширсэн “Алдарт Ленин, Сталины заасан замаар...” гэсэн бадаг байв. Тэгээд ямар ч байсан солихын тулд тэрхүү, мөн л 2-р бадгийг нь орхиод шинэ ардчилсан төрийн дуулал бий болсон билээ.
 
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт…
 
Хувьсгалыг нь цагаан морин жилийн хувьсгал ч гэж ойлгосон уу, магадгүй, зөвхөн “Даяар Монголын ариун голомт” гэсэн өөдрөг үгэнд болоод л, эсвэл чухам уг мөрийг л коммунист засаглал хориглосон учраас депутатууд энэ шүлгийг сонгосон байх.
 
Дайсны гарт хэзээ ч орохгүй…
 
Төрийнхөө дуулалд “бид дайсанд эзлэгдэхгүй” гэж дуулдаг ард түмэн биднээс өөр хаа ч байхгүй дэг ээ. Төрөө дээдлэн сүсэлдэг монголчууд байтугай, төртэй байж үзээгүй үндэстнүүд ч аливаа ёслол хүндэтгэлийн зан үйл дээрээ бусдад эзлэгдэх тухай цухас санаа, ганц үг унагахаас цээрлэнэ. Гэтэл бид… Төрийнхөө дуулалд ийм харалган мөр байлгахыг бид тэвчих ёсгүй. Дахилт нь бол ердөө л лоозон. Ард түмний оюун санаанд хүчтэй нөлөөлөх эрчим хүч шингэсэн баймааж л түүнийг сая төрийн хэмжээнд сүлд дуулал хэмээн зарлах учиртай. 
 
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя!
 
“Бүхий л чадлаараа” гэдэг энэ үгнээс аргаа барсан, өрөвдмөөр, сул дорой төрх нэвт гэрэлтэн үзэгддэг. Ч.Чимид нарын 
 
Сайхан Монголын дэлгэр орон
Саруул хөгжлийн цэлгэр гүрэн
Үеийн үед энхжин мандтугай!
Үрийн үрд бэхжин бадартугай!
 
дахилт бол харин ч бэлгэдлийн дуулал гэдэг утгадаа илүү тохирсон, шүлгийн тогтоц нь ч чамбай мөрүүд билээ.
Ингээд бодоход, ямар ч байсан төрийн дуулал маань үг, ая аль алиныхаа хувьд шинэ зууны монгол иргэдийн оюун санаанд тэнцэхээргүй, тааруухан бүтээл гэдгийг дахин нуршилтгүй юм. Энэ их ой тохиож байгаа дээр төрийн дууллаа нэг мөр, дахин эргэж харахааргүй цэгцлээд авбал бэлгэдлээр бүхнийг хардаг монголчуудад чухал үйлс болох сон. Тэгэхээр ямар гарц, хувилбар байна вэ?
Уг нь ирэх онд тэгш их ой нь тохиож буй Чингис хааны байгуулсан төр өөрийн гэсэн сүлд дуутай байсан билээ. “Эртний сайхан” хэмээх тэр дууг одоо ч манай уртын дуучид дуулдаг.
 
Эртний сайхан ерөөлөөр
Энэ Монголын орондоо
Эзэн Чингис хааныхаа
Язгуураас бүрдэв ээ.
Тэнцэш үгүй заяатай
Тэнүүн уудам оюунтай
Тэгш сайхан шинжтэй
Тэнгэрийн үрс Та мину зээ…
 
Соц үед хориулчихгүйн тулд арай эерүүлсэн хувилбараар:
 
Эртний сайхан ерөөлөөр
Энэ Монголын оронд нь
Эрх чөлөөт улсыг минь
Алдар суу нь бүрхэв ээ зээ.
Тэнгэр мэт заяатай,
Тэгш таван ухаантай,
Тэнүүхэн уужим жаргалтай,
Тэнцэш үгүй заяатай тэр билээ зээ…
 
хэмээн дуулдаг байсан мөнхүү дууг төрийн дуулал болгоход зөвдөх хэд хэдэн учир шалтгаан байна. Эхнийх нь дээр дурдсан эзэн богд Чингисийн төрийн дуулал учраас. 
Хоёрдугаарт, ерөөсөө уртын дуу бол монголчуудын нэрийн хуудас, манай соёлын нэг гол бахархал билээ. Уртын дуугүй бол Монголыг хэн Монгол гэх юм бэ? Төрийн том ёслол хүндэтгэл дээр, олон улсын арга хэмжээн дээр, олимп дэлхийн аваргын шагнал гардуулах ёслол дээр уртын сайхан дуу эгшиглэж байвал Монгол гэдэг бол өөр хаа ч байхгүй, давтагдашгүй, өвөрмөц үндэстэн юм аа гэдгийг дэлхий даяараа мэдрэх болно. Бидний тусгаар тогтнол, үндэс угсааны маань нас цаашид мөнх байхад ч тэр чинээгээрээ нэмэртэй шүү дээ. Түүнчлэн, Хүн гүрний түүхийг зарим өөр үндэстэн өөртөө хамаатуулах гэж мэрийж, бид ч тэр дунд орчихсон, Хүннү бол түрэг, монгол холимог үндэстэн байсан мэтээр хээвнэг мэдэмхийрцгээдэг. Гэвч Хүн гүрний жинхэнэ залгамжлагчид бол зөвхөн монголчууд гэдгийг батлах оюуны үнэт нотолгоо бол уртын дуу билээ. Хүн гүрэнд уртын дуу үүсэн тухай хүннүчүүдийн домог бэлээхэн хадгалагдсан байна. Тэгэхээр тэд монголчууд байжээ гэдгийг угсаатны зүй, хүн судлалтай зэрэгцээд уртын дуугаар амархан баталж болно.
“Эртний сайхан”-ы манай нутгийн хувилбарт:
 
Олон одны дундаас
Нарны гэрэл тодорхой
Олон улсын дундаас
Миний нутаг тэр билээ зээ…
 
гэж дуулдаг. Энэ үгэнд ямар ч хиймэл, зохиомол зүйлгүй энгүүнээр эх оронч үзлээ гүн гүнзгий илэрхийлсэн байна. Монгол хүний голт зүрхэнд явах учиртай ийм энгүүн атлаа хоёргүй үнэн санаа “Дархан манай хувьсгалт улс”-д даанч байхгүй л дээ.
 
2005.
 
Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.