Горькийн сургуульд хамт сурч байсан буриад найз минь шинэхэн бичсэн гурван шүлгээ ирүүлэв. Андрей Мухраев бол Буриадын өнөө цагийн шилдэг зохиолчдын нэг. 2006 онд бил үү дээ, түүний "Цовдлоос" хэмээх жүжиг Улаан-Үүдийн театрт тоглогдож, ихээхэн яриа хөөрөө үүсгэж билээ. Яруу найрагчийн хувьд тэр өөрийгөө ер зарлаж явдаггүй, чимээгүйхэн л шүлгээ биччихээд, тэдгээр шүлгүүдээ хэвлүүлдэг ч үгүй, ийм л хүн. Андынхаа шинэ шүлгүүдийг ганцаараа уншаад өнгөрмөөргүй, уншигчидтайгаа хуваалцмаар байна аа.
Сэлэнгэ аймгийн нутагт, долоон жилийн өмнөх тэр нэгэн өвөл андуудтайгаа авахуулсан энэ зургийг санаандгүй олов. Баруун гар талын захад зогсож буй талийгаач маань хамгийн түрүүн нүдэнд туслаа.
Эрдэнэчулуунтай анх танилцсан өдрөө би тодхон санаж байна. Биерхүү, тарган шар залуу Баянхонгорын залуусын уулзалт дээр анх ирж билээ. Тэр үед бид “Хонгор нутгийн залуус” хэмээх клуб байгуулах санаа хэлэлцэж, Засгийн газраас зохион байгуулдаг “Нэг баг – Нэг бүтээгдэхүүн” хэмээх үзэсгэлэнг өөрсдийнхөөрөө, арай шинэлэг сонирхолтой байдлаар өөрчлөн, Баянхонгороос гаралтай Улаанбаатарчуудын томоохон баяр болгоё гэж ярилцаж асан үе. Хээгүй шинжийн, цүл пал яриатай нөгөө шар залуу чинь Баянхонгор Баянхонгортоо бүр манай Гурванбулаг сумынх болж таарав. Анхнаасаа л элгэмсүү, нийцэрхүү зан нь шууд таалагдаж эхэлсэн. Дараахан нь Гурванбулаг сумын нийслэл дэх Нутгийн зөвлөлийн ажлыг Эрдэнэчулуунд үүрүүлчихсэн юм даг. Тэр бол харин манай сумын ахмадуудын санаа байсан. Ний нуугүй хэлэхэд, манай сумын Нутгийн зөвлөл урьд нь ямаршуу түвшинд ажлаа явуулж ирснийг би л хувьдаа мэдэхгүй. Харин сайн дурын энэ холбоог Эрдэнэчулуун удирдах болсноос хойш манай сумын нэр хүнд илэрхий өсч, юутай ч мань мэтийн олон хүн Гурванбулагаас гаралтайгаараа бахархах болцгоосоон.
- Уншигчийн асуултаас үүдсэн зурвас -
Энэ сайтын холбоо барих хэсгээр нэгэн уншигч “Бөөгийн домог” романы дотор гарч буй ухаа хагдны сар, сүүн сар гэх мэтийг ямар учиртай оноосон нэр вэ, мөн романы төгсгөлд “Буриад-монгол уламжлалт тооллын буга, хуц, их улаан саруудад бичив” гэсэн байгаагаа тайлбарлаж өгөхийг хүсчээ. Ганц уншигчид цахим шуудангаар хариу бичснээс иймэрхүү зүйл сонирхож мэдэх өөр хүмүүст хүргэсүгэй хэмээн шийдснээ толилуулъя.
Хэдийд ч юм бэ дээ, одоогийн Баянхонгорын өмнүүрх Юм бэйсийн хошуунд Дугар зайсан гэгч нутагладаг байж. Үлгэр ярих гэж байгаа юм биш шүү. Түвдийн шашин гажуудаж, Бурхан багшийнхаас өөр номоор явна хэмээсэн бүлэглэл хүчирхэгжээд байхад тэр хүн очиж завхралаас нь гэтэлгэсэн ухаантан гэлцдэг. Түвдийн толгой лам нар “Манай шашныг аврах хүмүүн умар зүгт байна, тэр хүн энэ тэмдгийг таних учиртай” гээд нэг эрдэмтэй ламынхаа орхимжинд хар бөс оёод мордуулжээ. Сайхь лам Тангуд уулсыг давж, амьхандаа тэр хавиараа л мөнөөх хар бөсийг анзаарах ажигч гярхай нэгэнтэй таарчих санаатай бишгүй явж. Сүүлдээ таван Цайдамыг хэжиж, Хөх нуурыг тойроод, цөл гаталж л дээ. Буусан айлынх нь эзэн “Хээ, тан шиг дээгүүр сахилтай лам орхимжиндоо хар тэмдэг хадчихсан явахыг бодоход танай Түвдийн шашин ч самуурч гүйцсэн юм шив дээ” гэж хэлэхийг сонсох үедээ Лхасын хувраг Монголын говьд ирчихсэн байжээ. Лам ч хонон өнжин саатаж, хэрэг зоригоо нэгд нэгэнгүй учирласан юм байх. Хэр удаан ч гуйлгасан юм бэ, юутай ч Дугар зайсан Лхаст очно, гэхдээ ирэх жил өөрөө яваад очно гэж амалжээ. Зорьсондоо хүрсэн лам ч буцаж. Өвөл нь Дугар зайсан саяхан бууранд гарсан ингэ унаад Лхас руу гарчээ. Манай Сэгс Цагаан Богд хавиас шүү дээ. Их л удаж хүрсэн нь лавтай. Одоо бол Гансу ортол хоногийн л газар. Чунчинь, Бээжин, Шанхай гурван хотоос Лхас хүрэх шууд галт тэрэг үүгээр дайрна. Тэгээд л 30-аад цагийн дараа Будалин ордны өмнө зогсож байх вий.
Солонгосын урлаг тааруу, зураачид нь сул гэсэн үгийг би Монголд бишгүй л сонсч байлаа. Арай ч үгүй биз гэж боддог байсан ч, өнөөдрийг хүртэл орчин цагийн урлагаас нь яг нэг дор шимтэж харж танилцсан минь үгүй. Ямар ч азаар гэх юм бэ дээ, энэ удаа Солонгост ирэхдээ би нэг зураачийн нэлээд том үзэсгэлэнг Бусанд үзэж, тэр хүний уран бүтээлтэй боломжийн сайн танилцсан. Модон бараар дэлхийд тэргүүлэгсдийн нэг, тэр их мастерын бүтээл Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал” номын хавтас болсон удаатай. Энэ бүхний цаад учир холбоог тоочвол их урт түүх болно. Одоо бол нэгэн гайхалтай мүзейн тухай л өгүүлэх гэсэн юм.
“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film