Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ҮНДЭСНИЙ УХАМСАР: ЭЛИТ БА ОЛОН НИЙТ

           Ардчилсан хувьсгалын үрээр нийгэм өөрчлөгдсөн, үзэл суртлын гяндан нурсан, сэтгэлгээний чөлөөт хэв маяг бий болсон нь маргашгүй. Гэхдээ түүхэн энэ хувьсгалын хамгийн гол, хамгийн чухаг нэгэн ач холбогдол нь үндэсний ухамсарын сэргэлт байсан юм.

            Үндэсний ухамсар гэдэг ойлголт бол тухайн ард түмэн өөрийнхөө онцлогийг хадгалан үлдэхийн тулд, эртнээс түүнийг тусгаар үндэстэн байлгаж ирсэн тэр л чанаруудаа хойч үедээ ямар ч үнээр хамаагүй өвлүүлэн үлдээх зориг билээ. Ард нийтээрээ бусдаас хамааралгүй, хараат бус орших боломжоо дээд эрх ашиг хэмээн харах үед ийм ухамсар нь сэрдэг. Гэхдээ үндэсний ухамсар сүйрэлд орсны дараа л ийм сэргэлт ирэх нь олонтаа. Ерөөс монголчуудын түүх бол үндэсний ухамсарын сүйрэл болоод сэргэлтийн давтамжууд билээ.

            Аливаа үндэстний түүхэн эмгэнэлүүд үндэсний ухамсар сүйрэх үетэй нь л давхацдаг. Хаан эцэг нь ирээдүйн их гүрнийг босгох тавилантай Моодун шаньюйг хөрш улсдаа барьцааны хүн болгон илгээж байсныг бид мэднэ. Хожим Хүннү их гүрэн бутран сарниж, өмнөд хэсэг нь Хан үндэстний цусыг сэлбэж, зарим нь нутгаасаа дүрвэн дайжсаныг ч бид мэднэ. 555 онд монгол угсаатан түргүүдэд бутцохиулаад, Төв Азийн түүхийн тавцангаас арчигдаж байв. Дэлхийг ноёрхсон их гүрэн байгуулсан хаад яваандаа өөрсдийгөө Цагаан хэрмийн цаана л суух заяатай мэтээр эндүүрэхдээ тултлаа үндэсний ухамсараа гээснээ 1378 онд нутагтаа хөөгдөж ирсэн хойноо л ухаарсан байх. Баруун Зүүн Монголын хагарал, Манж гүрний эрхшээлд сөгдсөн явдал бол үндэсний ухамсрын сүйрэл байлаа. Хэдийгээр өөрсдөөс шалтгаалаагүй ч, өнөөгийн монголчууд дэлхий дээрх хамгийн эмгэнэлт хуваагдмал үндэстэн болсон явдал ч үндэсний ухамсарын сүйрлийн үр: өмнөд монголчууд хятаджаад, умард монголчууд оросжоод дуусч байна.

            Хан, Хүн хоёр гүрэн эн чацуу хэмээн хуанди эзнээр нь хүлээн зөвшөөрүүлсэн их шаньюйн үед, тархай бутархай аймгуудыг нэгтгэн Монгол улсаа байгуулсан Чингис хааны үед, улсаа Мин гүрэнтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд сэргээн босгох гэж зүтгэсэн Даян хааны үед, 1911 онд Манжаас тусгаар тогтносноо Ар, Өвөр Монголын бүх чуулган, Хөх нуур, Тагна Урианхайд зарлан тунхагласан Богд хаант Монгол улсын үед сэргэсэнтэйгээ яг адилаар 1989 онд монголчуудын үндэсний ухамсар сэрсэн. 300-аад жилийн турш үндэсний эрх мэдэлгүй явж ирсэн монгол угсаатны хувьд энэ нь ач холбогдлоороо XIII зуунд нэгдмэл улс байгуулсантай дүйхүйц чухаг явдал байв.

            Түүхийг ард түмэн бүтээдэг. Гэлээ ч дээр дурдсан, үндэсний ухамсрын сүйрэл болоод сэргэлтийн түүхэн жишээнүүдийн гол буруутан, гол гавьяатан нь ямагт ноёлогч анги давхарга байжээ. Монголчууд улс үндсээ гэсэн ноёдын зүтгэл санаачлагаар сэргэн мандаж, ноёдоосоо болоод задран хуваагдаж, ноёдоо дагаад бусдын эрхшээлд орсоор иржээ. Манжаас тусгаарлахад Богд хаан тэргүүтэй сурвалжит язгууртнуудын үүрэг, шинэ Монгол улсыг байгуулахад Бодоо тэргүүтэй ноёдын намын үүрэг зонхилж байсан. 1989 онд сэргэсэн үндэсний ухамсарын тэргүүлэгч хүчин ч дэвшилтэт сэхээтнүүд л байсныг энд цугларагсад бэлээхэн мэднэ.

            Өнөөдөр бид үндэсний ухамсарын сүүлчийн томоохон сэргэлтийн ойг тэмдэглэж байна. Тэр сэргэлтээс хойш 20 жил өнгөрчээ. Харин манай түүхийн бусад цаг үетэй харьцуулахад зурвасхан төдий энэ хугацаанд үндэсний маань ухамсар эргээд ээлжит сүйрлийнхээ замд орчихсон дүр зураг ажиглагдаад байна. Тэгэхээр алга ташихаас илүү, эргэцүүлж бодох нь л жинхэнээсээ ой тэмдэглэсэн явдал болно гэж бодож байна.

            Бодууштай юу юу ажиглагдаж байгааг зүгээр л зах зухаас нь дурдъя л даа. Мянган жилийн турш монголчуудын уламжлалт соёлыг хадгалан сахиж ирсэн нүүдлийн иргэншил үгүй болж буй нь нууц биш. Ихэнх нутаг цөлжиж, гол ус ширгэж, тарвага, туулай, үнэг, баавгайнаас эхлээд шонхор шувуу гээд зэрлэг амьтад хядагдаад дуусч байгаа нь бид Өвөрмонголын замаар л яваад байна уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Хятадын жишгээр тооцоход л 200 сая хүн амьдрах багтаамжтай өргөн нутаг дээрх гуравхан сая монголчуудын ихэнх нь ядуу, боловсролгүй байна. Ядуу, боловсролгүй хүнд үндэсний ухамсар гэж байдаггүй. Тэгэхээр ард олныг ядуу, харанхуй байлгах ямар нэгэн сонирхол энд үйлчлээд байна уу? Нөгөө л, түүхийн ээлжит давтамж энэ үү? Ахиад л нийгмийн дээд давхаргын “хүчин чармайлтын үрээр” бид ийм байдалд орж байгаа юм биш биз? Эдгээр асуултуудыг бид ардчилсан хөгжлийн 20 жилийн явцад бий болсон элит, дээд ангийн өмнө (хэрэв байгаа бол шүү дээ) тавих хэрэгтэй болчихжээ. 1206 оны сэргэлт Дундад зууныг өөрчилсөн. 1911 оны сэргэлт тусгаар тогтнол дагуулсан. Харин 1989 оны үндэсний ухамсрын сэргэлт яагаад ийм ахархан наслахад хүрэв ээ? Орчин үеийн ертөнцөд элит массын зааг бүдгэрсэн гэж постмодерн сэтгэгчид үздэг. Монголд харин нийгмийн давхаргуудын хооронд ангал мэт томоос том зааг гарчихаад буй нь үндэсний ухамсраа золиосолж амь зуудаг зохиомол “элитүүдээс” өөрсдөөс нь болоод байгаа юм биш үү?

            Элит хэмээх нэрийг Монголд үндсэндээ хоёрхон бүлэг л зүүж байгаа: улстөрийн эрх мэдэлтнүүд ба бизнесийн магнатууд. Оюунлиг сэхээтнүүд шийдвэр гаргахад нөлөөлдөг давхаргаас аль эрт шахагдсан. Бусад нь бол нийгмийн сэтгэлгээний хөгжилд тодорхой байр суурь, нөлөөгүй, үзэл бодлын хувьд хаашаа ч холбироход бэлэн “хар масс”, ийм л хоёр давхарга Монголд бий болж.

            Тэдний хувьд үндэсний ухамсар гэж юу вэ?

            Элит гэгдэх болсон энэ анги бол шинэ анги. Тэдний хувьд үндэсний ухамсар гэдэг нь баялаг бүтээх боломж. Энэ улсын ашиг сонирхлыг төлөөлөх, нийгмийн баялгийг захиран зарцуулахад өөрсдийн сонирхлыг давамгайлуулах тэмцэл.

            Олон нийтийн хувьд Монголын иргэд бусад улсын иргэдийнхээс дутуугүй амьдрах орчин нөхцөлтэй баймааж л үндэсний ухамсарын тухай эргэцүүлэх бололцоо бий болно. Тэгэхээр дээрх маягийн “элитүүд” удирдаж буй энэ улсад олон нийт үндэсний ухамсараа хөгжүүлэх бололцоо ер нь байна уу?

            Энгийн жишээ. Олон нийтийн хамгийн чухал төлөөлөл – нэг сая гаруй хүүхэд байна. Ерөнхий боловсролыг, 18 хүртэлх насныхны эрүүл мэндийг Төр хариуцдаг. Харин төрийн өгч байгаа боловсрол нь дэлхийн жишигтэй дээд сургуульд бэлтгэдэг боловсрол биш. Учир нь сургалтын хөтөлбөрөөсөө эхлээд сургуулийн байр байшин цөм элит давхаргынхны бизнесийн хэсэг болчихсон. Сурах бичиг зохиолоо гэхэд л бизнесээс гадуурхи, оюунлиг сэхээтнүүд нь оролцож чаддаггүй тул манай боловсролын түвшин доогуур байхаас ч өөр яах вэ. Төрийн хариуцдаг эрүүл мэнд бүр ч хэцүү. Өрхийн эмнэлгээсээ эхлээд иргэндээ үйлчлэх функцээ огоорчихсон. Манай улсын нийт хүн амын барагцаалбал 35 хувь нь аж төрж буй нийслэл хотын агаар л гэхэд хорих лагерийн нөхцөлтэй дүйнэ.

            Улс үндэстнийхээ ирээдүйг эрхэмлэдэггүй, мөнгө эрх мэдлийг шүтсэн дорд ядуу сэтгэлгээнээс л үүдсэн үндэсний ухамсрын сүйрлийн өөр олон жишээг тоочиж болно:

            Ардчиллын 20 жилд үндэсний бичгээ сэргээх талаар элитүүдийн зүгээс ерөөсөө санаачлага гарсангүй. Төр хийгээд олон нийт дэмжээгүй гэх мэт шалтагт дөрлүүлэн оюунлиг давхаргынхны мэр сэр санал тухай бүртээ унтардаг нь манлайлагч томоохон сэхээтэн үгүй болсны шинж юм... Үндэсний сэхээтнүүдээ бэлтгэх хөтөлбөр, шалгуур огт боловсруулаагүй. ЗХУ-д бэлдсэн сэхээтнүүдийнх нь үе хоцрогдсон. Барууны сайн сургуульд зөвхөн элит гэгдэгч шинэ давхаргын хүүхдүүд л явдаг (Гэхдээ энэ нь оюуны буюу жинхэнэ элит биш, улстөр-бизнесийн зохиомол элит шүү дээ!)... Үндэсний үзлийг дэмжих хөтөлбөр аль ч түвшиндээ алга: ийм үзлийн тугч болсон түүхчид, судлаачид, соёл-урлагийн зүтгэлтнүүд зүгээр л хаягдчихсан... Үндэсний оюун санааны дархлаа хомсдсон. ТВ-үүд солонгос киногоор бөмбөгддөг, Хятадын эрчимтэй хөгжлийг үзэж харсан эцэг эхчүүд хүүхдээ багаас нь хятад хэлтэй болгохыг чухалчилдаг болсон гэх мэтчлэн ихийг ярьж болно. Боловсорч төлөвшөөгүй залуус гадаадад үй олноороо гарч ажиллаж амьдарч байна. Монголд ирэх дургүй, монгол хэлээр ярьдаггүй болон өсцгөөж буй, нийтлэг боловсролоор өөрсдөөс нь илүү хүүхдүүдээ дагаад тэд тэндээ үүрд хадагдаж ч магадгүй... Үндэсний урлаг, утга зохиолд эрүүл саруул үнэлэмж, хэмжүүр байхгүй. Хуучин тогтолцооны үед ч тийм байсан, ардчиллын жилүүдэд ч ололт гараагүй. Ер нь дундаж монгол иргэн оюун санааны ертөнцөд бол сайн мууг ялгах чадвараа гээгээд удаж байна...

            Тэгэхээр, ашиг завшаанаар далайлгаж бүхий л үнэт зүйлсээ гишгэчих, сонгууль луйвардах, ард түмнээ гэгээрүүлэхээс зайлсхийх, олонхийн эрх ашгийг наймаалах, төрийн авлига… энэ бүхнээс ангижраад (хэцүү л дээ, гэвч ангижрахгүй л бол сүйрнэ гэдгээ ухаараад), үндэсний эрх ашгийг иргэн бүр нэн тэргүүнээ эрхэмлэдэг, ярьснаа ажил болгодог болсон цагт л сая бид 20 жилийн өмнөх шиг сэргэлтийг үндэстэн даяараа мэдрэх болно. Сэргэлтээ удаан хадгалахын тулд эргээд сүйрэлд унах ялзралыг үндэс хөрсгүй болгох хэрэгтэй.

            Үүнийг ярьж болох ямар хүрээ байна вэ?

            Бага, дунд боловсролын тогтолцооноос үндэсний ухамсрын тухай ойлголт ор тас хаягдсан тул, нэг сая гаруй хүүхдээ энэ асуудлаас гадуурхи бүлэгт тооцчихъё. Үлдсэн хоёр сая хүрэхгүй хүний талаас илүү (60 орчим?) хувийг иймэрхүү зүйлээс илүүтэй ахуй амьдралынхаа дарамтад автсан хэсэг гэж үзвэл, сайндаа л 600 мянган хүний хүрээнд үндэсний ухамсарын сэргэлт сүйрлийн тухай ярьж болно. Энэ бол жирийн амьдралтай 150 мянга орчим гэр бүл гэсэн үг. Манай улсад хэрэглэгдэж буй компьютерээр жишээд тооцвол, энэ хавьцаа тооны гэр бүл оюун санааны дархлаа, үндэсний ухамсрын тухайд санаа зовох чадамжтай. Эдгээр гэр бүл тус бүрийг нэг нэг л хүн жолоодож яваа. 100 гаруйхан мянган хүнийг улс үндэстнийхээ эрүүл саруул ирээдүйг эрхэмлэсэн сэтгэлгээнд татан оролцуулах тийм ч хэцүү биш. 

            Үүнийг харин элит гэгдэж буй шинэ анги ярихгүй л болов уу. Ийм сэтгэлгээ тэдний эрх ашигт халтай. Чухамдаа тэдний эрх ашгийг дээдэлсэн тогтолцоо л өнөөгийн энэ байдлыг нөхцөлдүүлсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр монгол үндэстний ухамсрын талаархи санаачлага нь “элит” ангиас шахагдсан, олон нийтээс өөр үзэл бодолтой цөөхөн сэхээтэнд л хамаатай зүйл болчихоод байна. (Энэ байдал ч өөрөө үндэсний ухамсарын сүйрэл юм)

            Уг нь нүүдэлчид бол үхширтэл баримталдаг ямарваа хэвшмэл зүй тогтлын эсрэг маягаар амьдардаг, үзэл бодол нь ч загваргүй хүмүүс. Энэ бол монгол оюун санааны гоц чанар. Бид баригдмал, хүлцэнгүй, зориггүй амьдрахыг тулгасан нийгмээс ангижирсан тэр л чөлөөт сэтгэлгээгээ улмаа хөгжүүлэх, дэлхийн жишигт хүрсэн боловсролтой залуусыг ирээдүйдээ зориулан бэлдэх ёстой. Гэхдээ энэ боловсрол нь зохиомол биш төрөлх ухамсраас үүсэх үндэсний үзэлд тулгуурласан байвал Монголын ирээдүй батаалгаажна. Шинэ үеэ, хойч үеэ бид улс үндэстнийхээ оюун санааны төрөлх мөн чанар руу дагуулсан, ухамсарлуулсан боловсролоор хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт л бид жинхэнэ элитийн тухай ярих боломжтой болох биз ээ.

2009.12.1.

Шинэ ном

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.

  "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.

Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.