1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан.
“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд, "Бясалгал" шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц", "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)", "Сүнсний томьёо", "Тэдний сүүдэр бидний сэтгэлээс урт" романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно.
Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.
Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулж, мөн "Монголын нууц товчоон"-ыг өөрийнхөөрөө тайлбарласан "Тэнгэрийн судар" хэмээх судалгааны эсээ хэлбэрийн номоо олны хүртээл болгосон.
Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг, орос хэлт буриад яруу найрагч Сергей Тумуровын "Хүннү ууланд нойрсогч өвс" түүврийг тус тус орчуулжээ.
Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.
Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.
Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.
Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.
2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.
Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.
Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.