Солонгосын урлаг тааруу, зураачид нь сул гэсэн үгийг би Монголд бишгүй л сонсч байлаа. Арай ч үгүй биз гэж боддог байсан ч, өнөөдрийг хүртэл орчин цагийн урлагаас нь яг нэг дор шимтэж харж танилцсан минь үгүй. Ямар ч азаар гэх юм бэ дээ, энэ удаа Солонгост ирэхдээ би нэг зураачийн нэлээд том үзэсгэлэнг Бусанд үзэж, тэр хүний уран бүтээлтэй боломжийн сайн танилцсан. Модон бараар дэлхийд тэргүүлэгсдийн нэг, тэр их мастерын бүтээл Л.Өлзийтөгсийн “Ганцаардлын дасгал” номын хавтас болсон удаатай. Энэ бүхний цаад учир холбоог тоочвол их урт түүх болно. Одоо бол нэгэн гайхалтай мүзейн тухай л өгүүлэх гэсэн юм.
Өнөөдөр Сөүлийн Гранд парк дахь Орчин үеийн урлагийн мүзейд очлоо. Хэдэн жилийн өмнө Хайяат зочид буудалд Пайк Нам-жюний дан зурагтын дэлгэцүүдээр хийсэн зохиомж бүхий хэт орчин үеийн “зохиомжит барималууд”-ын нэг хувилбарыг харсан сан. Солонгосын өнөөгийн урлагийн нэрийн хуудас болсон энэ уран бүтээлч 2006 онд нас барсан. Түүний мөнөөх алдарт дэлгэцүүд тус мүзейн босго алхуут л таван давхар ордны адарт тулан сүндэрлэнэ. Суварга хэлбэрт мөнхүү барималд орсон өчнөөн зуун зурагтыг САМСУНГ-ийнхан гаргаж ивээн тэтгэсэн аж. Дэлгэц бүр онд ондоон дүрсийг үзүүлж, магадгүй цаанаас нь онд ондоон дуу авиа түгж буй тул тэр гэхийн тэмдэггүй зураглал, өгүүлэмж холилдож, нэг дор түг түмэн ертөнц, түг түмэн амьдрал тусч буй энэ ажлыг яг л өнөө цагийн бэлгэдэл гэлтэй. Бидний амьдрал бидний ч амьдрал биш, бусдынх, бусад хүмүүсийн амьдрал ч тэднийх биш, магадгүй яв явсаар бидний л амьдрал болж таараад байх шиг. Сибирт дэвсэн эрвээхэйн далавч Амазонк мөрний хөндийд эрчлэх хүчит шуургыг өдөөдөг гэдэгчлэн зочны өрөөний зурагтууд, ажлын компьютерын дэлгэцүүд, андроид гар утасны нүүрнээс цацрах бүхий л хуурмаг дүрс бичлэг цугтаа бидний өнөөдрийг буй болгож байгааг, одоо бид нэг л өөр ертөнц рүү хөл тавьцгаачихсныг, бидний амьдарч яваа энэ ертөнц хэзээ ч ахиад хүүхэд нас маань өнгөрсөн, залуу нас маань өрнөсөн тэр ертөнц болохгүй, урьдын бүхэн эгнэгт ул болсныг эдгээр үй олон дэлгэц хэлж дор бүрнээ чангаар хашгирч байх шиг.
“Солонгосын урлаг муу, ядуу” гэж ярьдаг хүмүүс тэр бодлоосоо ичих хэрэгтэй юм байна даа. Бүр 1930-аад онд төрөгсөд нь л гэхэд авангард чиглэлийн, маш олон гайхалтай ажлууд үлдээжээ. Арга ч үгүй биз, 1920-иод оноос л жааз клубтэй, тэдгээр нь байнгын үйлчлүүлэгчидтэй байсан орон чинь, барууны урлагийн урсгалуудтай манайхнаас хавьгүй эрт танилцсан байж таарна. Бас дорнын уламжлалаа айхтар гүнзгий хадгалсан улс шүү дээ. За, жишээ нь, 1936 онд төрсөн Ким Ку-лим гэдэг хүний “Хүрз” гээд ажил байна. Хүрзийг голоор нь тасдаад, үзүүр талыг нь ахин таван хэсэг хагачиж (хагачсан юм шиг харагдахуйц байдлаар хуваагаад) хана түшүүлэн тавьчихаж. Эсвэл хүрзийг бетон зуурмаг руу голд нь ортол гишгэж орхиод, өөр нэгэн хүрзний хэлтэрхийнүүдийг газар хаясан шиг ч гэмээр юм уу? Цааш жаахан явбал, 1938 онд төрсөн Хуан Гю-тай хэмээх зураач хааш хаашаа 1,5 метр тас хар дөрвөлжин хэвлэмэл бэлдэц тавыг эгнүүлж дэлгэсэн агаад зураг бүрийн голоор дун шар шугам татсан нь л эдгээрийг нэгтгэн холбож буй шижим мэт. Бүтээлийн нэр нь “Тэнгис” гэнэ. Эдгээр бүтээлээс ямар ч утга олж харж бичиж болно. Угаас сайн бүтээл цуурайтах чадвар сайтай байдаг. Гэвч өөрийнхөө харсан утгыг бусдад тулгах эрх надад байхгүй.
Эднийхэн хэвлэмэл, холимог техникийг уламжлалт бэхэн зургийнхаа муутуу цаастай маш чадварлаг хослуулах юм. Бас гэрэл зургийг уран зургийн нэгэн салбар болгосон бүтээл энд олноор тавигджээ. Гэрэл зургууд нь ч муутуун дээр буулгасан мэт, нэг л яруу найраглиг. “Үг хүчгүйдэхэд би зураг авдаг. Зураг хангалттай биш санагдахад, би нам гүмээс таашаал авдаг” хэмээсэн Ансэл Адамсын үгийг фото урлагийн хэсэгт эшилсэн нь их оносон санагдав. Тэнд харсан нэгэн зураг амьдрал бол маш баялаг, сайхан зүйл гэдгийг мэдрүүлэх шиг болсон шүү. И Мюн-хо хэмээх, надаас таван насаар дүү тэр залуу өвлийн ойд кино гаргах гэж байгаа юм шиг цагаан даавуу тэнийлгэн татах ямар агуу санаа олоо вэ? Даавуун дэлгэцний наана нэгэн мод харагдана. Нарны гэрэлд эгээ л уран зураг шиг, даавуунаа туссан мөчир бүрийн сүүдэр даанч гайхамшигтай зохицсон байх агаад модны хөргийг мод л өөрөө хэнээс ч юунаас ч илүү төгс бүтээдэг ажээ.
Ер нь инстолляци талдаа бол солонгосчууд манай зураачдыг “хол хаячихсан” байна. Дан пүршээр тоглолт хийсэн энэ зургийг л харахгүй юу.
Харин доорхи гурамсан бүтээл бол “Бөөмний дотор тал” хэмээх нэртэй. Ширээр үдсэн хана, хэсэг чулуу, эсвэл тоонолжлон холбосон ган хоолойнууд эгээ л Вазарелийн гүдгэр оп-арт зураг шиг, гэхдээ орон зайтай. Бүтээгч нь Чун Кук-кван (1945-1990).
Ерөнхийдөө Солонгосын орчин үеийн урлагийг дорнын уламжлал дээр дүрсхийн ассан өрнийн нөлөөний биелэл гэлтэй. XIX зуунаас христийн шашин номлогчид энэ оронд нэвтэрч, уран бүтээлч сэхээтнүүд нь барууны ертөнц рүү биднээс хавьгүй эрт харж эхэлжээ. Дан орос сургуультай манай хууччуулаас эднийхэн үнэхээр анги харагдана. (Уг музейд Петров-Водкиныг санагдуулсан нэг зураг үзэгдсэнд ихэд гайхан дөхөж очоод нэрийг нь уншвал Николой Сергеевич Шин гэж байв. Оросын солонгос юм байна л даа)
1955 онд төрсөн Чун Куин-ёны ажлын бээлийнүүд, 1962 онд төрсөн Чой Ки-согийн “Төмөр ой” зэргээс мэдрэмж, сэтгэлгээний далайцыг харж болно. Толины наана төмөр модод зэрэгцүүлэн өрж тавьсан тэр зургийн өмнүүр өнгөрөхөд нөгөө л эргэлтгүй өөрчлөгдөн хувирсан шинэ ертөнцийнхөө дундуур алхаж яваагаа эрхгүй мэдэрнэ. Толь моддыг ой болгож, армаг тармаг төмөр төглийн цаагуур бас нэг би явж өнгөрөх...
2012.5.19..
"Цагаан Хар Улаан" бол зохиогчийн торгууд түмний дунд байж хийсэн судалгаа, орчин үеийн урлагийн талаархи зарим санаа, өнөөгийн хүний дотоод ертөнц рүү хийсэн эрэл, туульсын сэтгэлгээний нарийн утга учир, бүтэлгүй хайр дурлал зэрэг олон сэдвийг хамарсан, нэн шинэ чиглэлийн роман болно.