Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ТҮВД, МОНГОЛ БАНХАР - НЭГ Л ҮҮЛДРИЙН НОХОД

Хубилай хааны албанаа зүтгэж явсан итали эр, баримтат уран зохиолын нэгэн хосгүй өвийг туурвигч Марко Поло түвд банхарын тухай мэдээг анх Европд цацаж, илжгэн чинээ биетэй тэдгээр ноход уулын зэрлэг сарлагийг ч барьдаг тухай өгүүлсэн юм. Монгол хэлнээ 1987 онд “Орчлонгийн элдэв сонин” нэрээр орчуулагдан гарсан уг номын 116-р бүлэгт харин том биетэй, догшин зэрлэг сарлагийг дийлдэг тухайг нь орхигдуулсан байна лээ (Англиар: “Tibetans have mastiffs as big as donkeys, very good at pulling down game, including wild cattle, which are plentiful there and of great size and ferocity” гэж бий). Түвд малчдын ярихаар бол, Хималайд өнөө хэр зэрлэг сарлаг элбэг, дан ганц хар зүстэй тэдгээр амьтад гэрийн сарлаг дотор орчихсон явахдаа өндрөөшөө ч, уртаашаа ч тохой илүү ялгардаг гэнэ. Лхас дахь Түвдийн мүзейд буй чихмэлээр нь багцаалахад, алдалсан гар шиг сүрлэг эвэртэй, нохойд бариулмааргүй л амьтан харагдав.

            Марко Пологийн ном ид шидэт үлгэрт л гардаг, үнэмшмээргүй хачин амьтдын тухай бишгүй тоочдог тул барууныхан ер бусын нохойн тухай хэсгийг нь ойшоосонгүй. Харин британичууд Түвдэд нэвтэрсний дараа л Английн хааны гэр бүлд хоёр түвд нохой бэлгэнд ирснээр лордууд энэ бахим чийрэг нохдыг сонирхож эхэлжээ. Англид мастиф хэмээх том биет, сул арьст нохой байдаг тул Азиас ирсэн банхаруудыг шууд л түвд мастиф гээд нэрлэчихэж. Үнэндээ гагц Түвдэд л байдаг үүлдэр ч биш шүү дээ. 1890-ээд онд Берлинд эл нохойг үржүүлэн, 1906 онд Лондонд түвд нохойн үзэсгэлэн худалдаа зохиогдож байснаас үзэхүл, азийн банхаруудад Европыг нэлээд эрт байлдан дагуулах боломж байж. Гэвч дэлхийн дайнууд дэгдэж, дараа нь Төв Азийг коммунистууд хаалттай бүс нутаг болгосноор эдгээр ноход баруунд танигдахад садаа учирсан юм. 1950-иад оноос Хималайг зорьсон уулчид Балбаас банхарын гөлөг авч харих болсноор Өрнө дахинаа энэ нохой танигдаж, бүр АНУ-ын ерөнхийлөгч Айзэнхауэр түвд банхартайгаа бахархан зарласан удаатай ч, 1980-аад он хүртэл зөвхөн мэргэжилтнүүд л мэддэг үүлдэр байв. Дэлхийд алдартай Вэстминстрийн клуб “түвд мастиф” гэсэн ангиллаар албан ёсны анхны шалгаруулалтаа ердөө 2008 онд л явуулсан гээд бодохгүй юу?


          Tibetan mastiff гэх энэ үүлдрийг монголоор гарж гэнэ. Худам үсгээр “garzi” гэж бичдэг. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д энэ үгийг “бие бүдүүн, үс сахлаг, толгой том, дуу өтгөн, нэгэн үүлдрийн нохой” гэж тайлбарласныг 1999 онд Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос нэлээд олон хүний оролцоотойгоор хэвлэн гаргасан 70 шахам мянган үг бүхий “Монгол хэлний толь”-д тэр чигээр нь авч оруулжээ. 2001 онд Москвад “Аcademia” хэвлэлийн газраас дөрвөн ботиор гаргасан “Монгол-Орос дэлгэрэнгүй их толь” бол “түвд үүлдрийн том биет нохой” хэмээн маш тодорхой заасан байна. Зарим хүн “гарз нохой” ч гэдэг. Энэ нь худам галигийн “garuza” буюу гарз хохиролтой самуурагдах тул хойшид үүлдрийнх нь хувьд гарж хэмээн ярьж хэвших нь зүйтэй мэт. Харин Банхар гэдэг бол “банхагар хоншоортой”, “банхайж занхайсан” гэсэн утгатай, дээд уруул нь завьжаа давсан нохойд өгдөг түгээмэл монгол нэр шүү дээ.


          Гарж нохой хэнэггүй, гөжүүд, хажиг, түрэмгий, өөр айлын тэжээвэр амьтад, ижил хүйсийнхээ нохойг урж дээрэлхэх хандлагатай гээд барууныхан тэжээхээс цааргалдаг. Тиймээс Европ, Америкт үнэтэй үүлдэрт тооцогддоггүй. Ер нь хүмүүс дуулгавартай амьтныг л ухаалаг гэж үздэг шүү дээ. Харин гарж бие даасан араншинтай тул хуруу инчдэхэд л улавч авчрах хэмжээнд хүртэл сургахад хэцүү. Баргийн хашааг даван сэлгүүцдэг, тэнэмэл зөнгөр зөн нь сэрсэн ийм үедээ дуудаад ч үгэнд ордоггүй энэ дураараа нохой байгалиасаа ирвэс, чонотой үзэлцэж явахаар заяагдсан амьтан тул харуул манааны болон хамгаалах чадвараар гойд. Бага насны хүүхдэд ээлтэй найрсаг нь ази хүмүүст өндрөөр үнэлэгддэг, Хятадад бүр баян чинээлгийн бэлгэдэл болдог.
          Өсөлт нь удаан, 4-5 хүрч байж л нас гүйцнэ. Тиймдээ ч урт насалдаг. Миний бие Хөхнуур (Хятадын Чинхай муж)-т 15 настай гарж харсан бөгөөд ямар ч хөгшин нохойн шинжгүй, хоншоортоо ширхэг ч буурал үсгүй байв.
          Гарж гэр үүрэндээ өтгөн шингэнээ гаргадаггүй, маш цэвэрч нохой. Гөлгийг гэрт хонуулах үед шээс нь хүрвэл тэсч чадах хэмжээнд хүртлээ хуцаж гаслан эзнээ дууддаг. Харин нэлээд сүйтгэлтэй дээ, юм нурааж бусниулна, хивс дэвсгэр урж зажилна, модон эдлэл мэрж холтчино, хаа сайгүй газар ухаж малтана. Эрүү шүд нь хүчирхэг, гурван сартай эр гөлөг богийн сээрний ясыг хэмх зажлаад идчихнэ. “National Geographic” сувгийнхны хийсэн хэмжилтээр бол, чононоос илүү, бараг 700 паунд буюу 315 кг хүчээр хаздаг юм билээ. Ангайлт нь маш том тул эрүү, завьжны нь арьс хунирдаг. Ерөөс бүх биеийнх нь арьс сул, сунамхай, гөлгийг овоодож өргөхөд ганхийх ч үгүй. Шөнө хуцах дуртай, чанга, бүдүүн дуутай. Хоёрхон сартай зарим гөлөг насанд хүрсэн герман хоньч нохой шиг л өтгөн сүрлэг хуцна гээч.
          Гарж цамаандуу, өл даахдаа гаргуун, 4-5 хоног өлөн явж чаддагаараа бусад үүлдрийн том биет нохдоос эрс өөр, шалмаг гавшгай анч хоточ нохой билээ. Эвгүй юм идчихвэл бөөлжөөд гаргачихдаг, ямар ч үүр хэрэглэдэггүй өлчир зэргээрээ чонотой адил. Харин сүүлийн үед үнэ нь тэнгэрт хадсны улмаас гарж нохойг малчид бус, үржлийн газрууд л өмчлөх болж, үзэсгэлэн шоуны зорилгоор тусгайлан тэжээснээр уугуул шинж нь алдагдахад хүрчээ. Түвд нутгаас сайн сайн нохдыг үнэ цохин цуглуулсан хятад үржүүлэгчид гөлөгний өсөлтийг хурдасгахын тулд гормоны бэлдмэл, булиа харагдуулахын тулд давсны уусмал, глюкоз тарьж, хоолонд нь нойрны эм холин унтуулж зоолуулдаг болсноос 130 кг жинтэй нохой ч тэмдэглэгдсэн гэнэ.
          Түвд, Хөхнуураас гадна Шинжаан, Монгол гээд асар уудам орон зайд тархсан гарж нохойг дүр төрхөөр нь арслан хэвт, бар хэвт гэж үндсэндээ хоёр хуваадаг. Арслан хэвт нь лагс биетэй, зантгар духтай, богино хоншоортой тул завьж нэн унжуу, зогдор их, яг л дээр үеийн арслантай авдрын зургархуу. Харин бар хэвт гарж, чац урттай, цүүцэрхүү хоншоортой, хамгийн онцлог шинж гэвэл үс нь богиновтор бөгөөд жигд шигүү. Ерөнхийдөө монгол нохойн жинхэнэ хэв хуучин цагт ямар байсан, яг л тэр. Одоо говийн зэлүүд сумдад өдрийн од шиг үлдсэн, үндсэндээ эрчимтэй устаж буй тэдгээр нохдын өвгө дээдэс бар хэвт гарж гэдгийг мэдэх өвгөчүүл ч цөөрчээ.
         Энд зориуд хэлэхэд, авдрын тэр зураг яг ч арслан биш л дээ. Түвд улс 1912 онд тусгаар тогтнолоо зарлах үедээ далбаан дээрээ дүрсэлсэн, “дөрвөн хүчтэний нэг - цаст уулын цагаан арслан” гээч нь бэлгэдэлийн амьтан бөгөөд эх дүр нь нохой юм. Баруун гартаа туг, зүүн гартаа эрдэнээр гулгигч хулгана барьсан Намсрай бурхан (самгардиар Гүбира, мөн Бисман тэнгэр ч хэмээнэ) эсгий салмайлгасан улаан хүзүүвчтэй, цагаан гарж унасан байдаг. Түүнчлэн баруун гартаа илд, зүүн гартаа зүрхэн цэцэг атгасан Доржшүгдэн (самгардиар Базарбэг) ч ногоон хүзүүвчтэй цагаан гарж унаатай. Эл нохой бэсрэгхэн арслан шиг харагддагаас үүдээд энэ мэт бурхдыг арслан унаат шүтээнүүд гэх болжээ. Цасгүй халуун орны амьтан арсланд albinos өвчин тусаагүй л бол цагаан зүс гэж угаасаа байдаггүй. Намсрай бурхан эд хөрөнгө далладаг хэмээх сүсгээр гарж нохой баян чинээлгийн бэлгэдэл болсон хэрэг. Өнөө хэр түвдүүд сарлагийнхаа сэрвээнд хийморийн дарцаг, нохойдоо бурхдын хөрөгт дүрсэлсэнтэй адил сагсгар улаан хүзүүвч зүүж домносоор буй нь үүнийг давхар нотолно.
        Түвд гарж үнэд ороход шашны бэлгэдэлээс гадна өнөө цагийн Хятадын уран зохиол бас чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Хятад судлаач Д.Болдбаатарын орчуулгаар гарсан “Төвд банхар” роман 2005 онд өмнөд хөршийн уншигчдыг байлдан дагуулсан нь ч энэ үүлдрийн нохойд том сурталчилгаа болсон билээ.


         ***
         Хятадаар “зан-о”, түвдээр “докью” гэдэг ч, Хөхнуур, Ордосын монголчууд “тангад нохой” хэмээнэ. Монгол цэрэг гаржийг сүрэг сүргээр нь авч явдаг байснаас Тангадын нутагт ийм нохой олноороо үлдсэн юм аа гэж тэд ярьдаг. Үнэхээр ч Чингис хаан Сиа буюу Тангадыг нийт зургаан удаа дайлсан бөгөөд дайнд 30 мянган нохой хэрэглэсэн түүхтэй. “Хураангуй алтан товч”-д Тангадын Шударга хаанд Хүблэн хэмээх зөнч шар нохой байсан тухай, Чингис хаан тэрхүү айхтар зөнтэй нохойг төөрөгдүүлэх гэж шуудхан давшилгүй гурван жил зам зуураа бууж мордож аялсан тухай, эцэст нь нохойгоо дэмий ульдаг болчихлоо хэмээн үзсэн Шударга хаан бэхлэлт хориглолтоо буулгасан тул, монголчууд энэ завшааныг ашигласан тухай өгүүлдэг. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд нохойн зөн совин гэгч төр улсын хэрэгт ч чухаг нөлөөтэй байж. Өнөө хэр зурхайн судруудад ямар өдөр нохой улих сайн муу алин болохыг алгасалгүй бичсэн харагддаг шүү дээ. Үүнийг цааш үл лавшруулан, монгол цэргийн аян дагаж очсон тулаанч ноход Түвдийн уулын ноходтой цус холилдсон нь гарж хэмээн дүгнэхэд хүрснийхээ учрыг тодосгоё.
         Монголчууд дайны зориулалтын ноходтой байсныг илтгэх маш чухал ул мөр Ордост бий. Нэгэнтээ Чингис хааны хувийн зуун гарж цөл газрыг туулж ангаж цангасан тул Ёлдормаа гээч дарханаар 108 худаг өрөмдүүлсэн гэх бөгөөд Олоннохойт хэмээх газар ухсан мөнөөх худгуудын үлдэц одоо ч Урандөш уулнаа байна. Чононоос илүү хазалттай араатан ан авд ч, аян дайнд ч хүчирхэг зэвсэг болох нь мэдээж. Түүнчлэн “Нууц товчоон”-д Чингис хааны генералуудыг “галзуу дөрвөн нохой” хэмээн өргөмжилсөн нь санамсаргүй зүйрлэл огт биш. Монгол үндэстний бахархал болсон энэ гайхамшигт туурвилд түвд нохойг онцгойлон магтсан нь нэн сонин бөгөөд 260 дахь хэсэгт галиглавал “Mani t’opotut’ noqotijan t’ukirts’u ile’esu tajjin irkeni ba t’nkeri qatsara kuts’u nemek’tetsu…” хэмээсэн, өөрсдийгөө догшин түвд ноходтой зүйрлэн тухирах төдийд л дайнд уулгалан орно гэсэн утга бүхий үгс буйг үзвээс өвгө дээдэс маань тусгайлан сургасан дайны ноходтой, тэдгээрийн дотор түвд зүгийн ноход онцгой үнэлэгддэг байсны тов тодорхой гэрчлэл болно. Энэ бол Тангадаас газар даамгүй их тэмээн сүрэг албанд авчихаад байсны дараах үеийн, нүүдэлчид монгол нохойн удмын санд эрс шинэчлэлт хийж асан үеийн амьд баримт.
         Монгол хэлэнд нохойг заасан үг 130 гаруй тэмдэглэгдсэн нь дэлхийн өөр ямар ч хэлийг дагуулахгүй үзүүлэлт бөгөөд өвгө дээдэс маань нохой маллагааны өндөр соёлтой байсныг гэрчлэх наад захын жишээ юм. Сүнс нохойн төрлийг дамжиж хүний биед ирдэг хэмээсэн бөө нарын үзэл, дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон зэргийг ч энд дэлгэрүүлэн ярих боломжтой. Төв Азиас эхэлсэн хүн төрөлхтөний их нүүдэл нохойн тархалтад ч нөлөөлснийг, Сибир болон Аляскийн ноход, Түргийн кангал, Кавказ болон Дундад Азийн хоньч нохой гаржаас гаралтайг, үүлдэр нь эртнийх тусмаа нохой ухаалаг, давуу тал ихтэй байдгийг судлаачид нэгэнт тогтоожээ.
         Дээр эшилсэн Марко Пологийн тэмдэглэлд дурдсанчлан гарж, сарлаг хоёр бол эрт цагт зэрлэг байхаасаа л шүтэлцсэн тархацтай амьтад учраас Алтай, Хангай ч гаржийн уугуул нутаг мөн. Зарим судлаач сарлагийг шашин дагаж Түвдээс орж ирсэн мэтээр мэдэмхийрдэг. Нийтийн тооллоос өмнөх хүннү дуунд “зургаан хошуу мал минь” хэмээн сарлагийг оролцуулсан үг бий. Тэд мөн гарж нохойтой байсныг Хөххот дахь Өвөрмонголын мүзейд буй хүрлийн үеийн цутгамал банхарын дүрээс харж болно. Тэгэхээр хүннүгийн шууд удам монголчууд хаанаас өөр нохойтой байх билээ? Монгол нохой зул сард цуглаж цагаан сард гөлөглөдөг нь түвд гаржийн орооны мөчлөгтэй яг ижил. Энэ мэтээс үзэхэд, түвд гарж, монгол банхар хоёр бол дотоод Азийг нэлэнхүйд нь хамарсан орон зайтай, нутаг нутгийн онцлогоос шалтгаалж бага зэрэг өөрчлөгдөн хувирсан ч, нийтлэг шинжээ хадгалсаар яваа, нэг л үүлдрийн ноход юм. Байгал нуурын баруун эрэг хавиас 8300 жилийн настай гаржийн гавлын яс олдсон нь ч үүнийг хөдөлбөргүй батална. 1970-80-аад онд манай Баянхонгорт л лав бяруун чинээ биетэй, завьж нь хуниралдсан, сүүл нь өтгөрсөөр сангарцагласан ноход бишгүй явдаг сан. Тэд бол одоогийн түвд гаржаас ч илүү сүрлэг, бахим амьтад байсныг надаас дээшхи үеийнхэн бол андахгүй. Монгол орноос сорчлон цуглуулсан нохдоороо аж ахуй байгуулж, шинэ үүлдэр бүртгүүлээд буй Оросын үржүүлгийн газрын стандартад монгол нохойн сэрвээний өндөр 75 см-ээс дээш гэж заасан харагдана билээ. Өнөөдөр түвд гаржийн албан ёсны стандартаар бол 75 см буюу 30 инч нь дээгүүр үзүүлэлтэд тооцогдоно. Сэрвээгээр 75 см өндөр, үс зогдор ихтэй нохой бол бараг л 90 гаруй см өндөр харагдана шүү. Тэгэхээр жинхэнэ хоточ монгол нохой үнэхээр л бяруун чинээ амьтан байсан нь хөдөлбөргүй нотлогдоно.


         Цэвэр цусны гаржийг Түвдээс л олж болно гэж ихэнх хүн боддог. Жуулчдад гөлөг зардаг арилжааны газрууд ч Лхаст бий. 1-3 сартай аятайхан гөлөг тэндээс 6000 орчим юаниар олдоно. Томрох тусмаа үнэтэй. Түвдийн нийслэлийн хамгийн хөлтэй газар болох Бархор гудамжинд нэгэн шар гөлгөн нохойг 300 мянган юаниар зарна гэж байхтай ч таарсан. Гэхдээ цэвэр цусны гарж Түвдэд маш ховор. Том биетэй, мах арвинтай болохоор нь аль 1950-иад онд л Ардын Чөлөөлөх Армийн хүнсэнд хэрэглээд барчихсан гэлцэх юм билээ. Лхасын төв дэх ариун шүтээн Жокан сүмийн өмнөх талбайд зэр зэвсгээ агссан хятад цэргүүд жагсан явахыг хараад нэгэн мөргөлчин эмгэн таагүйхнээр хашгирсан нь түвдээр “Нохой идэгчид!” гэсэн утгатай үг байв.
         Далай ламын зуны ордон Норовлингаад нэг хүржигнэсэн халтар нохой байна. Лхасын наад талын төмөр замын өртөө болох, армийн хэрэгцээний ноход үржүүлдэг Нагчу сууринд өсгөөд гадаадын жуулчдын нүд хужирлах гэж зориуд авчирсан гэнэ. Тусгайлан үржүүлснийг бодоход, эргэлзээгүй цэвэр түвд нохой л байлгүй. Энэ нохойгоор баримжаалахад, жинхэнэ түвд гарж нь хуучны монгол нохойноос ялгарах юмгүй санагдсан шүү. Бас Балба руу явж наймаа хийдэг хүмүүс гөлөг авчирч Түвддээ зардаг, тийм гөлгийг үнэтэй ч авдаг гэж сонссон. Балбад нэг малчны хоёр нохой хонь руу нь дайрсан барыг хамжаад барьчихсан тухай шагшаан шуугиан хэдэн жилийн өмнө дэлхийн олон хэвлэлээр гарсан тул Балбад хамгийн шилдэг гарж үлдсэн гэж үзэх болж л дээ. Гэхдээ Балба бар хэвт буюу монгол төрхийн ноходтой юм билээ.
         Одоо үнэд ороод буй арслан хэвт гарж устахын даваанд хүрч байсан цаг тун саяхан. Үнэд орсныхоо ачаар л аврагдсан амьтан. Хэдхэн жилийн өмнө Бээжинд нэгэн үржүүлэгч 27 гаржтай байтал үржүүлгийн газрын томуугаар ноход нь хиарч, ганцхан жингэр үлджээ. Тэрээр энэ тухайгаа зурагтаар ярьж, амьд үлдсэн, гоц дархлаатай охин нохойгоо удам сайтай эрэгчинтэй нийлүүлэхээр нийтэд хандсан аж. Тэр үед Хөхнуур, Түвд даяар жинхэнэ сайн гарж ховордчихоод байсан хэрэг л дээ. Нэвтрүүлгийн дараа хамгийн шилдэг гаржтай хүмүүс холбоо барьж, мань эр одоо маш баян нохойчин болсон тухай Гүмбумд танилцсан Хорчин нутгийн ах Бүрэнмандах хуучилж билээ. Гэхдээ л Цагаан хэрэмнээс дотогш нутгийн, Түвдийн өндөрлөгөөс даанч өөр, чийглэг зөөлөн уур амьсгал ямар ч сайн гаржийг нохой биш болгож мэднэ.
            “Цаст уулын арслан” уугуул төрхөөрөө үлдсэн цорын ганц газар бол Хөхнуур мужийн зүүн өмнө зах, Сычуань, Түвд хоёртой хил савладаг хэсгийн Юшу хэмээх аймаг. Төв нь мужийн нийслэл Шинингээс 840 гаруй км, төмөр замгүй, зөвхөн машинаар эсвэл онгоцоор очиж болно. 5200 гаруй метр өндөр Баянхарын уулсыг давж хүрэх, түвд үндэстний өөртөө засах эрх бүхий энэ нутгаас л өмнөд хөршийнхөн үржлийн нохойгоо сонгодог. Буддын сүм хийд олон, хятад хүн ам бараг суурьшаагүй, онгон зэрлэг байгальтай, өдгөө хамгийн үнэтэй нохой болчихоод буй арслан хэвт гаржийн голомт нутаг. Хэдхэн жилийн өмнө энэ аймгийн хөдөөгүүр жинхэнэ аварга гаржтай малчид олон байсан гэнэ. Гүмбум хийдийн хамба явсан Ажиа гэгээнтэн: “Хөхнуурын малчид докьюг хорихдоо хоёр гинжээр хоёр талаас нь тэлж уядаг. Бүр дөрвөн талаас нь татаж уядаг аварга амьтад ч бий. Ганц гадсыг бол огт тэсгээхгүй...” хэмээн надад хуучилсан сан. Одоо бол хамаг сайн нохдыг нь үржлийн газрууд мөнгөөр зодож түүгээд, төв сууриндаа хашицгаажээ.
            Юшуд 2010 оны 4-р сарын 14-нд (эхнэрийн минь төрсөн өдөр болохоор сайн тогтоож авсан юм л даа) найман баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь эндхийнхэнд маш хүндээр туссан аж. Айл болгон гарж үржүүлдэг, амжиргааны гол эх булаг нь нохой тул газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүнийхээ хамт бас 20 мянгаад нохойгоо алджээ. Хашсан ноход үүрэндээ дарагдаж, гинжиндээ боогдож үхсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хүнсний хомсдол үүсч, нохдын үнэ навс унажээ. Нас гүйцсэн эр нохой хоногт дор хаяж нэг кг мах иддэг хойно аргагүй л дээ. Эзнээ алдаж, өл залгах хоолгүйн эрхээр тэнүүчилж золбирсон ноход өнгөрсөн жил Юшугээр нэг болсныг ашиглан тээврийн зардлаас өөр гарлагагүйгээр тэднийг цуглуулсан овсгоотой хүн ч олон гэнэ. Өнгөрсөн өвлөөс нохойн үнэ эргээд өссөн тул өдгөө Хятадын хаана ч тэр Юшугээс ноднин авчирсан ноход ид зарагдаж байна. Гүмбум хийд байдаг Хуанжон сууринд ч, Шининг хотод ч, Хөх нуурын эрэг дэх жуулчны баазад ч гаржийн наймаа цэцэглэснийг нүдээр үзэв. Гэхдээ сайн мэдэхгүй хүнд бол эрлийз гөлөг зарчих нь энүүхэнд. Одоо дэлхий даяар нийтдээ 300 мянга орчим, Хятадад 100 мянгаад гарж бий бөгөөд тэдгээрээс ердөө 700 орчим нь л цэвэр цусных гэсэн бүртгэл бийг мартаж болохгүй. Юшуд танилцсан Шандуны үржүүлэгч:
         -Энд сэнбэрнартай, бүр чау-чаутай цус холилдсон гөлөг ч түвд гарж нэрээр зарагддаг юм шүү! хэмээн сэрэмжлүүлж билээ.
 Хятад наймааны ёсоор, Юшугийнхэн амандаа орсон үнийг л хэлнэ. Гурван сар орчимтой гөлөг Юшуд 10-130 мянган юаний хооронд юм уу даа? Удам нь баталгаатай, сайн гөлөг 25-30 мянган юаниас хямд олдохгүй. Ер бусын зантгар толгойдоо зохицсон нэн өтгөн сүүлтэй, тас хар нохойн сэрвээний үсийг төөлөн шинжицгээж буйтай таараад, өөрийн эрхгүй нүд унагаж үнэ сонирхвол 850 мянган юаниас ярина гэлээ. Дөрвөн настай, ид жагсаж яваа нохой гэнэ. Төрсөн ах нь энэ хавар гурван настай бүдүүн нохой 700 мянган юаниар авсан тул Ордос хотод амьдардаг Цовоосэргэлэн энэ үнийг сонсоод жишим ч үгүй зогсоно.
          -Зуун тавь жаран сая төгрөгийн үнэтэй нохойг өөрийг нь манах гэж амаргүй даваа яа? гэхэд минь Цовоосэргэлэн:
          -Хятадад хулгайн арга айхтар нарийсчээ. Өндөр барилга руу дээврээс нь урт аргамж буулгаад орчихдог, цахилгаан дохиоллыг ч түүртэлгүй аргалчихдаг “мэргэжилтнүүд” олон. Харин ийм нэг нохой гэртээ үлдээгээд гарахад ёстой санаа зоволтгүй. Ордос бүх Хятадын хэмжээнд Шанхай, Тянжин, тэгээд Шинжааны нефтийн уурхайтай хотын дараа 4-рт жагсах баян хот болсон тул тангад нохой эрэлт ихтэй хэмээн тайлбарлав.
         Гарж нохойн хамгаалах зөн хосгүй ч гэсэн, зүгээр л гэр хашаагаа мануулахад заавал цэвэр цусны амьтан шаардлагагүй шүү дээ. Тухайлбал, бульдог, англи мастиф хоёрын эрлийз болох буллмастиф нь дэлхий даяар хамгаалалтын хамгийн шилдэг нохойд тооцогддог. Тэгэхээр мөнөөх л баян Намсрайтай холбоотой мухар сүсэг, бас “цээж өвчтэй” хүмүүсийн дунд дэлгэрсэн моод энд гол үүрэг гүйцэтгээд байх шиг. Хамгаалалтын гэхээсээ илүү, дээрх нөхцөл байдалд дөрөөлсөн ашиг хонжооны зорилгоор, арилжааны үүднээс л нохойнд ийм өндөр үнэ хаяж буй нь нууц биш. Хүмүүсийн энэ мэт сонирхол Юшугийнхнийг нохдоор амь зуудаг гэхээсээ илүү нохойн наймаагаар хөлжсөн хүмүүс болгожээ.
          Арслан хэвт түвд гарж монгол нохойтой харьцуулахад, гойд үсэрхэг, хоншоор дөрвөлжиндүү, завьжны арьс сулаас гадна алсаасаа лагс биетэй, хөл бахим. Гэхдээ энэ нь үүлдрийн ялгаа биш, байгалийн хүчин зүйлсийн нөлөө юм. Цээж том байдаг нь сийрэг агаартай өндөр уулын амьтдын уушиг тэлдэгтэй, сарвуу өргөн байдаг нь мөн л уулын нөхцөлд тэнцвэрээ олох зохилдлоготой холбоотой. Марко Поло илжиг шиг том гээд бичснээс ч болсон уу, түвд нохой гэхээр л ер бусын аварга амьтан байх ёстой гэж ихэнх хүн боддог. Газар дундын тэнгис хавийн илжиг торниухан тугалархуу л байдагтай харьцуулсан нь тэр юм билээ. Жин нь харин ланжгар, нас гүйцсэн гарж 60-80 кг татдаг гэхээр монгол нохойноос хоёр дахин хүнд бололтой.
         Гадаадынхан ч энд нохой үзэж явах юм. “Америкчууд улаан, оросууд халтар гөлөг илүү сонирхдог” гэж Бээжингийн үржүүлэгч Санди ярьж байв. Гаржийн зүс ерөнхийдөө монгол нохойнхтой ижил: хамгийн түгээмэл нь дөрвөн нүдтэй халтар, хар, улбар шар. Бутантай залгаа Хималайн сууринд өссөн, XIV Далай ламын чойжин Түвдэнготов: “Докью улаан бор зүстэй, маш том биетэй байдаг. Хятадууд орж ирснийхээ дараа олноор нь нядалж идсэн” гэхчлэн дурсамжийн номдоо өгүүлснээс үзвэл, улаан нь арслан хэвтийн үндсэн зүс бололтой. Ер нь Хятадад улаан, цагаан зүс их үнэтэй. Хоёр сар гаруйтай, хурга шиг цагаан гөлгийг “Хямдхан өгнө шүү, 300-хан мянган юань” гэнэ ээ. Эцэг нь гээд ёстой л Намсрай бурханы унаа шиг амьтан харууллаа.
         Монголд бол лам хүн улаан шар нохой, ноён хүн улаан халтар нохой тэжээдэг ёс байж. Тиймдээ ч:
                    Хааныг гэвээс харцыг нь гэж бай,
                    Харцыг нь гэвээс хар нохойг нь гэж бай.
                    Ламыг гэвээс шавийг нь гэж бай,
                    Шавийг нь гэвээс шар нохойг нь гэж бай

хэмээх үг гараа биз. Далай лам шар нохдоо Автай сайн хан руу тавихад ноход нь хуцалдаж очсоноо эрхэлсэн тул Лхасын лам нар Халхын ханыг шашинд ээлтэй, зөв хүн байна гэж таньсан гэдэг домог ч бий. Энэ нь нохойн зүс эзний нийгмийн байдлыг илэрхийлдэгийг, мөн нохой хэрхэн хандаж буйгаар хүнийг шинждэг ёс байсныг харуулна. Гэхдээ шар нохойг дан гагц буддын шашинтай холбож ярих нь учир дутагдалтай. Дээр өгүүлсэн Тангадын Шударга хааны түүхээс гадна “Нууц товчоон” дахь Алун гоо эхийн домогт шар нохойг тэнгэр шүтлэгийн онцгой дүр болгож дурдсан байдаг шүү дээ. Монголчууд заавал шар нохой сэтэрлэдэг ёс ч эндээс улбаатай биз. Харин хэрэглээний түвшиндээ бол, хөмсөгтөө гялгатай нохой наран сөрөг харахдаа гялбадаггүй учраас, бас чонотой андуурагдахааргүй бараан зүсийг эрхэмлээд л нүүдэлчид хар, халтар нохойг түлхүү өсгөж ирсэн хэрэг.

Шинэ ном

"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.

Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.

        Уул хичнээн цэнхэртэнэ,

        Төчнөөн хол.

        Хэдийчинээ гэрэлтэнэ,

        Төдийчинээ хүйтэн

хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.