Горькийн сургуульд хамт сурч байсан буриад найз минь шинэхэн бичсэн шүлгээсээ ирүүлэв. Андрей Мухраев бол Буриадын өнөө цагийн шилдэг зохиолчдын нэг. 2006 онд бил үү дээ, түүний "Цовдлоос" хэмээх жүжиг Улаан-Үүдийн театрт тоглогдож, ихээхэн яриа хөөрөө үүсгэж билээ. Яруу найрагчийн хувьд тэр өөрийгөө ер зарлаж явдаггүй, чимээгүйхэн л шүлгээ биччихээд, тэдгээр шүлгүүдээ хэвлүүлдэг ч үгүй, ийм л хүн. Андынхаа шинэ шүлгүүдийг ганцаараа уншаад өнгөрмөөргүй, уншигчидтайгаа хуваалцмаар байна аа.
Танхим хоосорч. Тайз эзгүйрч.
Тараад одсон үзэгчдийн зай л үлдэж.
Нижигнэсэн алга ташилт цуурай ч үгүй замхарч.
Нэг удаа үхлээ, одоо ахиад л нөгөө дүртэйгээ
Бүхнийг шинээр эхлэх үлдлээ. Ээ, жүжигчээн гэж.
Шаналалдаа болоод атийж бөгтийгөөд,
Шахмал хоолойгоор Бурханд хандаж залбирах зуураа,
“Өө, түүнийг би үнэхээр л зовж байна гэж бодсон юм,
Үнэндээ жүжиглэж л байж шүү дээ” хэмээхийг сонсоно.
Тайзнаа засаатай орны ирмэг түшээд,
Тачаадал, бахдалдаа амьсгаа нь бачимдан унахад
Өвдөлт зовиур нэвт шингэсэн арьснаас нь
Өөдөсхөн тайтгарлыг хэн нэгэн зүсч авна.
Азгүй дурлал зүрхийг үймүүлчихээд,
Амь тавьчихсаан гэж бодсон юм сан. Үгүй байж.
Ахиад л тэр сэмхэн өндийгөөд, нөгөө л залуухнаараа,
Араас минь тэврээд, хайлсан цасны урсгалд үйчихлээ.
Яах гээ юм бол, одоо надаар? Ойлгогдохгүй нь...
Яг л багын зүүд шиг, тэгээд бас мартагдахгүй нь...
Яг л сая жилийн өмнө бөхсөн од тариан талбай дээгүүр
Ярсхийтэл ахин хурцаар гэрэлтэх шиг ээ.
Аз жаргалын үнэртээд л гээгдсэн сэжүүрийн тухай,
Аль эрт улираад өнгөрсөн бүхний тухай
Ийм нэгэн захидлыг тэр бичихээр
Ивлэх нулимсаа ч шудрах сөгөөгүй сууна.
Үрлэн нулимс хуудсан дээр дусч,
Өөрөө тэр ширээ тэгнэн бөхийжээ.
Энхрий дотно царайнууд дэргэд нь бүртэлзэж,
Эгнэгт алдуурсан учралуудаа тэр бүртгэж сууна.
Хажуугаар нь өчнөөн хүмүүс өнгөрч,
Хаа нэгтээ амьсгал хураацгааж, бас амьдарцгааж...
Өөр юу ч тохиох вэ дээ, одоо,
Өмнө нь зөвхөн Аймшигт шүүх л отно.
Тэр зогсолтгүй бичсээр л,
Тэнгэрээс түүнд ийм л тавиланг зэхжээ...
Урьд нь нөгөө л хуудасхан цаас,
Урьд нь нөгөө л захидал нь...
Нэгэнтээ би судсаа хэрчсэн,
Гэхдээ цусаа тогтоосон;
Цав цагаан хананд нялсан,
Гэхдээ хайр бишийг нь таньсан.
Тэртээ алсад хязгааргүй цэлийх
Хов хоосныг ширтэхдээ
Тэнгэрийн орой руу дүүлсэн;
Гунигаа гэвч намдааж чадаагүй.
Тэр л ганцхан, бусдаас нууцлан
Нандигнаж явсан зүйлээ
Тэнгэрээс олж харахдаа би
Өөрийгөө огт мэддэггүйгээ ухаарсан.
Өмнөх ангалыг харайн гарчихаад
Цаашаа тайвуухан алхахдаа би
Үзэсгэлэнт нэгэн бүсгүйг харсан;
Үнэн сэтгэл минь мөнийг таньсан.
Ингээд сүүлчийн үүдийг нээгээд,
Эрт мартсан бүхнээ санасан.
Тэр бүсгүйтэй би цуг амьдарсан,
Тэгэхдээ хайрлаагүйгээ мэдсэн.
Хэн ч өмнө нь хөл тавиагүй,
Мөчрийн завсраар нар ч үзэгдэхгүй бөглүү шугуйд
Хэмгүй эртнээс л зохиогдсон аялгуу мэт
“Зулзаган хунгуудын бүжиг” санаанд дуурсав.
Уугисан нүүрснээс дөл бадамлах мэт
Адгуусан зөн сэрэх тэр хязгаарт
Эгээ л голын харгианаас түгэх мэт
Энэ л аялгуу сэтгэлд уянгалаад салахгүй нь.
Аяа, энэ хөгжим сансар оддоос ч
Ахмад настай, нэн эртний аялгуу юм шиг;
Аяа, бас дотуур минь унтарсан түүдэг шиг гол
Аниатай зовхи руу минь чинэрэн урсана.
Үзүүр захгүй, одот тэнгэрээс гэнэтхэн
Өөрийнхөө царай тольдогдохыг ажингаа
Өнө мөнхөд ингээд л, аяа,
Шөнийн түүдгийн дэргэд суух сан.
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.