Сэлэнгэ аймгийн нутагт, долоон жилийн өмнөх тэр нэгэн өвөл андуудтайгаа авахуулсан энэ зургийг санаандгүй олов. Баруун гар талын захад зогсож буй талийгаач маань хамгийн түрүүн нүдэнд туслаа.
Эрдэнэчулуунтай анх танилцсан өдрөө би тодхон санаж байна. Биерхүү, тарган шар залуу Баянхонгорын залуусын уулзалт дээр анх ирж билээ. Тэр үед бид “Хонгор нутгийн залуус” хэмээх клуб байгуулах санаа хэлэлцэж, Засгийн газраас зохион байгуулдаг “Нэг баг – Нэг бүтээгдэхүүн” хэмээх үзэсгэлэнг өөрсдийнхөөрөө, арай шинэлэг сонирхолтой байдлаар өөрчлөн, Баянхонгороос гаралтай Улаанбаатарчуудын томоохон баяр болгоё гэж ярилцаж асан үе. Хээгүй шинжийн, цүл пал яриатай нөгөө шар залуу чинь Баянхонгор Баянхонгортоо бүр манай Гурванбулаг сумынх болж таарав. Анхнаасаа л элгэмсүү, нийцэрхүү зан нь шууд таалагдаж эхэлсэн. Дараахан нь Гурванбулаг сумын нийслэл дэх Нутгийн зөвлөлийн ажлыг Эрдэнэчулуунд үүрүүлчихсэн юм даг. Тэр бол харин манай сумын ахмадуудын санаа байсан. Ний нуугүй хэлэхэд, манай сумын Нутгийн зөвлөл урьд нь ямаршуу түвшинд ажлаа явуулж ирснийг би л хувьдаа мэдэхгүй. Харин сайн дурын энэ холбоог Эрдэнэчулуун удирдах болсноос хойш манай сумын нэр хүнд илэрхий өсч, юутай ч мань мэтийн олон хүн Гурванбулагаас гаралтайгаараа бахархах болцгоосоон.
Анд маань өвгөчүүлийг гомдоолгүй, эвтэйхэн байдлаар Нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, аав ээж нь Гурванбулагт төрсөн гэхээс цаашгүй, хот суурингийн жаалуудаас аль л урагштай, дэвшилттэй явааг нь судалж хамтран ажиллахаар урьсан юм. Эрдэнэчулуун өөрөө хүний эвийг олохдоо сайн, хэнд ч болов чин сэтгэлээсээ ханддаг тул төдхөнөө нутгийн угшилтай залуус түүнийг хүрээлсэн. Миний хувьд бол Нутгийн зөвлөл хэмээх нэрийг сонсоод инээд хүрдэг, “хагас мафижсан жалга довны бүлэглэл” гэх нь холгүй шоолж явснаа нуух юун. Гэвч Эрдэнэчулууныхаа удирдсан, ээжийнхээ төрсөн сумын Нутгийн зөвлөлд харьяалагдах болсноосоо хойш олон сайхан нөхдөө олж, яг цаанаа бол нэлээдгүй нутаг амьтай хүн гэдгээ мэдсэн дээ. Бид сумынхаа хөгжил, ард иргэдийнхээ амьдралд нэмэр тус болох зорилгоор “Хөх нуурын хаялга” хэмээх сан байгуулж, “Зиг Заг” группын Зоригоогоор удирдуулан, бизнес эрхэлдэг залуус маань сангийнхаа хөрөнгийг өсгөх гэж дор бүрнээ чармайцгаасны үрээр хөрөнгө ч дорхиноо өргөжиж, бид төрөлх сумынхаа сургуульд компьютерийн төв байгуулан, Хангайн нурууны цас их унадаг, байгалийн хатуу ширүүн нөхцөлд аж төрдөг малчдаа зуд турханд нэрвэгдсэн үед нь хэд хэдэн удаа туслалцаа үзүүлж чадсан. Бас засгаас оюутны сургалтын төлбөр хариуцдаг болохоос өмнө манай сан сумынхаа оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн нь оюутнуудын сурах идэвхийг дэмжсэн чухаг ажил болсон юм. За, тэгээд цагаан сар бүрээр ахмадуудаа хүлээн авч, нутаг орныг нь санагдуулах бэлэг гардуулдаг уламжлалыг ч бий болгосон билээ. Ямартай ч, тухайн үедээ Баянхонгорын байтугай улсын хэмжээнд манай сум шиг шилдэг ажиллагаатай Нутгийн зөвлөл байгаагүй дээ. Энэ бүхэн хамт олны ажил гэдэг нь маргаангүй ч, санаачлагч нь ямагт Эрдэнэчулуун маань явж ирсэн юм.
Түүн шиг нутгаа гэсэн сэтгэлтэй хүн надтай л лав тийм ч олон таарч байгаагүй. Гурванбулагийнхан маань ч Эрдэнэчулууныг гойд хүндэтгэдэг, байсхийгээд л нутгаа гүйдэг түүнийг хөл алдан угтдаг байж билээ. Ерөөс эх оронч сэтгэлтэй хүмүүсийн хувьд нутаг гэдэг хамгаас үнэтэй зүйл байдаг шүү дээ. Эх оронч гэдэг үгийг бид учиргүй л уриа лоозонд хамруулан, бүр улс төрч хүмүүст л нааж ойлгох гээд байдгаасаа болоод заримдаа бүр шоолох нь ч бий. Яг үнэндээ бол эх орон, ард түмэн гэж ярьсан улстөрчид цаанаа бол эх оронч байхын учир утгыг таниагүй амьтас байдаг.
Эрдэнэчулууны маань чин зүрхнээсээ шүтэж биширч явдаг зүйл бол Монгол түмний үүх түүх байсан юм. Түүхийн ном их уншина. Нэг түүх яриад эхэлбэл, сална гэж байхгүй. Тээр жил Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт их наадам болоход, мань эр маш завгүй байсан ч ажлаа хойш тавиад тийшээ явав. Үүнийхээ учрыг:
-Хүрэн бэлчирт Найман аймаг Чингисийн цэргийг ялсан бол бид өнөөдөр Монгол улс биш, Найман улс гэж явах байсан шүү дээ. Тийм чухал газар наадам болох гэж байхад чинь очиж баярлахгүй бол нүгэл болно хэмээн тайлбарлаж билээ. Бас нэг удаа:
-Маргааш зуны эхэн сарын улаан тэргэл өдөр мөн үү? Тэгвэл хоёулаа эхнэрүүдээ аваад Хар зүрхний Хөх нуурт очиж хоноё. Үүрээр их эзний сүргээс ганц гөрөөс гуйж үзье гэсэн сэн.
Тийм маягаар түүх эшлэх, архи дарсны ард суух үеэ ч түүхээр гүл барьж зөвтгөх хообийтой. Хуучин үг, хууч домог цухалзуулсан нэг үг хэлчихэд л “Ёстой доо!” гээд л ухалзаж, “Яриа хөгжөөх юм уух уу?” хэмээн цайлганаар инээд алдана. Үнэхээр л эх орондоо, түүх соёлдоо хайртай, гэхдээ тэр хайраа бусдад харуулах гэж тарьж ургуулж бий болгоогүй, угаасаа л тийм төрчихсөн хүн байв. Энэ хообий, энэ хайр нь түүний ажил, амьдрал болсон юм. Хүрэл зэвсгийн үеийн түүвэр олдвор, монгол дархны ур хийц шингэсэн үнэт эдлэлийн хосгүй цуглуулгатай байснаар нь андыг минь хүмүүс андахгүй. Тэрээр Хүннү гүрний үеийн өв санг хамарсан хүрэл зэвсгийн музей, Монголын эзэнт гүрний үеийн дурсгалуудыг дээжилсэн 13-р зууны үеийн эд өлгийн дурсгалын музейг байгуулсан нь өдгөө дотоод гадаадын олны сайн мэддэг, жуулчдыг урин далладаг, үндэсний бахархалт цогц үзмэрүүдийн чуулбар болжээ.
-Найз нь Монгол нутгаас олдсон нэг ч билээ хүрэл зэв хил даваад, өөр улсаас олдсон гэж тэмдэглэгдээд алдагдчих вий гэсэндээ л хүрэл юм барьж ирсэн хүмүүсийн урмыг хугалчихгүйг хичээдэг юм. Заримдаа ч дууриалгаж хийсэн хулхи зүйл авчихсан л байдаг. Хэдэн мянган жилээр яригдах настай эд болохоор андуурагдах тохиолдол их гарна аа. Зарим айхтар нөхөд хуурамчийг нь мэдсэн ч гэсэн “Эркад аваачиж өг, Эрка л авна” гээд намайг зааж явуулдаг юм гэнэ билээ. Тэгээд л надад шахчихдаг юм. Тэр бүхний ачаар одоо найз нь хүрэл эдлэл овоо таньдаг болчихоод байна аа хө хэмээн нэгэнтээ ярьж билээ.
Анд минь хүрэл эдлэл танихын хувьд Монголдоо л гоц мэргэжилтэн болчихоод байх үедээ, ёстой л ид насандаа цаг бусаар хорвоог орхисон. Түүний цуглуулгын гайхамшигт сайхан цомог хэвлэгдэж гарсан тэр өдөр:
-Энэ насандаа нэг том ном гаргачихлаа шүү. Хүн болж төрсний минь хэрэг бүтлээ хэмээн хүүхэд шиг баясаж суусан сан.
Ном гэдэг түүний хувьд нандин ойлголт байсан юм. “Бөөгийн домог” романыг минь уншчихаад,
-Ямар насныхаа ерөөлөөр би чамтай найз нөхөд бололцов оо? Ямар учралаар чи бид хоёр Түйн голын хөвөөнд, Номгон хайрханыхаа ард төрөв өө? Тийм ээ хө? Найзынх нь дурсгал болж хожим чиний үр хүүхдэд үлдэх нэг зүйл найзаасаа ав. “Бөөгийн домог”-ийг мялаая гэхэд нь би ган сийлбэр тоногтой хормойн боолт авсан. Дараа нь уран дархан Энхдаваагаар адилхан хээтэй арал урлуулж, арьсан урлалын Ариунболдоор сур сүвлүүлэн, агсарга бүс хийлгэчихээд үстэй дээлэн дээр бүслээд очиход, Эрдэнэчулуун маань маш их баярлаж,
-Зөв! Одоо бид л ийм нарийхан бүс бүслэхгүй бол, цаадуул чинь морин дээр бүслэх аргагүй өргөн бүсээр монгол хэрэглээг түрж үгүй хийчих гээд байна шүү! Хүннү хийц гэж цаанаа л өөр, биед эвтэйхэн байгаа биз? хэмээн хөөрч суусан даа.
Мөнх зүйл гэж хорвоо дээр байдаггүй л гэдэг. Гэхдээ хүний нас гээч даанч хэврэг ажээ. Хөдөө явахгүй нэг сар ч тэсч чаддаггүй, уул ус харж явбал л сэтгэл нь цэлмэдэг, нөхдөдөө туслахын төлөө өөрийгөө мартан гүйдэг, хэнд ч хар буруу санадаггүй, зуу гаруй кило жинтэй лагс том биетэй атлаа хүүхэд шиг дуулгавартай цайлган, ангийн хорхойтой, ганзагаа мялаах бүртээ найз нөхдөө дуудан малилзтал инээж суудаг, очих бүрт л нэг шинэ үзүүлэх юмтай, түүнээ “Манай өвгө дээдэс гэж ийм л гайхамшигтай уран, авьяастай хүмүүс байсан байгаа юм даа. Чи тэр хээ угалз, нарийн сийлбэрийг хараач!” хэмээн бахдан ярьдаг анд минь одоо алга. Уг нь байж л байх ёстой хүн сэн. Энэ хорвоогийн ямар ааш нь хөдлөөд түүнийг минь тэнгэрт илгээчихэв дээ? Эрдэнэчулууны минь цуглуулгын сор болсон Хүннүгийн шаньюй барьж явсан байх магадлалтай урт аа хүрэл илд бий. “Тэнгэрийн илд” гэж эрдэмтэд нэр оноосон байдаг. Эрдэнэ шиг эр хүний хэрэг тэнгэрийн оронд гарсан юм болов уу даа гэж заримдаа бодогдох...
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.