Хэдийд ч юм бэ дээ, одоогийн Баянхонгорын өмнүүрх Юм бэйсийн хошуунд Дугар зайсан гэгч нутагладаг байж. Үлгэр ярих гэж байгаа юм биш шүү. Түвдийн шашин гажуудаж, Бурхан багшийнхаас өөр номоор явна хэмээсэн бүлэглэл хүчирхэгжээд байхад тэр хүн очиж завхралаас нь гэтэлгэсэн ухаантан гэлцдэг. Түвдийн толгой лам нар “Манай шашныг аврах хүмүүн умар зүгт байна, тэр хүн энэ тэмдгийг таних учиртай” гээд нэг эрдэмтэй ламынхаа орхимжинд хар бөс оёод мордуулжээ. Сайхь лам Тангуд уулсыг давж, амьхандаа тэр хавиараа л мөнөөх хар бөсийг анзаарах ажигч гярхай нэгэнтэй таарчих санаатай бишгүй явж. Сүүлдээ таван Цайдамыг хэжиж, Хөх нуурыг тойроод, цөл гаталж л дээ. Буусан айлынх нь эзэн “Хээ, тан шиг дээгүүр сахилтай лам орхимжиндоо хар тэмдэг хадчихсан явахыг бодоход танай Түвдийн шашин ч самуурч гүйцсэн юм шив дээ” гэж хэлэхийг сонсох үедээ Лхасын хувраг Монголын говьд ирчихсэн байжээ. Лам ч хонон өнжин саатаж, хэрэг зоригоо нэгд нэгэнгүй учирласан юм байх. Хэр удаан ч гуйлгасан юм бэ, юутай ч Дугар зайсан Лхаст очно, гэхдээ ирэх жил өөрөө яваад очно гэж амалжээ. Зорьсондоо хүрсэн лам ч буцаж. Өвөл нь Дугар зайсан саяхан бууранд гарсан ингэ унаад Лхас руу гарчээ. Манай Сэгс Цагаан Богд хавиас шүү дээ. Их л удаж хүрсэн нь лавтай. Одоо бол Гансу ортол хоногийн л газар. Чунчинь, Бээжин, Шанхай гурван хотоос Лхас хүрэх шууд галт тэрэг үүгээр дайрна. Тэгээд л 30-аад цагийн дараа Будалин ордны өмнө зогсож байх вий.
Дээхнэ үед мөргөлчид Дугар зайсангийн мөрөөр явж Баруун Зууд мөргөвөл их буян хураана гэж итгэдэг байж. Явган явбал унаа мал зовоохгүй бүр ч их буян. Угаас Түвд-Монголыг холбосон хамгийн шулуун зам нь Юм бэйс-Шаргалжийн гол-Цайдам бөгөөд XIII Далай лам ч Монголд ирэхдээ Дугар зайсангийн нутгаар буюу Амарбуянтын хийдээр дайрч ирсэн юм билээ. Сүбэйгийн монголчуудын нутгаас Хүннүгийн дуунд гардаг Чилэгийн уулс давж, алдарт Цайдамын хотгор руу орно. Хужир мараа бүхий дов сондуулаар дүүрэн, өвөл нь чөмөг царцам, зун нь хүн болж төрсөндөө халаглам элчилгүй хязгаар. Уухын аргагүй шорвог нуурууд, улайдам халуун элсний орон. Дундуур нь Цайдамын гол урсана. Эрэг хөвөө нь битүү намаг. Шүтлэггүй хүн бол ийм аймшигт хөндийг туулах тухай саналтгүй. Цаана нь Бурханбуудай хэмээх нурууг давахад Түвдийн зэрлэг хахир уулс тосно. Тэр хавь Хөхшил, Баянхар, Зүрхэн уул гээд л дандаа монгол нэртэй байдаг нь өвгөд маань энэ замыг ёстой нэг элээж гүйцсэний гэрч биз. Гэхдээ болоогүй ээ, алдарт Тангуд уул хүртэл ахиад нэг Цайдамын хөндийтэй тэнцэхүйц зам туулна. Энэ их уулыг давах гэж л мөргөлчид “уулын сүрд дарагдан” үхэтхийн унацгаадаг байж. Сүрийн өвчин гэдэг нь үнэндээ хүчилтөрөгчийн дутагдал юм билээ л дээ. Тангуд уулсын цаад бэлд хүрэх гэж бас нэг Цайдамын хэмжээний зам. Тэгээд түвдүүдийн ариун шүтээний Намцо нуурт очно. Хэмжээгээрээ Хөвсгөлийн гуравны хоёртой тэнцэх том, хосгүй үзэсгэлэнтэй нуур. Чанх өмнө нь 7000 гаруй метр өндөр ариун шүтлэгт оргил дүнхийнэ. Эртний мөргөлчдийн хувьд Баруун Зуу ортол ахиад таван өдөрчийн газар үлдлээ гэсэн үг. Шөнө буудаллаад өдөржин явахад унаа сайтай хүмүүс нэг талдаа хоёр сар элээдэг зам. Явган бол яах ч юм бэ, бүү мэд. Бурхан минь, сүсэг бишрэл гэгч хүний муу “хоёр зээрдээр” ийм их орон зайг туулуулдаг ажээ!
Уугуул нутаг нь тийм өргөн уудам үндэстэн (Монголыг л тооцохгүй гэвэл) дэлхий дээр ер нь хэд бий бол? Өнөөгийн Түвдийн өөртөө засах орон бол ердөө л баруун хагас нь шүү дээ. Амдо Түвд гээд БНХАУ-ын Хөхнуур муж, Ганьсугийн зарим хэсэг, урагшлаад Сычуань муж, бүр Юннань мужийн хагаст ч түвдүүд суудаг. Тан гүрний эзэн хаан гүнжээ Түвдийн хаан Соронзонгомбод илгээж ургийн холбоо тогтоон, найрамдаж байсны дурсгал үзэсгэлэнт Хөх нуураас нэлээд зүүнтээ Наран Саран хөтөл дээр бий. Харьд илгээгдсэн гүнж тэнд уйлсан нүүрээ хараад эрдэнийн толио шидэж хагалсан домогтой. Толины хоёр хагархай нэг нэг гүвээ болон тогтсон гэх бөгөөд орой дээр нь дурсгалын сүм барьж, уулын энгэрээр битүү лундаа дарцаг хийсгэжээ. Тэндээс Хималай хүртэлх зай нь Цагаан хэрэмнээс Байгал далай хүрэхийн дайны гээд бодохоор аргагүй л бэлчээр томтой ард түмэн аж. Түвдүүдийн тоог яг таг мэддэг хүн гэж дэлхий дээр нэг ч байхгүй биз ээ. Дарамсала дахь дүрвэгсдийн засгийн газар болохоор 1959 онд Хятадад эзлэгдэх үедээ 6 сая 300 мянга байсан, одоо хавчигдаж сэм алагдсаар цөөрч буй гэдэг. Хятадын засгийн газар 1954 оны буюу Ардын Чөлөөлөх Арми анх орсны дараа жилийн тооллогоор 2 сая 700 мянган түвд байсан, харин коммунист намын ачаар энэ бяцхан ард түмэн овоо өсч 5 сая хол давлаа гэдэг. Юутай ч, тэр үед манай улс ганц сая орчим хүнтэй байсан гээд бодоход, чамлахааргүй олуулаа үндэстэн юм.
Шашныг ном журманд нь оруулах бошгыг тэнгэрээс хүлээсэн хүн ирж яваа сургаар Лхасын улс төрийн бусармаг бүлэглэл ажилдаа орсон нь мэдээж. Энэ бүлэглэлийн толгойлогчид нь Бутанаас угшилтай хүмүүс байж. Тэд хараал жатга, хамаг л ид шидээ гарган, бүр “Хар захтай халх, хавтгай тавагтай тэмээ хоёрыг Баруун Зууд гишгүүлэхгүй” гэдэг уриа маягийн үг түгээж байжээ. Лхасын наадхи Тангуд уулнаа хамаг л хараалчид нь шившлэгэ тарниа амилуулсан тул, Халхаас яваа 100 мөргөлчнөөс нэг нь, 100 тэмээнээс нэг нь тэнд заавал үхдэг домтой гэлцэх юм билээ. Лам нарын хараал бар болж Дугар зайсаны өөдөөс тосч очжээ. Энгийн логикоор бодоход, уяж буйлуулсан бар л тавьсан бололтой. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн мүзейд манай хүрээний дэг сургуулийн “Дугар зайсан” хэмээх зураг бий. Тэмээнийхээ хажууд бар агначихсан суугаа хар хүн бол шашныг завхруулагчдыг дарсан халх зайсан л даа. Лхаст очоод Дугар зайсан Түвдийн төрийг төвшитгөсөн бөгөөд энгийн ард олонд “Хар хэлт бутаныг л ална” гэж хэлсэн тул түвдүүд ташаагаа маажин, хэлээ үзүүлээд, ухарч гардаг байж гэнэ. Одоо хэр нь түвд хүн бууж өгч байгаагаа хэлээ гарган эрхийгээ гозойлгон харуулж илэрхийлдэг аж. Уржнан ч бил үү дээ, Лхаст үймээн гараад цэргүүд баривчилгаа явуулахад гэмгүй гэдгээ харуулах гэж олон хүн сөхрөөд хэлээ гаргачихсан суугаа нь манай дээр үеийн “Цогт тайж” киног санагдуулам инээдтэй харагдаж байсан сан.
Тэр удаад Дугар зайсангийн амрыг асуугаагүй бурхан бүр тас цавчуулсан гэдэг. Домог төдий энэ явдал яг үнэндээ асар өргөн цар далайцтай тулалдааныг ч илэрхийлсэн байж мэднэ. Мэдээж, юу гэж ганцхан тэмээтэй аянчин очоод л Түвдэд ноёлсон бутанчуудыг хөөчихөв гэж? Хэрэв энэ домгийн цаана бодтой түүх бий бол, монголчууд лавтайяа дөрвөн удаа Түвдийн төрийг тохинуулжээ: Чингис богд, Цогтын хүү Арслан тайж, Гүүш хаан, тэгээд Дугар зайсан. Түвд хүн бүр дээрх домгийг андахгүй бөгөөд харин нэрийг нь Дүгэр гэх юм билээ. Хөхнуурын монголчуудад бүр Дугар зайсаны тухай “Халхын цагаан азарга” хэмээх хуурын татлага ч байна.
Би Лхаст очихдоо нутгийнхаа Дугар зайсангийн замыг дагаж энд ирлээ хэмээн бэлгэшээв. Аянд гарахын өмнөхөн зурхайч Цэрэн-Очир гуай: “Лхаст Дугар зайсангийн тэмээний уяа гэж байдаг гэнэ лээ. Ямаршуу зүйл байна, үзээд ирээрэй” гэж захисан юм. Мөнөөх тэмээний уяа гээч нь ямар учиртайг тун санаандгүй байдлаар зам зуурын хүний ярианаас л олоод сонсчихлоо. Дугар зайсангийн унаж гарсан ингэ ботголох болж л дээ. Ингэ говь нутгаа санагалзаад Түвдийн цаст уулсын дунд ботгоо гаргаж чадахгүй сульдаж гүйцэж. Тэгэхээр нь Дугар зайсан Лхасын нэг уулыг элсээр өвч бүрхээд тэнд ингээ аргамжиж ботголуулсан гэнэ.
Лхас бол битүү уулсын дундах хот. Өндөр нөмөртэй болоод ч тэр үү, дулаан зөөлөн уур амьсгалтай. Гэвч өчүүхэн салхи гарахад л хавийн уулсын цас гудамжинд нь хялмаалчихна. Тиймээс дан цамцтай халууцаж явтал л гэнэт цас будрах нь энүүхэнд. Түвдүүд эр эмгүй дээлээ сугалдаргалдагийн учир ч үүнтэй холбоотой биз. Гэвч Дугар зайсангаа л тойрч ярихгүй бол Түвдийн тухай хуучилж баршгүй.
Ертөнцийн гайхамшгуудын нэгд гарцаагүй л тоологдмоор Будала ордонд орох гэж хэдэн зуун гишгүүр бүхий шатаар нь өгсөж явахдаа Лхасын эргэн тойрны уулс дунд элсээр хучигдсан ганц уул бий болов уу хэмээн эргэлзсээр л байв. Хималайн салбар уулс үнэхээр гайхмаар үзэсгэлэнтэй ч, тэнд цас л харагдахаас элс байх тухай төсөөлшгүй. Гэтэл... Яг ордны оройтой харалдаа дээд давхарлагт хүрээд эргэн тойрныг хараачилтал, яах аргагүй, элсэн судаг бүхий, тэр нь нэг байтугай нэлээд хэдэн сүрэг ингэ дээр нь ботголсон ч хангалттай зөөлөн дэвсгэр болчихоор элстэй уул үзэгддэг байгаа! Нэг л уул! Энэ уул домгийг бүтээсэн үү? Домог биш, үнэхээр л Дугар зайсан уулыг элсээр хулдсан уу? Хэн ч, хэзээ ч олж мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй зүйл Түвдэд даанч их. Энэ орны ирээдүй, энэ ард түмний хувь заяа. Мао даргын хөрөг бүхий мөнгө шалаар нь битүү хөглөрсөн Далай ламын бясалгалын өргөө рүү шагайх зуур түүх энэ ард түмнээр арай л хэтэрхий даажигнаад байгаа юм шиг санагдаж билээ. Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад үндэстнүүд дотроос хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, манайхтай элчин сайдаа солилцож асан тэр улс дэлхийн газрын зураг дээр ахин хэзээ ч бий болохоосоо өнгөрсөн гээд бодохоор эмгэнэлтэй. Монголчуудыг Манжийн захиргаанд дуулгавартай, хүлцэнгүй дагах нөхцөлд оюун санааны дэм болж ирсэн шарын шашин үндэсний тусгаар тогтнолын тэмцэлд ч бас өдөөгч, зоригжуулагч нь байсан гэвэл зарим уншигчдад эгдүүтэй, хачин санагдах биз. 1908 онд Их хүрээнд байсанд Далай ламыг монголчуудтай хэт дотносуулахаас сэргийлэн Бээжингийн эрх баригчид Утайн хийдэд залжээ. Зам зуур нь Бээжинд найрсаг хүлээж аваад, дараа нь бүхий л хэргэм зэргийг нь хүчингүй хэмээн зарласны дараа Далай лам Британийн хамгаалал дор Энэтхэгийн Даржаалин хийд рүү орогнол хайн дүрвэсэн билээ. Энэ шалтгаанаар манай Богд гэгээн Манжийн хааны ордныг “Шарын шашны дайсан” хэмээн зарлаж, улмаар Монголыг Манжаас тусгаарласныг зарлахаар яаравчилсан нэгэн учир бий. Хөөрхий дөө, алс Сычуанаас, Хөхнуураас хад бартаатай уулын жимээр хөлөөр нэг ч алхалгүй сунан мөргөсөөр 2000 км зам туулж энд ирдэг мөргөлчдийг ойлгосон цагт л түвд үндэстнийг сая нэг ойлгож магадгүй.
Эмээ минь Лхаст мөргөхөөр явсан нэгэн хүний яриа гэж үлгэр шиг зүйл хуучилдаг сан. “Дүүгүүрдэх гэж нэг даваа давдаг юм гэнэ лээ. Мөргөлчдийн хамаг ачааг сарлагт тэгнээд, өөрсдийг нь ч сарлагт мордуулаад, уулын бэлд тангадууд дүүгүүр бариад үлддэг юм гэнэ лээ. Сарлаг дүүгүүрээс ухаангүй айсандаа уул өөд давхилдаж, тэртээ доороос тангадуудын шидсэн дүүгүүр яг чихний хажуугаар шунгинан өнгөрч, сарлагийн эвэр дээр тас няс хийж буусаар уулын оройд гардаг юм гэнэ лээ. Уруудахдаа бол яахав, нөгөө сарлагууд дэжигнээд л буучихдаг гэсэн. Тэгж л явж Баруун зууд мөргөдөг юм гэнэ лээ дээ”. Эмээгийн үгээр бол, амь наана там цаана явж л Далай ламын хүрээнд очдог байж. Энэ яриа гэхдээ ортой гэдгийг Түвдэд л мэдэв. Бүр саяхан, 1980-аад онд ачааны машины тэвшин дээр сууж Лхас руу явсан нэг өвөрмонгол эгч Гүмбумд таарсан юм. Хөхшилээр давах үед хамаг цус нь огшоод, нүүр нь цаас шиг цагаан болчихсон байсныг хамт явагсад нь хэлжээ. Өөрөө бол машины тэвшин дээгүүр өнгийхдөө замын хажууд зүгээр л хаячихсан хэд хэдэн хүүр харчихаад, “Намайг одоо үхвэл эдэн шиг л шидчих юм байна” гэхээс өөр юу ч бодох сөгөөгүй явсан гэж билээ. Төмөр зам тавигдаад дөрөвхөн жилийн нүүр үзэж байна. Уул нүхэлж зам тавиад тийм ч олон жил болоогүй биз. Тэгэхээр машинаар явах ч амаргүй л байжээ.
Ердийн хөсгөөс өөр тээвэргүй цагт Дугар зайсангийн мөрөөр гишгэнэ ээ гэдэг өнөөгийн бидний нүдэнд харагдаж байгаагаас их л өөр утга учиртай байсан нь лав. Дугар зайсан гөрөөсний далаар хүрз, эврээр нь анжис хийж Хөхнуурын сав газар анх тариа тарьсан хүн гэж тэр нутгийнхан ярьдаг. Түвдээс буцахдаа л мань эр дээд монголчуудыг хөх тарианы гурил боловсруулахад сургажээ дээ. Өнөө хэр Хөхнуурт өглөөдөө замбаа зуурч иддэггүй айл гэж нэг ч үгүй. “Дугар зайсан хэмээх халх хүн энэ өег хоолыг уламжилж үлдээсэн юм аа” гэж настайчуул нь ярина. Ямар ч учиртай нэг халх яагаад ч түвд домогт үлдсэн юм билээ? Энэ хорвоогийн нууц зангилаа гэж сонин шүү.
2011.7-р сар.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.