Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...

 

2009 оны 1-р сарын 9-нд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэний дараахан “ӨДРИЙН СОНИН” доорхи яриаг авсан юм.

 

Юуны өмнө танд зохиолчдын байгууллагын 80 жилийн ойгоор Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд баяр хүргэе. Утга зохиолын салбарт хамгийн залуу гавьяатаар тодрох шиг боллоо. Энэхүү шагналын үнэ цэнийг юу гэж ойлгон хүлээн авч байна вэ?

-Бөхчүүл шиг цол дагаж бяр нэмэгдэх тухай ойлголт уран бүтээлч хүнд байдаггүй. Шагнал гэдэг зохиол бичихэд тус болох зүйл биш. Шагналд хөөрцөглөж баярлана гэдэг шагнуулсангүй гээд гомдож гутрахтай адилхан мунхаг хэрэг. Яахав, нэгэнт зарлиг гарчихсан юм чинь, байгууллагынхаа ойг хүндэтгээд авч л орхилоо. Харин ямар учраас шагнаж байгаа тухай Ерөнхийлөгчийн зарлигийн үг зүгээр санагдсан шүү. “Уран зохиолын шинэлэг сэтгэлгээ, уншигч олны уран сайхны болон гүн ухааны боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж” ч гэл үү, тиймэрхүү үг байна лээ.

 

“Бөөгийн домог” роман гарсны дараахан буюу 2010.3.29-нд “Үндэсний шуудан” сонины Д.Оюунномин хэмээх сурвалжлагч доорхи ярилцлагыг авсан юм.

-Дэлхийн сонгодог 50 боть номны хариуцлагатай редактороор ажилласан байгаа. Энэ ажлынхаа тухай?

            -Өнгөрсөн зун нутагтаа очтол, Баянхонгорын Гурванбулаг сумын хүүхдүүд тэр 50 ботийн тэдийг нь уншсан гэхчлэн ярьцгаахыг сонсоод үнэхээр гайхаж, бас баярласан шүү. Ямар ч гэсэн хөдөөгийн номын сангуудад хүргэнэ гэсэн нь үнэн байна лээ. Одоо манай гэрт хатуу хавтастай, нэг багц 50 боть бий. Орж ирсэн хүн бүр л “Ямар гоё хэвлэсэн юм бэ!” гэж шагширдаг. “Адмон” компанийхан харууштай сайхан хэвлэсэн, шуурхай ч ажилласан. Юутай ч, энэ цувралаар урьд нь хэвлэгдээгүй 20 шинэ ном гарсан. Бас “Хуучин гэрээ” судар, шинэчилсэн Кафка, Хэмингуэй гээд цоо шинээр редакци хийсэн номууд ч бас нэлээд бий. Яахав, олон хүний гар дамжсан ажил болохоор, зарим засвар хийгдэлгүй орхигдсон мэр сэр алдаа харагдаж л байна лээ. Үүнийг эс тооцвол, цогцоороо аятайхан ажил болсоон.

 

Дарма.Батбаяр гуайн шавь, шүлэг бичдэг хэмээн өөрийгөө танилцуулсан Ж.Баярхүү хэмээх сурвалжлагч доорхи яриаг 2009 оны хуучдаар авсан нь “Гялбаа” сэтгүүлд гарсан. Яг "Бөөгийн домог" дээр ажиллаж байсан үе.

 

-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Энэ нь өмнөх бүтээлүүдээс тань юугаараа онцлог болж байгаа вэ?

            -Нэг шинэ роман эхэлсэн ч биш, эхлээгүй ч биш л сууж байна. “Гурамсан цадиг”-тай зарим нэг талаараа холбоотой, гэхдээ бие даасан, тусдаа роман байгаа юм. Юугаараа онцлог болохыг нь өөрөө ч мэдэхгүй л байна. Дуусахаар нь л харъя. Ирэх зунаас өмнө салчих болов уу л гэж найдаж байгаа.

-Таны хамгийн онгодтой цаг хугацаа хэзээ байдаг вэ? Яагаад?

            -Намар ч юм уу, өвөл ч байж магадгүй. Бас хавар ч байж мэднэ. Юутай ч зун л биш. Зунаасаа өвөл нь, өдрөөсөө шөнө нь илүү дээр, санаа бодол арай ч түргэн гүйгээд байх шиг санагддаг. Гэхдээ… Яг таг хариулахад хэцүү асуулт байна шүү.

 

2006.4.13-нд М.Билигсайхан хэмээх залуу “Утга зохиол” сонинд гарах юм гээд ийм нэг ярилцлага авч байсан. Сүүлд нь өөр газар гарсан харагдана билээ. Олон жилийн өмнө юу ярьснаа эргэн харахад заримдаа сонин ч юм шиг. Тэр үед МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн байсан тул байгууллагатай холбоотой зүйл нэлээд асуужээ.

 

            -МЗЭ-ээр сүүлийн үед сонин юутай байна вэ? Утга зохиол дахь өөрчлөлт, хөгжил, хөдөлгөөн мэдрэгдэж байна уу?

            -Дотор нь ажилладаггүй болохоор үнэндээ тийм ийм юм болж байна гэж хэлэх зүйл алга даа. Уран зохиолын ойр орчмын ихэнх мэдээллийг сонин хэвлэлээс л олж харах юм. Ер нь ч бүх зохиолчдыг нэг дор нэгтгэж зангиддаг, олон нийтийн байгууллагын үүрэг роль утга зохиолд улам бүр хумигдаж байна. 10 жилийн дараа “Зохиолчдын эвлэлээс юу зохиож байна?” гэж сонирхдог хүн байхгүй болох биз. Учир нь уран зохиолыг ямар нэгэн байгууллагын бодлого авч явдаггүйг тэр цагт эрхбиш ойлгоцгоодог болох байх. 1929 оноос 1990-ээд он хүртэл явж ирсэн МЗЭ, өнөөдрийн МЗЭ хоёр бол үйл ажиллагааны хувьд эрс тэс өөр байгууллагууд шүү дээ. Соц үеийн үзэл сурталд зохиолчдыг ашиглах намч байр суурь, улсын төсөв хоёр алга болсноор МЗЭ гэдэг байгууллага оршин тогтнох учир утгаа алдсан. Үзэл бодлын зөрүү ихтэй, утга зохиолыг үнэлэх үнэлэмжээрээ ялгаатай уран бүтээлчдийг нэг байгууллагын гишүүд байлгах угаасаа боломжгүй юм. Яахав, 2001 онд шинэ удирдлага гарснаас хойш утга зохиолд хандах хүмүүсийн хандлага илт наашилсан л даа. Уран зохиолоос холдож бизнес хөөсөн, байгууллагадаа гадуурхагдсан олон хүн уран бүтээлдээ эргэн ирсэн. Зохиолчид байгууллагадаа итгэж найддаг, үгээ хэлдэг, шүүмжилдэг, санал бодлоо хэлдэг, ямар нэгэн дэвшлийг хүлээдэг болсон. Хамгийн гол нь нийгэмд зохиолчдыг хоцрогдсон, харанхуй, зүгээр л нэг архи уугаад энд тэнд шүлгээ уншаад явж байдаг боловсролгүй хүмүүс мэтээр төсөөлдөг болчихоод байсан ойлголт бага багаар үгүй болох шинж ажиглагдаж байна. Гэхдээ л зохиолчид энүүхэн төдийд сэтгэл хуурталгүй, жинхэнэ утга зохиолын дээд шаардлагад тэнцсэн, урсгал чиглэлээ түшиглэсэн клубуудтэй болохыг зорих хэрэгтэй.

Шинэ ном

"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.

Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.

        Уул хичнээн цэнхэртэнэ,

        Төчнөөн хол.

        Хэдийчинээ гэрэлтэнэ,

        Төдийчинээ хүйтэн

хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.