2009 оны 1-р сарын 9-нд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэний дараахан “ӨДРИЙН СОНИН” доорхи яриаг авсан юм.
Юуны өмнө танд зохиолчдын байгууллагын 80 жилийн ойгоор Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсанд баяр хүргэе. Утга зохиолын салбарт хамгийн залуу гавьяатаар тодрох шиг боллоо. Энэхүү шагналын үнэ цэнийг юу гэж ойлгон хүлээн авч байна вэ?
-Бөхчүүл шиг цол дагаж бяр нэмэгдэх тухай ойлголт уран бүтээлч хүнд байдаггүй. Шагнал гэдэг зохиол бичихэд тус болох зүйл биш. Шагналд хөөрцөглөж баярлана гэдэг шагнуулсангүй гээд гомдож гутрахтай адилхан мунхаг хэрэг. Яахав, нэгэнт зарлиг гарчихсан юм чинь, байгууллагынхаа ойг хүндэтгээд авч л орхилоо. Харин ямар учраас шагнаж байгаа тухай Ерөнхийлөгчийн зарлигийн үг зүгээр санагдсан шүү. “Уран зохиолын шинэлэг сэтгэлгээ, уншигч олны уран сайхны болон гүн ухааны боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж” ч гэл үү, тиймэрхүү үг байна лээ.
Та Ерөнхийлөгчийн ивээл дор хэвлэгдэж буй дэлхийн уран зохиолын шилдэг 50 ботийг гаргалцаж байгаа. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?
-Ажлын хэсэг гээд 10 гаруй хүн бий. Би ердөө л хэвлэлд бэлтгэх үйл явцад нь хариуцлагатай редактор гэсэн үүрэгтэйгээр оролцож байна. 30-аад нь урьд хэвлэгдсэн номууд. Тэдгээрт шинээр редакци хийж, уг зохиолын тухай алдарт зохиолчдын үгээр оршил бэлдэж байгаа.
Дэлхийн сонгомол зохиолчдоос ихэд хүндэтгэдэг авьяас билигтнүүд гэвэл?
-За, баахан нэр хөврүүлэх хэрэг байна уу даа? Миний хамгийн дуртай зохиолч Фолкнер, Борхэс хоёр байж магадгүй. Аль алинаас нь би бага сага орчуулсан. Энэ 50 ботид зориулж Сартрын “Үг”, Борхэсийн 20 гаруй өгүүллэгийг орчуулж бэлдсэн.
Өнөөгийн утга зохиолын чиг хандлагыг ямар нэгэн хэмжээгээр тодорхойлцож яваа хүнийхээ хувьд Монголын утга зохиолын талаар ямар бодолтой байна вэ. Утга зохиолын хөгжил, дэвшил танд хэрхэн мэдрэгдэж байна?
-Наад сэдвээр чинь санаа бодлоо яриад л учиргүй олон дайсантай болчихсон хүн шүү дээ, би. Ний нуугүй хэлэхэд, чамлалттай санагддаг. Түүнийгээ хэлчихээр л хүмүүс надад муу болцгоочихдог юм.
Аль нэгэн салбарт ахиц дэвшил илүүтэй мэдрэгдэх юм уу? Эсвэл нэгэн жигд байна уу?
-Хэлэхэд хэцүү шүү дээ, олон хүний эрх ашигт халдах хэрэг гарна. 90-ээд оны эхэн үеийн Галсансүх шиг, Батжаргалын Одгэрэл шиг тийм гоё, сонирхолтой найрагчид гарч ирэхгүй л байх шиг санагдах юм.
Л.Өлзийтөгс найрагч та хоёр Монголын болон дэлхийн сонгомол зохиолуудыг өөрсдийнхөө сонголтоор шигшиж гаргасан. Энэ нь утга зохиолд хамрагдаж буй бүх хүнд чиг өгсөн гэж боддог. Үүнд таны бодол?
-Чиг баримжаа болоосой л гэж бодож хийсэн ажил л даа. Зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй л байна.
Сонгомол цувралын дараагийн ботиуд хэдийд гарах вэ. Мэдээж сайн бүтээлүүд төрөх цаг хугацаа хэрэгтэй байх л даа. Энэ талаар бодож сэдсэн юм бий юу?
-Санаа байвч одоохондоо зав алга аа. Энэ 50 ботийн ажил маш их цаг авч байна.
Сая манайхан зохиолчдын байгууллагынхаа 80 жилийг ойг багагүй өргөн хэмжээнд тэмдэглэлээ. 80 жилийн түүхээс харахад Монголын уран зохиол дэлхийн утга зохиолын нэгэн ай сав болж чадаж уу. Эсвэл их эрт дэлхийн уран зохиолын хэмжүүрт хүрсэн болов уу?
-Зурагтаар ч тэр, сонин хэвлэлээр ч манай уран зохиол дэлхийн хэмжээнд аль эрт хүрчихсэн бололтой л юм ярьцгаагаад байна лээ. “Монголын нууц товчоон”-ыг тэгж хэлж болно, бусад нь ч хөөрхий дөө, юу л бол. Бүр нэг судлаач “Мишигийн Цэдэндорж постмодерн шүлэг бичиж байсан” гэж ярихыг сонссон. 1988 онд хэвлэгдсэн Эко, Рушди гэсэн хоёр зохиолчийн бүтээлээр постмодернизмын оргилыг тогтоосон юм. Манайхан тэгэхэд бүр 1950-60-аад онд дэлхийн уран барилгад ч тодорч илрээгүй байхад нь постмодернд тэргүүлсэн болж таарах гээд байна. Тэгэхээр бүр дэлхийгээс түрүүлчихсэн ч юм шиг. (инээв)
Ойгоор хөдөө орон нутгаас олон зохиолч, уран бүтээлчид ирсэн харагдсан. Та хөдөөд суудаг найрагчидтай хэр холбоотой байдаг вэ?
-Надад танихгүй зохиолч гэж байхгүй ээ, бүгдтэй нь л мэнд устай явдаг. Гэхдээ үнэндээ хөдөө суудаг уран бүтээлчидтэй,Уянсүх, Цэнд хоёрыг л эс тооцвол дотно холбоотой биш.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлд яруу найргийг төлөөлж байгаагийн хувьд танаас “Болор цом” наадмын тухай, цаашлаад яруу найргийн хөгжлийн талаар асуух гэсэн юм. Энэ жилийн “Болор цом”-д шинэ үеийн шүлэгч Л.Хасар түрүүллээ. Үүнд ямар бодолтой байна.
-“Болор цом” яруу найргийн хөгжилд нэмэр болж чадахуйц арга хэмжээ биш л дээ. Энэ тухай би олон удаа бичсэн. Хүмүүс хүсэн хүлээдэг л юм гэнэ лээ, тэгээд л хийгээд байдаг юм болов уу даа. Танай сонин дээр Ж.Гангаа их зөв бичсэн харагдана лээ, “бөх тал руугаа яваад байна” гэж. Ер нь яруу найраг тал руу нь явуулъя гэвэл тэмцээн биш, цар хүрээтэй уншлага, цуглаан болгох хэрэгтэй.
Танаас асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Та Монголын топ таван яруу нарагчийг нэрлэж, сонин хэвлэлээр зарласан. Б.Лхагвасүрэн гуай шилдэгт багтаагүйд дургүйцсэн хүмүүс цөөнгүй байгаа дуулдсан. Энэ тухайд юу хэлэх бол?
-Би арав хүртэл эрэмбэлж үзсэн, тав нь л сонин дээр гарсан юм. Лхагвасүрэн гуай бол 1980-аад оны гурван супер яруу найрагчийн нэг гэдэг нь хэнд ч илэрхий зүйл шүү дээ. Үгүй, ингэхэд, намайг хайртай найрагчдаа нэрлэсний төлөө тэр цөөнгүй нөхөд чинь яахлаараа дургүйцдэг хэрэг вэ?
Таны шилдэг бүтээлүүд төрийн шагналд нэр дэвшсэн. Тэдгээр бүтээлүүдээсээ нэрлэхгүй юу?
-Ямар номыг минь дэвшүүлснийг санахгүй байна. Нэг яруу найргийн ном, нэг хүүрнэл зохиолын ном байсан болов уу. Яг тэр үеэр чинь би Америкт байсан юм аа.
“Арван зүүдний өр”, “Илбэ зэрэглээ”, “Цуурайнаас төрөгсөд” гэх гурван романаа нэгтгэж гаргасан. Гадуур их л эрэлттэй байна. Эдгээр зохиолуудынхаа тухай яриач. Роман нэг ийм хэмжээнд л байх ёстой гэсэн таны бодол…?
-Одоогоор гол найдлага тавьж буй зохиолууд минь тэр гурван роман ч байж магадгүй. Монгол ертөнцийн гурван хоосноор нэрсийг нь зангидаж, өнөөдрийн монгол хүний дотоод ертөнцийг нэлээд бэлгэдлийн маягаар харуулахыг зорьсон юм. Орчин үеийн роман нэг иймэрхүү хэмжээнд очсон гэдгийг тэр “Гурамсан цадиг”-аас олж харж харин болно шүү.
Утга зохиолын оны тэргүүн наадам “Алтан-Өд”-ийн шагналыг та хэд хэдэн удаа хүртсэн. Харин энэ жил чимээгүй байна. Сүүлд ямар уран бүтээл туурвиж байна. Орчуулгын бүтээлүүд юу байна?
-Одоо би чинь хөгширч байна, “Алтан өд” мөдөд залуучууд уралдаг. Сүүлийн үед манай утга зохиолын амьдралд гарсан хамгийн эрүүл арга хэмжээ шүү. Хийж байгаа томоохон зохиол ч алга даа, ойрмогхон нэг шүлгийн ном гаргадаг юм бил үү гэж бодож байгаа.
Ингэхэд та өөрийгөө ямар хэмжээний орчуулагч гэж боддог вэ?
-Боломжийн. Монтэнийн эсээнүүдийг би тун гайгүй орчуулсан. Бас тэр “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог зүгээр, сайн ажил болсон.
Мэргэжлийн зохиолч гэх утгатай үг, өгүүлбэр таны амнаас үе үе цухалзах нь бий. Мэргэжлийн зохиолч гэж яг ямар хүнийг хэлээд байна?
-Эмч хүн мэргэжихгүй бол болохгүйтэй яг адилхан зохиолч хүн мэргэжиж байж л зохиол бичих хэрэгтэй. Сонирхогч уран сайханчийн түвшний зохиолчид дэндүү олон байгаагаас л манай уран зохиол зөв голдиролдоо орохгүй, уншигчид зөв сэтгэлгээтэй болохгүй байна. “Зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэж Набоковоос асуухад “Өөрөөсөө өмнө бичигдсэн бүх сайн зохиолыг нэвтэрхий мэддэг хүнийг хэлнэ” гэж хариулсан байдаг юм.
Манайд мэргэжлийн юм уу, жинхэнэ зохиолч олон уу?
-Биднээс өмнө бичигдсэн бүх сайн зохиолыг боломжийн хэмжээнд мэддэг хүн нэг их олонгүй байх аа. Гэхдээ жинхэнэ сайн зохиолчид бий шүү.
Топ найрагчдыг нэрлэсэн шигээ үргэлжилсэн үгийн топ таван зохиолчийг нэрлэх боломж байгаа юу?
-Яагаад болохгүй гэж, бүр нэрлэж ярьж байх ёстой шүү дээ. Инжаннаш, Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Дармын Батбаяр, Пүрэвжавын Баярсайхан.
Үе тэнгийнхээ нөхдийн тухайд юу хэлэх вэ. 1990-ээд оныхон өнөөдөр утга зохиолын хөгжлийг тодорхойлох хэмжээнд очсон уу?
-Хүссэн ч, эс хүссэн ч, магтсан ч, муулсан ч, өнөөдрийн манай уран зохиолын хамаг хариуцлагыг 90-ээд оныхон л үүрч явна. Өнөөгийн уран зохиол муу байгаа бол, бидний л муугийнх, гайгүй байгаа бол, бидний л гайгүйнх.
Шинэ үеийн найрагчид шүлэг зохиолоо бичиж эхэлсний нэг илрэл энэ жилийн “Болор цом” боллоо гэж ойлгох хүмүүс байна. Үүнд таны бодол?
-Би “Болор цом” үзээгүй л дээ. Уг нь санаагаар болдог сон бол, авьяастай залуучууд “Болор цом” руу хальтраад уначихмааргүй л байгаа юм. Мөнхийн хэмжүүрт тэнцэх юм руу л тэмүүлж явбал өөрсдөд нь хэрэгтэй.
Сонирхуулахад, таны ширээний ном…?
-Дахин дахин эргэж уншдаг ном гэж надад байхгүй. Яг одоо миний хажууд Харолд Блумын “Мэргэн ухаан хаанаас төрдөг вэ?” гэсэн ном байна. Сэрвантэсийг Шэкспиртэй, Монтэнийг Фрэнсис Бэконтой, Фройдыг Прүсттэй гэх мэтээр харьцуулсан өгүүллүүд юм л даа.
“Утга зохиолын тухай яриа” гэсэн шүүмж, судлалын ном гаргаж байсан. Манайд өнөөдөр судлал, шүүмж ямар хэмжээнд байна?
-Үнэндээ чамлалттай санагддаг.
Зохиолчдынхоо ойгоор тантай ижил олон хүн шагнууллаа. Нүдээ олсон шагнал олон байв уу?
-Шагнал яахаараа нүдээ олдогийг би сайн ойлгодоггүй юм аа. Жишээлбэл, надад Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг цол өгсөн нь нүдээ олсон хэрэг үү, олоогүй хэрэг үү? Зарим хүн миний өмнөөс баярлаж, зарим нь боож үхэх гэж явна лээ. Хэдэн жилийн өмнө Пүрэвжавын Баярсайхан төрийн шагналд нэр дэвшээд аваагүй. Минийхээр бол энэ нүдээ олоогүй явдал байсан. Гэтэл цөөнгүй нөхөд Баяраа ахыг шагналаас мултарсанд баярлаж, “Зөв” гэж байсан юм даг. Хачин шүү...
Ярилцсан Н.Гантулга
“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film