Дарма.Батбаяр гуайн шавь, шүлэг бичдэг хэмээн өөрийгөө танилцуулсан Ж.Баярхүү хэмээх сурвалжлагч доорхи яриаг 2009 оны хуучдаар авсан нь “Гялбаа” сэтгүүлд гарсан. Яг "Бөөгийн домог" дээр ажиллаж байсан үе.
-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Энэ нь өмнөх бүтээлүүдээс тань юугаараа онцлог болж байгаа вэ?
-Нэг шинэ роман эхэлсэн ч биш, эхлээгүй ч биш л сууж байна. “Гурамсан цадиг”-тай зарим нэг талаараа холбоотой, гэхдээ бие даасан, тусдаа роман байгаа юм. Юугаараа онцлог болохыг нь өөрөө ч мэдэхгүй л байна. Дуусахаар нь л харъя. Ирэх зунаас өмнө салчих болов уу л гэж найдаж байгаа.
-Таны хамгийн онгодтой цаг хугацаа хэзээ байдаг вэ? Яагаад?
-Намар ч юм уу, өвөл ч байж магадгүй. Бас хавар ч байж мэднэ. Юутай ч зун л биш. Зунаасаа өвөл нь, өдрөөсөө шөнө нь илүү дээр, санаа бодол арай ч түргэн гүйгээд байх шиг санагддаг. Гэхдээ… Яг таг хариулахад хэцүү асуулт байна шүү.
-Мэдээж хэн ч, хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Гэхдээ таны уран бүтээл хэн нэгнийхтэй төсөөтэй болчих гээд байх шиг санагдах тохиолдол гардаг уу? Хэрэв гардаг бол тийм үед та яадаг вэ?
-Гардаг шүү. Надад Мандельштам, Георгий Иванов, Элиот нөлөөлж байсан цаг бий. Бас Фолкнэр, Борхэс, Буковски, Памук эд нарыг хольчихсон юм шиг тийм нэг этгээд зохиолчийн үнэр өөрт хааяа мэдрэгдэх шиг санагддаг. Тэгэхдээ энэ мэтийн зүйлд санаа зовдоггүй ээ. Би хэн нэгэнд автаад зохиолыг нь хуулах насаа аль эрт давчихсан.
-Та зохиолчийн хувьд аль насандаа яваа вэ?
-Жинхэнэ өөрийнхөө үзэл баримтлалыг уран зохиолд бий болгох насандаа л яваа гэж бодож байна. Гэхдээ хүний үзэл баримтлал гэдэг тогтвортой, хөдөлбөргүй зүйл биш. Яг санаж байсан зүйл эсрэгээрээ эргэчих нь алга урвуулахын дайтай л хэрэг.
-Таны уран бүтээлийг нь бишрэн уншдаг хүмүүсээс танд хамгийн гайхалтай сэтгэгдэл төрүүлэхүйц дурсамж үлдээсэн нь ямар тохиолдол вэ?
-Хэрэв миний дуртай, хайртай зохиолчдоос хэн нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн тухай асууж байгаа бол, анх 15-16-тайдаа Явуухуланг уншихдаа маш их догдолж байснаа санаж байна. Бас анх Фолкнэрийн “Баавгай”-г уншаад яг тэр орчинд нь яваад орчих шиг болж билээ. Георгий Ивановын “Розы” гэдэг ном яруу найргийн хувьд надад багш болсон тэр цагийг бас эргэн бодоход сайхан байна. “Анх чамайг харсан шигээ ахиад нэг харах сан” гээд Б.Одгэрэлийн нэг шүлэг байдаг. Яг түүн шиг бүх ой санамжаа цэвэрлэж хаячихаад “Баавгай”-г ахиад цоо шинээр унших юм сан гэж бодож байна.
-Өлзийтөгс. Тэр бол гайхалтай авъяаслаг яруу найрагч. Харин айлын эхнэр хүний хувьд тэр таны мөрөөдлийн эмэгтэй мөн байсан уу?
-Өө, ямар сайхан асуулт вэ! Түүнээс өөр мөрөөдөх эмэгтэй надад таарч байсангүй. Үгүй ээ, таарч байсан юм байна. Гэхдээ ном зохиол дотор л.
-Та хоёрыг уран зохиол, яруу найргаас өөр юу хамгийн их ойр байлгадаг вэ?
-Тоолоход хуруу хүрэлцэхгүй дээ. Ахуй амьдралын бүх аахар шаахар асуудлаас эхлээд хүүхдүүд, тэдний зурсан зургууд, тэдний дуртай хүүхэлдэйн кинонууд, цугтаа очсон газрууд, хэн хэнийхээ саналыг харгалзаж байж сонгосон хувцас хунар гээд л юу эс барагдах вэ дээ. Бид хоёрт хэн нэгнийх нь дангаараа өмчилдөг зүйл гэж байхгүй. Бид хоёулхнаа л униа өлгөж, хамтдаа л орон гэрээ босгож, нийлж зүтгэж л оочих аягаа цуглуулсан.
-Эхнэр нөхөр хоёр яруу найрагч нэгэн дээвэр дор амьдрахад тохиолддог хамгийн бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ?
-Зарим үед ширээгээ булаацалдана, заримдаа ширээний чийдэнгээ, бас арай дулаахан, чимээгүй өрөөгөө ч булаацалдана. Заримдаа Өлзий миний дэвтэр дээр юм тэмдэглэчихсэн байдаг юм. Хэцүү шүү дээ (инээв)
-Энэ магадгүй тэнэг асуулт байх л даа. Хайрын тухай бичих үед, тэр тусмаа өнгөрсөн дурсамж, эсвэл цоо шинэ дурлалын тухай бичих үедээ та тодорхой хэмжээгээр баригдмал, хязгаарлагдмал байдалд орж байсан тохиолдол бий юу?
-Мэдээж, гэр бүлтэй хүн өөрийгөө тодорхой байдлаар хязгаарлах үүрэгтэй шүү дээ. Тийм хязгаар дотор үүрд амьдрах болно гэдгээ ухамсарлаж байж л хүн гэрлэдэг. Ганц амьдралд биш, бас уран бүтээл дээр ч гэр бүлийн ийм хязгаар мэдрэгддэг. Гэхдээ би энэ “хязгаар” гэдэг үг, ойлголтод дуртай. Яг л “эх орон” гэдэг шиг дээгүүр, гоё үг, ихэмсэг ухагдахуун.
-Хардахын хэцүү хардахын хэцүү
Бусдаас би ямар ч ялгаагүйгээ
Бухимдан мэдрэх хардахаас хэцүү
гэсэн шүлгийн тань мөр санаанд бууж байна. Ингэхэд та хэр хартай вэ? Мэдээж уран бүтээлээс нь үүдэлтэйгээр эхнэрээ хардана гэж байхгүй байх л даа. Харин ямар тохиолдолд ийм мэдрэмж танд төрдөг вэ? Бас хайртай бол хартай гэдэг үгтэй та санал нийлдэг үү?
-Хартай, хартай. Хар гэдэг чинь хайрын сүүдэр нь юм. Гэхдээ учир утгагүй л аяга шаазангаа хага чулуудаад, хүүхдүүдээ зодоод байх авир гаргамаар явдал азаар манайд гардаггүй юм аа. Ер нь хүн хүн шиг л амьдрах ёстой гэж би боддог. Эхнэр нөхрүүд бие биеэ харддаг, хүүхдээ зодохгүй ч гэсэн аягаа шиддэг байх нь зүй ёсны явдал биз дээ, уг нь?
-Та хэр халамжтай нөхөр вэ? Гэрийн ажил, хоол унд хийх нь танд уйтгартай санагддаг уу?
-Надаас муу нөхрүүд олон байдгийг мэднэ. Гэхдээ би үнэндээ халамжтай сайн нөхөр биш. Би шалаа угаагаад, хоол хийгээд байх сонирхол ч үгүй, чаддаг ч үгүй. Чадъя гэвэл чадна л даа. Яах юм бэ? Хайран цагийн гарз. Өнөөдөр гэрээ цэмбийлгээд маргааш үхчихвэл хайран аа? Маргааш үхэхээсээ өмнө, орондоо хэвтэж байгаад ганц аятайхан ном уншчихвал хамаагүй дээр.
-Та хоёрын хэн нь илүү романтик вэ? Бас амьдралаа илүү сонирхолтой байлгахын тулд хэн нь илүү хүчин чармайлт гаргадаг бол?
-Өө, сонирхолтой байх тал дээр бол цугтаа чармайдаг шүү. Цугтаа айл хэснэ, шоудна. За, тэгээд хамтдаа хүнсний захаар явж, мах гурилаа цуглуулна. Дахин дахин явахгүйн тулд би махыг бөөндөж, гурилыг шуудай шуудайгаар нь л авдаг. Үнийг нь наймаалцана. Зөөгөөд хувцас бохиртчихно, Өлзий арчиж цэвэрлэх гэж наян юм болдог. Бас би байсхийгээд л замын цагдаад торгуулдаг, дэмий зүйл худалдаж авдаг, “Чамаас болж байгаа юм” гэж Өлзийд уураа гаргана. Энэ бүгд чинь амьдрал сонирхолтой, сайхан байгаагийн шинж шүү дээ.
-Удаан хугацаагаар хамт байгаа хосууд бие биедээ уусч, нэг хүн шиг болдог гэдэг. Харин уран бүтээлчдийн хувьд хэн нэгнийхээ нөлөөлөлд автчихгүйн тулд ямар байх ёстой юм бол?
-Наадхи чинь ёстой бодмоор үг байна. Жаахан хөгшрөөд мунгинаад ирэхээрээ, шүлэг зохиолоо хольж хутгаад балрах вий дээ. Бид хоёр төрөлхөөсөө эрс тэс өөр араншинтай, хүмүүстэй харьцахдаа ч өөр өөрөөр ярьдаг, нэг тийм ялгаатай шинж төлвийн хүмүүс тулдаа л, хэвэнд цутгачихсан юм шиг адилхан шүлэг биччихгүй, жаахан заагтай явж болоод байх шиг байна. Бусад талаараа ч нээрэн нэг хүн болчихсон шүү.
-Танай хүүхдүүд сэтгэхүйн хөгжил, мэдрэмжээрээ ч юм уу, эсвэл зан араншингаараа бусад хүүхдүүдээс арай онцлог юм шиг сэтгэгдэл танд төрж байсан уу?
-Хүн бүр л өөрийнхөө хүүхдийг бусад хүүхдээс хөөрхөн, ухаантай, сайн гэж хардаг. Заримдаа хүмүүс “Танай охин яасан царай муутай юм бэ?” гэхээр нь би бүр мэл гайхдаг гээч. Би л лав тийм хөөрхөн охин ерөөсөө хараагүй юм чинь аргагүй шүү дээ. Ер нь хүний зан юм даа, би өөрөө чөрчийсөн туранхай юм байж хүүгээ том болоод барилдвал аваргаа байг гэхэд начинтай, хөл бөмбөгчин болбол Бэкхэм шиг биш юм аа гэхэд сэлгээгээр орж ирээд л гоол хийчихдэг баагий хавьцаа л үзнэ дээ гэж боддог.
-Таныг бүсгүйчүүд уран бүтээлч гэдэг үүднээс хүлээж авах, эсвэл эр хүн гэдэг үүднээс хүлээж авахын аль нь танд илүү таатай мэдрэмж төрүүлдэг вэ? Яагаад?
-За, би ч өөрийгөө царай муутай гэдэгтэй аль эрт эвлэрчихсэн хүн. Нэг их сэкси залуу болох юм сан гэж бодож ч үзээгүй. Тэгэхээр гайгүй зохиолч гэгдэх нь л чухал байлгүй яахав.
-Уран бүтээлч хүн дахин дахин дурлахгүйгээр оршин тогтнох боломжтой юу? Та хэр дурламтгай вэ? Та дурлахгүйгээр амьдарч чадах уу?
-За, ёсыг бодож, асуултыг чинь дагуулаад дурламтгай л гэж хэлье дээ. Дурламтгай байх зан чинь өөрөө уран бүтээлч хүний наркотик шүү дээ. Дурлахгүйгээр, сэтгэл хөдлөхгүйгээр амьдрах нь уг нь хамгийн зөв, дээд амьдрал юм гэнэ лээ. Гэхдээ миний хувьд тийм түвшинд очтол нь сэтгэлээ тэгшлэхийг бодоод л яваад байна, үр дүн нь хараахан гараагүй л байх шиг заримдаа санагддаг юм.
-Юу таныг хамгийн их аз жаргалтай болгодог вэ?
-Уран бүтээл. Энэ бол ёстой жинхэнээсээ, чин үнэнээсээ хариулж байгаа хариулт шүү.
-Шүлгийн нэг мөр бичихэд нэг удаа секс хийгээд дур тавихтай ижил хэмжээний энерги зарцуулдаг гэж хаа нэгтэйгээс уншсан санагдана. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Тийм жаахан эрчим хүч зарцуулдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Жинхэнэ сайн шүлгийн нэг мөр гэдэг юутай ч харьцуулшгүй, аугаа зүйл шүү дээ. “Хүний бүх амьдрал Бодлэрийн ганц мөрийн үнэд ч хүрэхгүй” гэж Акутагава хэлсэн байдаг. Харин би тийм хосгүй мөр бичиж чадсан эсэхээ хараахан хэлж чадахгүй. Юутай ч, одоохондоо итгэлтэй биш байна.
-Зовлонг хүн өөрөө буй болгох нь бий. Тэгэхээр, нууц амрагийн харилцааг та юу гэж үздэг вэ? Үүнийг та хувь хүний сонголт л гэж хариулах уу?
-Зовлон ч, жаргал ч тухайн хүний л сонголт. Бид гадагшаа гараад хаашаа явахаа, яг ямар замаар алхахаа, ямар таксинд гар өргөж, ямарт нь суулгүй өнгөрөөчихөө өөрсдөө л сонгоно шүү дээ. Архи уух эсэхээ, тамхи татах, хэнтэй танилцах, хэнтэй үг солихгүй байхаа бас л өөрсдөө шийднэ. Ухаантай байх эсэх нь ч нарийндаа бол сонголтын асуудал юм. Тансаглах, мөнгө үрэх ялгаагүй, цөм хувь хүний сонголт. Насанд хүрсэн хүний хүүхдээс ялгагддаг гол шинж бол энэ мэт сонголтынхоо хариуцлагыг өөрөө даах явдал.
-Жинхэнэ эмэгтэй хүний мөн чанар яг юунд оршдог вэ?
-Яг энэ асуултын чинь хариуг олох гэж л уран зохиол оршин байгаа юм шүү дээ. Яагаад ихэнх сайн зохиолч эрэгтэй байдаг гээч? Эмэгтэй хүний мөн чанарыг эрчүүд илүү их хайдаг учраас л тэр. Яагаад аахар шаахар, “Салхинд туугдагсад”, “Харри Поттэр” мэтийн цагийн зугаа маягийн зохиолуудыг эмэгтэйчүүд бичдэг гэж бодож байна? Мөн чанарын асуудлаас хол учраас эм хүний бяр хүрэх ажил байхгүй юу.
-Та эмэгтэй хүн байсан бол ямархуу эмэгтэй байх байсан бол?
-Гоё, гоё мөрөөдлөө яримаар л байна. Даанч би эмэгтэй хүн байж чадахааргүй хүн л дээ.
-Сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?
-Харахад нүдэнд дулаахан, чанга дуутай биш, үнэн сэтгэлээсээ инээмсэглэдэг бол тэр сайхан эмэгтэй гэж би бодно.
-Аль орны бүсгүйчүүд танд хамгийн их таалагдсан бэ? Юугаараа?
-Хүүхэн нь муухай улс орон гэж байдаггүй юм шиг надад санагддаг. Ер нь дэлхий их сайхан хүүхнүүдтэй гараг юм биш үү? Ангарагт хүн байлаа ч гэсэн, хүүхнүүд нь онцгүй байх аа.
-Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцана уу?
-Намайг анх уран зохиолд шагайж байхад толгойтой толгойгүй цөмөөрөө л газар дор ортол муулдаг байсан. Над шиг авьяасгүй, Монголын уран зохиолд гай тарих амьтан ер нь урьд хожид үзэгдээгүй байх шүү. Тийм болохоор би муулуулж, гүтгүүлээд сурчихсан юм аа. Морь унаад сурчихсан хүн мориороо ажлаа амжуулна уу гэхээс зугаацдаггүйтэй адилхан, надад шүүмж мүүмжээс нэг их сэтгэгдэл төрдөггүй шүү дээ. Одоо намайг бас магтдаг хүмүүс мэр сэр гараад ирчихэж. Баярлаж тэнэгтэхгүй юм шүү л гэж боддог.
-Танд байгаа хүч чадлаас хэд дахин илүү сөрөг хүчтэй тулгарахдаа та хамгийн түрүүнд ямар үйлдэл хийх вэ?
-Багадаа “Шадар гурван цэрэг”-ийг уншиж байхад, давуу дайсантай тулалдах шилдэг аргуудын нэгдүгээрх нь зугтах гэж гардаг сан. Арамисын ч үг бил үү. Утга зохиолыг би дайн тулаантай зүйрлэж байгаа юм биш л дээ. Харин ч хамгийн оюунлиг бөгөөд хүмүүнлиг байх учиртай салбар гэж боддог. Гэхдээ Монголын уран зохиолын ертөнцөд надаас илүү зохиолч гарч ирсэн тэр өдөр л би үзгээ тавиад, таг чимээгүй алга болно.
-Бас та юуны өмнө хүчин мөхөстдөг вэ?
-Зарим үнэхээр сүрдэж биширмээр зохиол байдаг юм аа. Бүр дотор харанхуйлмаар, “Би хэзээ ч ийм ном бичиж чадахгүй байх аа” гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Би “Үлисс”-ийг оросоор хоёр, англиар нэг, редакторлож байхдаа монголоор нэг уншсан. “Алдагдсан цагийн эрэлд”-ийн зарим ботийг би хоёр дахиж уншсан. “Нууц товчоон”-ыг мэдэхгүй ээ, лав 5-6 удаа уншсан байх. Одоо “Моби Дик”-ийг ахиад нэг уншъя гэж бодож байгаа. Унших тусам л би даанч түүхий яваагаа ухаардаг.
-Сэтгүүлийнхээ энэ дугаарыг бид шинэ жилд зориулан бэлтгэж байгаа юм. Таны хувьд хамгийн дурсгалтай шинэ жил хэзээ байсан бэ?
-Эхнэртэйгээ танилцсан тэр жилийн Шинэ жил. Миний хувьд нэгэн шинэ он биш, амьдралын цоо шинэ эрин үе эхэлж байгааг мэдэрч байсан. Ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ царай төрхийг ч тэр шинэ жилээр дотроо харж төсөөлж байсан.
-Он солигдох торгон мөчид танд яг ямар бодол төрдөг вэ?
-Одоо л миний хамгийн чухал он ирж байна гэж боддог. Жил бүр л тэгж боддог.
-Та манай уншигчдад шинэ жилийн мэнд дэвшүүлнэ үү?
-“Гялбаа” сэтгүүлийн уншигчдад шинэ жилийн мэнд хүргэе! Сэтгэл гялбам, хожим эргээд дурсахад хэзээ ч бүдгэрч мартагдахааргүй сайхан он тань байх болтугай!
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.