“Бөөгийн домог” роман гарсны дараахан буюу 2010.3.29-нд “Үндэсний шуудан” сонины Д.Оюунномин хэмээх сурвалжлагч доорхи ярилцлагыг авсан юм.
-Дэлхийн сонгодог 50 боть номны хариуцлагатай редактороор ажилласан байгаа. Энэ ажлынхаа тухай?
-Өнгөрсөн зун нутагтаа очтол, Баянхонгорын Гурванбулаг сумын хүүхдүүд тэр 50 ботийн тэдийг нь уншсан гэхчлэн ярьцгаахыг сонсоод үнэхээр гайхаж, бас баярласан шүү. Ямар ч гэсэн хөдөөгийн номын сангуудад хүргэнэ гэсэн нь үнэн байна лээ. Одоо манай гэрт хатуу хавтастай, нэг багц 50 боть бий. Орж ирсэн хүн бүр л “Ямар гоё хэвлэсэн юм бэ!” гэж шагширдаг. “Адмон” компанийхан харууштай сайхан хэвлэсэн, шуурхай ч ажилласан. Юутай ч, энэ цувралаар урьд нь хэвлэгдээгүй 20 шинэ ном гарсан. Бас “Хуучин гэрээ” судар, шинэчилсэн Кафка, Хэмингуэй гээд цоо шинээр редакци хийсэн номууд ч бас нэлээд бий. Яахав, олон хүний гар дамжсан ажил болохоор, зарим засвар хийгдэлгүй орхигдсон мэр сэр алдаа харагдаж л байна лээ. Үүнийг эс тооцвол, цогцоороо аятайхан ажил болсоон.
-Таны гаргасан “Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил” номонд орсон зохиолуудаас хэд хэдэн бүтээл бүрэн эхээрээ орчуулагдан гарч эхэлж байна. Орчуулгын номын тухай ямар бодолтой байна?
-Угаасаа “85 сод туурвил” номын зорилго тийм л байсан. Уншигчид уншаагүй номынхоо талаар ойлголт авч, орчуулагчид орчуулах номынхоо сонголтыг хийхэд дэм болохыг хүсэв гэж өмнөх үгэнд нь бичсэн байгаа. Амьд хэл гэдэг ойлголт бий. Дэлхийн сонгодогуудыг тухайн хэлээр олж унших боломжтой, өргөнөөр уншигддаг бол тэр хэл амьд гэж тооцогддог юм билээ. Өнөөдөр Ирландын галик, эсвэл Шинэ Зеландын маори хэлээр сонгодгуудыг орчуулах шаардлага ч, ач холбогдол ч байхгүй. Тэндхийн хүмүүс албан ёсныхоо англи хэлээр Шэкспир, Уитмэнийг шууд л уншчихна. Тиймээс маори, галик хэлүүд бол амьд биш, яг л пали хэл шиг судлаачид эрдэмтдэд л үлджээ. Тэгвэл монголоор сонгодог жүжиг тоглогдож, Камю, Сартр уншигдаж байна. Бүр нэлээд өргөн, харьцангуй идэвхтэй хэлбэрээр шүү. Бидний хэл амьд учраас тэр. Өнөөдөр дэлхий дээр жил тутам 350 орчим хэл аялгуу сөнөж байгаа гэж үздэг. Гэтэл бид хэдүүлээ билээ? Монгол хэл амьд байх нь цаашлаад үндэс угсаа, төр улс маань оршин тогтнох нэг баталгаа шүү дээ. Мэдээж, нийтийн хэрэгт шүүмжлэх юм гаралгүй л яахав. Бүр жигтэйхэн нэр хүндтэй, алдар цолтой орчуулагчид ч найруулга зүйн инээдтэй алдаанууд байнга гаргадаг, түүнийгээ өөрөө ч олж харахгүй мундаг царайлаад явааг хардаг л даа. Гэхдээ л олон ном орчуулагдаж байна гэдэг сайн хэрэг.
-Таны зохиол гадаад хэлнээ орчуулагдаж байсан. Ер нь гадаадын зохиолчид уншигчид монголын утга зохиолыг хэрхэн хүлээж авдаг бол?
-Зарим хүн их сонин юм ярьдаг болчихож. Монголын уран зохиол дэлхийгээс бараг л түрүүлчихсэн, орчуулчих л юм бол Нобелийн шагнал авах хэмжээнд оччихсон хүн байгаа ч гэх шиг. Би үндэсний утга зохиолын антолог гаргах гэж монгол хэлээр бичигдсэн бүх гайгүй шүлгийг, бараг л бүх өгүүллэгийг гээлгүй уншсан. Манай уран зохиол, яг үнэндээ бол, тун доогуур түвшний сэтгэлгээтэй. Гэхдээ ингээд хэлчихээр болдоггүй юм аа. “Үгүй ээ, би дэлхийн яруу найргийн тийм тийм шагнал авчихаад байхад одоо юугаа яриад байна аа?” гээд л сүйд болцгооно. Уг нь дэлхийн хаана яваагаа мэдэхийн тулд дэлхийг унших хэрэгтэй. Жинхэнэ сайн уран бүтээлчид хаа ч адилхан, юмаа л хийдэг болохоос цээжээ дэлдэж явдаггүй. Бүтээлдээ санаа зовдог болохоос, нэр алдарт шунадаггүй. Хуурамч, арилжааны маягийн шагналууд хаа сайгүй болчихсон гэдгийг бид бүгдээрээ ойлгох ёстой.
-Та өөрийн гэсэн үнэнч, тогтсон уншигчидтай юм шиг санагддаг. Уншигчиддаа хайрлагдах, тэд танаас ямар нэг юм хүлээдэг болчих нь заримдаа дарамттай санагддаг уу?
-Уншигчид юм хүлээж байна гэдэг чинь зохиолч хүний хувьд жинхэнэ шагнал шүү дээ. “Одоо юу хийж байна? Үүний дараа ямар ном гарах вэ?” гэж асуухаас илүү тааламжтай дарамт гэж хаа байх билээ. Би сая гаргасан “Бөөгийн домог” романыхаа тухай гурван жилийн өмнөөс л ярьсан. Шинэ роман бичиж байгаа гэж “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдчихсанаас хойш “Хэзээ гарах вэ?” гэж маш их асууж сураглацгаасан. Бүр загнаж ч байх шиг. Одоо нэг өрнөөс саллаа. (инээв)
-Энэ шинэ романыг чинь яг бөөгийн тухай гэж ойлгож болох уу?
-Болно. Гэхдээ магадгүй энэ цаг үеийн хамгийн сүүлчийнх нь ч байж мэдэх жинхэнэ бөө хүний амьдралын түүхээр дамжуулж, буриадуудын сүйрэл мөхлийн тухай, хайр дурлалын тухай, хүний далд ухамсарын тухай, хуурамч бөө нар эртний энэ шүтлэгийг хэрхэн завхруулан гутааж буй тухай өгүүлсэн юм. Нэг онцлог нь яг бөө мөргөлийн сэдвээр Монголдоо л лав анхны роман нь болж байна.
- Таны бодлоор зохиолч болоход сургуулиас өгөх боловсрол хэр чухал үүрэгтэй байдаг бол?
-Боловсролгүй зохиолч гэж угаасаа Монголоос өөр газар байдаггүй болоод удаж байна. Бараг мянган жил болж байгаа байх. Гэхдээ боловсрол гэдгийг зөвхөн сургуулиас л авдаг юм шиг ойлгож болохгүй. Зохиолч хүний боловсрол бол эхлээд маш их унших, уншиж дадаад сайн номыг муугаас нь ялгаж цэгнэж сурах, тэгээд хэзээ ч муу зохиол бичихийг өөртөө зөвшөөрөхөөргүй түвшинд хүрэх явдал. Харин уншигч хүний боловсрол бол ганц олсон энэ насныхаа хайран цагийг аахар шаахар зүйлс уншин үрэхгүй, мунхрахгүй амьдрах чадвар юм.
-Аль ч салбарт хүлээн зөвшөөрөгдөх гэдэг зүйл байдаг. Аюурзана ах хэзээ өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэрч байв?
-Би өөрийгөө Монголын утга зохиолын хүрээнд хүлээн зөвшөөрөгдчихсөн хүн гэж ерөөсөө боддоггүй шүү дээ. Тэгээд ч хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа нь хэн юм бэ, хүлээн зөвшөөрөх гээд байгаа нь хэн юм бэ гээд яривал их марзан яриа болно.
-Утга зохиолын дөрвөн антолог гаргасан. Үүнийг зохиолчид, яруу найрагчдын хүрээнд хэрхэн хүлээж авсан бол?
-Шүлэг зохиолоос нь ороогүй хүмүүс байдгаараа гомдоцгоосон. Орсон нь харин баярласан байх аа, лав л Дэндэвийн Пүрэвдорж гуай “Миний өөрөө таньж хараагүй шүлгийг олоод тавьчихсан байх юм, сайхан ном болжээ” гэж Тангадын Галсан гуайд ярьсан байсан. Дараа нь нэг тааралдаад “Чи миний тэр “Навч” гэдэг шүлгийг хаанаас олоод тавьчихав аа?” гэж байсан.
-Утга зохиолд таны дуу хоолой морь, мал гэсэн ахуйн сэтгэхүйгээсээ салъя гэсэн дуу хоолой байсан гэж би боддог. Гэтэл зарим хүмүүс зохиолч хүний сэтгэл эх орныхоо төлөө цохилж байх ёстой гэж ярих юм?
-Чиний асуултын цаана эх оронч зохиолчид л морь мал бичдэг гэсэн санаа байгаа юм шиг санагдчихлаа. Арай үгүй биз дээ? Үхэр юм уу ямааны тухай бичихгүй бол урвагч болно гэж боддог хүн байхгүй байлгүй дээ. Ингэхэд, морины тухай кантри дуу зохиодог Техасын ковбой нарыг авчраад “Болор цом”-д оруулж байвал ер нь яасан юм бэ? Морь, мал гэдэг муухай сэдэв биш, хөдөөгийн амьдралыг өнөөдрийн түвшинд, бас эрүүл саруулаар сэтгээд огт өөрөөр бичиж болно шүү дээ. Хөдөөний тухай шүлэг зохиол гэхээрээ л наадам, жороо морь байх албагүй. Наад зах нь Шукшины зохиолуудыг үз л дээ, дүрүүд нь гэж цэл хөдөөний, дүүрчихсэн гэнэн цайлган амьтад гардаг. Тэгсэн мөртлөө ямар авьяастай, хайр хүрмээр гоё бичигдсэн байдаг билээ? За тэгээд Фолкнер байна. Нөхцөлгүй бүдүүлэг, бор бааз, бөглүү хөдөөний негрүүд гардаг. Гэтэл ямар аугаа сэтгэлгээ, гайхалтай амьд дүрүүд тэнд байна гээч! Фолкнерын зохиолуудыг би “миний амьдралд тохиолдсон нэг гайхамшиг” л гэж хэлнэ. Ер нь сайн зохиол бичнэ гэдэг бол өөрөө аугаа их үйлс юм. Барилгачин хятадуудыг зодохоос, улс төрийн аль нэг намд зүтгэхээс, Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар ухуулга сурталчилгаа хийхээс ч юм уу, зуданд үхэж буй малыг аврахаас илүү эх оронч үйлс ч байж мэднэ. Жишээ нь, би сая тэр нэг хөөрхий бөө өвгөний амьдралаар төлөөлүүлж буриадуудын тухай бичихдээ Монголынхоо хувь заяанд сэтгэл зовж явдгаа илэрхийлэхийг хичээсэн. Чадсан эсэхийг минь уншигчид харна биз.
-Та Фолкнерыг амьдралдаа тохиолдсон гайхамшиг гэлээ. Тэгээд л түүний номыг орчуулж гаргаа юу?
-Сая “Бөөгийн домог” романтайгаа зэрэг хэвлүүлсэн энэ “Өвгөд” хэмээх ном бол тэр зохиолчийн шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр. “Баавгай” туужийг нь анх уншсан цагаасаа л би Фолкнерыг биширсэн. Магадгүй, хүүрнэл зохиол гэж чухамдаа юу болохыг таниулсаных нь төлөө би тэр их хүний сүнсний өмнө өртэй байх. Энэ ном гарснаар Монтэнь, Сартр, Борхэс, Фолкнер гэсэн миний хамгаас онцгойлон шүтэж явдаг дөрвөн зохиолчоо цуврал ботиудын хэмжээнд орчуулсан хэрэг юм.
-Хүүрнэл зохиолын ном яруу найргийн номноос илүү зарагддаг юм шиг санагддаг. Яруу найраг сонсоход уянгалаг, хүний сэтгэл хөглөгддөг байх ёстой гэж ярих хүмүүс байна. Харин таны хувьд..?
-Яруу найраг ч тэр, хүүрнэл зохиол ч тэр, жүжиг ч тэр өөр өөрийн зиндаатай. Тэнэмэл хулгайч, гудамжны архичдыг уяраах хэмжээний шүлэг бичдэг хүн ч байна. Дарга нарт зориулж шүлэг бичдэг байсан үе ч манайханд бий. Муу юм бичдэгээ хэзээ ч мэдэх чадваргүй хүн гэж байна. Бас сайн юм хийчихсэнээ мэддэггүй хүн ч байна. Гэхдээ л нийтээрээ алга ташаад, шүгэлдэж, бахдаад байгаа зүйлс ихэнхдээ доогуур зиндааных байдаг юм даа. Үүнийг зүгээр харж, сонсоод хангалтгүй, өөрөө уншиж, оюун санааны хувьд өгсөж өндийж байж л ялгааг нь олж мэднэ. Ном зарагдах нь зах зээлийн утгаараа амжилт. Харин үнэт чанар гэдэг энүүхнээр хэмжигддэггүй.
-Зарим залуу зохиолч толгой холбодог уянгын зохиолоос ангид байх гээд бичиж байгаа зүйл нь механик болоод байх шиг санагддаг уу?
-Зөвхөн залуучууд ч биш, манай хөгшчүүл бас муу найруулгатай, утгын маш их алдаатай бичдэг юм шүү дээ. Монголчууд хамгийн мундаг боловсролтой байсан гээд байгаа 1970-80-аад оны орчуулгын номуудыг эргээд уншаад үзээрэй. Гурван номын нэг нь асар муу хэл найруулгатай байгаа. Авууштай нь, зөв бичих дүрмийн алдаа бараг харагддаггүй. Харин одоо бол энэ хоёр алдааг зэрэгцүүлсэн бохир номоор дэлгүүрийн лангуу дүүрчээ.
-Өнөөдрийн хувьд бол, муу хэл найруулгатай орчуулгын номын эзлэх хувь ямар байгаа юм шиг санагддаг вэ?
-Арван номын ес нь гэвэл арай ч дэгсдүүлсэн болох байх аа. Таван номоос дөрөв нь шаардлага хангахааргүй байгаа юм биш үү.
-Манайд яг зохиолч хүний амьдралаар амьдарч байгаа хүн бол та болон таны гэргий. Өөр хэдэн ийм зохиолч байдаг бол? Зохиолчид ихэнх нь сэтгүүлч болж зарим нэг нь улс төрд орж байгаа харагдах юм…
-Зохиолоо дагнан бичиж амьдардаг хүн Монголд өөр байхгүй шүү дээ. Гэхдээ миний номууд сайн зарагддаг болоод тэр биш, зүгээр л би зарлага багатай энгийн амьдралаар амьдардаг, бас уран зохиолдоо үнэнч байж чаддаг.
-Монголын яруу найраг 90-д оныхноор хязгаарлагдаж байна. Таны бодлоор залуу үе гарч ирэхгүй байна уу, эсвэл 90-д оныхон байр сууриа тавьж өгөх болоогүй байна уу?
-Уран зохиолд байр суурь гэдэг бол ширээ сандал ч юм уу, албан тушаал, мөнгө хөрөнгө биш. Зарим хүн нүүр нөлөөтэй, байр суурьтай яваа юм шиг харагдаж болно л доо. Уран зохиолын орон зайд шууд нөлөөлөх утгаараа сонины ч юм уу, радио телевизийн редактор, соёл урлагтай холбоотой байгууллагын хурган дарга, эсвэл уран зохиол заадаг их сургуулийн захирал, декан нар уран зохиолын бодлогыг барьдаг юм шиг өнгөн талаасаа харагддаг байж магадгүй. Гэвч яг үнэндээ бол тэдний ихэнх нь утга зохиолын хүрээнээс аль хэдийнээ арчигдчихсан хүмүүс байдаг. Судлаач шүүмжлэгч нэртэй байлаа гэхэд, юу судлах, зохиолыг яаж цэгнэхээ мэддэггүй. Шүлэг оролддог боловч түүнийг нь хэн ч уншдаггүй, ном гаргадаг ч барагтай л бол анхаарал татдаггүй. Тийм хүмүүст байр суурь гэхээр ойлголт ерөөсөө байдаггүй юм шүү дээ. 80-аад оныхонд ч тийм хүмүүс бий. Манай үеийнхэнд ч бий болж байна. Тиймээс араас залгаж байгаа залууст хэлэхэд, сайн зохиол бичихээс өөр амбийц байх ёсгүй. Сайн л зохиол бичиж чадвал өмнө чинь чиний орон зай бэлээхэн хоосон байна.
-Таны тухай бичсэн шүүмжлэлээс өөрөө хүлээж зөвшөөрч тэр хүнийг хүндлэх сэтгэл төрсөн шүүмж байдаг болов уу?
-Намайг шүүмжилсэн хүн байхгүй шүү дээ. Нэг бол гүтгэн доромжилж, эсвэл магтдаг.
"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.