2006.4.13-нд М.Билигсайхан хэмээх залуу “Утга зохиол” сонинд гарах юм гээд ийм нэг ярилцлага авч байсан. Сүүлд нь өөр газар гарсан харагдана билээ. Олон жилийн өмнө юу ярьснаа эргэн харахад заримдаа сонин ч юм шиг. Тэр үед МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн байсан тул байгууллагатай холбоотой зүйл нэлээд асуужээ.
-МЗЭ-ээр сүүлийн үед сонин юутай байна вэ? Утга зохиол дахь өөрчлөлт, хөгжил, хөдөлгөөн мэдрэгдэж байна уу?
-Дотор нь ажилладаггүй болохоор үнэндээ тийм ийм юм болж байна гэж хэлэх зүйл алга даа. Уран зохиолын ойр орчмын ихэнх мэдээллийг сонин хэвлэлээс л олж харах юм. Ер нь ч бүх зохиолчдыг нэг дор нэгтгэж зангиддаг, олон нийтийн байгууллагын үүрэг роль утга зохиолд улам бүр хумигдаж байна. 10 жилийн дараа “Зохиолчдын эвлэлээс юу зохиож байна?” гэж сонирхдог хүн байхгүй болох биз. Учир нь уран зохиолыг ямар нэгэн байгууллагын бодлого авч явдаггүйг тэр цагт эрхбиш ойлгоцгоодог болох байх. 1929 оноос 1990-ээд он хүртэл явж ирсэн МЗЭ, өнөөдрийн МЗЭ хоёр бол үйл ажиллагааны хувьд эрс тэс өөр байгууллагууд шүү дээ. Соц үеийн үзэл сурталд зохиолчдыг ашиглах намч байр суурь, улсын төсөв хоёр алга болсноор МЗЭ гэдэг байгууллага оршин тогтнох учир утгаа алдсан. Үзэл бодлын зөрүү ихтэй, утга зохиолыг үнэлэх үнэлэмжээрээ ялгаатай уран бүтээлчдийг нэг байгууллагын гишүүд байлгах угаасаа боломжгүй юм. Яахав, 2001 онд шинэ удирдлага гарснаас хойш утга зохиолд хандах хүмүүсийн хандлага илт наашилсан л даа. Уран зохиолоос холдож бизнес хөөсөн, байгууллагадаа гадуурхагдсан олон хүн уран бүтээлдээ эргэн ирсэн. Зохиолчид байгууллагадаа итгэж найддаг, үгээ хэлдэг, шүүмжилдэг, санал бодлоо хэлдэг, ямар нэгэн дэвшлийг хүлээдэг болсон. Хамгийн гол нь нийгэмд зохиолчдыг хоцрогдсон, харанхуй, зүгээр л нэг архи уугаад энд тэнд шүлгээ уншаад явж байдаг боловсролгүй хүмүүс мэтээр төсөөлдөг болчихоод байсан ойлголт бага багаар үгүй болох шинж ажиглагдаж байна. Гэхдээ л зохиолчид энүүхэн төдийд сэтгэл хуурталгүй, жинхэнэ утга зохиолын дээд шаардлагад тэнцсэн, урсгал чиглэлээ түшиглэсэн клубуудтэй болохыг зорих хэрэгтэй.
-Утга зохиолын мөн чанар, чиг хандлага, урсгал чиглэлийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Миний ярьсан яриагүй бүгд тодорхойлогдчихсон, аль аль нь тодорхой зүйл шүү дээ. Ганц юм хэлэхэд, хэн боловч дэвшилтэт, эрүүл саруул байр сууринаас л уран зохиолд хандах ёстой. Бидний амьдарч яваа цаг үеийн дэвшилтэт сэтгэлгээний хэв маяг бол постмодернист философи юм. Постмодернизм гэхээр манайхан дүр хэлбэрийг эвдэх, утга учиргүй хийсвэрлэлд шүтэхийг хэлээд байна гэж ойлгодог. Иймэрхүү өнгөц хийсвэр маяглал модерн, авангард чиглэлүүдийн хамт үеэ өнгөрөөгөөд удаж байна. Постмодернизм бол нэн шинэ, модернизмоо бодвол энгийн уншигч үзэгчдэд ойрхон үзэл баримтлал шүү дээ. Тэнд гагцхүү үнэн, жинхэнэ урлагийн сэтгэлгээ л яригддаг.
-Монголын уран зохиолын уламжлал, шинэчлэл, залгамж халааны тухай хүн бүхэн өөрийн бодолтой явдаг. Таны бодлыг сонсмоор байна?
-Бас л урьд энд тэнд бичснээсээ илүү шинэ юм ярьж чадахгүй нь дээ. Манай утга зохиолын уламжлал хичнээн баян болох тухай “Нууц товчоон”-оос эхлээд Гүлранс, Инжаннаши, Нацагдорж гээд ярьж болно л доо. Гэхдээ уламжлалаа хүндэлж байна гээд хэн бүхний бичсэн болгоныг хурааж цуглуулаад байвал одоохондоо инээдтэй, хойчид эмгэнэлтэй үр дүн гарна. Нэг залуу шүлэгч “Хуучин уран зохиол, ахмад үе хэмээх агуу том модны ердөө л ганц навч нахиа нь юм гэдгээ хэзээ ч мартахгүй явах болно” гэж андгайлж байхыг санаандгүй сонссон. Хөөрхий дөө, өөрийгөө хэнээс ч хамааралгүй, бие даасан бодгаль ертөнц гэдгээ ухамсарлаж чадахгүй бол шүлэг зохиол бичих гэж цагаа үрээд яана даа? Уламжлалт сэтгэлгээ угаасаа дэвшилтэт сэтгэлгээ байдаггүй. Сэтгэлгээ шинэчлэгдсэн цагтаа л сая жинхэнэ сэтгэлгээ болдог. Манай зарим нөхөд “Яруу найрагт сэтгэлгээ хэрэггүй, сэтгэл л чухал юм” гэж ярьдаг. Яруу найргийн дүрслэл, сэтгэлгээ л гэж байхаас яруу найргийн сэтгэл гэж юу байх вэ дээ? Зарим нэг гадаадын хүн “Танайхан орчин цагтайгаа хөл нийлэх хэрэггүй, зүгээр л хөдөө тал, мал хунараа бичээд, хамгийн гэнэн цагаан юмс яриад явж бай. Тэр чинь л өнөөдрийн иргэншилд үгүйлэгдээд байгаа яруу найраг юм шүү” гэх мэтээр номлосон зүйл ч энд тэнд нийтлэгдсэн байна лээ. Үгүй, энэ чинь монголчуудыг хэн гэж бодоод хүн төрөлхтний сэтгэхүй юунд хүрчихээд байгаа нь бидэнд хамаагүй бололтой юм ярьж, юугаа зааварлаж доромжлоод байгаа бол? Угаасаа яруу найраг хүний сэтгэлээс гарч, сэтгэлгээний хүчээр төлөвшлөө олдог урлаг. Тиймээс сэтгэлгээ гэдэг ганцхан ойлголт л үе үеийн утга зохиолын амин сүнс болж ирсэн. Яруу найраг, утга зохиолын тухай ярих л юм бол, сэтгэлгээний тухай л ярих болно. Хэрэв өөр тийшээ хадуурч, сэтгэл мэтгэл гэсэн гоё үгээр бусдыг мохоох гэж оролдож байгаа бол, тэнд ялзарсан бурангуй үзэл нуугдаж байгаа хэрэг.
-Таны “Ганцаар цайвар навч”, “Цаг хугацаа амсхийх зуур”, “Эр сэтгэл”, “Философийн шүлгүүд”, “Non plus ultra” яруу найргийн номуудаас давтагдашгүй өвөрмөц аялгуу эгшиглэдэг. Яруу найргийн амин сүнс юу вэ?
-Мэдрэмж, сэтгэлгээ.
-Монголын яруу найраг дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадах уу?
-Яруу найраггүй ард түмэн гэж байдаггүй. Яруу найраг бол хүн төрөлхтөний юм. Гэхдээ яруу найргийн сэтгэлгээ нь хоцрогдчих юм бол, тэр ард түмэн яруу найраггүйгээс ялгаагүй. Манайхны “Болор цом” дээр уншдаг шүлгүүд шиг зүйлс бол яруу найраг биш шүү дээ. Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг юм болгон дээр “Болор цом” гэсээр, би бас туйлширч байх шиг байна. Лаг лаг юм ярьдаг, мундаг дүртэй найрагчдын шүлгүүд ч “болор цом”-ынхоо дайнаас илүү гарахгүй байгаа тохиолдол ч зөндөөн гэдгийг бас мартаж болохгүй.
-Та “Өнөөдрийн тухай” шүлэгтээ
Өглөө сэрэхэд, зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
...Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж үгүй.
Энэ чинь, Бурхан минь, ямар сайхан юм бэ!
хэмээн бичснийг “Монголын уран зохиолд тэнгэр тэмтэрсэн хүн өнөө хүртэл алга” хэмээн манай нэгэн нэртэй зохиолч хэлснээрээ шуугиан тарьсан. Миний 1990 онд бичсэн шүлгэнд “тэнгэр тэмтэрсэн” бадаг байдаг. Энэ нээлт мөн үү?
-Тийм үү, тийм нээлт хийчихээд байхад чинь хүмүүс анзаарахгүй байна уу? (инээв) Тэр яриа бол тэнгэр тэмтэрсэн эсэхэд байгаа юм биш шүү дээ. Намайг магтсанд дургүйцэх хүн олон байснаас л тэр. Магадгүй, тэгж хэлсэн Дарамын Батбаяр гуай руу дайрах хүсэлтэй хүн цөөнгүй байсных ч байж мэднэ. Нээлт энэ тэр гэж ярихын тухайд бол, хэрэв чамд тийм мөр байдаг юм бол, хэн нэгэнд нээлт гэж анзаарагдах хэмжээнд бичиж чадаагүй л байх нь. Манай яруу найрагчид “Би анх ингэж хэлсэн, би анх, би бас” гэхчлэн маргалдахад надад их өрөвдөлтэй санагддаг юм. Түрүүлж хэлэх, яруу найраг болгох хоёр бол зүйрлэшгүй өөр юм шүү дээ. Түрүүлж хэлэхийн тухайд бол ард түмэн аман яриандаа ч юм уу аль түрүүн хэлчихсэн байдаг юм. Түүнийг нь хэн эхэлж жинхэнэ яруу найраг болгов гэдэг л сонин. “Тэгж яривал Дашбалбар тэнгэрийн тухай бичдэг байсан, миний тэр шүлгэнд тэнгэрийн тухай үг бий” гэхчлэн энд тэнд бичсэн харагдана билээ. Гол нь тэнгэрийн тухай бичсэн эсэхдээ биш, өмнө нь иймэрхүү сэтгэлгээ манай яруу найрагт байгаагүй гэж л Батбаяр гуай хэлснийг ойлгоогүй ч юм уу, эсвэл зориуд гуйвуулсан нь л тэр юм шүү дээ, хөөрхий.
-Хүн байхын нандин утга учир, амьдралын мөн чанарыг тодорхойлбол?
-Хүн байх тийм нандин утга учиртай гэж үү? Нохой, морь байхаас дээргүй ч байж мэднэ.
-Үеийн нөхдийнхөө болон 1990-ээд оноос хойшхи Монголын утга зохиолын хөгжлийн талаар бодлоо хэлнэ үү?
-90-ээд оноос хойшхи Монголын утга зохиолыг манай үеийнхэн л авч яваа шүү дээ. Авч явах, авч яваа нэр зүүх нэг хэрэг. Бүтээж туурвих тун өөр хэрэг. Өнөөдөр 50-60 хүний нэр хэлж болно, хожим 5-6 ч үлдэхгүй байж мэднэ. Тэгэхээр ХХ зууны утга зохиолын тухай ярьж болох юм. 90-ээд оныхны тухай дүгнэж ярихад бас ч эрт байна.
-Д.Галбаатар багш “Өнөөдрийн уран зохиолыг 80-аад оныхон авч яваа” гэж хэлсэн. Та үүнтэй санал нийлэхгүй байна уу?
-Хүүрнэл зохиолын хувьд Пүрэвжавын Баярсайхан манай өнөөгийн зохиолчид дотор толгой нь. Миний гаргасан “Монголын сонгомол өгүүллэг” антолог дотор байгаа гурван өгүүллэг, тэр дундаа “Зуун жил” бол тасархай. Өөрөөр бол 80-аад оныхон дотор өмнөх үеэсээ илүү гарсан гэчихмээр хүн байхгүй.
-Өөрөө “Отгонтэнгэр”, “Их Монгол” гээд сургуулиудад багшилж байсан. Утга зохиолын сургалтад юуг эрхэмлэн анхаарвал зохих вэ?
-Наадхи чинь үнэхээр ярвигтай асуудал байгаа юм. Олон нийт байтугай, зохиолчид маань өөрсдөө юм уншихаа больчихсон байна шүү дээ. Юм уншдаггүй хүмүүст уран зохиолын тухай ярина гэдэг өөрийгөө доромжилж байгаатай л адил. Дунд сургуульд уран зохиолын суурь мэдлэг олигтой өгч чадахгүй байна. Сайн зохиолууд монгол хэл дээр бараг алга. Монголоор бичигдсэн зохиолууд дотор өнөөгийн хүний оюуны хэрэгцээг хангачих юм ховор. Үнэхээр ярвигтай байгаа биз? Хүнийг утга зохиолын дөртэй болгоё гэвэл сайн зохиол л уншуулах хэрэгтэй. Сайн зохиол олж уншихын тулд гадаад хэл сайн сурах хэрэгтэй. Нэгэнт л манайд одоогоор ирээдүйтэй сайн орчуулагчид байхгүй юм чинь, өөр ямар ч аргагүй. Аким гуай шиг 10 шижигнэсэн орчуулагч байсан бол өөр хэрэг. Ам халсан дээрээ хэлчихэд, гадаадын уран зохиолыг орчуулахыг үзэн яддаг хүмүүс бий. “Монгол биш, орчуулга” энэ тэр гэцгээх нь дуулдаж л байдаг. Хөмөрсөн тогоон дотроо хөх даалимбан тэрлэгээ нөмрөөд хэвтэж байя гэдэг чинь л харин эх оронч биш үзэл байхгүй юу. Монгол үндэстнийг мөнхөд байлгая, монгол хэлээ үүрд амьд хэрэглэе гэвэл дэлхийн сонгодгуудыг эх хэл рүүгээ бодлоготойгоор орчуулж ботилох хэрэгтэй.
-Уран бүтээлч хүмүүст оргил үе гэж бий. Авьяас билиг гэдэг таны бодлоор...
-Жинхэнэ уран бүтээлч дандаа оргил үедээ явах ёстой. Авьяас бол анхны өгөгдөхүүн юм. Цааш нь эзэн хүн хөгжүүлэх ёстой. Зохиолч хүн амьдралыг таньж мэдэх тусмаа үзэж туулсныхаа хэрээр төгөлдөржих ёстой гэж би боддог. Хэрэв 60 жил амьдарсан бол, 30-тай хүнээс хавьгүй илүү нарийн сэтгэж бүтээж байх учиртай. Дэлхийн том зохиолчид насжих тусмаа улам ланжгар бүтээл туурвиад байдаг. Харин манайхан яагаа ч үгүй эрт зөнөж мунхарчихдаг, сонин шүү. Сонин ч юу байх вэ, өрөвдөлтэй л хэрэг. “Боловсролтой хүн зөнөдөггүй” гэж нэг үг бий. Өндөр боловсролтой гэж хүндэлж явсан зарим зохиолч маань гэнэтхэн л зөнөг хүний өчүүхэн өчүүхэн ааш гаргаад бүр гайхаш барчихсан тохиолдол нэг биш. Тэгэхээр манайхан боловсрохдоо ч гэсэн худлаагаасаа, “хулхи” боловсордог юм шиг байна. Дүр төдий.
-Орчин үеийн уран зохиолын, өгүүллэг, тууж, романы чиг хандлага ямар байна вэ?
-Яг тийм гээд хэлчих хэцүү л дээ. Гэхдээ тодорхой болчихоод байгаа нэг зүйл бол хуучных шиг хэдэн хуруу зузаан роман бичигдэхээ больчихоод байна. Роман гэдэг нимгэн зузаандаа биш, утгынхаа багтаамжид байна. Энэ утгаараа төрөл жанрын асуудал үндсэндээ эргэж хөрвөчихлөө. Эцсийн эцэст жанртаа гол нь биш байжээ гэдгийг утга зохиолын хүрээнд ойлгочихоод байна. Гол нь тухайн зохиолын үнэт чанарт байна. Үнэт чанар гэдэг бол явж явж авьяас чадвар уг зохиолд шингэж үү, үгүй юу, цоо шинэ хийгээд жинхэнэ уран зохиол мөн үү биш үү гэдэгт байгаа юм. Шинэ гэдгийн тухайд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Зарим онолч “Шинэ тусмаа сайн байдаг” гээд ойлгочихсон явдаг. Би бол эсрэгээр нь, сайн тусмаа л шинэ юм байдаг гэж үзнэ.
-Утга зохиолын амьдралд болж байгаа үйл явцын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Утга зохиолын амьдралд юу болж байна вэ гэдгийг ном зохиолоор өөрөөр нь хэмжих хэрэгтэй. Хэн аль сонинд ямар ярилцлага өгөв, түүнээс болж ямар хэрүүл дэгдэв гэдэг нь утга зохиолын амьдралын үйл явц биш. Хэн юу бичив, ямар ном гаргав гэдэг л үйл явдал. Тэр ном олигтой юм болж чадаж уу, үгүй юу? Ярих хэрэгтэй, шүүмжлэх хэрэгтэй. Сайн болсон бол сэтгэл харамгүй магтацгаах хэрэгтэй. Тэгвэл утга зохиол хөгжинө. Харин манайд номын тухай, шинэ уран бүтээлийн тухай ярихаа болиод удаж байна шүү дээ.
-Өөрийн чинь эрхлэн гаргаж буй “Шинэ үеийн номын сан” цувралыг уншигчид ихээхэн сонирхож байна. Эдгээр номынхоо тухай дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-Одоогоор 10 боть гарчихаад байна. Зарим нь цэвэр орчуулга, зарим нь миний өөрийн бүтээл. Энэ бол философи-уран сайхны сэтгэлгээний цуврал. Нэг бүрчлэн яривал их цаг орно. Тэгээд ч гайхуулаад байгаа юм шиг дахин дахин ярих эвгүй юм.
-Ялангуяа “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” номыг чинь их сонирхож байна. Орчуулагчийн хувьд танилцуулна уу?
-Ахиад л давтах болох нь. Энэ бол 100 хувийн орчуулга биш, яг ийм хэлбэрийн номонд тулгуурласан миний өөрийн санаа, сонголт, тайлбараас бүтсэн ном юм. Иймэрхүү ном баруунд их түгээмэл байдаг. Зохиолыг уншснаас бараг л ялгаагүй хэмжээнд танилцуулдагт ач холбогдол нь байгаа юм. Гадаадын ийм маягийн номуудаас миний номын ялгаа нь, зохиол бүрийн өмнө тухайн бүтээлийн онцлогийг өнөөгийн утга зохиол судлалын дэвшилтэт үзэл баримтлалын үүднээс тайлбарлаж бичсэн. Энэ утгаараа дээд уран зохиолын тухай цуврал лекц гэж болно.
-“Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” номыг чинь утга зохиол шүүмжлэгч, доктор Ч.Билигсайхан “ХХI зууны Монголын уран зохиолын шинэ нүүр царай” хэмээн үнэлсэн билээ. Та энэ бүтээлдээ ямар шинэ санааг шингээхийг эрмэлзсэн бэ?
-Номонд миний “Дурлалгүй ертөнцийн блюз” метароман, “Цасны роман”, “Хэвтрийн хүн” туужууд, бас 10 эсээ бий. Хүүрнэл зохиолоор гаргасан анхны ном минь тэр л дээ. Энэ номыг хэн ч уншиж болно. Ойлгомжгүй, төвөгтэй орооцолдоон байхгүй. Гэхдээ “Тунгалаг Тамир”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зохиолд амташсан зарим нэг хүнд миний хэлэх гэсэн санаа ойлгогдохгүй байж магадгүй л дээ. Бидний амьдарч байгаа ертөнц учир утгагүй, найдаж явдаг зүйлс маань хоосон, бид өөрсдөө ч үүнийхээ голдрилоос гарч чаддаггүй, хорвоогийн өмнө хүчин мөхөс амьтад юм. Энэ нэгэн санааг л би янз бүрийн зохиол болгох гэж оролдсон хэрэг. “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр” романууд ч үүнд хамаатай.
-Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Би Баянхонгор аймгийн уугуул. Утга зохиолын мэргэжилтэй. Ээж, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1999 оноос хойш чөлөөт уран бүтээлч.
-Өлзийтөгс бол маш нарийн мэдрэмжтэй яруу найрагч. Ханийн хувьд шүлгийг нь хэр үнэлдэг вэ?
-Ханийн хувьд биш, утга зохиолын мэргэжлийн хүний хувьд хэлэхэд одоохондоо Өлзийгөөс илүү гарах шүлэгтэй хүн Монголд алга байна.
-Сүүлийн үед уран бүтээлчдийн дунд таны бүтээлийг сайшаасан үгс ихээхэн сонсогдох боллоо. Цаашид ямар бүтээл туурвих вэ?
-Ойлгоод сайшааж байгаа хүн ч байгаа л байх. Сургаар магтаж байгаа хүн ч бий л байх. Бас боломж л гарвал гутааж явдаг хүн ч цөөнгүй байдгийг мэднэ. Би бодож байгаагаа бусдаас нуулгүй хэлчихээд, өөрийн мөрөөр, юмаа бичээд л сууж байдаг. Гэрээс ч бараг гардаггүй тул, хэн юу гэж ярьж явааг ч дуулдаггүй. Бүтээлийн хувьд гэвэл, энэ жилдээ цувралаа гурван ботиор нэмчих санаатай байна. Бэлэн болчихсон нэг зохиол бий.
-Амьдралдаа тохиолдсон хамгийн жаргалтай болоод гунигтай үеэ эргэн дурсана уу?
-Би үргэлж дуртай юмаа хийдэг, бичсэн номоо зараад хүүхдүүдээ өлсгөчихгүй явдаг болохоор жаргалтай байдаг. Үнэндээ бол, бурхны авралаар надад амьдрал хэцүү, зовлонтой, бараан санагдаж байгаагүй. Оюутан байхдаа, хүний нутагт халаасандаа сохор зоосгүй, өлсгөлөн явж бишгүй л үзсэн. Дорд үзэгдэж, доромжлуулж ч явсан. Энэ бүхнийхээ тухай бичээд л би жаргалтай болчихдог байсан. Магадгүй уран зохиол намайг бусдаас илүү жаргалтай хүн болгодог ч юм уу. Харин сүүлийн үед санаа зовдог нэг зүйл бий болсон... Энэ Монгол орны хувь заяа хаашаа яваад байна даа? Монгол гэдэг үндэстний хамгийн гунигтай, ярвигтай цаг үеийг нь арай бид үзэх юм биш байгаа? Хүн бүр амиа бодоод, хөрөнгө баялаг хөөгөөд, харанхуй мунхаг нь ихдээд, нэг л биш ээ.
Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.
http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film
"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.