2013 оны 10-р сарын 14-ны өдрийн "Өнөөдөр" сонинд гарсан ийм нэг яриа байна. Шүлэг бичихээ больсныг минь сурвалжлагч Ж.Тэгшжаргал бодлогошронгуйн төлөө бичих зарчмаа орхиж байгаа гэж ойлгосон юм шиг байна билээ. Урьд шүлгээр илэрхийлдэг байснаа өдгөө хүүрнэлээр илэрхийлнэ ээ, өөр ялгаа бол байхгүй ээ.
-Сайхан намаржиж байна уу. Хилчидтэйгээ цаг гарган ярилцаж байгаа танд маш их баярлалаа. Энэ намрын өдрүүдэд уран бүтээлийн олз омог хэр арвин байна?
-Сайхан намаржиж байна аа. Одоо нэг шинэ роман дээр л сууж байна даа.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Би хотоос жаахан зайдуу, нэгэн хэмийн амьдралаар суудаг болоод удаж байна. Өглөө босуут нохдоо уяхыг нь уяж, үүр торноос нь гаргахыг нь гаргаж хооллосноор л миний өдөр эхэлдэг. Дараа нь цахим шуудангаа үзчихээд, шууд л ажилдаа ордог доо. Нөгөө цаасаа л шагайдаг гэсэн үг.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2013 оны 8-р сарын 24-ны дугаарт доорхи ярилцлага гарсан байна. Ийм гарчиг өгч, ярианы төгсгөлд “Дөчин насны бодлууд”, “Бясалгал” хэмээх хоёр шүлгийг минь тавьжээ. Шинэ гарсан номонд сурталчилгаа ч болчихмоор энэ нийтлэлд талархах сэтгэлийг минь “Бясалгал” шүлгийг нэлээд алдаа мадагтай гаргасан явдал үгүй хийж орхисон нь тоогүй. Номноос хуулж шивсэн хүний л хайхрамжгүйгээс болоод тэр шүү дээ.
-Таныг уншигчид уран бүтээлээр чинь багагүй мэднэ. Та анх хэдэн наснаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн бэ?
-16 настайгаасаа.
-Таны “Балчир шүлгүүд” номыг яруу найргийн бусад түүвэртэй чинь харьцуулж харахад Горькийн утга зохиолын сургуульд сурснаар таны оюуны ертөнц маш их өөрчлөгдсөн нь анзаарагддаг. Юун тухай асуух гээд байна гэхээр авъяас, боловсрол хоёр өөр зүйл үү, нэг зүйл үү?
-Тэс өөр зүйлс. Боловсрол бол олоод авч болдог зүйл. Авьяас бол тийм биш. “Анхнаасаа хурц байгаагүй өргөс ахиж хэзээ ч хурцлагддаггүй” гэж нэг үг бий дээ. “Балчир шүлгүүд” бол балчир насны шүлгүүдээ зориуд түүвэрлэн нэгтгэсэн ном юм. Харин бусад түүврийн тухайд гэвэл, ямар нэг дээд сургуульд сурсан сураагүй хүн эрийн цээнд хүрч, ухаан авьяас тэгшрэх насандаа хүрэх гэж нэг юм бий л дээ.
"Интерном" их дэлгүүрийнхэн намайг зохиолч-уншигчдын уулзалтад ирээч гэсний дагуу өнгөрөгч 11-р сарын 2-ны Баасан гарагт тэнд очлоо. 150 гаруй хүн цугласан байна гэж дараа нь нэг сурвалжлагч надад хэлсэн. Номын дэлгүүрийн хоёрдугаар давхарт үнэхээр ч хүн ихтэй байв. Маш олон асуулт асууцгааж, залуус тун идэвхтэй байсанд нь сэтгэл баяссан шүү. Тус дэлгүүрээс гаргадаг "Номын түлхүүр" сэтгүүл ч яриаг маань ханатай сайхан тэмдэглэж буулгасан байна билээ.
Харин уулзалтын дараа 10 гаруй мэдээллийн сайт, бас "Өдрийн сонин", "Үндэсний шуудан", "Өглөөний сонин", "Өдрийн шуудан" зэрэг лав л 6-7 сонин дээр хоорондоо маш адилхан ярилцлагууд гарсан. Адилхан ч байлгүй яахав дээ, нэг л уулзалт ярианаас мань сурвалжлагчид яриагаа босгосон юм чинь. Зарим нь бүр өмнө нь миний өөр өөр газарт өгч байсан ярианаас асуулт хариултыг тэр чигээр нь оруулж зүйгээд нийтлэлээ баяжуулсан харагдав. Намайг сэтгүүлчийн ажилд зүтгэж явахад, хэн нэгэн аль нэг сонинд ярилцлага өгсөн бол дор хаяж хоёр гурван сарын турш тэр хүнээс бусад нь яриа авдаггүй бичигдээгүй хуультай байж билээ. Одоо ч хамаагүй, нэг хүнийг ар араас нь угсруулаад тавьдаг болсон юм байна. Хамгийн эвгүй нь миний өмнөх яриануудаас дур зоргоороо мөлжсөн нь цаад яриаг хийсэн сурвалжлагчийн ажлыг улайм цайм дээрэмдэж байгаа юм шиг санагдлаа.
Тэрхүү ярианаас үүдсэн ярилцлагуудын зарим линкийг хавсаргав.
http://art.news.mn/content/124615.shtml
http://www.dailynews.mn/?vfile=30&vmet_id=30919&vmet_main=1187
Шинэ роман гарсны дараахан буюу 2012 оны 4-р сарын 6-ны “Өдрийн сонин”-д доорхи яриа гарчээ. Зарим яриаг олж хадгалахгүй бол тэгсхийгээд үрэгдэж, заримыг нь бүр олж үзэлгүй үүрд алдчих юм.
-“Шүгдэн" хэмээх шинэ роман тань хэвлэгдээд удаагүй байна. Нэрээс нь харахад, буддын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй этгээд өвөрмөц шүтээний тухай гэж ойлгогдмоор. Гэтэл яг зохиол дээрээ Доржшүгдэнгийн тухай маш бага гардаг юм билээ шүү дээ?
-Зохиолд нэр өгдөг янз бүрийн л арга байна л даа. Жишээлэхэд, Ойрадын Зая бандид Намхайжамцын намтар "Сарны гэрэл" хэмээх судар бий еэ. Зая бандид нэгэнтээ олон ламтай ном хаялцаж л дээ. Тэгээд их гүүш аргагүй товойж ялгарахад нэг лам "Од хичнээн олон байвч сарны гэрэл аргагүй илүү юм аа" гэж дуу алдсан гэдэг. Энэ явдлыг дурдаад, мөнөөх судрыг "Сарны гэрэл" гэж нэрлэсэн учиртай. Тэгэхээр, нэрийг уншмагцаа л сартай шөнийн тухай ном байх гэж бодож болохгүй нь байна шүү дээ (инээв). Пэрэнлэйн Лувсанцэрэнгийнх бил үү, "Сарны сонат" гээд нэг өгүүллэг бий. Бетховены хөгжмийн тухай биш, зүгээр л гол баатар сэтгэл доноголзон сууж ахуйд радиогоор тэр аялгуу явж байдгаас үүдсэн нэр. Яг л тэр мэтчилэн, миний романы дотор нэг лам учир битүүлгээр үхчихдэг. Талийгаач лам Шүгдэн тахидаг байсан нь явцын дунд тодорхой болдог юм. Тэгээд л романы нэр болчихсон хэрэг.
Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.