Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...

 

                Түүнийг чухам хаашаа явсныг би мэдээгүй. Курский вокзалын зам дээр, хариугүй хөдлөх гэж байгаа цахилгаан галт тэргэнд цангасан амаар шунамгайхан үнсэлцээд л салсан. Шар үстэй бүсгүйчүүлд хар савхин хүрэм гойд зохьдог. Тэр шаргал үсэнд би их л хоргодсон сон.

                Нэрийг нь ч мартчихжээ. Харин зогсоолын тавцангаар уруудан буцаж явахдаа хот хоорондын цахилгаан галт тэрэгний чиглэл заасан самбарт “Петушки” хэмээх өртөөний нэрийг бусдаас илүү тод, том үсгүүдээр бичсэнийг харж билээ.

 

1. ӨНӨӨДРИЙН ДУУ

 

                Өдөр өдөр өөрийн дуутай. Сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Бүр зүүдний гүнээс сонсогдсон юм шиг, нүдээ нээхээс ч өмнө дотуур маань хөврөхийг яана. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй “Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ…” гэх маягийн улаан даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тэр өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирдэг мэт Галсанд санагдана. Өнөөдрийнх, хаа очиж, аятайхан дуу таарчээ.

                                Хажуунаас нь-нь харах юм бол

                                Ханан хээтэй-эй Самгалдай-ай…

                1.

 

Хоржоонт илбэчин мэт хагацлын тухай

Холоос санахад, тэр - хагацал биш.

Залуу нас минь нэгтээ үлдэв үү, нэгэн тийш одов уу?

Залуу насны тухай эндээс санахад, тэр - залуу нас биш,

Хоосолж тавьсан жирийн л нэг хундага.

                Харин амтыг нь мартжээ.

Холоос санахын хэрээр шаналал бүхэн зугаа болжээ.

Өхөөрдөм зугаа л байжээ.

 

ХАРААГААРАА унтдаг хүн гэнэт сэрэх мэт

Хачин адгуусан нүдээр намайг онож ядах

Өнгөрсөн юм гэдэг дандаа сэтгэл шимшрэм...

(Өө, алин цагийн хямдхан дарс билээ!)

 

 

                -1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр Орост оюутан байж үзээгүй хүмүүс бол бид дөрвийг ойлгохгүй ээ.

                -Та дөрөвт тийм онцгой юу байсан хэрэг вэ?

                -Цаг үе маань онцгой байжээ. Онцгой онцлогтой цаг үе, онцгой онцлогтой орон зайн дунд дөрвөн ядуу оюутан. Гурав нь хөдөөнийх.

                -Ха-ха-ха. Гурав нь хөдөөнийх байсан юм биз дээ?

                -Тийм ээ. Тийм болоод л бидэнд Москва бусад хүмүүст харагддагаасаа их өөр харагддаг байсан биз.

                -Та нарын нүд нэг тийм, өөр байж ээ дээ? Тэгж ойлговол болох уу?

                -Болно.

                -Ха-ха-ха. Та нарын нүдээр тэр үеийг харах хэрэгтэй юм байна л даа. Тэгвэл л тэр амьдралыг ойлгох юм байна. Тийм үү?

                -Тийм шүү. Тэр амьдралыг, тэр нөхөрлөлийг…

                -Та нар дөрвүүлээ яг чам шиг нүдний шил зүүдэг байсан уу?

                -Үгүй, би л ганцаараа дөрвөн нүдтэй юм.

                -Энэ шил бол чиний нүд биз? Үүнгүйгээр чи юуг ч харахгүй.

                -Харна л даа. Гэхдээ шилтэй бол илүү сайн харна. Тэгэхээр зөв ч юм уу, миний нүд л гэсэн үг…

                -Алив, шилээ өгчих. Би чиний нүдээр хорвоог нэг харъя. Тэгээд та дөрвийг ойлгох гээд үзье.

                -Үгүй ээ, энэ хорвоог биш, тэр хорвоог, бид дөрвийнх байсан тэр ертөнцийг… Одооны биш, тэр үеийн… бусад хүмүүсийн биш, бидний тэр л хэсэгхэн Москваг… Би тайлбарлаж чадахгүй нь ээ. Зүгээр л нэг удаагийн жижигхэн адал явдлыг ярья. Бидэн дотроо би хамгийн муу ярьдаг нь. Тэд илүү сайхан, илүү амттай ярих байсан. Мартин бол бүр нүдэнд үзэгдтэл ярих байсан. Нүдэнд үзэгдээд ч зогсохгүй. Яаж ярина гээч? Стерео ярих байсан.

                -Стерео ярих аа?

                -Тэр үед нэг тийм тусгай нүдний шил зүүж кино үздэг газар байлаа. “Октябрь” кинотеатр. Нүдний шил ч гэмээргүй, багт наадмын халхавч шиг. Түүнийг зүүчихээр кино илүү амьд, алслалт нь яг л жинхэнэ юм шиг харагддаг.

                -Чиний нүдний шил тийм биш үү? Ха-ха-ха.

                -Уг нь чамд түүнийг зүүлгэж ямар нэгэн кино үзүүлбэл зүгээр л юм байна. Гэхдээ миний ярих гэж байгаа зүйлд стерео кино ямар ч хамаагүй л дээ.

Шинэ ном

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.