Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
ЧӨТГӨРИЙН ГЭРЭЭ

 

 

                -1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр Орост оюутан байж үзээгүй хүмүүс бол бид дөрвийг ойлгохгүй ээ.

                -Та дөрөвт тийм онцгой юу байсан хэрэг вэ?

                -Цаг үе маань онцгой байжээ. Онцгой онцлогтой цаг үе, онцгой онцлогтой орон зайн дунд дөрвөн ядуу оюутан. Гурав нь хөдөөнийх.

                -Ха-ха-ха. Гурав нь хөдөөнийх байсан юм биз дээ?

                -Тийм ээ. Тийм болоод л бидэнд Москва бусад хүмүүст харагддагаасаа их өөр харагддаг байсан биз.

                -Та нарын нүд нэг тийм, өөр байж ээ дээ? Тэгж ойлговол болох уу?

                -Болно.

                -Ха-ха-ха. Та нарын нүдээр тэр үеийг харах хэрэгтэй юм байна л даа. Тэгвэл л тэр амьдралыг ойлгох юм байна. Тийм үү?

                -Тийм шүү. Тэр амьдралыг, тэр нөхөрлөлийг…

                -Та нар дөрвүүлээ яг чам шиг нүдний шил зүүдэг байсан уу?

                -Үгүй, би л ганцаараа дөрвөн нүдтэй юм.

                -Энэ шил бол чиний нүд биз? Үүнгүйгээр чи юуг ч харахгүй.

                -Харна л даа. Гэхдээ шилтэй бол илүү сайн харна. Тэгэхээр зөв ч юм уу, миний нүд л гэсэн үг…

                -Алив, шилээ өгчих. Би чиний нүдээр хорвоог нэг харъя. Тэгээд та дөрвийг ойлгох гээд үзье.

                -Үгүй ээ, энэ хорвоог биш, тэр хорвоог, бид дөрвийнх байсан тэр ертөнцийг… Одооны биш, тэр үеийн… бусад хүмүүсийн биш, бидний тэр л хэсэгхэн Москваг… Би тайлбарлаж чадахгүй нь ээ. Зүгээр л нэг удаагийн жижигхэн адал явдлыг ярья. Бидэн дотроо би хамгийн муу ярьдаг нь. Тэд илүү сайхан, илүү амттай ярих байсан. Мартин бол бүр нүдэнд үзэгдтэл ярих байсан. Нүдэнд үзэгдээд ч зогсохгүй. Яаж ярина гээч? Стерео ярих байсан.

                -Стерео ярих аа?

                -Тэр үед нэг тийм тусгай нүдний шил зүүж кино үздэг газар байлаа. “Октябрь” кинотеатр. Нүдний шил ч гэмээргүй, багт наадмын халхавч шиг. Түүнийг зүүчихээр кино илүү амьд, алслалт нь яг л жинхэнэ юм шиг харагддаг.

                -Чиний нүдний шил тийм биш үү? Ха-ха-ха.

                -Уг нь чамд түүнийг зүүлгэж ямар нэгэн кино үзүүлбэл зүгээр л юм байна. Гэхдээ миний ярих гэж байгаа зүйлд стерео кино ямар ч хамаагүй л дээ.

 

               I. Сэр-Од

 

                1990 оны Москва ер бусын хот байлаа. Энд тэнд чийдэнгийн шил хар аяндаа бут бут үсэрч, Новогиреевод шинэ жилийн шөнө нэгэн эмэгтэйн үстэй дээл өөрөө дүрэлзэн асч шатсан тухай, нэг айлын номын тавиур дээрээс тухайн үед моодонд ороод байсан Дейл Карнегийн зузаан номыг үл үзэгдэгч хүн авч хуудсыг нь сөхөн жаал харж байгаад шал руу хаячихсан тухай, Измайловод 13 настай хөвгүүн ниссэн тухай… Хичнээн сонин хачин зүйл сонсогдсон гэх вэ!

                Миний найз Сэр-Од тиймэрхүү сонин мэдээ цуглуулдаг байсан юм. Тэр цуглуулга чамгүй зузаан болсон доо. 1990 он бол Сэр-Одын оюутны байр орших Петровско-Разумовскийд хий үзэгдлүүд үүрлэж гүйцсэн үе. Тэр үеийн сонины хоёр ч хайчилбар надад байна. “МК”-гийн нэг хайчилбарт ингэж бичжээ:

                “Хуучин Петровско-Разумовскийн гудамжны 3-дугаар байранд... Галын өрөөнөөс над руу ногоон шилэн сав нисэн ирэв. Тэгээд шалнаас 25 см-ын өндөрт хана руу тусч, тэр дороо дэлбэрэх мэт жижигхэн хэсгүүд болж бутрав. Хүнээс ийм хүч гарахгүй…”

                Энэ бол цагдаагийн офицерын ярианы хэсэг. Сэр-Одын надад үлдээсэн хоёр хайчилбарын нэг.

 

                Сэр-Од ер бусын цаг үеийн, ер бусын хотод амьдарч яваадаа үнэн голоосоо итгэдэг сэн. Тиймээс хэзээ нэгэн цагт өөрт нь ер бусын гайхамшигт учрал тохиолдоно хэмээн ямагт хүлээж явдаг байсан юм.

                Тэр өдөр бид Сэр-Одын ятгалгаар “Аmadeus”-ыг дахиж үзэхээр зарлал шүүрдлээ. Ямар нэгэн порно-эротик биш, супербоевик ч биш, заавал “Amadeus”-ыг. Тээр хол, Бирюловод байх нэгэн бяцхан кинотеатрт л Моцартын тухай мөнөөх кино гарах юм байна.

                -Явцгаая, тэр бол ер бусын газар шүү. Яг Бирюлевод нохойны идүүр гэрэлтэж ниссэн юм гэж Сэр-Од уриалав.

                Жигтэйхэн хүйтэн, цасаар шуурсан өдөр байж билээ.

                Метроны үүдэн дээр биднийг бөөн шувуу угтав. Шувууд учир зүггүй шагшралдан, хавиар нэг чих дөжрөм дуу шуугиан. Сүрэг турлиах, бас зөндөөн шаазгай. Шувууд тогтож буухгүй шаагилдах хэрнээ өөдөө нисчихгүй, нэг л газраа уяатай юм шиг эргэн овоорно.

                Яг л уяатай юм шиг.

                Тэнд нь нэг өндөр хүн пальтоныхоо захыг босгоод, нүүрээ шувуудаас хаацайлах мэт тугдайн зогсож байлаа. Цагаан цаасан дээр хараар зурсан хүн. Дээгүүр нь баахан хар шувуу. Иймэрхүү зураг амь оржээ гэвэл танд ямар санагдах вэ? Бид урьд өмнө нь ийм хачирхалтай зүйл хараагүйдээ балмагдан дор дороо хөшицгөөж, харин Сэр-Од хүрмээ тайлан даллаж увайгүй шувуудыг үргээв. Шувууд бүр ч их шаагилдан улам чанга дуу хадааж, Сэр-Од руу маань дайрцгаах нь тэр. Тэгмэгц бид нэгийгээ зодуулж байхыг харсан юм шиг л турлиах, шаазгайнуудын дунд гүйлдэн орцгоолоо.

                Жинхэнэ зодоон болов. Нэг турлиах миний малгайг хуу татан авч, нэг шаазгай баруун чихийг минь маш хоржоонтой тоншлоо. Бараг хэрээ гэмээр нэг муу өрвийсөн хар шувууг би гялалзсан хоёр жижигхэн нүдийг нь хавсруулан хамаг хүчээрээ алгадаж, өөр нэг турлиахыг бүр нударга зангидаж байгаад өгчилгөж орхив. Төөгөө нэг шувууны хүзүүг санамсаргүй нуга атгаж, Мартин бүр нэг шаазгайг өшиглөсөн гэж хожим нь ярьж билээ. Худлаа ч байж мэднэ, өшиглөчихмөөр тийм доогуур дайрсан шувуу арай ч байгаагүй санагдана. Бид дийлэх янзгүй болж ирэхийн үес, би шувуудын дундаас зугтаж гараад холгүйхэн байсан модноос том саргар мөчир хугалж зэвсэглэв. Мөчир ёстой аминд орсон шүү.

                -Тэр модноос мөчир ав! гэж би хашгирсан.

                Сэр-Одоос бусад нь нэг нэг мөчиртэй болсны дараа л шувууд биднийг орхиж билээ.

                -Баярлалаа, хөвгүүд ээ, баярлалаа гэж нөгөө, шувуудад бүүрэлхүүлж зогссон, гүрж ч гэмээр, молдав ч гэмээр эр хэлэв.

                -Энэ яачихсан, галзуу шувууд вэ? гэж нэг маань арайхийн дуугарлаа.

                -Хараал идсэн Моцартын шувууд.

                -Моцартын-нн?

                Үл таних эр хавдсан нүдээ даран жуумалзаж,

                -Уг нь би наашаа, хараал идсэн Моцартын тухай тэр киног л дахин нэг үзэх гэж, төөрөхгүйн тулд метрогоор бүтэн цаг явж ирсэн юм л даа. Тэгсэн чинь гэнэтхэн энэ шувууд гарч ирээд… Та нар байгаагүй бол ч… Ахин талархая, хөвгүүд ээ, та нар намайг аварлаа гэв.

                Тэр маш сайн хэрнээ илэрхий барууны аялгатай орос хэлээр ярих аж.

                -Та тэр кинотеатр хаа байдгийг мэдэх үү?

                -Мэдэхгүй ээ. Одоо хэтэрхий оройтчихож. Кино эхлээд лав гучин минут болсон дог оо.

                Үнэхээр ч оройтсон байлаа. Үдшийн бүрэнхий. Цасан шуурга. Галзуурсан шувуудтай бид бараг хагас цаг үзэлцжээ.

                -Яагаад хагас цагийн турш энүүгээр хэн ч явсангүй вэ? гээд Төөгөө шувууд таран одсоноос хойш нам гүм болж хоосорсон гудамжийг үл итгэсэн нүдээр ажиглалаа.

                Би малгайгаа хайгаад олсонгүй. Малгай болов уу гэж бодоод хоёр гурван ч муужирсан шувуу руу тонгойж харав. Шалбарсан хацраас нь цус гоожсон Төөгөө хүрмэн дотроо нэг турлиах барьж үлджээ. Мартин тэр шувуунаас хазуулсан хөмсөгнийхөө хариуг авах гэсэн боловч, түрүүнээс хойш дуугүй амьсгаадаж зогссон Сэр-Од:

                -Яршиг аа, тавиад явуулчих гэж өршөөнгүй гэхээсээ илүү ядрангуй дуугарлаа.

                Бид буцаад метро зүглэж, шувуудыг хилэгнүүлсэн нөгөө эр метроны үүдний таксофоноор хэн нэгэнтэй италиар ярив. Дараа нь,

                -Хөвгүүд ээ, намайг машин ирж авна. Би та нарыг хүргүүлчихье гэхэд, Сэр-Од биднийг төлөөлөн:

                -Хэрэггүй дээ, тэгээд ч бид дөрвүүлээ юм чинь машинд багтахгүй гэж татгалзлаа. Шувуудыг хилэгнүүлэгч:

                -Маргааш над руу яриарай гээд өөрт нь ойрхон зогсоо Сэр-Одод нэрийн хуудсаа өгөв. Сэр-Од нэрийн хуудсыг гүйлгэн хармагцаа хувхай цайгаад явчихыг, дараа нь метронд орсон хойно хогийн сав руу сэм хаяхыг бусад маань анзаарсангүй. Би жаахан хоцроод эргэн гүйж хогийн сав руу тонгойв. Алтан хүрээтэй бяцхан цаасыг яг авах гэтэл, ард:

                -Сальери… гэх дуу гарав.

                Сэр-Од.

                -Хэрэггүй ээ, явцгаая. Түүнийг Сальери гэдэг, “Trillo del Diavolo” рестораны эзэн юм байна лээ.

                Саявтархан сүр дуулиантай нээгдсэн, энэ итали хоолны газрын сурталчилгааг бид зурагтаар харж (-Үгүй ер, ийм хачин нэр өгөх гэж. “Сан-Ремо”, “Рики э Павери” гээд зөндөөн л гоё гоё итали үгс байхад… -Ийм нэртэй хоолны газар хүн орохгүй дээ… -Харин ч хүн шохоорхмоор нэр юм биш үү?.. гэхчлэн маргаж) байсан л даа. Гэтэл эзэн нь энэ! Тэр эзнийх нь нэр өнөөдрийн бидний үзэх гэж гарсан кинотой тийм хачин уялдаж байгаад цочирдсондоо би:

                -Сальери гэнэ ээ? Үнэхээр Сальери гэдэг юм бол… Моцарт-Сальери, солиорсон шувууд… Даанч нэг л хачин, кино шиг сонин, үнэмшилгүй санагдаад байсан юм аа. Тэгвэл энэ чинь ер бусын явдал байна шүү дээ? Чиний хайгаад байдаг нөгөө… ер бусын, гайхалтай… Хайгаад явсан нөгөө гайхамшиг чинь…

                Нэг иймэрхүү л утгатай үгсийг дээр дээрээс нь урсгасан санагдана.

                -Тийм ээ, миний хайгаад явсан нөгөөх... Одоо боллоо, явцгаая.

                Би хогийн сав руу ахин өнгийв.

                -Хэрэггүй ээ. Энэ оройны явдал бидэнд хангалттай гэж Сэр-Од над руу эгц ширтэж байгаад хачин эрсхэн хэлэв. Хэдий дотно найз ч гэлээ, бусдын нүд рүү эгц ширтэх хэзээд эвгүй байдаг даа. Бид энэ тухай хэнд ч ярихгүй гэж бие биедээ нүдээрээ тангараглацгааж байгааг би гэнэт ухамсарлах шиг болсон юм. Магадгүй, энэ хаа нэгтээгээс, биднээс илүү хүчтэй хэн нэгнээс илгээсэн тушаал ч байсан байж мэднэ.

                Жилийн дараа Сэр-Од усны хайгуулын инженер болох замаа бүрмөсөн орхиж, нутаг буцсан. Ууланд суудаг нэг өвгөнтэй танилцан, лус савдаг тайж, далд ертөнцийн хий юмстай хэл нэвтрэлцэж сурсан гэдэг. Өвгөн багшийгаа нас барсны дараа агуйнх нь мухарт чулуунд дараатай байсан судруудыг уншихын тулд сахил хүртэж, түвд хэл үзэх болсон билээ. Түүнийг нууц тарнид сүрхий гэлцдэг. Тарни гэдэг нь шидэт үг л юм даа. Дээр үед бороо хариулдаг, салхийг буцааж үлээдэг, тарнидаад хүнийг үзэгдэхгүй болгочихдог лам нар байжээ. Тохирох шидэт үгийг нь олчихвол газар товчилж, он цагийг ч буцааж болно.

                Одоо би энэ бүхнийг дурсангаа хоёр дахь хайчилбарыг гүйлгэн харж сууна. Тэнд “…Гэнэтхэн нохойны маань идүүр харсаар байтал бүдгэрсээр, агаарт уусан үгүй болж эхлэв. Идүүр ул мөргүй алга болсны дараа би орчин тойрноо нэгжин харлаа. Гэтэл нөгөө идүүр чинь баруунтайх ширээн дээр тодрон гараад ирдэг байгаа. Дотор нь хийж тавьсан ус өчүүхэн ч цалгисангүй, хэвээрээ…” гэсэн гэрчийн ярианы тэмдэглэл байна.

                Гэрч.

                Бид ч бас ер бусын, гайхалтай явдлын гэрчүүд. Бидэнтэй тохиолдсон мөнөөх шувуудын ааш аягтай харьцуулахад агаарт уусагч сав суулга тийм ч хачирхмаар түүх биш.

                Хайчилбар нь шарласан энэ сониныг Сэр-Од захиалдаг байсан юм. “МК”. Орос хэлтэй буддын лам Гандан хийдэд миний найзаас өөр бий болов уу?

                Ай, Сэр-Од оо! Уулзалгүй хичнээн ч удав даа! Моцарт, Сальери хоёр шиг л тус тусынхаа замыг хөөгөөд…

                Хичнээн ч удав!

 

                II. ТӨӨгӨӨ

 

                Төөгөө бол харин гайхамшиг, ид шид энэ тэрд огт итгэдэггүй байсан. Тэр нэг удаа санамсаргүй наймаагаар гэнэт их мөнгө олоод, бидэнд 100 долларын хүүхэн үзүүлнэ гэв ээ.

                Бид дөрөв “Столичная” зочид буудлын автомашины зогсоол руу очлоо. Нөгөө “Столичная водка”-ны шошгон дээр зураатай байшин. Одоо бол нураачихсан л даа.

                Бага оврын автобуснаас долоо найман бүсгүй гарч эгнэн зогсоод, бид тэднээс шилж “авцгаав”. Шилэх ч гэж дээ, харанхуйд царай зүс нь ч харагдсангүй. Нэг захаас нь л сонгочихсон. Дараа нь таксинд багтахгүй тул бид хоёр хоёроороо (Дөрөв дөрвөөрөө гэх нь ч зөв юм уу?) салахаас өөрцгүй боллоо. Төөгөө бид хоёр хамтдаа хүүхнүүдийн байр руу явсан юм.

                Гоё биетэй, өндөр бүсгүйн хамт Төөгөө жижиг өрөө рүү нь орж, би том өрөөний буйдан дээр хүрэн улаан үстэй, ичимхий ч юм шиг аальгүй ч юм шиг инээмсэглэсэн нүдтэй, хаа очиж биеэ үнэлэгч гэмээргүй цэвэрхэн уруултай, жижигхэн бүсгүйтэй дарс ууж үлдэв. Жижигхэн биед нь томдсон онцгой бөмбөгөр хатуу хөхтэй…

                -Чи ямар гоё мээмтэй юм бэ!

                Бүдэг гэрэлд турьхан жаахан биеийг нь тэр хос товгор бумба гойд чимнэ. Хүүхэн хөхөө гайхуулах мэт өргөж,

                -Надад үүнийг бэлэглэсэн юм гэв.

                -Гайхалтай бэлэг юм аа.

                -Хариуд нь би түүнд сүүгээ хөхүүлсэн. Яг л нялх хүүхэд хооллож байгаа юм шиг.

                -Энэ чинь юу гэсэн үг вэ?

                -Нэг хүн миний хөхөнд мэс засал хийлгээд, бүх мөнгийг нь даасан юм. Анх мэс засал хийсний дараа хөх томроход булчирхайнууд нь идэвхжээд, сүү орчихдог юм байна лээ. Тэр хүн миний сүүг хөхдөг байсан. Аймаар өвдөнө өө. Гэхдээ яахав дээ, сүүгээ би маш ашигтай зарж байгаа юм чинь тэсээд л гарсан.

                -Тэр зориуд сүүг чинь уух гэж чамд мэс засал хийлгэсэн хэрэг үү?

                -М-м-нг. Хоёр долоо хоног тэднийд амьдарч сүүгээ хөхүүлсэн. Их баян хүн л дээ. Москвад хоёр гурван ч ресторантай.

                -Яаж танилцсан юм бэ?

                -Кино үзэж яваад л. Гэнэт нэг ганган залуу гарч ирээд, хамт оройн хоол идье гэсэн. Галзуу гоё машинаар аймаар гоё зоогийн газар руу авч давхиад, “Энэ миний ресторан байгаа юм” гэсэн. Тэгээд л гэрт нь очсон. Хувцсыг минь тайлж хараад “Чи аятайхан охин юм. Даанч хөх чинь жижигхэн байна. Би чамд бэлэг болгож, хөхийг чинь томруулж өгье” гэсэн. Хамгийн үнэтэй эмнэлгийн нэр хэлж, бүх зардлыг нь даана гэсэн. Тэр бол барууныхан ирж мэс засалд ордог эмнэлэг. Ямар үнэтэйг нь чи мэдэх үү?

                -Мэдэхгүй.

                -Чи төсөөлөх ч үгүй. Тийм найдвартай газар ямар ч үнэ төлөлгүйгээр хөхөө томруулна гэдэг бол хүүхэн бүхний мөрөөдөл байхгүй юу. Тиймээс би хэд хоног сүүгээ хөхүүлэхийг зөвшөөрсөн.

                -Тэр одоо хүний сүү хөхөж яадаг байна аа? Гаж донтон юм уу?

                -Магадгүй ээ, мэдэхгүй.

                -Тэгээд хөхөх үедээ… Та хоёр ийм ажил хийдэг байсан биз дээ?

                -Юу ч гэмээр юм бэ дээ. Тэр эрхтнээ оруулчихаад, ямар ч хөдөлгөөнгүй, бүр юу ч дуугарахгүй, сүү хөхөөд л хэвтдэг байсан. Ийм байдлаар заримдаа цаг гаруй ч болдог. Хааяа хөдөлнө. Гэхдээ энэ нь хөвчирсөн эрхтнээ сулруулахгүй гэсэндээ л…

                -Тэгээд өөр… юу яахгүй…

                -Өөр яах ч үгүй. Сүү дуусмагц босоод хувцаслачихдаг байв. Ийм байдлаар бидний хооронд ганц ч удаа жинхэнэ секс болоогүй.

                -Тэр нэг ч удаа…

                -Надтай л лав нэг ч удаа… Тэр зөвхөн сүү хөхөх зорилгоор л намайг дэгээдсэнийг би сүүлд нь мэдсэн. Ерөөсөө хүүхэн олж аваад л хөхөнд нь мэс засал хийлгэж сүүг нь уудаг юм шиг байна лээ. Хөхний сүү маш тэжээлтэй, олон талын ашиг тустай, хүч тэнхээ сэлбэдэг, юу юу ч гээд байлаа даа…

                -Хн. Эмэгтэй хүнтэй ойртдоггүй л юм бол, тэр сэлбэсэн хүчээ тэгээд юунд зориулдаг хэрэг вэ?

                -Ойртдоггүй гэхэд бас хаашаа ч юм бэ дээ. Цөөн удаа бүр маш хүчтэй секс хийж байсан. Харин хэзээ ч үрийн шингэнээ гаргаж байгаагүй. Ийм секс түүнийг цэнэглэдэг гэсэн. Ер нь л хачин хүн. Анх танилцсан өдөр юу болсон гээч? Түүний машинд сууж явтал гэнэт бөөн шувуу гарч ирээд цонх руу нь дайрч, нэг шувуу намайг харсаар байтал шил мөргөж үхсэн. Тэр шувуунууд яг л галзуурсан юм шиг улаан улаан нүдтэй байсан шүү. Би хэзээ ч тийм аймаар юм үзээгүй.

                -Худлаа байлгүй дээ.

                -Нээрэн.

                -Тэр чинь итали хүн биш биз?

                -Итали хүн гэж хэлэхдээ бүсгүй айсан мэт өндийж суугаад хөнжлийн сэжүүрээс татаж нөгөө томбогор хөхөө далдлав.

                -Сальери гэдэг үү? “Trillo del Diavolo” рестораны эзэн мөн үү?

                -Чи яаж мэддэг юм бэ?

                Бүсгүй нэг захаас нь зуурсан хөнжлөө эрүүндээ тултал татлаа. Эрээн мяраан хээтэй даавуун хөнжил байсан юм. Тэр хээнээс би тэр нэг хачин үдшийг, улайрч бархиралдсан олон шувууг олж харав. Бүр бархиралдах дуу нь тэртээ холоос аажим тодорч сонстох ч шиг. Би шувуудын тухай бодохгүйн тулд хөнжлийг аяархан доошлуулж, түмбэлзэн цухуйсан хоёр хөхний хооронд нүүрээ наагаад нүдээ анив. Үнэртэй усны нялуун үнэртэй хамт шувуудын бархираан алгуур тодорсоор, одоо бүр хажуугийн хүнд дуулдмаар болоод ирлээ.

                -Чи сонсож байна уу?

                -Юуг?

                -Ямар нэгэн чимээ шуугиан сонсогдож байна уу?

                Бүсгүй өндийж чих тавихад ил гарсан, ер бусын гоё хэлбэртэй товгор хоёр бумба нь төрөлхийн биш, хэн нэгний гараар бүтсэн эд болох нь илэрхий харагдана. Хөвөөг нь бүр ямар нэгэн дугуй хэв тавьж байгаад тодруулсан гэмээр…

                -Үгүй ээ, юу ч сонстохгүй байна.

                Би ахин нүдээ аниад, нэг хөхний нь товчийг үмхэв. Шувуудын дуу ашгүй холдож, харин сүрэглэн нисэлдэж байсан нөгөө зураг л зовхинд үзэгдэнэ. Бүх зүйлд дасч болно. Хий үзэгдлүүдэд ч. Хий шувууд надад тийм ч сүйдтэй хачин санагдахаа болихын үес би хурьцлаас бусад бүх зүйлийг мартахын тулд бүсгүйн хөхийг зөөлөн атгалаа. Яг тийн атгах үед, ер бусын бөмбөгөр тэр мээмнээс гэнэт зүү шиг нарийхан сүүний дусал годхийн амтагдах шиг болов. Би давхийн цочиж, бүх хүсэл эгээ л дэрхийн бутарч үргэн нисэх шувууд шиг ор мөргүй алга болчихлоо. Би босч хам хум хувцаслаад… Бүсгүй гайхан өндийж “Чи зүгээр үү?” гэх дуулдана, …нөгөө өрөө рүү шагайж Төөгөөг дуудав.

                -Яасан бэ?

                -Явцгаая.

                -Юу болсон бэ?

                -Нөгөө бидэн рүү дайрсан олон шувууг санаж байна уу?

                -За.

                -Тэр шувуунууд нүдэнд харагдаад, сэтгэл санаа онцгүй байна.

                -Галзуурч байна уу? Битгий садаа болоод бай. Наад үүдээ хаа!

                Би жорлонд орж, яг л шүгэлдэх гэж байгаа юм шиг хоёр гарынхаа долоовор, дунд хуруунуудыг амандаа хийгээд, нөгөө сүүний дуслыг гаргах гэж оролдов. Зүү шиг сүү буцаж гарав уу, дотор минь хаа нэгтээ шивчихэв үү, юутай ч уусан бүх дарсаараа бөөлжчихлөө.

                “Миний” бүсгүй араас нүцгэн ирж,

                -Чи зүгээр үү? гэлээ. Жорлонгийн гэрэлд би тэр бяцхан янханы хөхийг харахаас нэг л дальдраад байсан тул, бөхийсөн чигтээ гараараа яв гэж дохив. Бүсгүй хүйтэн шалан дээр хөл нүцгэн зогсч зогсч буцлаа.

                Би шуудхан гарч орцны үүдэнд суугаад өөрт байсан тал хайрцаг тамхиа дуустал татсан сан.

                Цагаа гүйцэд ашиглаад гарч ирэхдээ Төөгөө:

                -Мэдрэл чинь мууджээ гэхээс өөр үг хэлсэнгүй.

                Буцах замын турш би нөгөө бяцхан янханыг бодон, эргэж ороод ямар нэгэн аятайхан үг хэлдэг ч байж уу хэмээн харуусч явсан минь, нээрэн, мэдрэлийн өвчин, Төөгөөгийн зөв байх шүү.

                Тэр шөнө туссан мэдрэлийн өвчнөөсөө болоод би санаандаа орсон юмсыг бага зэрэг хачирлан бичдэг зуршилтай болчихсон юм даа. Чухам тэр шөнө туссан өвчин үү, өмнө нь туссан уу, эсвэл би ерөөсөө л иймэрхүү зуршилд автахуйц төрсөн хүн үү, алийг нь ч одоо тодорхойлж чадахгүй ээ. Төөгөө маань харин яг тэр шөнөөс хойш гурав хоногийн дараа хүйтэнтчихсэнээ мэдэж билээ.

                Бидний үзэх дуртай “Europe Plus” сувгаар тэр үед “Trillo del Diavolo” рестораны сурталчилгаа байнга гардаг байсан юм. Амьдрал гэж сонин шүү. Зурагтаар сурталчилж байгаа тэр зоогийн газрын эзний зарим нууцыг би мэддэг байх гэж!

                Тэр шувууд, бас Моцарт… Яагаад ч юм бэ, энэ бүх этгээд хачин зүйлс амьдралыг чимж буй гоёлын зүүлт юм шиг надад санагддаг. Амьдрал хэмээгч нь язгууртан хатагтай байлаа гэхэд, хүзүүнд нь буй хосгүй үнэт эрихний хэлхээс бүр нэг нэг амьд шувуу юм шиг. Амьдрал хэмээгч нь жирийн нэг янхан охин юм гэвэл, оньсого мэт баян эрийн хэтэвчнээс гарсан мөнгөөр хөхөндөө шахуулсан, найрлаганд нь юу юу орсныг чөтгөр л мэдэх тэр бяцхан зөөлөвчийг нь суут хөгжимчинтэй адилхан нэртэй компани үйлдвэрлэдэг ч юм бил үү. Амьдрал гэж нэг иймэрхүү авсаархан ном байлаа гэхэд, санаандгүй сөхөхөд тааралдах тохиолдлын ганц өгүүлбэрт л уг номыг унших учир шалтгаан бүрэн шингээстэй бий.

                Зурагт харж суугаад би:

                -Чамд туссан өвчинтэй тэр Сальери холбоотой дог оо гэхэд Төөгөө миний үгийг нэг чихээрээ оруулаад шуудхан нөгөө чихээрээ гаргаж хаяснаа,

                -Сальери-ий? Аа, нөгөө сүү уудаг вампир уу? хэмээн шоолж билээ. Уг нь би бодсоноо л хэлсэн юм.

                “Алагтуу, турлиах, хар тодол, шаазгайн махаар шөл хийж уувал хүйтэн өвчин нам дарагддаг” гэж танил хятад оюутан хэлсэн ч, би шувуу барих гэж дээврийн хонгил руу мацахыг ч, хятадуудын тэр эргэлзээтэй аргыг найз дээрээ туршихыг ч хүссэнгүй.

                Сүү цуснаас үүсдгийг бүр сүүлд л олж мэдсэн сэн. Тэгээд бодохоор, итали рестораны эзэн вампир нь ч вампир байжээ. Сүү цуснаас бий болдог юм чинь, ганц тэр итали ч биш, ерөөсөө бид бүгдээрээ л вампир болж таарна. Энэ амьдралдаа бусдын цусыг сорж амиа зогоодоггүй, бусдын алдаагаар дэвждэггүй, бусдын гарз хохирлоор олз олж өчүүхэн төдий ч болов баяждаггүй хэн байна? Би ч гэсэн л…

 

                III. БИ

 

                -Би ч гэсэн л...

                -Ха-ха-ха, чи яаж баларч явав даа? Нөгөө бяцхан янханыхаа сүүг ахиж хөхсөн үү? Чи өөрийнхөө тухай үнэнийг ярихгүй гэдэгт итгэлтэй байна.

                -Би өөрийнхөө тухай үнэнийг ярья. Бид хамгийн хямдхан архи уудаг байсан. Тэглээ гээд шартаж, толгой өвдөж байгаагүй. Биеэ үнэлэгч хүүхнүүдтэй ч бэлгэвч хэрэглэж үзээгүй. Бэлгэвч хамаг мэдрэмжийг маань хааж боогоод, эмэгтэй хүнийг жинхэнээс нь мэдрэхэд саад болоод байх шиг санагддаг. Бид цөм л тэгж боддог байсан. Ганцхан тэр удаа Төөгөө л… Өөр хэн маань ч өвчин тусаагүй. Тийм цаг үе байжээ.

                -Өвчин чинь илрэхээргүй архагшчихсан байвал яах вэ?

                -Би чамд саяын явдлыг ярьдаггүй л байж. Тэс өөр зүйл, найз нөхдийнхөө тухай ярих гэж байгаад л шал балай юм руу хадуураад орчихлоо. Гэхдээ тэр хачин явдлыг эргэж дурссан биш, найзууддаа би ямар их хайртай байснаа гэнэт ойлголоо.

                -Харин би чамайг ерөөсөө ойлгосонгүй. Ийм юм зохиож ярихад намайг үнэмшинэ гэж бодож байдаг... Ха-ха-ха.

                -Би ярих гэснээ л ярьсан. Чамаас өөр хүн бол ойлгох л байсан байх. Май, энэ нүдний шилийг барьж бай. За, хэрэггүй юм байна. Ийш нь тавьчихъя.

                -Ха-ха-ха.

                -Одоо би чамайг цаашид тэвчихгүй боллоо.

                -Хөөе… Хөөе, чи…

                -…

                -Яаж байна аа?

                -Май.

                -Яаж… Ёо-ёо л доо… Өө, муу нохойн гөлөг чинь.

                -…

                -…

                -Май.

                -…

                -Үүнийг бас.

                -…

                -Одоо үүнийг Мартин өгч байгаа юм.

                -Бас юу-ун Мартин бэ-э?

                -Бид дөрвүүлээ байсан юм, мэдэв үү? Бид дөрвийн нөхөрлөлийг чи амс.

                -Чи… галзуу… мэдрэл… Чи намайг алах гээ-э юу? Би яа-сы-ым?

                -Тийм. Би галзуу… бас вампир, мэдэв үү? Вампирууд ингэдэг юм.

                -Би яасым бэ-э?

                -Үх, чи!

                -Яасы-ы-м? Би… хах-хх… үхэх нь ээ. Ал... Алуурчин…

                -Чи биднийг шоолсон, дооглосон. Намайг чи доромжилсон харцаар харж байсан. Үргэлж зэвүүн инээж байсан. Одоо үүнийхээ шанг ав, чи!

                -Чи намайг х-хутгалчихлаа шүү дээ…

                -Вампирууд хутгатай явдаг юм, мэдэв үү?

                -Цагдаа!

                -Энэ чиний цагдаа!

                -Болиоч ээ… Өршөө… Т-түргэн дуудаач…

                -Түргэн гэнэ ээ? Энэ чиний түргэн! Чи бидэнд жинхэнээсээ тохиолдсон явдлыг үгүйсгэсэн. Яг л бусад хүмүүс шиг… Тэдний л нэг байсан, чи! Үх, чи!

                -Ээ-эж ээ…

 

                “Сайн байцгаана уу, залуус аа? Дажгүй биз дээ?

                Би зүгээр ээ. Надад битгий санаа зовоорой. Эр хүн аль тэнэглэхийг хэлж барах вэ дээ, тийм биз? Тэр муу азгүй амьтан өөрөө л нөгөө шувуудын тухай ярианд итгэхгүй, шоолж тохуурхаад байсан юм. Одоо л муу найз нь энэ тамын газарт, тэвчээртэй байхад жинхэнэ ёсоор суралцах нь шиг байна.

                Сэр-Од ламбугай! Хөгшний чинь цаас ноохойн дотроос “МК”-гийн хоёр хуучин хайчилбар олдсон. Чиний л цуглуулгаас орчихож. Эргээд уншсан чинь олон дурсамж сэргээд их сайхан байсан шүү. Түүнийг аваарай. Орос сонины хайчилбар шашны номтой чинь харшлахгүй биз дээ?

                Чамаас зориуд асуух зүйл байна. Би огт очиж үзээгүй газар орон, элдвийн хачин юмс зүүдлэх боллоо. Нэг сайхан нуур, тэр нуурын цаагуур дүнхийх нэг их том нүцгэн уулыг байсхийгээд л харах юм. Би зураад явууламз. Та нар хаана тийм газар байдгийг мэдээд өгөхийг бодоорой. Гэхдээ асуух гэсэн зүйл маань энэ биш ээ. Урьд шөнө би нөгөө турлиах дууддаг, итали рестораны эзэнтэй бичгээр нэг гэрээ хийж, тэр надаас гарын үсэг зурахыг шаардаж байна гэж зүүдэллээ. Тэр гэрээг хачин, урвуу харуулаад биччихэж. Би толь бариад, толинд туссан дүрсээр нь уншсан. Гэхдээ юу гэж бичсэн байсныг нь мартчихжээ. Уг нь яах аргагүй уншаад л байсан юм сан. Хэрэв би гарын үсэг зурчихвал, Сальери цаг хугацааг товчлоод намайг мөдхөн шоронгоос гаргачих юм гэнэ. Хачин зүүд байгаа биз? Энд танилцсан нэг ялтанд ярьсан чинь, намайг их азтай байна гэлээ. Нэг хоригдол зүүдэндээ яг тийм гэрээнд гарын үсэг зураад, ялын хугацаагаа товчилсон гэж энд ярьцгаадаг юм байна. Ийм юм байж болох уу? Бидэн рүү дайрч байсан чөтгөрийн шувуудыг бодохоор болохгүй юм гэж ерөөсөө үгүй ч юм шиг. Ахиад зүүдэлбэл, тэр чөтгөрийн гэрээнд нь гарын үсэг зурчих уу, яах вэ? Бодоод байсан чинь, тэр адгийн Сальери л намайг нөгөө азгүй амьтантай элдвийг яриулж, ийм хэрэгт түлхчихсэн юм шиг санагдаад. Хийх ажилгүй, хашигдаж хоригдсон амьтанд чинь дэмий балай зүйл их бодогдох юм аа. Чи лам хүн, иймэрхүү юмны нарийн учир мэддэг бол найздаа зөвлөөрэй.

                Төөгөө аав болсонд баяр хүргэе. Гараад хүүг чинь эргэж очно оо. Тэр үед хүү чинь 16-тай мундаг эр болчихсон байх нь ээ. Би яг л цаг хугацааны машины жолооч шиг, гэнэт л 16 жилийг алгасаад танайд яваад орно. Тэр үед хөөрхий муу Төөгөө ч өвгөн болчихсон сууж байх биз дээ. Өвгөчүүл юу ярьцгаадгийг мэдмээр байна уу? Хүлээх л болж дээ, залуус аа…

                Энэ 16 жилийг Сальери авах болтугай!” 

 

"Амь тавьж буй шувууны далавч" метароман (2006)-аас

Шинэ ном

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.

 

  "Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.