***
ХИЧНЭЭН шувуу нисээд өнгөрөв өө?
Хийсч байгаа навч - намар.
Модны саргар мөчирт зурагдаж цавтах тэнгэрийг ажиж
Монголоор шивнэсэн шүлэг - хайр.
Түмэн зураастай алга - хорвоо.
Түүн дээр байх бүдэгхэн шугам - би.
Үрчлээт алганд наадах модны сүүдэр шиг
Үймрээ сэтгэлд орж гарах нэгэн амь - чи.
Өө, хичнээн ч шувуу нисээд өнгөрөв дөө?
1990.Х.18-19. Москва.
Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив. Гурав дахь чонын дуу ялигүй хожуу дуулдав.
Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.
Дөрвөн жилийн өмнө би хүн байсан. Хүн байх ч сайхан шүү. “Ингэж болно. Тэгж болохгүй”. Хамгийн чухал нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг. Үүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй. Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.
Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр “НИЙСЛЭЛ” гэж бичих юм сан. Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.
-Говь нутаг дахь элсний нүүдэл, цөлжилтийн эсрэг сэтгэлийн тэмцэл болгон бичив-
Цас ороход бид хүүхэд насандаа эргээд оччих шиг болдог…
Мишима Юкио
Эхлэл.
Намайг төрөөгүй байхад энэ явдал болсон юм. Нэгэнт өөрийн нүдээр үзээгүй болохоор, байгалийн гамшиг гэх үү, хосгүй гайхамшигт үзэгдэл гэх үү, би нэрлэж мэдэхгүй.
Чухам хэдэн онд уг явдал болсныг ч одоо санах хүн үлдсэнгүй. Тэгээд би хууччуулын ярианаас олж сонссон “Мичин жилийн зуд” гэдэг нь л байх хэмээн томьёолсон удаатай. Асар их цас унасан тэр өвөл үнэндээ мичин жил байсан үгүйг, мэдээж, би мэдэхгүй л дээ. Гэвч чухамхүү мичин жилд л юу юунаас илүү их цас ордог юм гэнэ билээ.
Энэ зохиолыг би дараа нь “Цасан тахлын домог” гэж нэрлэж байв. Мөн л хууччуулын үгэнд гардаг мөсөн тахал төсөөлөгдөөд байснаас тэр. Эцэст нь цаг хугацаа, бодот гамшгийн загвараас арайхийн ангижрах шиг болоод, сэтгэл хөнгөрч үүнээ хэвлүүлэхээр шийдсэн минь энэ. Гэхдээ одоо таны уншиж байгаа энэ нэр ч сүүлчийн нэр нь биш л болов уу.
Их цас хайлсан хойно би төржээ. Багадаа би голын усанд чулуу дэгдүүлж тоглодог сон. Арай том болсон хойноо горхины захаар жижигхэн үйсэн завь уралдуулан гүйдэг байлаа. Одоо энд ямар ч горхи байхгүй. Багадаа үзсэн тэр их гол бол мөнөөх их цасны ус л урсч байсан нь юм билээ.
"Цагаан Хар Улаан" бол зохиогчийн торгууд түмний дунд байж хийсэн судалгаа, орчин үеийн урлагийн талаархи зарим санаа, өнөөгийн хүний дотоод ертөнц рүү хийсэн эрэл, туульсын сэтгэлгээний нарийн утга учир, бүтэлгүй хайр дурлал зэрэг олон сэдвийг хамарсан, нэн шинэ чиглэлийн роман болно.