ХАРААГААРАА унтдаг хүн гэнэт сэрэх мэт
Хачин адгуусан нүдээр намайг онож ядах
Өнгөрсөн юм гэдэг дандаа сэтгэл шимшрэм...
(Өө, алин цагийн хямдхан дарс билээ!)
Шивэрч байгаа энэ бороо шиг энэ дурдатгал.
Шилж би энэ урт үгийг авч үлдээгүй.
Ой тойнд минь тохиолдлоор л мөнхөрсөн
Одоохондоо мартагдаж амжаагүй нулимс – ДУРДАТГАЛ минь!
-Тэнэг... гэж өхөөрдөх аргадангуй хоолой
Тэвчишгүй доромжлол мэт, басхүү ахин сонсмоор.
Тэр үеийнхээ шүлгүүдэд одоо би дургүй.
Тэгэхдээ унших бүрийд (яагаад ч юм бэ) уйлмаар.
Уйлмаар...
Тийм ээ, бүр эхэр татаад уйлмаар.
Унтаагаараа зүүдэлж тэнэдэг хүн шиг
Ухаан бодол минь Тверийн бүдэгхэн гудамжаар.
1996.6-р сар.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.
"Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.
Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.