Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
КАФКАГ ХҮЛЭЭХҮЙ, БЭККЕТЭД ХУВИРАХУЙ

            Франц Кафкагийн романууд­гүй­гээр ч, Самюэл Бэккеттийн жүжгүүдгүйгээр ч ХХ зууны утга зохиол, философи сэтгэлгээ, модернист гоо зүйг төсөөлөхийн аргагүй. Тэдгээрийн дотроос Кафкагийн “Хувирал” хэмээх өгүүллэг, Бэккеттийн “Годог хүлээхүй” жүжиг бол харилцан уялдуулж, жишин ажиглахад үнэхээрийн сонирхол татахуйц бүтээлүүд.

            Эдгээр зохиол хоёулаа тухайн үедээ утга зохиолын хүрээнд цоо шинэ үзэгдэл болж, маш их дуулиан шагшаан тарьж, хоёулаа ХХ зууны сонгодог болон мөнхөрсөн гээд тодорхойлолт талаасаа ч ижил төстэйн зэрэгцээ өгүүлэмжийн хэв маягт нь ч анхаарал татахуйц адил төс цөөнгүй.

            Кафка ч, Бэккет ч баатруудынхаа сэтгэлийн гүн дэх цөхрөл, дотоод сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг маш алгуур, шаталсан маягтай үзүүлдэг онцлогтой зохиолчид. Тиймээс эдгээр зохиолыг нийтийн хэрэглээний утга зохиолоос нэлээд өөрөөр авч үздэг. Энэ шалтгааны улмаас Бэккеттийн үндэслэсэн абсурд театрыг “Годог хүлээхүй” жүжгийн нэрээр “Хүлээхүйн театр” ч гэж нэрлэсэн байдаг. Уншигч, үзэгч аль аль нь “Хувирал”-ын гол дүр болох Замза, “Годог хүлээж буй” Владимир, Эстрагон нарын сэтгэл санааны мухардалд автсаар эцсийн дүнд эдгээр зохиолоос энэ ертөнцийн, орчин цагийн иргэншил доторхи хүний амьдралын хоосон мөн чанарыг олж хардаг. Чухам үүн дээр л мөнөөх зохиолууд өөр хоорондоо адилсах хамгийн чухал чанараа олж байгаа юм.

           Хоёр зохиол хоёулаа эмгэнэлт өгүүлэмжтэйн дээр зохиогчдынх нь гутранги үзэл маш гүнзгий ухаарлыг өдөөдгөөрөө онцлог. Кафка, Бэккет нарын гутранги үзэл бол уншигч, үзэгчийг гутруу, харгис болгодог нийтлэг хэв шинжит гутрал огт биш, харин ч хүн ёсны үнэ цэнийг олж харахад нь хөтлөгч болдог тийм дээгүүр гутранги үзэл бөгөөд энэ тухай Бэккетэд олгосон Нобелийн шагналын батламжид ч цохон тэмдэглэсэн нь бий.

            Ертөнцөөс аврал хайсан, гэвч тийм авралд хүрэх боломжоо үүрд алдчихсан, орчин үеийн хүний ганцаардлын сэдэв ХХ зууны өрнийн философийн чухал чиглэл болох экзистенциализмыг үүсгэн хөгжих бодот тохироо болсон бөгөөд энэ үйл явц хамгийн тод томруун туссан зохиолууд гэвэл мөн л эдгээр хоёр бүтээлийг нэрлэхэд хүрнэ. Шавьж болоод хувирчихсаныхаа төлөө гэр бүлийнхэндээ гадуурхагдаж буй Грегор Замза ч тэр, ямар нэгэн Годо гэгчийг хүлээж, зөвхөн тэр утга учиргүй хүлээлтээр л бүх өдрүүд нь дуусч буй, хэдий болтол хүлээхээ ч, хичнээн өдөр хүлээж байгаагаа ч санахаа больчихсон дүрүүд ч тэр аль аль нь нийгэмшлийн золиос бологсод юм.

            Зохиолуудыг илүү бодтой харьцуулах боломжтой болохын тулд өгүүлэмжийнх нь хэв шинж рүү, үйл явдал руу нь шагайж үзье.

            “Нэгэн өглөө, таагүй зүүднээсээ сэртэл Грегор Замза  аймшигт муухай шавьж болон хувирчихсан орондоо хэвтэж байх нь тэр...” гэсэн эхний өгүүлбэрт л Кафкагийн өгүүллэгийн бүх үйл явдал зангилагдсан байдаг. Эл хачирхалтай хувирлын дараа өөр онцгой сонин явдал бараг өрнөдөггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл Бэккеттийн жүжигт ч Годо гэгчийг хүлээж буй тухай өгүүлэмж эхний үзэгдэлд л өгүүлэгдчихээд цаашаа чухам тэрхүү хүлээх явц л үргэлжилсээр байдаг.

            Зөвхөн энэ баримтаас харахад л, Кафка, Бэккет хоёулаа үйл явдал хөөхийг бус, харин дүрүүдийнхээ сэтгэлзүйн гүн рүү уншигчийг татан оруулахад гол ач холбогдол өгчээ.

            Жүжгийн ч, өгүүллэгийн ч гол баатрууд хүн чанарын хувьд сайн талын гэгддэг тэр хэмжүүрт тохирохуйц дүрүүд байдаг. “Хувирал”-ын Замза хэдийгээр гэр бүлийнхэндээ ад үзэгдэж байвч, цаанаа тэднийгээ үнэн голоосоо хайрласаар, өршөөнгүй ууч сэтгэлээ хэзээ ч огоордоггүй. Тэрээр ажлаа хийж чадахгүйд хүрсэндээ гэмшиж, гэрийнхнийхээ амин зуулгад байнга санаа зовниж байдаг. Гэтэл хамгаас дотносон үздэг тэр л хүмүүс нь өөрийнх нь тухай ой гутсан маягаар жигшин ярилцах бөгөөд энэ үгсийг сонсох л Замзагийн хувьд оньсого мэт жигшүүрт хувирлаас нь ч илүү бэрх хэцүү шаналгаа болдог. Идэх юм оруулж өгөхдөө охин дүү нь гутамшигт том хорхойноос айдгийг мэдэрснээсээ хойш тэр орж ирэх бүрт нь дэвсгэр даавуун доогуураа шургаж нуугддаг болов.

            “Хувирал”-ыг анхааралтай шинжилж судалсан ХХ зууны сод зохиолч Владимир Набоков:

            -Ихэнх хүмүүс жоом болон хувирсан мэтээр ойлгодог нь буруу юм... Цүдгэр том, судалтсан гэдэс, хатуу гүдгэр нурууны тухай бичснээс үзвэл цох хорхойд хувирсан бололтой... Цохны нуруун дор тунгалаг сиймгэр далавч байдаг. Түүнээ дэлгээд цох олон километр нисч чаддаг. Грегор харин энэ далавчаа анзаарсан­гүй... Өндийж байгаад хаалгыг онгойлгож буйгаас ургуулан бодвол, тэрээр нэг метр хэрийн урттай, нохойн чинээ биетэй цох болжээ... гэхчлэн бичсэн байдаг нь сонирхолтой.

            Цох хорхойн гөлчгөр хайрсан дорхи нуугдмал далавчийг манайхан сайн мэднэ. Монгол жаалууд “алтан хөөрөг” хэмээн өхөөрдөн нэрийдэж,

            -Алтан хөөрөг өө,

            Арван хурууг минь дамжаарай

гэж дуулан хуруун дээгүүрээ гүйлгэн нааддаг. Ийн “арван хуруу дамжуулан” тоглож үзсэн хүн бол энэ бяцхан хорхой гарын үзүүрээс зурсхийн нисч оддогийг сайн санах биз ээ. Грегор Замзад ч тийм үл үзэгдэх далавч (тэнгэрлиг гэгээн шинж төрх) бий нь зохиолд нэг бус удаа анзаарагддаг. Дээр өгүүлсэн хүнлэг, сайхан сэтгэлтэй шинжүүд нь чухамдаа тэр л нууцлаг далавч болж, далд нарийн бэлгэдэл агуулсан өгүүлэмжийг бүрдүүлжээ. Грегор бол хорхой шавьжийн төрхөд хувилсан Хүн, харин түүний төрөл төрөгсөд хүн төрхтэй хорхойнууд юм гэсэн санаа ч эндээс тодорч байна.

            Тэгвэл Бэккетийн “Годог хүлээгчид” бие биедээ эгээ л Замзагийн гэрийнхэндээ хандаж буйгаас ялгаагүй хэмжээнд, тийм чин үнэнч сэтгэл гаргацгаах аж. Эстрагон шөнө нь шуудуунд хоног төөрүүлэхдээ бусдад зодуулсанд Владимир үнэн сэтгэлээсээ халаглан шаналж, найзыгаа ганцаардаж эвгүйцнэ гэсэндээ Эстрагон нойр нь хүрээд байхад ч зүүрмэглэж зүрхлэхгүй байна. Тэд хамтдаа модноос боомилж үхэхээр шийдэвч, бие биеэ гэх сэтгэлдээ автаад хэн нь түрүүлж нөгөөгөө орхих вэ гэдэг асуудлаас болж мухардалд хүрдэг.

            Тэдний хүлээгээд буй Годо гэгч нь гэр бүлийнхэн­тэйгээ зөвлөлдчихөөд, банкин дахь данс мөнгөө шалгаж тооцоолж үзчихээд тэдэнд ямар нэгэн хариу хэлье гэсэн тухай эхний үзэгдэлд цухасхан өгүүлэгддэг. Иймэрхүү гачигдлын тухай сэдэв л жүжгийг авч яваад, дүрүүдээр хэн нэгэн аврагчийг хүлээлгээд байгаа мэт. Тэгвэл Кафкагийн баатрыг мөн л мөнгөний гачаал цаг үргэлжид шаналгадаг шүү дээ.

            Мэдээж, хоёр тэс ондоон, огт өөр цаг үед аж төрж явсан зохиолчдын өөр өөр төрөл жанраар бичсэн зохиолуудыг бүхэлд нь жишиж адилтгах боломжгүй л дээ. Гэхдээ хоёр зохиолоос анзаарагддаг бас нэг сонирхолтой нийтлэг тал нь баатруудын эд хогшилд хандах хандлага юм. Кафкагийн баатар өрөөнөөс нь эд хогшлыг зөөхөд бүхнийг хүлцэж нуугдан атиралдсаар хэвтсэн ч, эцсийн эцэст сэтгүүлээс хайчлан авч жаазлаад ханандаа өлгөсөн бүсгүй хүний зургийг өрөөндөө авч үлдэхээр хэр чадлаараа тэмцдэг. Харамсалтай нь, өөрийн оршихуйг, ахуйг хамгаалахаар завдсаны нь гэсгээл болж, төрсөн эцэг нь түүнийг цохиж гэмтээдэг. Ийн гэмтснээр Замза-цохын үхэл бүүр ч наашилжээ. Энэ өгүүлэмж бол мөн л хүний энэ амьдралын утга учир юутай өчүүхэн зүйл дээр тогтдогийг хэлсэн хэрэг.

            Харин Бэккетийн жүжиг Эстрагон шаахайтайгаа ноцолдож буйгаас эхэлдэг. Владимир “Чиний наад гутал сугарахгүй байгаагийн учир бол гуталд ерөөсөө биш, чиний хөлд л байна” гэж хэлж буй нь цаад утгаараа мөн л дээрхийн адилаар хүний оршихуй, ахуйн сэдвийг хөндөж байна. Жүжигт гарч буй гутал, малгай ямар нэгэн байдлаар эд юмс хүнийг эрхшээсэн мэт сэтгэгдэл бий болгодог. Ахуйн хүлээснээс гарч чадахаа больсон тэдэнд үхэл ч олдож өгөхгүй, хүлээс баглаасаасаа чөлөөлөгдөх бололцоо ер гарахгүй байна. Боомилж үхэх хүслийг нь гүйцэлдүүлчих олигтойхон шидмэс олс ч олдохгүй байгаа нь тэр л санааг тодосгож буй хэрэг.

            Энэ бүх эд хогшил бол үнэндээ ахуй, оршихуйн бэлгэдэлт дүрүүд юм.

            Хоёр зохиол аль аль нь “Амьдрал гэдэг юутай утга учиргүй юмсаар дүүрэн билээ!” гэдэг санааг маш олон бэлгэдлээр харуулдаг. Дээр өгүүлсэн Замзагийн хайртай, төрөлх хүмүүс дотоод сэтгэл зүрх нь биш, ердөө л гадаад төрх нь хувирч өөрчлөгдсөний төлөө түүнийг хайрлахын оронд бүр үзэн ядаж байгаа нь ч ийм л санааны илрэл. Бэккетийн жүжиг бол ийм өгүүлэмжээр бүр ч илүү баян. Золгүй баатруудын хүлээлт найдлага ч, тэдэнтэй тааралдагсдын урт холын аялал ч, тэдгээр ойлгомжгүй жуулчдын маш их төвөг чирэгдэл удан авч яваа ачаа тээш болох элс шороо нь ч хамгийн утга учиргүй юмсын төлөөлөл билээ.

            Энэ мэт, орчин үеийн иргэншлийн золиос бологсдын дүрээр дамжуулан бид бүгдээрээ абсурд хүмүүс болохыг, хорвоогийн уг үндэс болсон абсурд чанарыг таниулахад чиглэснээрээ Кафка ч, Бэккет ч ХХ зууны утга зохиолд аугаа их шинэчлэлийг хийжээ. Зохиолуудад энэ мэт нэг амьсгал, оршихуйн философийн үзэл санаа нэвт шингэсэн нийтлэг талууд анзаарагддаг ч, ерөнхий өгүүлэмжийн хувьд эрс тэс гэмээр ялгаатай гэдгийг нь хэлэхгүй орхиж болохгүй.

            Кафкагийн баатар үхэж зовлонгоосоо ангижирснаар “Хувирал” төгсдөг. Гэрийн үйлчлэгч цох хорхойн хатаж хорчийсон үлдцийг шүүрдэн авч, хог руу хаяснаар гэрийнхний ч сэтгэл амарчээ.

            Харин Бэккетийн баатруудын хувьд шийдэл ийм хялбар биш. Тэдний үйлтэй хүлээлт хэзээ ч төгсөхгүй нь. Тэр авралын бурхан мэт Годо хэзээ ч ирэхгүй нь. Жүжгийн төгсгөлд тэд “Маргааш хэрэв Годо ирэхгүй бол, бөхөөхөн шидмэс олж ирээд дүүжилж үхэцгээе” хэмээн шийдэцгээдэг ч, маргааш тэд ингэж ярьснаа санахгүй. Урьд нь ч тэд нэг бус удаа ийн шийдсэн нь илэрхий. Ерөөс Эстрагон, Владимир гээч энэ хоёр өлөн зөлмөн ядуу гуйлгачид хэзээнээс хойш Годог хүлээж байгаагаа ч, бүр тэр Годо тэдэнд ямар хэрэг болох ёстойг ч мартацгаачихжээ. Тэд зүгээр л ирээд Годо гэгчийг л хүлээдэг, өөр юу хийх ёстойгоо ч мэддэггүй, маргааш үхнэ гэж шийдээд л салцгаадаг, маргааш нь харин энэ бүх зүйл ахиад л давтагддаг аж. Бид бүгдээрээ өөрийн хүсэл зоргоор биш, биднээс гадуурхи ямар нэгэн абсурд хоосон ертөнцийн ёсыг дагаж л хоног төөрүүлдэг. Хэдийгээр үйлдэл алхам бүхнээ бид өөрийн ухамсраар хийдэг ч, эцсийн дүндээ тэр алхмуудад маань бидний эрх мэдэл бараг байдаггүй. Нийгэмшлийн энэ далд хар хүчийг, уран сайхны дээд түвшинд, нарийн гайхамшигт бэлгэдлээр харуулснаараа “Годог хүлээхүй” давтагдашгүй үнэ цэнтэй болж байна.

            Жүжигт гарч буй маш сонирхолтой дүрүүд бол Поццо, Лаки хоёр. Нэг нь дээрэлхүү эзэн, нөгөө нь дуулгавартай боол. Энэ хоёрыг гарч ирэх бүрт (хоёр үзэгдэлд тус бүр нэг удаа) жүжгийн харилцан ярианд философи санаа хөндөгддөг. Эзэн нь Лакиг алахаар шийдсэнийг сонсоод боол уйлна. Гэвч тэрээр өөрийг нь аргадах гэсэн Эстрагоныг маш чанга өшиглөдөг. Өвдсөндөө Эстрагон уйлж, харин Лаки уйлахаа болихыг үзмэгцээ Поццо: “Энэ хорвоо дээрх нулимсны хэмжээ ерөөсөө өөрчлөгдөхгүй юм” гэж хэлж байх жишээтэй. Дараагийн удаад сохорсон Поццо, дүлийрч хэлгүй болчихсон Лакийн хамт гарч ирэх үед жүжгийн дүрүүд цөмөөрөө нэг нэгэндээ тээглэлдэн унацгааж, хэн нь ч өндийж чадахгүй байх бөгөөд энэ үед тэд амандаа орсон байж болох бүх л нэрсийг хашгиралдан дуудахад Эстрагон: “Ганцхан хүний дотор л бүх хүн төрөлхтөн багтаж явах юм” гэсэн санаа хэлдэг. Элсээр дүүргэсэн чемодан зарцдаа бариулчихаад аян замд гарч яваа Поццо: “Цаг хугацааны тухай асуух хэрэг юу байна аа? Бусадтайгаа адилхан нэг сайхан өдөр бүх юм болоод өнгөрдөг. Нэгэн мөчид төрж, төрсөн тэр мөчдөө л бид үхэцгээдэг биш үү?” гэж байх ч юм уу, энэчлэн олон содон соргог яриаг жүжгээс эшилж болох хэдий ч, ХХ зууны хосгүй гайхалтай хоёр зохиолыг эгнүүлэн зэрэгцүүлэх маягаар цухас ажигласан мөнхүү бичвэрт хэлэх гэсэн санаануудыг эл цөөн жишээ өөрсдөө бүрнээ харуулчих болов уу гэж найдлаа. Магадгүй, Кафкаг хүлээхээс, Бэккетэд өөрт нь хувирахаас өөрөөр энэ хорвоог таних зам үлдээгүй ч байж мэдэх тул ийм зүйлс эрээчсэн минь хамгийн абсурд явдал ч байж магадгүй.

 

Шинэ ном

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.

  "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.

Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.