Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ЦОГТЫН ЦОНЖ

                “Цогт тайж” киног үзээгүй хүн ховор доо. Соц үед өссөн хүүхдүүд бид тэр киногоор л Цогт тайжийг аугаа их баатар, эсрэг талын дүр болох Гүүш хааныг Монголоос урвасан этгээд гэж ойлгодог байлаа. Харин Хөхнуурын монголчуудын хувьд Гүүш хааны алдар Чингис богдтой, Халхын Цогтын нэр буг чөтгөртэй адил үзэгдэнэ. Гэхдээ энэ түүхт хүнийг бид дөвийлгөж байсаны адилаар Дээд Монгол болон Түвдэд байдгаар нь гутаан муучилсаар иржээ. Хошуудын баатарлаг туульсад бүр шашны дайсан, шимнусын хаан Цогт хэмээн гарах бөгөөд “Хөхнуурын домог” номд “цоохор Цогт хятадын даосыг шүтэгч” гэж хүртэл бичсэн харагдана. Уг нь бол яах аргагүй улааны шашинтан, буддизмын энэ урсгалыг мандуулахын төлөөнөө амь амьдралаа зориулсан хүн л дээ. Цоохор гэдэг нь доромж ба өргөмж хэд хэдэн утгатай. Хөхнуурын монголчууд Цогт хаан цоохор морь унадаг байснаас ийм нэр үүдсэн гэлцэх юм. Бямбын Ринчен абугай кино тууждаа Цогтыг алаг морь унадаг гэж бичсэн нь дам холбоотой байж магадгүй. Алаг, цоохор хоёр бол адууны зүсний хувьд ч, хэлцийнхээ хувьд ч шүтэлцээтэй байхуйц үгс. Бас тэр үед нүүдэлчид цэцэг өвчнөөр өвдөх нь түгээмэл асан тул ийм өвчний ул мөр болох нүүрний цоохор ч байж мэднэ. Зарим судлаачид “цөхүр” хэмээх алдар цолны сунжирсан дуудлага гэж үздэг. Баатарлаг, бас эрдэмтэй хүн байсан тул ийм цол хүртсэн байх ч магадлалтай.

                Гагц киноноос болоод бус, ер нь миний сэтгэлд Цогт тайжийн дүр тун эерэгээр хоногшсон билээ.  Дундад зууны хожуу үеийн Монголын хамгийн тод томруун шүлэгч түүний хиа нар хаднаа сийлж мөнхөлсөн “Дуутын хадны бичиг” хэмээх гайхамшигтай дурсгал манай уран зохиолд бий. Монгол яруу найраг дахь санагалзах, үгүйлэхийн сэдэвт шүлгүүдийн оргил ч гэгдэж болох хэдэн шадыг Цогт тайж уулын орой дээр зогсоод, хол газар ураглаж одсон эгчээ дурсангаа цээжээр хэлсэн нь тэр. Магадгүй, Цогт тайж Хөхнуурын өндөрлөг тийшхи үйлтэй аяндаа мордохын өмнөхөн тэр уулан дээр гараа биз. Магадгүй, хар нялхаас хамт өссөн хайрт эгчтэйгээ ахин хэзээ ч нүүр учрахгүйгээ сайн мэдэж байснаас зүрх нь шимшрэл гунигаар дүүрсэн биз. Тэгээд л,

                                ...Энэ биендээ эс золголцвоос

                                Эгүнээс хойд төрөл тутамдаа

                                Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт

                                Элдэв үйлээр туслалцах болтугай

хэмээсэн гансралт сэтгэлийн ерөөлийг тавиа биз ээ. Энэ насандаа эргэж учрахгүй хүнтэйгээ хайрлан саналцах сэтгэлээр үүрд холбогдож, дараа дараагийн төрөл тутамдаа эх охин хоёр болох тийм барилдлага олох сон хэмээн мөрөөднө өө гэдэг яруу найрагч хүний л сэтгэлд ургах бодол. Тиймээс би яруу найрагч Цогтод үнэн сэтгэлээсээ хайртай байдаг юм.

                Харин амьдрал дээрээ бол Цогт тайж ихээхэн зөрчилтэй түүхт хүн явжээ. Юутай ч, кинонд гардагчлан “Цогт тайж үхэвч Монгол улс минь мөнх!” гэж омог бардам хэлээд хорвоог орхисон нь эргэлзээтэй юм билээ.

                Тэртээ эрт Лигдэн хутугт хаан манжуудтай тэмцэлдээд, Манжид дагаар орсон өвөрлөгч аймгуудтай толхилцсоноор Цахар, Еншөөб аймгууд хямралдан, өөр зуурын үймээнээс дайжсан цахрууд өнөөгийн Монголын хязгаар нутагт ойж орсноор үлэмжхэн түвэг чирэгдэл учирчээ. Бэлчээр уснаас эхлээд Халхын эдийн засгийн байдалд заналхийлсэн энэ бүх явдалд анхнаасаа идэвхийлэн оролцсон тул Цогтыг Халхын том том ноёд ад үзэн хавчсан бололтой. Ингээд 1632 оны орчим тэрээр Хөхнуурт ирж, Түмэдийн Алтан ханы ач Хулачийн нутгийг эзлээд тэндээ бэхжжээ. Бүр соронзон чулуун хэрэм барьж суусан тул харвасан сум түүнд сорогдохоос бус дээрх харуулыг нь онодоггүй, бас хөө хуягтай цэрэг хэрэм өөд авирч чаддаггүй наалдчихдаг асан гэх домог ч бий. Тийнхүү Хөхнуурын Цогт хаан хэмээн алдаршиж энэ нутагт таван жил хаанчлахдаа Төвд дэх улаан малгайтны урсгалыг баримтлагч хоёр том ноёнтой холбоо тогтоон, шар малгайтнуудыг дарамтлах болов. “Шашны дайсан шимнус” гэгдсэний учир энэ. Дашрамд хэлэхэд, Хөхнуур буюу Зүүн Түвд нь Чингис хаан Тангадыг дайлснаас эхлээд л олон үеийн туршид монгол ноёдын эрхшээлд өртөж ирсэн газар л даа. Мандуулай ахлаачтай ордосчууд Даян хааны хүү Улсболд жононг хөнөөчихөөд ийш дутаан гарсныг нь Даян хаан дөрвөн түмэн цэргээр нэхэн ирж дарсан түүх манай өөр нэгэн алдартай кино “Мандухай сэцэн хатан”-д зэрвэс гардаг. Дараа нь 1500-гаад онд Түмэдийн Алтан хан энэ нутагт цөмөрч, дангаар захирах зорилгодоо ашиглахын тулд Лхасын Гандан хийдийн хамбад Далай лам цол өргөсөн нь өнөө хэр шарын шашны тэргүүн мяндаг болсоор яваа билээ.

                Эцэст нь Гэгээн Гүүшри хаан хэмээн алдаршсан хошуудын Төрбайх ноён Далай ламын гуйлтаар шар малгайтныг хамгаалах зорилгоор Ойрадын их цэргийг удирдан ирж Цогттой байлдсан байна.

                Барим тавим өгүүлдгээр бол, Цогт дөрвөн түмэн морьт цэрэгтэй, нийтдээ 100 мянга орчим хүн дагуулж Халхаас гарчээ гэдэг. Түмэдийг эрхшээсэн тул Ордос, Түмдийн цэргээр хүчээ сэлбэсэн нь лавтай. Түм гэдэг нь тодорхой тоо бус, дөрвөн хэсэг цэргийн хүч гэсэн утгаар хэрэглэсэн үг ч байж мэднэ. Түүнээс нэг түм буюу дөрвөний нэг хувийг Цогтын хүү Арслан тайж удирдан Лхас руу оржээ. Харин Гүүш хаан хичнээн цэрэгтэй байсан нь бүрхэг. Ойрадын бүх том ноёд оролцсон тул энэ дайнд нэлээд их цэрэг татаа болов уу. Ойрадууд гэрийн чинээ том чөдөр чулуугаар дүүгүүрдэн Цогтын алдарт хэрмийг эвдсэн гэх бөгөөд улмаар халхуудыг хиар цохиж, хавийн уул хадыг цусаар бялдсан тул одоо хэр байлдаан болсон газар Их Бага Улаан хошуу гэгдсээр байна. Цөөн цэргийн хамт дутаасан Цогтыг Гүүш хааны хүү Даян тайж нэхэн Хөх нуурын хойдох Цахиурт хөндийд барьж хороожээ. Зарим хууч ярианд Цогтыг газрын гууд (тарваганы ичээнд) нуугдсан нь илрэв ч гэдэг, морь нь голын мөсөн дээр халтирч унаад баригдав ч гэдэг. Ингээд Гүүш хаан шарын шашныг мандуулж, Төвдийн төрийг ойрдууд барих болжээ. Өнөө хэр Лхасын Будала ордны оройд монгол цэргийн байлдааны хар туг залаастай байгаа нь Гүүш хааны ялалтын тэмдэг юм. Өдгөө хоосон мүзей төдий л үлдсэн Далай ламын энэ ордоныг сахин, бурхан тахилаа харгалзаж байдаг өвгөжөөр ламтай ярилцах зуур тэрээр цагтаа дэлхийн хамгийн өндөр байшин асан ордны дээгүүр зааж:

                -Туг гэж монгол үг биз? Танай монголчууд эдгээр тугийг энд авчирч мандуулсан юм хэмээж билээ.

                Хөхнуур дахь цэргийнх нь нэгээхэн хэсгийг удирдан Лхасыг эзлэхээр явсан Арслан тайж Далай ламд шүтэн дагасан тул Цогт хүүгээ цаазлах зарлиг буулгасан гэж кинонд гардаг нь үнэн. Арслангийн удирдаж очсон халхууд Түвдэд үлдэн, дамцаг-монголчууд гэх үндэсний цөөнх болоод аажимдаа уусчээ. Цогт тайжийн дагуулж гарсан 100 мянга орчим халхуудаас амьд мэнд үлдснийг нь Гүүш хаан нэгэн хошуу болгон Хөх нуурын зүүн өмнө суулгасан нь 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэл Хөхнуурын халх хошуу нэрээр оршсоор байжээ. Харин өнөөдрийн хувьд Хөхнуур дахь халхуудын ул мөр бүрмөсөн баларсан байна. Кинон дээр Арслан тайжийг цаазлаад толгойг нь барин давхиж ирдэг Улаанмалгайт бол монгол баатар огт биш, Арсланг мэхэлж хорооход гол үүрэг гүйцэтгэсэн улаан малгайтны шашны зоч юм. Чухам тийм зочуудын санаачлагаар л Цогт тайж Хөхнуурт өөрийн ул мөр болох дурсгалыг үлдээсэн аж. Тэр ямар дурсгал болох тухайд өгүүлэхээр энэ нийтлэлийг бичиж байна.

                Хятадын Хөхнуур мужид Хайши хэмээх жу бий. Нуурын баруунтайх аймаг гэсэн утга бүхий энэ нэгжид Улаан, Дулаан хэмээх хоёр монгол шиан (хошуу) байна. Аймгийн төв нь Дэлхий хэмээх хаалттай хот. Хаалттай ч юу байх вэ, гадаадын иргэдэд л хориотой, хэрвээ гадаад хүн очвол шууд л саатуулж буцаадаг газар. Араар нь сүндэрлэх Чилэгийн уулсад цэргийн ямар нэгэн нууц байгууламж байрладаг бололтой юм билээ. Дэлхий хот хийгээд мөнхүү хоёр хошуунд уугуул монголчууд нь харьцангуй олон. Өвөрмонголыг бодвол аргагүй л монгол газар ирчихлээ гэмээр сэтгэгдэл төрнө. Гудамжинд монголоор мэндэлцгээх, дэлгүүр хоршоонд монголоор ярилцахыг сонсож болох тул тэр л дээ. Мөнөөх л Гүүш хааныг дагаж очоод суурьшсан хошууд монголчуудын үр хойчис. Хэл аялга нь манай Увс, Ховдынхонд бол нутагтаа буучих шиг дотно санагдах вий. Албан тоогоор 100 мянгаад монгол хүн бий гэх бүртгэлтэй ч, хятаджиж түвджээгүй цэвэр монголоороо, хэл заншлаа хадгалж үлдсэн нь 50 мянга гаруйхан гэнэ.

                Элгэмсүү дотно хүн ардаас нь өөр бахдаж бишрэх юмаар мөхөс Цайдамын элчилгүй их хөндий дэх Улаан шианд Цогтын цонж хэмээх сэтгэл эмтрэм нэгэн дурсгал байна. Ховдын Сангийн хотын шороон хэрмэрхүү бүтэцтэй, одоогийн үлдцээр нь баримжаалбаас Хэрлэн барс хотын суваргархуу хэлбэртэй байж уу гэмээр бөгөөд хэдий сүйдэж балбарсан ч нэг л сэтгэл татах увдистай харагдах нь сонин. Халхын Цогт хунтайж дөрвөн түмэн цэрэг аваад Хөхнуурыг эрхшээн суусан тухай дээр өгүүлсэн дээ? Тэр бол Түвдэд буддизмын улааны ба шарын хэмээх хоёр урсгал өөр зуураа зөрчилдөн тэмцэлдэж, зүүн зүгт манжууд хүчирхэгжин Монголын сүүлчийн их хаан Лигдэнг орон зайгүй болтол түрж асан эгзэгтэй цаг үе. Цогт тайж нэг талаас Лигдэн хаантай хүч хавсрахаар, нөгөөтээгүүр өөрийн шүтдэг улааны шашныг тэтгэж дэмжихээр Монгол нутгаа орхин гарсан (аль ч зорилго нь гүйцэлдээгүй) тэр л түүхээс үлдсэн эд мөрийн баримт гэвэл гагц эл цонж ажаам.

                Лхасд суугаа Далай лам шарын урсгалыг мандуулж, улааныхныг номхотгохоор Ойрадын чуулганд элч зарсныг Цогт мэдэж байв. Тэгээд Хөх нуурын эргэн тойрноо цэрэг засч, Дөрвөн Ойрадын гол хүчийг Түвдэд нэвтрүүлэлгүй няцаах тухай бодлого боловсруулан сууж л дээ. Цогтын шадар зөвлөхүүд нь улааны шашны нэр нүүр болсон, хэдэн хувилгаан зоч байж. Мөнөөх зоч нар бошго буулгаад, “Ойрадад дийлдэхгүй байх шидийн арга байна. Их цэргийнх нь сүр сүлдийг үхүүлэх долоон их цонжийг долоон жил дараалан босгогтун” гэжээ. Тэрхүү цонж гээч нь шарын шашны сүм суваргархуу л юм даа. Гэхдээ хар домын хүч шингэсэн суварга аж. Дотроо амилуулсан онго шүтээнтэй, өргөл тахилын ам үүдтэй, ер бусын шидэт тарни, эрчим хүч шингээсэн, эгэл хүний бодол санаанд нөлөөлөх увдис оршоосон зүйл аж. Яг ёсоор нь хийж чадвал ямар ч давуу хүчтэй дайсанд гартдаггүй номтой эд гэнэ.

                Ингээд Цогт тайж эхний гурван жилд нэг нэг цонжийг яг номоор нь босгож амилуулжээ. Энэ зуур Ойрадын цэргийн заншлаач хүч мэр сэр тулалдаан өдөөсөн ч, тухай бүртээ Цогтод цохигдсоор буцсан гэдэг. Бүр гурав дахь цонжийг барьж гүйцсэний дараа Ойрадын их цэргийг ерөнхийлөн захирч асан жанжных нь нүд гэнэтхэн сохорсон байна. Эл домгоор баримжаалж бодвоос, Түвдэд эзэн суухын төлөөх тэмцэл Цогт болоод Гүүш хааны хооронд ганц удаагийн тулаанаар шийдэгдчихсэн зүйл огт биш бололтой. Магадгүй, таван жил дамнасан дайн ч байсан юм бил үү? Хотгойдын Омбо-Эрдэнэ хунтайж Цогтод хүч хавсрахаар Хөхнуурт очсон ч, Ойрадын удирдагчдын ов мэхэнд автаж бүслэгдсэн тухай түүхэн тэмдэглэл ч бий. Гүүш хаан мөргөлчний дүрээр сэм явж, өөрийн биеэр Лхаст нууцаар очин, зоч нарын ид шидийг сарниах хурал хуруулж байсаны дараахан энэ явдал болсон бололтой. Юутай ч, Цогт тайж улам бэхжиж, Ойрадад тийм ч амархан ялагдахааргүй бяр нь амтагдаад иржээ. “Цонжтой цонжгүй би ялагдахгүй нь” ч гэж бодсон уу, бүү мэд. Ингээд дөрөв дэх жилийн цонжийг ор нэр төдийхөн бүтээгээд, тав дахийг нь бүр ч дэмий юм босгохчмоон аядсаны дараахан хүү нь шар малгайтны талд дагаж орсон сураг иржээ. Харин Ойрадын их жанжны нүд эргээд хараа орсон гэдэг.

                Үнэн түүх, зохиомол домог алин болохыг өнөө бид ялгаж салгах аргагүй. Гэхдээ дээдмонголчуудын ярьдаг энэ хууч аргагүй л монголчууд бидний араншинг илтгэх шиг санагдаад олзуурхан тэмдэглэж авлаа. Тайлагдашгүй нууцаар дүүрэн энэ орчлонд Цогт тайж цонж бүрийг үнэхээр ёсоор нь бүтээж дуусгасан бол яах ч байсан юм билээ?

                Улаан шианы тэр сэжүүрт 1950-иад оны дунд үе хүртэл яах аргагүй гурван цонж байсныг нүдээр харсан ахмадууд өнөө хэр энх тунх явна. Тэд бол өмнөх үеийнхэн нь “таван цонж байхыг харсаан” гэж ярьцгаахыг чихээр сонссон хүмүүс шүү дээ. Өмнө нь ч олонтаа тоногдсон тэдгээр цонж Хятадын иргэний дайны үеэр хоосорч сүйджээ. Коммунист хувьсгал, шашны шинэтгэлийн жилүүдэд, мөн соёлын хувьсгалын үеэр ахин хоёр нь орвонгоороо эргэжээ. Цонж тус бүр хааш хаашаа 30 метрээс илүү гарахуйц өргөн суурьтай байсан бөгөөд дотроос нь модоор араг яс зангидаж хийсэн хүний дүрсүүд гарсан гэнэ. Өдгөө 56 настай судлаач Ванчины Цахиулжав гуайн үгээр бол, цонж тус бүрт зүг зүг тийш хандсан 3-4 хүний дүрс байж. Настайчуулын дүрслэн ярьдгаар, онгод болгон залсан бөөгийн хэрэглэл шиг зүйлс өмсгөсөн байсан бололтой. Тэдгээрийг улаан хамгаалагчид галдан шатааж, цонжийг бутлаад түүхий тоосгоор нь хамтралын гал тогооны зориулалттай аварга пийшин барьсан удаа ч бий аж. 1980-иад оны эхээр хавь орчмын монгол айлууд сарниж нүүсэн бөгөөд Улаан шианд суурьшсан тариачин хятадууд бүтэн үлдсэн сүүлчийн цонжийг нураан хэрмэн хашаандаа нэмэрлэх ажлаа эхэлжээ. Нэгэн цагт ид шид, хар домын ордон байсан, тэрхүү сүүлчийн ганц цонжийн зургийг та бүхэн харж байна. Их том байгууламжаас ердөө л багана ч юм уу, ханын хэсэг үлдсэн нь энэ. Дөрвөн талд нь дан хятад айлууд байх бөгөөд тэд аанай л тоосгыг нь сугачин авсаар буй.

                -Хоёр гурван жилийн дараа цонж ор мөргүй болно вий гэж Дээд Монголын яруу найрагч Цэрэн зөнч шиг гэхээсээ илүү хэзээ язааны явдлыг хүүрнэх түүхч шиг аялгаар хэлэв. Харин би халх шүлэгч Цогтынхоо байгуулсан цонжны туурин дээр сэржим өргөж, сэтгэлийнхээ хаа нэгтээгээс ямар нэгэн гунигтай дуу олж аяллаа.

                                Сэлэнгийн үүдийг

                                Сэлмээрээ цокаад...

хэмээн хангинуулах дээдмонголчуудын дуунд ч Цогтын ганц цонж цавтаж элэх шиг санагдана. Сэлэнгэ гэж Хөхнуур мужийн нийслэл Шининг хотыг хэлж байгаа юм. XVIII зууны эхээр Манжийн эсрэг боссон Лувсанданзан ноён Монгол руу зугтах замдаа энэ дууг зохион дуулсан юм билээ. Манжийн эсрэг тэмцэж явсан Цогт тайжийг дарахдаа ач хүү нь хожмын өдөр манж хааны цэргээс амь зулбаж Цогтын замаар хойш дутаана гэж Гүүш хаан зүүдлээ ч үгүй биз ээ.

 

                                                                                                                                2011.7-р сар.

Шинэ ном

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.

  "Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.

Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.