Мэдээ

"Бясалгал" хэмээх нэгэн ном уншигчдын гарт ирж байна. Яруу найрагч Г.Аюурзана 1990 оноос хойш хэвлүүлсэн шүлгүүдээсээ шигшиж, шинэ шүлгүүдийн хамтаар эмхэтгэн гаргасан эл түүвэр 232 хуудастай. Номыг залуу зураач Д.Баярцэцэгийн бүтээлээр чимжээ.

Өнөө цагийн яруу найрагт "бясалгал" хэмээх ай ухагдахуун байдгийг тусгасаны дээр шүлэг бичих нь угаасаа онгод бясалгалын оролцоотой урлаг гэдгийг дам тунхагласан уг номыг нэрлэсэн шүлгийг энд толилуулъя:

         "Монголын сонгомол өгүүллэг" антологийг Японы уншигчдад танилцуулахаар эрхлэн гаргагч болоод орчуулагчийн хооронд гэрээ хэлцэл хийгдсэн талаар өмнө мэдээлж байсан. Орчуулагч Шибанай сан номыг орчуулж дууссан бөгөөд антологийн шинэчилсэн хувилбар байдлаар япон хэлт уншигчдад толилуулахад бэлэн болоод байна. Хэвлэлийн газрын зүгээс эрхлэн гаргагчдад ч, бүтээл нь багтсан зохиогчдод ч мөнгөн шагнал олгохгүй бөгөөд Япон-Монголын соёлын харилцааны нэгэн чухал алхам, Монголын утга зохиолын гадаад сурталчилгааны нэгээхэн бодтой ажил гэдэг утгаар аль аль тал сэтгэлээрээ хийж буй санаачлага болно.

          "Монголын сонгомол өгүүллэг" антологд бүтээл нь сонгогдсон зохиолчдоос Японд хэвлэгдэхийг эсэргүүцэх буюу тодорхой шалтгаанаар тааламжгүй хандаж буй хүн байвал, энэ сайтын холбоо барих хаягаар, эсвэл Г.Аюурзанын g.ayurzana@gmail.com цахим шууданд захидал бичнэ үү? Хэвлэлийн газрын эцсийн шатны ажил явагдаж буй тул 2013 оны 6-р сарын 30-ны дотор яаралтай хандаарай. Энэхүү мэдээг нэр бүхий антологд багтсан зохиогчдод дуулгахыг хичээнгүйлэн хүсч байна.

 

                Монгол хэлээр бичигдсэн дөрвөн зохиолын орчуулгыг цахим ном хэлбэрээр Японд борлуулж эхэллээ. Шинэ жилийн өмнөхөн гарсан мөнөөх цахим номд Г.Аюурзанын “Анхны дурлалын намар”, Л.Өлзийтөгсийн “Сохор”, Өвөрмонголын зохиолч М.Асарын “Замын айлд” өгүүллэгүүд, Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” (номд хэвлэсэн дарааллаар нь нэрлэв) тууж оржээ.

                Аль ч үйлдлийн системтэй компьютер, мөн ухаалаг гар утаснаасаа уншиж болох уг номын линк-ийг толилуулъя. “Анхны дурлалын намар”, “Сохор” өгүүллэгүүдийг Японы монголч эрдэмтэн Абиру Михо орчуулсан байна.

http://www2.odn.ne.jp/tn/MBH.html

http://epubs.jp/search_result.php?query=%E3%83%A2%E3%83%B3%E3%82%B4%E3%83%AB%E6%96%87%E5%AD%A6&type=videos&submit=Searchquery=%E3%83%A2%E3%83%B3%E3%82%B4%E3%83%AB%E6%96%87%E5%AD%A6&type=videos&submit=Search

Япон- Монголын найрамдлын нийгэмлэгээс жилд хоёр удаа хэвлэн гаргадаг “Япон ба Монгол” сэтгүүлийн шинэ дугаарт “Цасны роман” хэвлэгджээ.

            Япон Улсаас Монголд элчин сайдаар сууж асан М.Ханада Япон-Монголын харилцааны түүхийн талаар хүүрнэж, мөн Япон дахь Монголын элчин  сайд С.Хүрэлбаатарын мэндчилгээ, монгол судлаач Кимүра Аяко-гийн Амарбаясгалант хийдийн цамын уламжлалын тухайн нийтлэл тавигдсан уг дугаарын уран  зохиолын хэсэгт “Цасны  роман” ноён Шибанай саны орчуулгаар нийтлэгдсэн байна. Түүнчлэн Өвөрмонголын их сургуулийн профессор Эрдэнэхадын бичсэн “Монголчуудын  урамжлалт  утга зохиолын онолын эмхэтгэл ба судалгаа” өгүүллийн  орчуулга нийтлэгдсэнээс үзвэл, сэтгүүлийн зөвлөл Монгол утга зохиолд нэлээд анхаарал тавьжээ.

            Сэтгүүлийн зүгээс хойшид Монголын орчин үеийн уран зохиолыг сурталчлахад түлхүү анхаарах бодлого тавьж буй бөгөөд Шибанай саны хувьд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” антологоос орчуулан ирэх онд япон уншигчдад танилцуулахаар төлөвлөж буй аж.

Youtube дээр буй Солонгосын Жаэюм & Моэюм хэвлэлийн газарт хийгдсэн, ном танилцуулах ярианы бичлэг (өгөгдсөн линкийг дарж үзнэ үү) болон Чёонан дахь Дангүүг их сургуулийн уулзалтын тухай тэмдэглэл мөн л вэб үйлчилгээ үзүүлэгч компани дампуурсаны улмаас устаж алга болсныг сэргээн толилуулж байна. 7-8 сарын дараа сэргээгдсэн мэдээ гэдэг утгаараа орчин үеийн содон үзүүлэлт болох вий.

 

http://www.youtube.com/watch?v=F_Q6XMjiVoo       

 

         2012 оны 5-р сарын 10-ны өглөө БНСУ дахь Монгол судлалын төв болсон Дангүүгийн их сургууль тийш очих замын дээгүүр этгээд монгол нэр бичсэн тууз татаж, тус их сургуулийн төв байрны том цагаан багануудыг Монголын тал хээрийн зураг бүхий зарлалуудаар чимсэн байв. “Бөөгийн домог” роман солонгос хэлээр хэвлэгдэн гарсан учраар Дангүүг их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Утга зохиолын тэнхим хамтран зохиолч Г.Аюурзанын уулзалтад бэлтгэсэн нь тэр.

                Хурлын танхимын үүдэнд “Бөөгийн домог” романы монгол, солонгос хэвлэлүүд, арга хэмжээнд зориулан мөнхүү их сургуулийн зүгээс хэвлүүлсэн, зохиогчийн уран бүтээлээс англи, солонгосоор толилуулсан товхимлуудыг дэлгэн тавьсан харагдана.

                Уулзалтыг Дангүүг их сургуулийн проректор нээж, Монгол судлал-Умрын соёл судлалын хүрээлэнгийн захирал, профессор И Сион Гю үг хэлж, мөн уран зохиолын тэнхимийн профессор, яруу найрагч Ким Су Бок Байгал нуур дээр бичсэн шүлгээ уншин, Г.Аюурзанад яруу найргийн номуудаа бэлэглэв.

                Зохиолч энд “Өнөөдрийн тухай”, “Үхлийн цэцэгс”, “Цаг хугацаа амсхийх зуур” хэмээх гурван шүлэг монголоор уншсаны дараа уулзалтын үндсэн лекц болох “Бөөгийн домог” роман хэрхэн бичигдсэн, уг зохиолдоо ямар ямар санааг дэвшүүлсэн зэргээ сонирхуулж ярьлаа. Яриаг тус их сургуульд багшилж буй, хатагтай Норовням шууд орчуулсан болно.

                Хурлын танхим дүүрэн суусан монгол судлал, утга зохиолын ангийн оюутнууд “Таны уран бүтээлд үхлийн сэдэв нэлээд өргөн байна. Үхэл гэж таны бодлоор чухам юу вэ?”, “Монгол яруу найрагт салхи гэдэг үг олонтаа таарах юм. Салхи, нүүдэлчдийн сэтгэлгээ хоёрын уялдааг тайлбарлана уу?”, “Солонгосын уран зохиолын гол төлөөлөгчдөөс та хэр сайн мэдэх бол?” гэхчлэн асууж байв. Ярианд дурдагдсан Оросын колоничлолын бодлого буриадын бөө мөргөлийг хэрхэн хэлмэгдүүлсэн тухайд профессор И Сион Гю саналаа хуваалцаж,

                -Манайд ч бас яг адилхан зүйл тохиолдсон. Япончууд орж ирээд хамгийн түрүүнд бөө нарыг хядсан. Үнэхээр бөө бол үндэсний ухамсрын дархлааг далд ухамсрын түвшинд сахин хадгалагч юм. Одоо солонгосчууд олон төрлийн шашин шүтдэг. Гэвч манай язгуурын шүтлэг бол бөө мөргөл шүү дээ хэмээн ярьж байлаа.

Шинэ ном

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн "Харанхуй хад", С.Эрдэнийн "Диваажинд хүргэх оньс", Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй", П.Баярсайханы "Зуун жил" гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.