Мэдээ
Зохиолч нөхдөдөө

         "Монголын сонгомол өгүүллэг" антологийг Японы уншигчдад танилцуулахаар эрхлэн гаргагч болоод орчуулагчийн хооронд гэрээ хэлцэл хийгдсэн талаар өмнө мэдээлж байсан. Орчуулагч Шибанай сан номыг орчуулж дууссан бөгөөд антологийн шинэчилсэн хувилбар байдлаар япон хэлт уншигчдад толилуулахад бэлэн болоод байна. Хэвлэлийн газрын зүгээс эрхлэн гаргагчдад ч, бүтээл нь багтсан зохиогчдод ч мөнгөн шагнал олгохгүй бөгөөд Япон-Монголын соёлын харилцааны нэгэн чухал алхам, Монголын утга зохиолын гадаад сурталчилгааны нэгээхэн бодтой ажил гэдэг утгаар аль аль тал сэтгэлээрээ хийж буй санаачлага болно.

          "Монголын сонгомол өгүүллэг" антологд бүтээл нь сонгогдсон зохиолчдоос Японд хэвлэгдэхийг эсэргүүцэх буюу тодорхой шалтгаанаар тааламжгүй хандаж буй хүн байвал, энэ сайтын холбоо барих хаягаар, эсвэл Г.Аюурзанын g.ayurzana@gmail.com цахим шууданд захидал бичнэ үү? Хэвлэлийн газрын эцсийн шатны ажил явагдаж буй тул 2013 оны 6-р сарын 30-ны дотор яаралтай хандаарай. Энэхүү мэдээг нэр бүхий антологд багтсан зохиогчдод дуулгахыг хичээнгүйлэн хүсч байна.

Шинэ ном

Г.Аюурзанын санаачлан гаргасан "Шинэ үеийн номын сан" цувралын анхны боть. Сонгодог гүн ухааныг өргөн олноо хялбаршуулан түгээх гэсэн, Монголын хэмжээний анхны оролдлого. 2000 онд анх хэвлэгдснээсээ хойш олонтаа шинэчлэгдэж, өнөө хэр уншигчдын дуртай ном хэвээр байна.

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.