Youtube дээр буй Солонгосын Жаэюм & Моэюм хэвлэлийн газарт хийгдсэн, ном танилцуулах ярианы бичлэг (өгөгдсөн линкийг дарж үзнэ үү) болон Чёонан дахь Дангүүг их сургуулийн уулзалтын тухай тэмдэглэл мөн л вэб үйлчилгээ үзүүлэгч компани дампуурсаны улмаас устаж алга болсныг сэргээн толилуулж байна. 7-8 сарын дараа сэргээгдсэн мэдээ гэдэг утгаараа орчин үеийн содон үзүүлэлт болох вий.
http://www.youtube.com/watch?v=F_Q6XMjiVoo
2012 оны 5-р сарын 10-ны өглөө БНСУ дахь Монгол судлалын төв болсон Дангүүгийн их сургууль тийш очих замын дээгүүр этгээд монгол нэр бичсэн тууз татаж, тус их сургуулийн төв байрны том цагаан багануудыг Монголын тал хээрийн зураг бүхий зарлалуудаар чимсэн байв. “Бөөгийн домог” роман солонгос хэлээр хэвлэгдэн гарсан учраар Дангүүг их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Утга зохиолын тэнхим хамтран зохиолч Г.Аюурзанын уулзалтад бэлтгэсэн нь тэр.
Хурлын танхимын үүдэнд “Бөөгийн домог” романы монгол, солонгос хэвлэлүүд, арга хэмжээнд зориулан мөнхүү их сургуулийн зүгээс хэвлүүлсэн, зохиогчийн уран бүтээлээс англи, солонгосоор толилуулсан товхимлуудыг дэлгэн тавьсан харагдана.
Уулзалтыг Дангүүг их сургуулийн проректор нээж, Монгол судлал-Умрын соёл судлалын хүрээлэнгийн захирал, профессор И Сион Гю үг хэлж, мөн уран зохиолын тэнхимийн профессор, яруу найрагч Ким Су Бок Байгал нуур дээр бичсэн шүлгээ уншин, Г.Аюурзанад яруу найргийн номуудаа бэлэглэв.
Зохиолч энд “Өнөөдрийн тухай”, “Үхлийн цэцэгс”, “Цаг хугацаа амсхийх зуур” хэмээх гурван шүлэг монголоор уншсаны дараа уулзалтын үндсэн лекц болох “Бөөгийн домог” роман хэрхэн бичигдсэн, уг зохиолдоо ямар ямар санааг дэвшүүлсэн зэргээ сонирхуулж ярьлаа. Яриаг тус их сургуульд багшилж буй, хатагтай Норовням шууд орчуулсан болно.
Хурлын танхим дүүрэн суусан монгол судлал, утга зохиолын ангийн оюутнууд “Таны уран бүтээлд үхлийн сэдэв нэлээд өргөн байна. Үхэл гэж таны бодлоор чухам юу вэ?”, “Монгол яруу найрагт салхи гэдэг үг олонтаа таарах юм. Салхи, нүүдэлчдийн сэтгэлгээ хоёрын уялдааг тайлбарлана уу?”, “Солонгосын уран зохиолын гол төлөөлөгчдөөс та хэр сайн мэдэх бол?” гэхчлэн асууж байв. Ярианд дурдагдсан Оросын колоничлолын бодлого буриадын бөө мөргөлийг хэрхэн хэлмэгдүүлсэн тухайд профессор И Сион Гю саналаа хуваалцаж,
-Манайд ч бас яг адилхан зүйл тохиолдсон. Япончууд орж ирээд хамгийн түрүүнд бөө нарыг хядсан. Үнэхээр бөө бол үндэсний ухамсрын дархлааг далд ухамсрын түвшинд сахин хадгалагч юм. Одоо солонгосчууд олон төрлийн шашин шүтдэг. Гэвч манай язгуурын шүтлэг бол бөө мөргөл шүү дээ хэмээн ярьж байлаа.
Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.
Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.
Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.
Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.
2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.
Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.
Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.