Япон- Монголын найрамдлын нийгэмлэгээс жилд хоёр удаа хэвлэн гаргадаг “Япон ба Монгол” сэтгүүлийн шинэ дугаарт “Цасны роман” хэвлэгджээ.
Япон Улсаас Монголд элчин сайдаар сууж асан М.Ханада Япон-Монголын харилцааны түүхийн талаар хүүрнэж, мөн Япон дахь Монголын элчин сайд С.Хүрэлбаатарын мэндчилгээ, монгол судлаач Кимүра Аяко-гийн Амарбаясгалант хийдийн цамын уламжлалын тухайн нийтлэл тавигдсан уг дугаарын уран зохиолын хэсэгт “Цасны роман” ноён Шибанай саны орчуулгаар нийтлэгдсэн байна. Түүнчлэн Өвөрмонголын их сургуулийн профессор Эрдэнэхадын бичсэн “Монголчуудын урамжлалт утга зохиолын онолын эмхэтгэл ба судалгаа” өгүүллийн орчуулга нийтлэгдсэнээс үзвэл, сэтгүүлийн зөвлөл Монгол утга зохиолд нэлээд анхаарал тавьжээ.
Сэтгүүлийн зүгээс хойшид Монголын орчин үеийн уран зохиолыг сурталчлахад түлхүү анхаарах бодлого тавьж буй бөгөөд Шибанай саны хувьд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” антологоос орчуулан ирэх онд япон уншигчдад танилцуулахаар төлөвлөж буй аж.
2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.
Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.
Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.
2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.
Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".
Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.
Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.