Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
УУЛЫН МОНОЛОГ
 

              Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив. Гурав дахь чонын дуу ялигүй хожуу дуулдав.

              Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.

              Дөрвөн жилийн өмнө би хүн байсан. Хүн байх ч сайхан шүү. “Ингэж болно. Тэгж болохгүй”. Хамгийн чухал нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг. Үүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй. Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.

              Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр “НИЙСЛЭЛ” гэж бичих юм сан. Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.

 

             Чононууд хоорондоо хэрэлдээд эхлэв. Гичийгээ булаалдсан юм болов уу? Эд намайг яах ч үгүй. Бид бие биеэ мэдэлцээд гурван жил болж байна. Анх намайг энд суурьшихад маш том азарган чоно мөрөөр минь шиншлэн хүрч ирж билээ. Надад улаан гараас өөр зэвсэг байсангүй. Би үхэх болоогүйгээ сайн мэдэж байсан юм. Азарган чоно багалзуурдуулаад амь тавихаас наахнуур болоод байхдаа нүд рүү минь эгц ширтэж билээ. Чонын нүдэн дотор сэгсгэр үстэй, час улаан нүдтэй эр шүдээ ярзайлган архирч үзэгдсэн. Би тэсэлгүй чоныг орхичихоод өндийв. Азарган чоно яг л мэнгэртэй өвгөн шиг бүгшүүлэн ханиалгасаар гуйвлан босч одсон сон. Тэр цагаас хойш бид хөршүүд болцгоосон. Харин миний гэдсэн дээр чонын хойд саврын мөр уртаа сорви байдаг юм даа.

              Хүний бараа харалгүй гурван жил болжээ. Миний тухай тэд юу гэж ярьдаг бол? “Галзуу, солиотой”, “Мэдрэл нь муудсан”, “Гажиг”, “Хаачсан юм бол?”, “Гадаадад оргож гарсан байх аа”, “Хээр осгож үхээ биз”... Юу ч гэж ярина, надад одоо хамаагүй. Би хүн биш болсон.

              Миний муу агуй ч сайхан дулаахан шүү. Урьд шөнө нэлээд хүйтэн хонолоо. Өвөл дөхсөн дөг өө. Зун хатаасан өвсөө маргаашнаас чирч авчиръя, байз. Тэгээд л баавгайнхаа арьсыг тунтарч аваад иччихнэ дээ.

              Өвөл болохоор ичээндээ орчихдог мөн лут ухаан шүү. Хүн бол хэзээ ч ийм арга олохгүй дээ. Өдий, гуч хүртэл миний толгойд л лав ороогүй юм даг. Нээрэн, би одоо гучин тав хүрчихээ болов уу. За, яршиг, бодоод ч яах юм бэ. Би ямар хүн биш, насаар яах юм бэ. Ямар ч амьтан бие гүйцээд нэг л жил амьд явахад хангалттай. Хавар сэрээд, зун уул хөвчөөр хацраа хорстол тэнэж, сайхан цэнгэг горхиноос ууж, намар нь тарган согоо унагаж аваад, өвөл нь ичээндээ шургачих хэрэгтэй. Бусад нь адилхан. Дараагийн бүх жил ав адилхан. Ав адилхан болохоор ерөөсөө хэрэггүй.

              Чононууд нам жим болцгоочихлоо. Ойролцоо буга өнгөрөв үү? Байз, байз. Чононууд гэтэж байна уу даа? Буганд ингэж гэтэхгүй дээ. Энэ бас юун чимээ вэ? Ойд ийм чимээ ер сонсоогүй юм байна. Ийм болхи алхаа чинь... Шархадсан алмас ч ийм чимээ гаргахгүй.

              За, чононууд холуур тойрцгоож байна.

              Сар гарчихжээ дээ. Одоо уг нь зогсоод эргэж харах юм бол, өлөгчин чонын шар нүдийг олж үзнэ дээ. Эргэж харсангүй ээ. Яваад л байна. Агуйгаас холгүй өнгөрөх нь. Даанч, одоо энэ золгүй амьтанд арваадхан удаа бүтэн амьсгалах хугацаа л үлджээ.

              Би унтахаар нүдээ аньлаа. Аниатай зовхинд минь хотын гудамжаар хийсэх улиасны шаргал навчис үзэгдэв. Навчис хаашаа ч хийсч чадахгүй, байшингийн хананд хашигдан бужигнах аж. Тийм газар төрсөн хүн гэхэд өдийд ингээд хэвтэж байдаг, би мөн ч азтай амьтан шүү. Саарал цутгамал замыг хичнээн ч навч намиагаар булаад ойн хөвдтэй жаахан ч атугай төстэй болно гэж үү? Үгүй ээ, хүмүүс үүнийг чадахгүй.

              Хүмүүс! Өө, энэ чинь хүн байж шүү дээ!

              За, хүн байгаа л биз. Одоо бол нэгэнт чонын хоол болсон. Харин яаж наашаа ирж чадав аа? Зөвхөн энэ уулын тагт гарч ирсний нь төлөө би түүний хоолойг өөрийнхөө шүдээр тас хазах байсан юм. Энэ ажлыг миний өмнөөс чононууд сайн гүйцэтгэсэн байх болтугай.

              Маргааш өглөө нь би түүний хүүрийг очиж харав. Чононууд цатгалан байжээ. Хоолойг нь тас хазаад л орхичихож. Хар савхин өмд. Төмөр тахтай тун сайн гутал байна. Бор илгэн хүрэмтэй ганган эр явжээ. Энэ муу буу нь сумгүй юм. Чааваас, асаагуураа ч цахиж амжсангүй. Уг нь хэрэгтэй л цамц юм. Гэвч би чинь хүн биш шүү дээ. Луужинтай цаг бугуйнд нь үзэгдэнэ. Тэр цүнхэнд нь газрын зураг бий байх даа. Хөөрхий, хүмүүс. Луужингаар үхлийнхээ замыг заалгаж дээ. Цүнхэнд нь бас архи байгаа болов уу?

              Хүний бараа хараагүй удсан надад царай нь л юу юунаас илүү сонин байв. Их айжээ. Үс нь сойзных шиг босчихож. Үгүй, тэр ээ хөөе! Завьжнаасаа урссан цусыг долоож үзсэн байна гээч! Амьдралынх нь сүүлчийн амт түүнд ямаршуу санагдаа бол?

              Тэндээс нуруулдсан өвс рүүгээ явлаа. Замдаа горхиноос уув. Би ч дүнхийсэн сайхан нуруу хийсэн байна шүү. Тэвэр тэврээр агуй руугаа зөөхөд лав хорин өдрийн ажил болно вий. Хорин өдөр зогсоо зайгүй өвс зөөчихөөд унтахад ямар сайхан байх бол? Ай, миний өвснүүд ч янзтай үнэртэж байна шүү. Бушуухан унтахын тулд том томоор нь зөөх юм шүү. Аравхан хоногт ноохойгоо зөөчихдөг бол мөн сайхан аа... За, ингээд л балайраад, мөрөөдөх гээд байдаг юм. Хүнд л байдаг энэ хоосон, хуурмаг хортой зуршлаасаа хэзээ салах юм бэ? Мөрөөдлөө биелүүлэхэд ашиглаж болох хайран цагаа хүн гээч мунхаг амьтан мөрөөдөлд автаж суусаар үрчихдэг. Хамгийн гачлантай нь, мөрөөдлөөс сэрэхэд бодот амьдрал ердийнхөөсөө хавьгүй дор болчихсон мэт санагддаг.

                Гэхдээ энэ бол хүний л хувьд шүү дээ. Би бол хүн биш, байгалийн нэгэн эд эс. Өвсөө зөөчихөөд л өвөлжин унтах минь. Байшин барилга зүүдлэгдвэл ч зүүдлэгдэг. Ичих минь л. Бушуухан ичих минь.

Шинэ ном

Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.

http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.