Шинэ роман гарсны дараахан буюу 2012 оны 4-р сарын 6-ны “Өдрийн сонин”-д доорхи яриа гарчээ. Зарим яриаг олж хадгалахгүй бол тэгсхийгээд үрэгдэж, заримыг нь бүр олж үзэлгүй үүрд алдчих юм.
-“Шүгдэн" хэмээх шинэ роман тань хэвлэгдээд удаагүй байна. Нэрээс нь харахад, буддын шашны ертөнцөд ихээхэн маргаан тарьж буй этгээд өвөрмөц шүтээний тухай гэж ойлгогдмоор. Гэтэл яг зохиол дээрээ Доржшүгдэнгийн тухай маш бага гардаг юм билээ шүү дээ?
-Зохиолд нэр өгдөг янз бүрийн л арга байна л даа. Жишээлэхэд, Ойрадын Зая бандид Намхайжамцын намтар "Сарны гэрэл" хэмээх судар бий еэ. Зая бандид нэгэнтээ олон ламтай ном хаялцаж л дээ. Тэгээд их гүүш аргагүй товойж ялгарахад нэг лам "Од хичнээн олон байвч сарны гэрэл аргагүй илүү юм аа" гэж дуу алдсан гэдэг. Энэ явдлыг дурдаад, мөнөөх судрыг "Сарны гэрэл" гэж нэрлэсэн учиртай. Тэгэхээр, нэрийг уншмагцаа л сартай шөнийн тухай ном байх гэж бодож болохгүй нь байна шүү дээ (инээв). Пэрэнлэйн Лувсанцэрэнгийнх бил үү, "Сарны сонат" гээд нэг өгүүллэг бий. Бетховены хөгжмийн тухай биш, зүгээр л гол баатар сэтгэл доноголзон сууж ахуйд радиогоор тэр аялгуу явж байдгаас үүдсэн нэр. Яг л тэр мэтчилэн, миний романы дотор нэг лам учир битүүлгээр үхчихдэг. Талийгаач лам Шүгдэн тахидаг байсан нь явцын дунд тодорхой болдог юм. Тэгээд л романы нэр болчихсон хэрэг.
-"Шүгдэн" гэдэг нэртэй зохиолд Шүгдэн сахиусны тухай юу ч гарахгүй бол хаашаа ч юм бэ дээ, тийм ээ? Тэгээд ч романы үйл явдал тэр шүтээний талаар уншигчдад бага сага мэдээлэл өгөхийг шаарддаг. Энэ яг ямар учиртай шүтээн болохыг миний гол баатар ч мэддэггүй л байсан. Тэр тухай ойр зуур ойлголттой болж байж л Сэржамцын мөрдлөг утга учиртай болно шүү дээ.
-Сэржамц бол Өвөр Монголоос Гүмбүм хийдэд хүн амины хэрэг мөрдөхөөр очиж буй, мөрч нохой сургагч гэдгийг таны романыг уншиж амжаагүй яваа хүн сайн мэдэхгүй байж мэднэ. Тэгэхээр хоёулаа эхлээд романы үйл явдлаас товчхон шиг танилцуулах уу?
-Роман хоёр хүний шугамаар өрнөж байгаа. Нэг нь нохой сургагч өвөрмонгол цагдаа Сэржамц, нөгөө нь талийгаач ламын дотнын анд Саманд. Сэржамц анх удаа Гүмбум хийдэд хүн амины хэргийн томилолтоор очдог. Нохой нь үхсэн тул хэрэг мөрдөх ажил бүтэлгүйтээд буцдаг. Гэвч хувийн шугамаараа Гүмбумд дахиад ирж Саманд ламтай танилцдаг. Тэгээд хүн амины хэргийн учрыг ч олдог, буддын шашныг ч бага сага ойлгодог. Харин нохойныхоо үхлийн учрыг хэзээ ч олж мэдэлгүй үлдэнэ.
-Би зохиолыг уншиж байхдаа Хуанди хэмээх алдартай мөрч нохой яагаад үхсэнийг олж мэднэ дээ л гэж найдаад байсан. Гэтэл их ойлгомжгүй төгсчихсөн. Тэр нохой яг яагаад, гэнэтхэн үхээд хоносон бэ?
-Харин би өөрөө ч мэдэхгүй байгаа юм. Дарамбал буюу талийгаач лам л дуудчихсан болов уу.
-Дарамбал үхсэнийхээ дараа Шүгдэн бурхны нохойд хөөгдөн зугтаж байхдаа "Надад ч бас уначих нохой бий шүү" гэж хашгирдаг. Тэр нь нохойг үхэлд дуудаж байгаа хэрэг үү. Уг нь өөрийнхөө тэжээсэн түвд банхарыг дуудмаар юм. Гэтэл яагаад цагдаагийн мөрч нохой дуудагдчихав?
-Чи тун гярхай уншсан байна шүү. Бидний амьдрал дандаа л санаанд ороогүй, гэнэтийн тохиолдлууд дунд өнгөрдөг шүү дээ. Би романаа аль болохуйц жинхэнэ амьдрал шиг, ойлгоход хэцүү, учрыг нь олоход ярвигтай, бас хэзээ ч тайлагдахгүй нууцуудтай байгаасай гэж хүссэн. Хүн бүр өөрийнхөөрөө л тайлж уншин, өөрийнхөөрөө л дүгнэх хэрэгтэй. Амьдрал гэдэг хэн нэгний заавар, жороор явдаггүй. Аливааг бид өөрсдийнхөөрөө л ойлгож ухаардаг биз дээ?
-Та номынхоо эхэнд "Ажиа гэгээнд зориулав" гэсэн байна. Энэ хүнийхээ тухай уншигчдад жаахан мэдээлэл өгөөч?
-Дуртай яа. Ажиа гэгээн бол миний таарч уулзаж байсан лам хуврагуудын дотроос хамгийн амьд үнэмшилтэй санагдсан, ер бусын сайхан сэтгэгдэл, хүндлэл бишрэл төрүүлсэн хүн. Анх Өлзий бид хоёр 2006 онд Индианагийн их сургууль дээр уншлага хийх үедээ нүүр учирч байлаа. Дараа нь хэд хэдэн удаа ярьж хөөрөлдөх завшаан таарсан. Тэр хүний дурсамжийн ном монголоор орчуулагдаж хэвлэгдэхэд ерөөлөөр ч гэх үү редакторлох аз таарсан даа. Блүүмингтон дахь номын өргөөнд нь ч, бүр миний төрсөн нутаг Баянхонгорт ч уулзалдаж байв. Ажиа гэгээн бол богд Зонховын эцгийнх нь хувилгаан дүр, Амдо Түвдийн нутаг дахь алдарт Гүмбум хийдийн эзэн лам. Хятадад байхдаа Хөхнуур мужийн дэд захирагчийн зиндааны албанд томилогдож, Бүх Хятадын буддистуудын холбоог ч тэргүүлэх боломжтой таарч асан хүн. Гэвч үзэл бодлоо Засгийн газраар хянуулахгүй гэсэндээ асар их зориг гарган Хятадаас зугтан гарсан юм. Гүмбумд тэр хүний нэр хүнд маш өндөр. Одоо хэр л Ажиа гэгээний нэрийг сонсоод лам нар нь бишрэлтэйгээр залбирдаг юм билээ. Ажиа гэгээнийг явснаас хойш тэр хийд их өөрчлөгдсөн гэлцэхийг ч сонссон. Тийм үг л ийм роман бичих түлхэц болсон л доо.
-Хятадаас зугтаж гарсан хүнд зориулсан болохоор хятадуудад тааламжгүй санагдаж магадгүй дээ?
-Хятад хүмүүст тааламжгүй зүйл миний роман дотор ерөөсөө байхгүй. Үйл явдал нь Хятадад өрнөж байгаа боловч иймэрхүү явдал аль ч улс оронд гарах магадлалтай. Хятадын эсрэг санаа бодлоор биш, дарангуйлагч тогтолцооны эсрэг, хувь хүний болоод үндэстэн ястны эрх чөлөөний төлөөх үзэл бодлоор л бичсэн зохиол. Дарангуйлагч тогтолцоо гэдэг гагцхүү коммунист төр засаг биш. Ялзарсан улс төрд тархиа хордуулаад, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зүрхгүй болчихсон хүмүүс манай Монголд ч хаа сайгүй бий шүү дээ. "Үнэн бодлоо хэлчихвэл хэн нэгний эрх мэдлийг хөндчих вий" гэж болгоомжилсон хүмүүс сүүлийн үед бүр ч олшроод байгаа юм биш үү?
-Зөвхөн зориулсан хүн нь ч биш, бас гарч буй дүрүүдийн дотор Хятадыг эсэргүүцэгчид олон байна. Дэвангийн түүх, Хүчинтөгс, гэрийн хорионд орсон гэгээн, бас амьдаараа зулын гол болж шатаж буй түвд лам гээд л...
-Би нэг сонин зүйл хэлье. Энэ роман дахь зохиомол зүйл, бодитой явдал хоёр бараг л тэнцүү. Өвөр монгол цагдаа, Гүмбүмийн залуу лам хоёроос бусад нь жинхэнээсээ бодит хүмүүс. Ажиа гэгээн, Дэ ванг бол манайхан сайн мэддэг болсон. Цаана нь гарч буй тэр Хүчинтөгс гуайтай ч, Сэрдог гэгээнтэй ч би уулзаж байсан.
-Тэгэхээр энэ хоёр дүр, тэдний яриа үйлдэл алхам цөм бодит явдал гэж үү?
-Хүчинтөгс гуайг ном зарж явахад нь таарч танилцсан. Яг л Сэржамц шиг. Сэржамц түүнээс Ордос дууны ном худалдаж авч байгаа биз. Би өөрөө тэр номыг авсан юм. Дараа нь бид нэг цахар эзэнтэй цайны газар сууж, оройжингоо хуучилсан. 2005 оны хавар шүү дээ. Тэр үед би хоёр найзтайгаа нийлж "Үндэсний үзэл бодол" гэдэг сэтгүүл гаргаж үзсэн юм. Хүчинтөгс гуайн яриаг сийрүүлээд нөгөө сэтгүүл дээрээ тавьчихлаа. Нэг их олон хүн олж үзээгүй, олигтой ч зарагдаагүй сэтгүүл л дээ. Бид арайхийж гурван дугаар гаргаад л ажил маань зогссон. Харин Хятадын талаас сэтгүүлийг маань их анхаарч уншсан юм шиг байна лээ. Тэгэхэд маш ядуу зүдүү амь зууж явсан Хүчинтөгс гуайд сэтгүүл гарсны дараахан Ордос хотын төвд гурван өрөө шинэ байр олгосон гэсэн. Тэгээд "Улс чамд байр өгч байна. Хойшид улс орныхоо тухай буруу санаж явдгаа болиорой" гэж зөвлөсөн ч гэл үү, тиймэрхүү сураг сонссон шүү. Хүчинтөгс гуай намайг бүр хүүгийнхээ хуримд урьсан удаатай.
-Сайхан түүх байна шүү?
-Тийм ээ. Хожим миний амьдралын хамгийн бахархам дурсамжуудын нэг нь огт зарагдаагүй сэтгүүлд бичсэн тэр нэг тэмдэглэл болох байх гэж боддог юм. Хүчинтөгс гуай бол 1981 оны алдарт бослогыг удирдаж явсан, түүнээсээ болоод насан туршаа хавчигдсан, бурангуй дэглэмийн эсрэг зоригтой сөрж зогссон, жинхэнэ үндэсний эх оронч үзэлтэн дээ. Бүр 1991 онд Баабарын "Бүү март, мартвал сөнөнө"-ийг монгол бичгээр буулгаж тараасныхаа төлөө баривчлагдан шоронд орж байсан гээд бодохгүй юу. Тэр дүргүйгээр миний роман цогц болж чадахааргүй байсан л даа.
-Сэрдог гэгээн ямар хүн бэ. Яг л таны романд гардаг шиг үү?
-50:50 хувьтай. Үнэхээр л гэртээ энгийн хар хувцастай сууж байхтай нь таарсан. Миний номонд бол их яриа хүн гарч байгаа. Жинхэнэ Сэрдог гэгээн тийм биш, барагтай л бол үг унагахгүй шүү. Бишрэл төрмөөр, магадгүй сүрдмээр, нэг л ер бусын хүн. Би дотроо төсөөлж явдаг онцгой ламынхаа эх дүр болгож тэр гэгээнтнийг бичсэн. Сэржамцыг явахад бэлэглэж буй зүйлс бол одоо манай гэрт байгаа жинхэнэ Сэрдог гэгээний дурсгал л даа.
-Тэгвэл Сэржамцын эх дүр та юм биш үү?
-Яалаа гэж дээ. Сэржамц бол өвөр монгол сэхээтнүүдийн нийтлэг дүр. Яг иймэрхүү, бүх зүйл нь хаалттай, хайрламаар, өрөвдмөөр, олон хүнийг би танина. Ер нь өвөр монголчууд дотроо нэг хүн, гаднаа тэс өөр хүн явдаг. Юу хүсдэг, юу боддог, юунд тэмүүлдэг нь хэнд ч ил биш. Тэгж явж л өөртөө болон ойр дотнынхондоо хал балгүйхэн шиг амьдардаг юм шиг. Миний баатрын гэр бүлийнх нь амьдрал ч гэсэн колоничлогдсон гэр бүлийн дүр төрх шүү дээ. Сэржамцын эхнэр шиг яг тийм эмэгтэйг ч би мэднэ.
-"Бөөгийн домог"-т ч, таны урьдын романуудад секс нэлээд гардаг. Тийм болохоор Саманд лам анхталийгаач андынхаа дүү бүсгүйг хараад ухаан алдаж унахад, тэдний хооронд ямар нэгэн юм болох нь дээ гэж бодогдсон?
-Би ч бас тэр хэсгийг бичиж байхдаа Саманд лам энэ хүүхнээс болж сахилаа гээх нь дээ гэж бодсон. Гэвч Саманд бол жинхэнэ лам хүн шүү дээ. Бид жинхэнэ ламтай бараг л тааралддаггүй болохоор тийм лам байдагт итгэхээ ч больцгоочихож. Гэхдээ Самандын дурлал гоё байгаа биз дээ?
-Тийм ээ, сэтгэл хөдлөм байсан. Бас тэр Сэрдог гэгээн багадаа Түвдийн Дашлхүмбэ хийдэд нэгүзэсгэлэнтэй охин хардаг тухайгаа дурсдаг хэсэг...
-Жинхэнэ лам хүн л тийм ариухнаар дурлаж чадах байх. Номд нэвтэрсэн хүний хувьд бусдаас сайхан зүйлийг олж харах нь л чухал. Өөр элдвийн хүсэл бол тэдэнд харш.
-Та энэ романаа бичихийн тулд бурхны шашинд нэлээд автсан байх аа?
-Автсан шүү. Сэрдог гэгээний бэлэглэсэн Гүмбүмийн найман суварганы шармал дүрсийг харан, орой бүр мөргөдөг байсан. Мөргөл хийх зуураа романыхаа үйл явдлыг ургуулж бодно. Эхэндээ гэмт хэргийн учигт илүү анхаарч байснаа сүүлдээ мөргөж хэвшээд ирэхээр тэр аллага маллага огт сонин биш юм байна, гол нь л хүн ёсны, хүний эрхэм дээд чанарын тухай бичих нь л миний үүрэг юм байна гэж бодох болсон. Ер нь би хоосон чанар, үйлийн үр хэмээх хоёр ойлголтын гайхамшигт сэтгэлгээг биширсэндээ л энэ романыг бичсэн юм шүү дээ. Өмнө нь би өөрийгөө огт шүтлэггүй гэж боддог байсан. Харин романаа бичих зуураа бараг л шүтлэгтэй юм байна гэдгээ мэдсэн.
-Бараг л гэнэ ээ?
-Бараг л. Мухар сүсэггүй, чин сүсэгтэй болсон. Тэгэхээр өөрсдийгөө жинхэнэ шүтлэгтэй хүн гэж үздэг хүмүүсээс арай л өөрөөр "бараг л шүтлэгтэй" гэе.
-Хүний шүтлэг бишрэл тийм амархан хувирдаг зүйл гэж үү. "Бөөгийн домог"-ийг бичиж байхдаа та барагл бөө болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна?
-Бөө мөргөлийн үзэл санааны гайхамшиг бол маргашгүй зүйл. Тэр тусмаа монголчуудын тэнгэр шүтлэгийн дээд ололтуудын нэг "Нууц товчоон"-ыг уран зохиолын хосгүй бүтээл гэж бишрэн үздэгийнхээ хувьд ч, яруу найраг онгодын оролцоотойгоор бичигддэг гэдэгт хатуу итгэдгийнхээ хувьд ч би бөө мөргөлийг бурангуй зүйл гэж хэзээ ч бодохгүй. Тэгээд ч лам, бөө хоёр дээд түвшиндээ бол нэг л юм шүү дээ. Аль аль нь оюун санааны үзэгдэл, оюун санааны ертөнцийн төгөлдөршил. Мэдээж, зан үйл, ертөнцийг төсөөлөх үзлийн хувьд ялгаа их бий. Тухайлбал, бөөгийн ёсонд сүнснүүд очиж оршдог харанхуйн орон гэж тусдаа бий гэж үздэг бол, ламын ёсонд сүнс нь энэ ертөнцийн амьтдын биесийг дамжиж явдаг гэж тооцогдоно. Онгод гэдэг нь тусгай хил хязгаартай сүнсний ертөнцийн заагийг нэвтэрч чадахуйц увдис олсон онцгой бөө нарын сүнс юм. Гэтэл яг ийм онцгой оюунт сүнсний тухай ойлголт бүх шашинд байдаг. За, тэгээд хуурамч түвшиндээ ч лам, бөө хоёр адилдаа адил, годилдоо годил шүү дээ. Номгүй лам, онгодгүй бөө хоёр бол луйвар л бодно уу гэхээс мөн чанар бодохгүй.
-Шүгдэн сахиус гэдэг чинь бөө нарын хэлдгээр бол онгод юм аа даа? Таны романд "гэгээрсэн сүнс бол онгод" гэсэн байна лээ.
-Тийм ээ, Шүгдэн сахиус гээч нь нэг их эрдэмтэй чойжингийн онгод юм байна лээ. Түүх нь үнэхээр сонирхолтой л доо. Гэхдээ миний ном бол Шүгдэн шүтээний тухай биш, монгол үндэстний хувь заяаны тухай зохиол. "Бөөгийн домог" ч гэсэн бөөгөөр дамжуулж буриад түмний колоничлогдсон дүр төрх, эмгэнэлт хувь заяаг хөндсөн роман.
-Буриадын тухай, Өвөр Монголын тухай нэг нэг роман биччихлээ. Өөр төлөвлөгөө байгаа юу?
-Монгол үндэстний таслагдал хэрчигдэл бол уг нь мөнхийн сэдэв л дээ. Гэхдээ одоохондоо ингээд зогсозноё доо. Бодож уншдаг хүнд бол энэ хоёр роман хангалттай. Өгүүллэг, туужийн нэг ном цэгцлэх санаатай. Энэ ондоо багтах нь уу, яах нь. Бас шүлгийн ном бэлдчихээд, гаргах уу болих уу гээд л, эргэж харсхийгээд сууж байна.
-Өө, романыхаа тухай ярианаас хадуураад явчихаж. Саманд ламын дүрийг яаж бодож олов?
-Хөхнуурын монголчуудын дунд өнгөрөөсөн өдрүүд миний сэтгэлд маш сайхан сэтгэгдэл үлдээсэн. Ёстой л монголоороо, ямар ч буртаг суугаагүй сэтгэлтэй хүмүүс билээ. Дээд монголчууд Улаан, Дулаан гээд хоёр хошуунд, бас Дэлхий хэмээх гадаадын иргэдийг оруулдаггүй хаалттай хотод голлон суудаг. Цөөхүүлээ, хөөрхий. Хэл усаа хадгалж үлдсэн нь 50-60 мянга байна уу, үгүй юу. Тэд Монголоос зохиолч хүн ирсэн гэж сонсоод зориуд архи барин ирцгээж, "Халх яриа чагная, юу ч хамаагүй яриад л бай" гэж гуйцгаасан. Ярьж байх зуур "Бид халх яриа ойлгож байна, бид чинь халхуудтай нэг хэлээр ярьдаг юм байна" гэж уйлалдаад... Үнэхээр зүрх шимшрэм... Хүн чинь харцнаасаа л мэдэгддэг дээ. Маш ёс төртэй, уудам сэтгэлтэй хүмүүс. Ийм хүмүүсийн дундаас чухам л Саманд шиг жинхэнэ лам төрнө дөө гэж өөрийн эрхгүй бодогдсон.
-Сахилаа огоорсон Дарамбал ламыг Шинжааны монгол болгож бичсэнд ямар нэгэн учир байна уу, үгүйюу?
-Үгүй дээ. Шинжааных байгаа нь тухайн лам буруу замаар будаа тээсэнд ямар ч хамаагүй. Дарамбал бол хаа сайгүй л таардаг, улаан шар хувцсаа ашиглан амин зуулга хөөж явдаг, номгүй лам нарын л жишээ. Номгүй хүмүүс фанатик сэтгэхүйд автах нь элбэг. Шүгдэнд шүтэхдээ тэр жинхэнэ шүтлэгээр бус, хэнээрхлээр хандсан. Бас шуналаа гүйцэлдүүлэх ид шид гэж харсан. Ний нуугүй хэлэхэд, бурхныг хүсэл биелүүлэгч шидтэн мэтээр хардаг, тэгж харсандаа л Ганданд очиж өргөл барьц өргөдөг хүмүүс олон шүү дээ. Бурхан бол хоосон чанарыг онохын ухаан. Хосгүй дээд заяа тавилан гэдэг бол үйлийн үрийг ойлгохын нэр. Үүнийг ойлгоогүй хүмүүс л хамгийн их "ламддаг" гарууд байдаг. Шуналаас ангижирах нь байтугай бүр шуналдаа дөрлүүлчихсөн увайгүй лам нарыг тийм мухар сүсэгтнүүд л тэжээдэг.
-Тийм увайгүй лам нараас сайн юм хүлээх аргагүй байх л даа. Гэхдээ Дарамбал хамгийн дотно найздаа хор уулгах хэрэг байсан юм гэж үү?
-Миний нэг танил энэ романыг уншаад дуусахдаа Дарамбал Самандад сэмхэн хор өгсөн гэдгийг огт мэдээгүй байсан. Харин чи яасан сүрхий олж хараа вэ?
-Романы нэр болсон Шүгдэнгийн тухай бас нэг зүйл асуумаар байна. Далай багш энэ шүтээнийг хориглосон шүү дээ. Хориглосныг бодоход, муу ёрын сүнс ч юм шиг?
-XIV Далай лам бол аугаа их бие хүн. Зөвхөн энэ хүний нэр л бүхэл бүтэн ард түмний зүг дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Түвд хэмээх үндэстэн ийм нэгэн хүү төрүүлсэндээ бахархах учиртай. Харин түвдүүдийнхээ нэлээд хэсэг нь шүтэж тахидаг шүтээнийг чухам яагаад хориглож, бүр энэ шүтээнийг үзэн яддаг мэт байдал харуулаад явдаг юм бол доо. Бидний сайн ойлгохгүй элдэв нарийн учир байдаг л биз. Зүгээр, хувь хүнийхээ зүгээс харахад, надад бол энэ хэтэрхий туйлширсан, жинхэнэ буддист хүний байр суурь биш юм шиг л харагдаад байгаа. Энэ амьдрал угаасаа хоосон чанартай гэдэг ээ дээ? Хоосон чанар бол шүтэн барилдсан гэсэн утгатай. Нагаржунайн найман хаалт гэж бүх диалектик зөрчлийг уялдуулж, тэр бүхний шүтэн барилдахуй дээр хоосон чанар тогтоно гэсэн сайхан гаргалгаа бий. Тэгэхээр хоосон гэдэг яг ч хов хоосон биш, бий үгүй хоёрын шүтэлцээ юм. Амьдрал зовлон хэмээдэг ч, хоосны үүднээс бол яг ч зовлон биш, зовлон жаргал хоёр шүтэн барилдсан нь гэсэн үг. Аль ч тийшээ хэлбийхгүй төв үзэл л хоосон чанарыг онох зам. Амьдрал гэдэг хуран үүдсэн, шүтэн барилдсан, мөнх бус, тиймдээ ч уг чанараараа хоосон эд. Ийм л зуурдын хоосон дунд нэгэн удаа энэ бие маань энэ сүнстэйгээ учирсны үрээр хүн гэгдэж яваа бидэнд учиргүй цухалдаж, тэчьядаад байх зүйл гэж уг нь ерөөсөө байхгүй л юм шиг. Тэгэхээр Далай багшийн тэр хориг, Шүгдэнг тэгтлээ үзэн ядаж буйн цаана гүн ухаан биш, улс төр л яваад байгаа ч юм уу, ёстой мэдэхгүй юм даа.
-Зохиолууд тань олон улсад ч мөн шуугиан тарьж байна. Таны "Амь тавьж буй шувууны далавч", "Бөөгийн домог" зэрэг номууд Солонгос улсад хэвлэгдсэн. Хичнээн хувь хэвлэгдсэн бол оо? Цаашдаа солонгосоор дамжуулж өөр олон хэл дээр хэвлэгдэх бололцоо байгаа нь мэдээж...
-Шуугиан тарьсан ч юм үнэндээ байхгүй л дээ. Яахав, энд тэнд мэр сэр юм гарч л байна. Томхноос гэвэл, "Арван зүүдний өр" Орост хэвлэгдсэн. Америкт хэдэн өгүүллэг хэвлэгдсэн. Уржнан намар Солонгост "Бөөгийн домог" хэвлүүлэх гэрээ хийсэн нь сая гарлаа. Гэрээнд дурдсанаар бол 10 мянга хэвлэсэн байх ёстой. Энэ роман одоогоор англи руу орчуулагдчихаад, хэвлүүлэх тал дээр яриа хэлцэл явагдаж байгаа.
-Мөн "Цасны роман" Хонконгт хэвлэгдсэн. Тэрхүү бүтээл тань "Million Writers Award-2012" олон улсын утга зохиолын шагналд нэр дэвшсэн дуулдсан. Энэ тухай нарийн ширийн мэдээлэл өгөхгүй юу. Ямархан нэр хүндтэй шагнал юм бол?
-Миний зохиолуудаас "Цасны роман" одоогоор зургаан хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн. Хосгүй мундаг зүйл гэж хэлэхгүй, аль 2002 онд гарсан эд шүү дээ. Хонконгийн "Ча" гэдэг сэтгүүлээс л нэр дэвшүүлсэн юм билээ. Номинацид нь өөр 13 өгүүллэг байгаа болохоор сүртэй баярлаад, горьдоод байх юм алга. "Ча" сэтгүүл "Уран зохиолын шилдэг сэтгүүл" номинациар 2008 онд уг шагналыг хүртэж байсан тул нэр дэвшүүлэх эрхтэй болсон юм гэнэ ээ. АНУ-ын Минесотад санаачилж 2004 оноос өгч эхэлсэн, харьцангуй залуу шагнал. Их олон номинациар олгодог юм билээ.
-"Цасны роман"-ыг Горькийн сургуулийн нэг багш Хэмингуэйн "Өвгөн тэнгис хоёр"-той нэг зиндааны бүтээл хэмээн үнэлсэн гэж сонссон?
-Сергей Казначеев гэдэг хүн Орост нийтлэгдэхэд нь тэгж үнэлсэн л дээ. Уулзаж танилцаад, өөрийнх нь амнаас тэр дүгнэлтийг сонсох юм сан гэж бодож л байна.
-Таны туурвисан зохиол бүхэн Монголд бэстсэллер болох юм. Үүнийг юу гэж боддог вэ. Л.Өлзийтөгс зохиолчийн сүүлд гаргасан "Үзэхийн хязгаар" ном мөн л борлуулалтаараа тэргүүлж байна лээ?
-Үгүй, юугаа бодох вэ дээ. Гарсан даруйдаа бидний номууд гайгүй гүйдэг нь бид хоёрыг ойлгож мэддэг уншигчдын хүрээ бий болсон, тэдний дунд л бага зэрэг хүлээлт үүсдэгийнх болов уу. "Бөөгийн домог"-ийг л гэхэд би одоогоор дөнгөж 4000-ийг зараад байгаа. Тэгэхээр юуных нь бэстсэллэр байх вэ дээ.
-Үргэлжилсэн үгийн зохиолоос гадна яруу найргийн бүтээл тань бас л шуугиан тарьдаг. "Сэтгэл рүү шагайгч Түүнд" ном тань яруу найргийн дээд хэмжүүрт хүрэхээр бүтээл болжээ гэж утга зохиолын мэргэжилтнүүд үнэлж байсан. Та өөрөө яаж үнэлж байна? Сүүлд яруу найраг хэр туурвиж байна?
-Шүлэг бичих минь цөөрсөн л дөө. Гэхдээ 10 баллын шатлалаар дүгнэх юм бол, яруу найрагчийн хувьд би өөртөө есөн оноо, хүүрнэл зохиолчийн хувьд харин бардамналаа бардамналаа гэхэд арайхийж таван оноо л өгнө.
-Ингэхэд та зохиолчдын байгууллагатайгаа харилцаа холбоо ямар байна? Зохиолчдын хороогоор үзэгдэх нь ховор болсон шиг санагдана?
-Түүгээр очих зав ч, шаардлага ч гарахгүй юм даа.
-Д.Нацагдоржийн шагнал хэмээх утга зохиолын дээд шагналаас Л.Өлзийтөгс та хоёрыг татгалзсан гэх сураг байсан. Энэ үнэн үү?
-Өлзий татгалзаж нэрээ татаж авч байсан. Би бол угаасаа дэвшиж байгаагүй л дээ.
-Танаас зайлшгүй асуух нэг асуулт байна аа. Ер нь уулзсан хүмүүс асуудаг л байх. Монголын утга зохиол өнөөдөр ямар түвшинд байна вэ. Та ямар хариулт өгөх бол?
-Тааруухан л санагддаг. Гэхдээ энэ бол шударга хариулт биш байж магадгүй. Учир нь би сүүлийн үед монгол ном бараг уншаагүй. Залуучуудын шүлэг зохиолыг огт мэдэхгүй.
-Та бол ерээд оныхны нэгэн төлөөлөгч. Өнөөдөр ерээд оныхон утга зохиолын ачааг нуруун дээрээ үүрч байна гэсэн ойлголт хүмүүст ерөнхийдөө байдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Наадхи чинь миний л хэлж байсан үг шив дээ. Би ерээд оны эхээр утга зохиолд хөл тавьсан залуустай найз нөхдийн харьцаатай явдгаараа бахархдаг. Бидний үеийнхнээс л анх удаа тайзан дээр марзаганадаггүй, найр хөтөлдөггүй, тун гайгүй сэхээтэн өвгөчүүл гарах болов уу гэж боддог шүү.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.
"Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.
Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.