Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ХҮҮХЭД НАСАНДАА УНШСАН ХАМГИЙН САЙХАН НОМУУД МИНЬ

 Доорхи бяцхан өгүүллийг би "Номын ертөнц" хэмээх ТББ-ын хүсэлтээр бичсэн юм. Жил бүрийн хавар тэд номын үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг уламжлалтайг хүмүүс мэддэг болжээ. 2012 оны 3-р сард бичсэн уг өгүүлэлээ би сайтдаа тавьсан ч, дараахан нь буюу намайг Солонгост байх үед вэб үйлчилгээ үзүүлж байсан компани маань дампуурч, би ч онлайн хадгалсан олон бичвэрээ үүрд алдсан, бухимдмаар явдал тохиолдож билээ.

 

          Үсэглэлийн баяраар “Цагаан буга”, “Алтан алим” хэмээх хоёр ном бэлгэнд ирсэний дараагаас би ном уншиж эхэлсэн бөгөөд миний өөртөө худалдаж авсан анхны ном бол “Энэтхэг, Балба, Фижи үлгэр”. Одоо санахад, их гоё ном байжээ. “Сээтх гуайн сургаал хаалга хүртэл” гээд л үлгэрүүдийн нэрийг ч би мартаагүй. Энэтхэг маягийн хээ хуар болсон эрээн мяраан зурагтай хавтас нь даанч нимгэн тул тэгсхийгээд шалдарчихаж билээ. Ангийнхаа нэг хүүд өгч уншуулаад, араас нь нэхэл дагал болж байж, хавтасгүй дээрээ бас сэжиг хүрмээр халтартсан юм буцааж авсан сан. Түүнээс хойш би номоо маш их хайрлаж гамнадаг, бусдад дамжуулахыг үзэн яддаг болсон доо.

           Дэлхийн сонгодог зохиолуудаас бол анхных нь “Робинзон Крузо”, “Гуливер” хоёрын л нэг. Угаасаа миний үеийнхний уншдаг номын сонголт тун цомхон, энэ хоёроор л эхэлдэг байсан болов уу. Даниел Дефогийн номыг 2-р ангидаа уншихад манай ангийн нэлээд хэдэн хүүхэд надаас ч өмнө уншчихсан байж билээ. Тэр үед үзэх юм одоогийнх шиг элбэг биш, ном л гол баяр баясгалан байв.

            Соц үед хүүхдүүд уншсан номынхоо тэмдэглэлийг хөтөлдөг, тэр тэмдэглэлээр нь баримт болгож “Номын сайн нөхөр”, “Нацагдорж тэмдэг” зэрэг шагнал ч олгодог байсан. Аймгийн номын сангийн хүүхдийн тасагт ийм тэмдгийн болзол хангах аян зохиоход би сарын дотор 100 гаруй нимгэхэн ном уншчихсан юм даг. Тэмдэглэлд минь эргэлзээ байгаагүй ч, намайг тэмдэг авахын тулд өмнөх саруудад уншсан номоо нэмчихэж гэж үзээд 30 ном уншсан хоёр дахь хүүхдийг шагнаж билээ. Уг нь би аль эрт таван настайдаа уншаад сурчихсан юм чинь, тэр нимгэхэн, бас зурагтай номуудыг өдөрт 3-4 байтугайг гүйлгэчихэлгүй яахав дээ.

            Хүүхдийн ном л гэвэл үлгэр гэж ойлгодог байсан тэр зурвасхан үед Д.Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд”-ыг бусад хүүхдүүдийн адилаар их л шимтэн уншснаа санаж байна. Харин шатар тоглохдоо даам шиг хэд хэд идчихдэг, ноёнгүй болчихоод үргэлжлүүлэн тоглосоор байдаг тэр л зугаатай хэсгээс бусдыг нь мартчихжээ. “Эргээд хүүхэд болоосой гэж эмээ хүртэл хэлдэг юм” гэж талийгаач Түмээ ахын минь нэг дуунд гардаг. Эргээд хүүхэд насандаа очвол “Хөгжөөнтэй туужууд”-ыг ёстой ахин нэг унших юм шүү!

            За, тэгээд Линдгрений “Жаалхүү ба дээвэр дээр суудаг Карлсон” байна. Мөн ч гоё ном доо. Ер нь Андерсены үлгэрээр бодоход л даничууд гайхалтай хүмүүс шүү. Бас нэг скандинав зохиолчийн “Карлсоны Элвис” гээд нэг арзайсан үстэй жаалын зурагтай хөөрхөн ном байсан. Тэр жаал талийгаач үеэлийнхээ ч бил үү, нагацынхаа хувцсыг өмсдөг, тэр нь загварын хувьд хоцрогдсон эд тул хүүхдүүд их шоолдог тухай, жаалхүү маш их ичдэг ч нэг тийм сонин, “дотогшоо” хөвгүүн бөгөөд бусдад гоочлуулаад л яваад байдаг юм. Яагаад ч юм бэ, би тэр Элвисийг маш сайн ойлгодог байж билээ. Жаалхүүгийн ээж Элвис Преслийг, тэр тусмаа рок-н-ролын хааны гоё үсийг шүтдэг байж л дээ. Тэгээд хүүдээ нэрийг нь өгсөн ч, хүү нь харин аймшгийн арзгар жаал болчихсон гэдэг. Сүүлд нь нөгөө талийгаач үеэлийнх нь ээж “Одоо Элвист шинэ хувцас худалдаж аваарай. Түүний хувцас ингээд дууслаа” гэхэд нь би Элвисийн өмнөөс тун их баярлаж билээ. Хөөрхий хамаатны тэр жаал нь наймтайдаа нас барсан байдаг ч бил үү, тэгээд л бөөн эзэнгүй хувцас үлдчихсэн юмсанж.

             "Гурван бүдүүн" гээд бас нэг гайхалтай ном бий. Зохиогч нь Юрий Олеша. "Атаа" хэмээх мундаг роман бичсэн энэ зохиолчийн "Ни дня без строчки" хэмээх номыг хожим нь оюутан байхдаа санаандгүй олж үзээд, салж чадахаа больтолоо шимтэж билээ. "Гурван бүдүүн" дээр гардаг хотод шөнө огт болдоггүй, аварга том хүнхэр толийг хотынхоо тэнгэрт зоосон тул нар шингэсэн хойно ч шинэ нар мандаад өдөр мөнхөд үргэлжилдэг ч бил үү, үүнийг зохион бүтээсэн Гаспар доктор бүр амьд охинтой зэрэг өсдөг хүүхэлдэй ч хийсэн байдаг. Тэнцүүрчин Тибул, тэмцэгч Просперо, бүжгийн багш Раздватрис гээд л олон содон дүрүүдтэй. Энэ бүхнээс үүдсэн адал явдлууд нь салахын аргагүй амттай сан. 

            13 насандаа би Куперын шүтэн бишрэгч болов. Тэгээд номын санд сууж “Зоригт анчин бүсгүй”, “Мөрч” гэхчлэн бүртгэж байгаад орчуулагдсан бүхнийг нь уншсан. Куперыг хамгийн мундаг зохиолч юм байна гэж бодох болсон тул, дараа зун нь аймгийн захиргааны өмнөх талбай дээр хөдөө сумуудын агентууд борлогдоогүй номоо ачааны машинаар ачиж ирээд шууд барагшин зам дээр дэлгэн зарж байхтай таараад, надад 10 төгрөг байсан тул “Сүүлчийн могикан”-ыг 6 төгрөг 50 мөнгөөр авсан сан. Одоо ч манайд бий тэр ном лавтайяа бүтэн жилийн турш миний хамгийн хайртай ном байж билээ. Тэндээс би делавар, гурон, ирокез гээд л индиан омгуудын нэр мэддэг болсон доо. Саяхан би хүүгээ уйдаад байна гэхээр нь хүүхэд наснаас л намайг дагаж яваа номуудын нэг болох “Оцеола баатар”-ыг санал болготол,

            -Юу гардаг юм бэ? гэж байна.

            -Индианчууд гэвэл,

            -Өө, би тэр тэнэг индианчуудад чинь ёстой дургүй гэдэг байгаа!

            Мэл гайхаж цэл хөхөрнө гэгч л боллоо. Түүний насан дээр миний хувьд индианчууд шиг гайхамшигтай баатрууд байсангүй. “Хэлмэгдсэн омог” хэмээх, Зүүн Германд хийсэн, манай “Газарчин” кинонд Батцэцэг эгчтэй хамт тоглодог Гойко Митич гол дүрийг нь бүтээсэн, индианчуудын тухай дөрвөн ангит киног хичнээн ч үзсэн уйддаггүй байж билээ. Гэтэл хүүхэд насны минь ид шидэт байшин - Баянхонгорын дугуй дэлгүүрээс өөрийнхөө цуглуулсан задгай зооснуудыг атгаж очоод худалдан авч байсан тэр л “Оцеола баатар”-ыг минь миний хүү “тэнэг индиан” гэж хэллээ гэж үү? Үнэхээр гомдолтой. Одоо “Их хуралдай” уушийн газар буй, хуучин 120 мянгатын дугуй дэлгүүртэй яг ижилхэн номын дэлгүүр тэр үеийн Баянхонгорт байсан юм. Одоо ч бий л байх. Гэхдээ мэдээж номын дэлгүүр биш болсон. Цаг хугацаа гэж ийм л тохуутай илбэ ажээ. Гэхдээ Майн Рид миний хайртай зохиолч болж чадаагүй юм. “Оцеола баатар”-ын араас “Цагаан бээлий”-г уншсаныхаа дараа маш их догдолж, яг л нөгөө Куперээр өвчилдөг шигээ шууд л залгуулаад “Морь унасан толгойгүй хүн”-ийг унштал, энэ хоёр роман өөр хоорондоо жигтэйхэн адилхан, нэг нь нөгөөгөө хуулчихсан эд болох нь маш тод харагдаад, ердөө л Английг Америкаар, араб адууг мустангаар сольчихсонд нь зэвүү хүрээд Майн Ридийг орхисон.

            Тэр үеэс л би уран зохиолын ертөнцийг ер бусын гэж бишрэх болсон бөгөөд Жюль Верний романууд цөмөөрөө ямар нэгэн баатар, ямар нэгэн үйл явдлаараа хэлхэгдэж холбогдсон байдаг нь надад хосгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлдэг сэн. Магадгүй, “Гурамсан цадиг” хэмээх харилцан шүтэлцээтэй романуудынхаа хэлхээг, бас тэдгээртэй дам холбоотой баатар өгүүлэгч нь болж гардаг “Бөөгийн домог” романыхаа бүдүүвч зохиомжийг би хүүхэд байхдаа олсон ч юм уу?

            Энэ бүхнийг дурсах хичнээн сайхан байвч, ний нуугүй хэлэхэд, ой санамж минь мохжээ. Нүдэнд харагдаж байгаа нь гэвэл ердөө л Дюмагийн “Шадар гурван цэрэг”-ийн нимгэн хавтастай тааруухан хэвлэл, “Хорин жилийн дараа” хэмээх ногоон өнгийн хатуу хавтастай ном төдийхөн... Тэвэрч хонодог байсандаа л 870-аад хуудастай тэр зузаан номыг би хараахан мартаагүй үлдсэн ч юм шиг. Бага насныхаа өдрүүдийг аз жаргалтай өнгөрөөхөд минь өөрийгөө зориулаад эгнэгт мартагдсан гайхамшигт номууд минь намайг өршөөгөөрэй!

            Конан-Дойлын Шерлок Холмсын тухай өгүүллэгүүд, “Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой”, өөр бас нэг нохойтой ном бол Жорж Сименоны “Шар нохой”. Бас хэн ч билээ дээ орос зохиолчийн “Хар чихт цагаан Бим”... Би нохойтой болохыг мөрөөдөж, нохойтой болчихсноор төсөөлж, тэдгээр хаа ч байхгүй нохдодоо Бим, Том, Дик гэхчлэн нэр өгдөг байлаа. Нохой тэжээх биелээгүй хүслийг минь Акимушкины амьтдын тухай өгүүллэгүүд л тайтгаруулсан даа. Арван тав хүрэхдээ би газарзүйн талаар боломжийн мэдлэгтэй, аль ч тивийн хорхой шавьжнаас бусад зэрлэг амьтдыг нэгбүрчлэн мэддэг болсон байв. Уншдаг номууд минь ч нэлээд буурьтай болж эхэлсэн. Одоо ч ахин уншихаас буцахгүй сайхан зохиол бол “Монте-Кристо”, “Эрэлхэг цэрэг Швейк”, “Парисын эх дагинын сүм”, бүр ч гоё нь “Инээмтгий хүн”... Ай даа, Гуинпленд, Хюгогийн тэр л зэрэмдэг баатарт би мөн ч дуртай байсан даа.

            Амьдрал гэж нэг л сонин эд болохыг Вольтерын “Жамаараа яваа ертөнц”, Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” хоёроос мэдэрсэн. “Дорд үзэгдэгсэд”-ийн тэр үеийн хавтас дээр зоогийн газар амьсгал хураачихдаг нөгөө муу өвгөний нохойтойгоо яваа зураг байсныг мартдаггүй. “Азорка, Азорка!” гэж доройхон дуугаар нохойгоо дуудаад, тэгээд л үхчихдэг шүү дээ, хөөрхий.

            Бусдаас бэлгэнд авсан анхны гадаад ном бол Фадеевын “Ниргэлт”. Тэгээд л би орос ном уншдаг болох хэрэгтэй юм байна гэж бодсон. 8-р анги төгссөн зунаа оросоор анх удаа Тургеневын “Первая любовь”, “Вешние воды” хоёрыг уншиж билээ. Шүтэж байсан. Орос хэлээр уншсан анхны роман бол Стендалийн “Пармская обитель”. Сайхан роман шүү. Фабрицио дель Донгод би одоо ч гэсэн хайртай. Фабрициотой танилцахаасаа өмнө би хүүхэд явсан, тэгээд л бага нас минь дууссан ч юм шиг.

            Хүүхэд ахуйн минь цагаан атаархлыг өдөөгч Дик Занд, “арван таван наст капитан”-ы хөлөг онгоц их далайд бараа тасарчээ. Далай өөрөө эвхрэн татарч цаашлаад, нэгэнт цагт би дээр нь зогсож асан гайхамшигт эрэг одоо надаас улам л холдсоор байна даа.

 

Шинэ ном

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.