Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
АГААН ДУУ

 

Сяньби гүрний салаа Муюн улсын эзэн Муюн Гүй өөрийн ахтай адуунаас болж муудалцсанд, ах Тогоон нь баруун зүг нүүж тусгаарласан гэдэг. Ахыгаа салж нүүсэнд өөрийгөө ихэд буруутган “Ахын дуу” хэмээх энэлэнт дуу зохиосон нь эртний Монголын яруу найргийн нэгэн сувд эрдэнэ болсон юм.

III зууны сүүлчээр зохиогдож, хятад бичигт тэмдэглэсэн мөнөөх дууг Америкийн эрдэмтэн, дорно дахин судлаач Т.Кэррол англи хэлнээ хөрвүүлж 1939 онд Харвардын их сургуулийн Ази судлалын сэтгүүлд нийтлүүлсэн аж. Манай нэрт түүхч Г.Сүхбаатар тэрхүү хувилбарыг баримтлан монголчилж 1971 онд “Сяньби” бүтээлдээ хэвлүүлсэн нь энэхүү хосгүй туурвилыг орчин цагийн уншигчдад анх хүргэсэн явдал байв. Миний бие тэрхүү хувилбарыг өчүүхэн засамжилж “Монголын сонгомол яруу найраг” антологд оруулсан нь ийм байв:

                                        

              Ахан минь явчаад эргэж ирсэнгүй,

              Салан хагацах амархан

              Ахин бие биетэйгээ уулзах хэцүү.

              Адуу ноцолдоно, хүн ноцолдохгүй.

 

              Дайсагналцах нь хүмүүст ч буй

              Дайсагналцах нь адуунд ч буй.

              Та Байлань уулан тийш явсан,

              Түмэн газар надаас холдсон.

 

              Лүн уулын өндрийг ээ!

              Инь уулын хүйтнийг ээ!

              Энд ах минь үзэгдэхгүй (нь)

              Элэг зүрхийг минь шимшрүүлнэ.

 

 Харин багын анд, түүхч П.Дэлгэржаргал маань “Агаан жигэ” хэмээх мөнхүү дууны үгийг эх сурвалж “Зинь Шү” судраас нь хадмалдан буулгасан хийгээд Өвөрмонголын түүхч Т.Мансаны эшилснээр 1948 онд Чэнь Дэн Жи хэмээх хүний буулгасантай бас тулгаваас мөнөөх дуу зохиогдоход хүрсэн шалтгаантай холбоотой "Дайсагналцах нь хүнд ч буй, адуунд ч буй" гэх мэтийн тайлбар санаа орж, уг шүлгээсээ гажсан, өөр бас бус утгын зөрүү нэлээд байх тул, яруу найргийн хэлбэрт оруулж шинээр найруулан түгээх нь зүйтэй болов уу хэмээн саналаа. “Агаа” хэмээх язгуурын сяньби үг нь “ах” хэмээх монгол үг мөн гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Дүүгийн санаашралыг “ах” гэсэн хөндий үг бус, уг эхдээ тэр хэвээрээ буй “агаа” хэмээх дуудлага илүү наалдацтай илтгэмээр санагдсанд шүлгийн нэрийг мөн “Агаан дуу” болгож засав. Юутай ч, энэ бол УТГЫН ХУВЬД ИЛҮҮ ЗӨВ хувилбар билээ.

 

              Агаа минь алс баруунтаа оджээ,

              Аюулхай зүрх минь эмтэрнэм.

              Агаа минь буцаад ирье гэлээ ч

              Адуу нь наашаа эгсэнгүй гэнэм.

 

              Амраг дүү намайгаа гэх,

              Адуу малынхаа аяыг харах.

              Аяа, агаад минь хэцүү л байсан биз ээ,

              Агаа минь алсын алс баруунтаа оджээ.

 

              Хүйтэнд хөрч, нойтонд норж,

              Хөөрхий агаа минь яас л хийж яваа бол?

              Дасч идээшсэн нутгаа орхиод

              Та минь алс Байлань тийш оджээ.

 

              Наран шингэх зүгийг сэтгэл өвдөн ширтнэм,

              Насан ихийг элээвч агаа ахиад олдохгүй ээ.

              Аяа, агаагаа санан ганихрахуйяа

              Аюулхай зүрх минь шимширнэм.

 

                                                          ~285 он.

Шинэ ном

  "Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.

Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.

Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.