“Юу унших вэ? Ямар ном сонгох вэ? Ном уншихдаа юуг анхаарах нь зөв бэ?” гэсэн асуулт арай л хэтэрхий олон ирэх юм аа. “Монтэнийг унш, уншиж дуусмагцаа ахиад эхнээс нь унш” гэсэн нэг алдартай үг бий сэн. Би өөрөө Монтэний эсээнүүдээс орчуулсан болохоор энэ үгийг давтаж хэлдэг маань залууст итгэл төрүүлэхүйц санагддаггүй юм болов уу.
Тэгвэл арай өөр санаа хэлэхийг хичээе. Үүгээр дээр дурдсан утга бүхий бүх захидалд хариу бичиж байгаа юм шүү.
Бичих боломж олдож байгаа дээр бичихийг ямагт хичээж ирсэн хүний хувьд зөвлөхөд, унших боломж олдож байгаа дээр уншиж амж. Зав боломж гэдэг үргэлж олдоод байдаг зүйл огт биш. Гэхдээ... Цаг зав байгаагийн зоргоор бүхнийг хамж унших нь тийм ч ухаалаг хэрэг биш байх. Амьдралд цагаас илүү эрхэм үнэт зүйл гэж үгүй. Залуу явахад амьдрал хэзээ ч дуусахгүй мэт санагддаг ч, яг үнэндээ нэг л өглөө сэрэхэд төсөөлснөөс маань хамаагүй бага хугацаа үлдсэн нь гашуунаар мэдрэгддэг юм даа. Тиймээс унших цагаа хайрлах, амьдрах цагаа гамнах хэрэгтэй шүү.
Ном бүр өөрийгөө хамгийн чухал мэтээр ойлгуулж, илбэдэхийг оролддог. Бас сайн ном анхны уншилтаар жинхэнээсээ нээгддэггүй. Тэгэхээр үнэ цэнийг нь танихын тулд та өөрөө л уншигчийн хувьд боловсрох нь хамгийн гол. Юм бүхний дээд хэмжүүр рүү л тэмүүлж байж боловсорно.
Суут туурвилчид гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн Шекспирээс эхлээд Мүзилийг ч юм уу, Прүстийг уншина гэдэг яг үнэндээ зугаатай биш л дээ. Тиймээс заавал сайн бүтээл унших гэж өөрийгөө албадах хэрэггүй. Чухам хэнийг унших нь, мэдээж, хувь хүний л сонголт. Сонголтын тухайд маргаад байх зүйл үгүй. Сонголт гэдэг бол тэр хүний өөртөө буй болгож буй хэмжээ юм.Тэгэхээр та өөрийнхөө л хэмжээний зохиолчийг таашаах бүрэн эрхтэй.
Гэхдээ яагаад энэ мэтийн “уншигдаж өгдөггүй” номуудыг үргэлж л шилдэгт тооцсоор ирсэн хэрэг вэ? Ер нь ямар номыг “сайн” гэдэг юм бэ? “Моби Дик”, “Фауст”, “Анна Каренина”, “Гэм, зэм”, “Шуугиан цухалдаан”, “Дөлгөөн Дон”... Энэ номууд юугаараа адилхан юм бол? гэж хааяа эргэцүүлж үзэхэд гэмгүй. Тэдгээрийн нийтлэг шинж бол амьдралыг ойлгоход маань, бүр маш гүнзгий ухаарч танихад маань тусалдаг увдис нь юм. Сайн ном уншсаныхаа дараа ямар ч хүн ертөнцийг илүү уудмаар, урьдынхаасаа илүү уужмаар харж эхэлдэг. Сэтгэл чинь илүү ариуссан байдаг. Амьдрал гээч ер нь уншигдаж өгдөггүй, ойлгогдож өгдөггүй номтой тун адилхан, адармаатай зүйл. Хялбар амьдрал гэж хаа ч байхгүй. Түүнийг харааж, жигшиж биш, ойлгож хайрлаж л давна.
Насан туршаа нэг олигтой ном ухаарч уншиж үзэлгүйгээр хорвоогоос буцдаг хүмүүс маш олон хэдий ч, Чеховыг юм уу, Фолкнерыг уншаагүй хүнтэй ярилцаж сууна гэдэг бол тэсвэрлэшгүй шийтгэл гэдэг нь хоржоонтой үнэн шүү. Тиймээс та өөрөө ч бас бусдад тийм залхаалт болохгүй бол сайн сан.
Нэгэнт зүрхлээд зөвлөгөө хэлсэн дээрээ нэмчихэд, хайран цаг хугацааг чинь ихэнхдээ үр дүнгүй нөгцөөчих, уншлаа гээд оюун санааны хувьд нэг ямх ч өөдөлж өндийхгүй тийм номуудыг учиргүй шагшдаг хүмүүс цаагуур чинь дүүрэн бий. (яг л “Нүүр ном” шиг!) Бусадтай уралдаад юүхэв. Тодорхой хугацаа өнгөрөг, жинхэнэдээ ямаршуухан ном болох нь танигдаг. Тэр зуур үсэг шоодоод, за К үсэг гарлаа гэхэд Кафкаг ч юм уу, Камюг, дараагийн Л үсэг нь таарвал Жэк Лондоныг, олдвол Лессингийг, М үсэг сугаллаа гэж бодоход улиг болсон Монтэнийг минь ч юм уу, Мишимаг уншихгүй юу. Ийм номууд уншиж суухад амьдрал тань яавч дэмий өнгөрөхгүй...
"Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.