Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
"Сахиуст Хангайн нууц" роман хэвлэгдсэний дараа "Өдрийн сонин"-д өгсөн яриа

 

-Өлзийтөгс зохиолчийн бүтээл франц хэлээр гарсан гэж сонссон. Харин энэ тухайгаа өөрөө ч энд тэнд огт ярьсангүй. Тийм болохоор манай хэвлэл мэдээллээр тодорхой зүйл алга. Та нарийн ширийн мэдээлэл өгөөч.

            -Бельги, Голланд, Люскембург улсууд дахь манай ЭСЯ тэр номын нээлтээс өмнөх арга хэмжээг Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтарч зохион байгуулсан юм. Тэр тухай ЭСЯ-ныхаа вэб хуудсанд нийтэлж, түүнээс нь зарим нэг сайт, “UB Post” сонин авч мэдээлсэн байсан тул ахиж ярья ч гэж санасангүй. Товчоор хэлэхэд, “Аквариум: Өнөө цагийн монгол новеллууд” гэсэн нэртэй, Өлзийгийн хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн номуудаас түүвэрлэж авсан арван хэдэн өгүүллэгээс бүрдсэн ном. Хэвлэсэн газар нь улс орнуудын хүүрнэл зохиолоор ижил хэлбэр, хэмжээтэй цуврал ном гаргадаг юм билээ. Оросоос л лав Владимир Тендряковын “Олз”-ыг тэр цувралаар хэвлэсэн байна. 2015 онд уг зохиолоор хийсэн кино дуулиан тарьж байсан даа, хүмүүс мэдэх байх.

-Франц хэлээр хэвлэгдсэн монгол номын нээлтийг манай ЭСЯ зохион байгуулсан гэсэн үг үү?

            -Номын албан ёсны нээлт Брюсселийн, Парисын гэсэн хоёр номын яармаг дээр болсон.  Элчин сайдын яамных бол өөр ажил. Албан ёсны нээлтээс өмнө “вернисаж” хэмээх танилцуулга, бяцхан баяр хийдэг уламжлал байна. Бельги болон Франц улсууд дахь Монголын ЭСЯ тийм вернисажуудыг зохион байгуулсан хэрэг. Ам нээснийх уушги нээ гэгчээр, Өлзийгийн ном франц хэлээр хэвлэгдсэнтэй холбогдуулж сэтгэл тавин, сонирхолтой ажлууд бэлдсэн хоёр ЭСЯ, нийт ажилтнуудад гүнээ талархаж байгааг маань чи энэ яриан дунд заавал оруулж дурдаарай. Эхний вернисаж дээр элчин сайд О.Оч францаар нээлтийн үг хэлсэн нь тэнд цугласан гадаадынханд ч, бидэнд ч сайхан санагдсан. Ном хэвлэгдсэн хэлийг хүндэтгэсэн, их утга учиртай хэрэг л дээ. Харин Франц улсад суугаа элчин сайд М.Батсайхан өөрийн багаа маш мундаг хөдөлгөж, мартагдахааргүй сайхан баяр зохиосон. Урьд нь жирийн уран бүтээлч бидэнд элчин сайдын яамд их л холын, тусгай газар мэт санагддаг байлаа. Харин одоо өөр болжээ. Европ дахь элчин сайдын яамд дандаа оюунлиг сайхан залуусаар хүрээгээ тэлсэн байна. Монголын гадаад сурталчилгааг зөвхөн аялал жуулчлал, хөрөнгө оруулалт төдийхнөөр харж байсан цаг өнгөрч, уран бүтээл, оюуны соёлыг анхаарах болсныг дээрх хоёр элчин сайдын яамны ажилтнуудын хандлагаас мэдэрсэн.

-Дэлхийн хэмжээний номын яармаг гэхээр их л онцгой сонсогдож байна. Яг юу юу болох юм бэ дээ?

            -Брюсселийн номын яармаг бол франц хэлт орнуудын хэвлэлийн ертөнцийн хамгийн том үзэсгэлэн. Франц, Бельги, Люксембург, Швейцари, Канадын аль л нэртэй хэвлэлийн газруудын тухайн жилийн гол гол хэлцлүүд энд хийгдэж, сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулж, шинээр гарч буй номуудынхаа нээлтийг хийдэг, маш чухал арга хэмжээ тул оролцдог шалгуур нь нарийн, төлбөр түрээс нь харьцангуй өндөр гэсэн. Прүст, Сартр, Камюгийн номуудыг дэлхийд анх түгээсэн алдарт “Галлимар” хэвлэлийн газар хамгийн төв хэсгийн, хамгийн том зайг эзэгнэн, дөрвөн хэсэг асар засч, хэвлэсэн номуудаа төрөлжүүлэн танилцуулж байсан нь аргагүй ялгарч байв. Яармагийн талбай нь манай “Мишээл-Экспо”-рхуу, үзэсгэлэнгийн зориулалтын том байшин. Хэвлэлийн газар бүрийн асрын үүдээр зүгээр л хараад өнгөрөхөд дөрөв таван цаг алхахаар. Мэдээллийн самбарт номын яармагийн зургаан өдрийн хөтөлбөрийг жагсааж, аль хөтөлбөр хаахна болохыг нарийн заасан байна. Хамгийн сонирхолтой нь, энэ эгнээнд хэвлэлийн газрууд байна, энэ эгнээнд уулзалт ярилцлагууд болох нь, энэ эгнээ мэдээллийнхнийх гэж тоймлох ямар ч аргагүй. Нэг булангийн том танхимд зохиолч-уншигчийн уулзалт болж байхад, цаахна нь номын нээлт, ахиад нэг тийш эргэхэд комик номын баяр, нөгөө талд нь зурагтын бичлэг явагдаж байх жишээтэй. Өлзийгийн номыг танилцуулах арга хэмжээний товыг онцгойлсон зарлал гэдэг том самбар дотор тодоор зурж тавьсан байсан. Бас номын орчуулагч Р.Мөнхзул “Ховор хэлний орчуулагчид” гэсэн дугуй ширээний ярилцлагад литва, македон зэрэг хэлний орчуулагчидтай хамт оролцсон гээд бодохоор Брюсселийн яармаг монгол ном францаар гарсан явдалд их ач холбогдол өгсөн байгаа биз? Яармагийн гол танхимд Өлзий Бельгийн хамгийн том радио “La Prem1ere”-д үзэгчдийн өмнө шууд ярилцлага өгсөн. Дидье Мелон гээд их алдартай сэтгүүлч хөтөлсөн болоод ч юм уу тэр ярилцлага маш сайхан болсон.

-Парисын номын яармаг гэдэг нь Брюсселийнхээсээ арай бага юм уу?

            -Хамарч буй талбай, оролцож буй хэвлэлийн газруудаар нь жишихэд бол бага биш. Бүр Хятад, Япон, Орос, Тунис, Марокко, Алжир гээд маш олон орон тусгай асрууд засчихсан байгааг харахад, илүү том ч юм шиг санагдсан. Гэхдээ нэр хүндээрээ Брюсселийнх нь илүү. Францчууд номын яармаг дээр хүүхдүүдээ их дагуулж ирэх юм. Хаа сайгүй хүүхдүүд гүйлдэж, нас насанд нь тохирсон номуудыг эцэг эх нь авч өгч, зохиогчдоор нь хүүхэддээ зориулсан үг бичүүлж, бүр гэр бүлийн баярын хэмжээнд номон дундуур зугаалцгааж яваа нь их сайхан санагдсан.  “Аквариум” номыг гаргасан хэвлэлийн газрын зүгээс Парис дахь номын нээлттэй холбогдуулж маш олон уулзалт, ярилцлага төлөвлөсөн байна лээ. Найм есөн өдөр дараалсан арга хэмжээтэй байсан гээд бод доо. Өлзий бүр шөнийн, анархист радиод хүртэл яриа өгсөн шүү. Төр засгийг шүүмжилдэг тул нууц байртай, гаднаа хаяггүй, гэхдээ их олон сонсогчтой, өвөрмөц радио байна лээ. Ярилцлага авч байгаа сэтгүүлчдийг нь үнэхээр хүндэлсэн. Маш мэдрэмжтэй. Сэтгүүл, сонин, радиогийн арав гаруй хүн яриа авахад бүгд л Өлзийгийн номыг маш нягт нямбай уншсан байсан нь гайхалтай. Манайд бас гардаг TV-5  Monde телевизийн сурвалжлагч л гэхэд Өлзийгийн номыг уншаад, дараа нь Монголын нийгэмд ямар ямар асуудал зонхилдгийг судалж үзсэн байсан. Ярилцлагад тэгж бэлддэг сэтгүүлч манайд бол цөөхөн.

-Ингэхэд, та хоёр яг хаа хаана зочлоод ирэв. Явсан газрын сонин их биз?

            - Хоёр яармагийн дунд арваад хоногийн чөлөө гарсан тул бид эхлээд Бельгиэс Холланд явсан. Дараа нь Францаас Испани, Итали гэхчлэн тойрч аялсаар нутагтаа ирлээ.

-Дэлхийн алдартай урлагийн музей, галерейгаар их оров уу?

Ер нь бол очсон хот бүрийнхээ урлагийн гол гол бүх мүзейг дуусгасан л даа. Амстердамын  Стэдэлик, Парисын Помпидоу, Брюсселийн Магритын мүзей, Барселоны Мирогийн сан, Ромын Форум, Ватиканы мүзей юу юунаас илүү сэтгэгдэл төрүүлсэн.

-Нэг хотод дунджаар хэдэн мүзей галерейд очиж байв?

            -Олон шүү. Нэлээд хотуудад бүх мүзейг үзэх эрхтэй Арт-паспорт гээд нэгдсэн тийз аваад явсан болохоор бүгдийг амжуулахаас өөр аргагүй байлаа. Зарим өдөр гурван мүзей үзэж амживч, зарим өдөр нь нэг мүзейгээ ч барахгүй байх жишээтэй. Барселоны MACBA-СССВ хэмээх орчин үеийн урлагийн музейд бүр хонохоо шахсан. (инээв) Ер нь Барселон бол тэр чигээрээ урлаг болсон хот. Санаандгүй салхилж явтал гэнэт өмнө Гаудигийн барьсан байшин таарна. Үнэхээр гайхамшигтай. Тэнд долоо хоног төлөвлөж очоод, дөрвөн хоног сунгасан шүү.

-Зохиолч хүнтэй уулзсаных шинэ бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх? “Сахиуст хангайн нууц” романд юун тухай өгүүлдэг бол?

            -Яг ийм үйл явдал гардаг, тийм зүйлийн тухай ном гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвгө дээдсийнхээ олон үе аж төрсөн Хангай нутгийн тухай, тэр нутгийн онцлог, хүн зоны ер бусын өвөрмөц хувь заяаны тухай хошууныхаа сүүлчийн ноёноор гол дүр болгож бичсэн, ерөнхийдөө сэтгэлзүйн ч гэх юм уу, хүний дурсамж, дотоод ертөнц рүү өнгийсөн зохиол.

-Та хошууныхаа сүүлийн ноёны тухай бичлээ гэлээ. Би бас Эрдэнэ засаг Жамьян вангийн хошууны хүн л дээ. Танай хошууны сүүлчийн ноён Пүрэв гүн хожим Бөмбөгөр ногоон театрт нэрээ нууцлаад хөгжмийн багш хийж байсныг нутгийнхан хараад таньсан гэдэг. Бүр алдарт Түдэв хуурчийг Пүрэв гүн гэх хүн ч байдаг юм билээ. Энэ яг бодит түүх үү?

            -Пүрэвжав ноён Бөмбөгөр ногоон театрт хөгжмийн багш явсан нь үнэн түүх. Нэрээ нуугаагүй ээ, Пүрэв гүнээрээ л явсан. Пүрэв, Түдэв хоёр нэр ойролцоо, хоёулаа гүн хэргэм зэрэгтэй, бас манай ноён морин хуурыг ч сайн тоглодог байсан тул анх пянз гарч “Дорждагва дуулж Түдэв хуурдана” хэмээн зарлахыг сонсоод хүмүүс “Манай хөгжимч ноён нэрээ сольчихож” гэлцсэн юм шиг билээ. Түдэв гүн чинь одоогийн Дашинчилэн хавийн ноён шүү дээ.

-Ятгаар уртын дуу дарж, уйлуулж дуулуулдаг байсан сүүлчийн хүн гэж та ярьсан байна лээ. Одооны алдарт ятгачид маань гомдчихгүй байгаа?

            -“Ятгаар уртын дуу тоглох боломжгүй, ганцхан Пүрэв гүн л чаддаг байсан” гэж алдарт уртын дууч Дорждагва агсан яруу найрагч Бадраа гуайд ярьсан байдаг юм. Тэр хоёр мундаг хүний хөөрөлдөөнд тэгж онцгойлсныг бодоход хосгүй ятгачин байсан нь ямар ч эргэлзээнгүй.

-Пүрэв гүний хошууны ихэс дээдсийн бунхант шарилууд одоо ч Гурванбулаг сумын Шарилын Нарийн хамар гэх газар бий. Тэнд очиж үзэв үү?

            -Очилгүй яахав дээ. Би чинь гурван настайгаасаа л зун болмогц Гурванбулаг явдаг байсан хүн. Эмээ сэрүүн уулын хүн тул аймгийн төвийн халуун зуныг тэвчдэггүй байж. Тэгээд л намайг аваад замын машинд суугаад л Хангай руугаа явна. Намайг анх ухаан ороход л, би ачааны машины бүхээгт эмээгийн өвөр дээр суучихсан, халамцуу жолооч ардын дуу дуулчихсан, хажуугийн цонхоор том том гол байсхийгээд л харагдаж, гол бүрт нэг нэг машин суучихсан байсан санагддаг юм. Зургаа долоон нас хүрэхдээ тээврийн жолооч нарын дуулдаг том хүний дуунуудыг андахгүй мэддэг болчихсон байлаа шүү дээ. (инээв) Гурванбулаг руу тэр үед зуур хонож хүрдэг, ямар ч байсан хэдэн дуу сурчихаар, тийм л урт зам байсан юм даа.

-Та хошууныхаа сүүлчийн ноён Пүрэв гүний тухай бүтэн роман бичлээ. Түүнээс ч дутахгүй нэг алдартай ноён халх даяар “Мэргэн Жа гүн” хэмээн алдаршсан хүний тухай зохиол бичих бодол байгаа юу?

            -Мэргэн Жа гүний бунхан одоо Шарилын бэлд байгаа шүү дээ. Ач хүү нь Сэцэн гүн, Сэцэн гүний хүү нь Дархан ноён. Пүрэв гүн бол Дархан ноёны хүү юм. Энэ ноёдын тухай миний романд байгаа, байгаа.

-“Сахиуст хангайн нууц” романы зургуудыг охин тань зурлаа гэсэн. Мэргэжлийн зураач юм уу?

            -Юуных нь мэргэжлийн зураач байх вэ. Дунд сургуулиа л төгсөж яваа нялх амьтан. Гарын дор юм болохоор, аав нь охиноо л зарж байхгүй юу.

-Гэргийн тань ном франц хэлнээ гарсан нь үнэхээр сайхан явдал шүү. Таны бүтээлүүдийг гадаадын аль нэг хэлэнд орчуулъя гэсэн санал аль хэр ирэв?

            -Яригдаж байгаа, явагдаж байгаа ажлууд мэр сэр бий. Орчуулагдаж гарсан ном ч цөөнгүй бий. Тоочоод яахав, зарим нь гайхууллаа гэж бодно. Бид хоёр мөрөөрөө л шүлэг зохиолоо бичээд амьдарч яваа хүмүүс. Сэтгүүлчид шалаад байхаар нь ярилцлага өгчихөөр гайхуулсан болчих гээд. Өөрөө сэтгүүлч байсан болохоор хамт ажиллаж явсан хүмүүстээ  үгүй гэж хэлж чадахгүй юм.

-Та “Яруу найргаас зодог тайлж байна аа хө” гэж надад ярьж байсан. Одоо шүлэг найраг туурвиж байна уу?

            -Тийм яриа өгснөөс хойш ганц хоёр шүлэг бичсээн, бичсэн. Гэхдээ л хамаг сэтгэлээ хүүрнэл зохиол руу тавьж сууна даа.

-Ардын дуунд гардаг “Хөглөг хангай” нутаг тань одоо таны бүтээлээр “сахиуст хангай” боллоо.  Нутагтаа ойр мөд очих тов юу байна?

            -Сахиуст хошуу гэдэг нэр бол бүр эртний юм аа. Одоо хэр тэр гурван суманд л сахиус гэж байна. Нууц нь тайлагдаагүй, зөвхөн тэр халзан Хангайн уулстай холбоотой, нарийн учиртай эд шүү. Романыг минь уншсан хүмүүс гайхах л байх. Тэр түвдүүдийн ярьдаг, лам нарын түгээмэл ойлголтын сахиусаас тэс ондоо. Гэхдээ үнэн нь л тэр. Манай Хангайн оюун сүнс гэж үнэхээр бий шүү. Нутагтаа очихын хувьд бол байнга л явдаг. Зун болмогц л Баянхонгор минь, Номгон уул минь, Түйн гол минь бодогдоно, аймагт очмогц л Хөх нуур санагдана. Манай тэр нуур ч газарт тунасан гайхамшиг даа. Усных нь амтыг яана!

-“Хэвтрийн хүн” тууж тань найруулагч Бямбын найруулгаар дэлгэцийн бүтээл болж байгаа гэл үү?

            -Болох нь ээ. Каннын кино наадмын том сангаас дэмжсэн байна лээ. Бямбаа ахдаа амжилт хүсье.

-Таныг кино зохиолч Хөгөлбөө Хүчитхар агсны бүтээлийн чуулганыг эмхэтгэн гаргаж байгаа гэж сонссон?

            -Үгүй ээ, Хүчээгийн ах, түүх-археологийн доктор Х.Лхагвасүрэн эмхэтгэж цэгцлээд гаргахаар ажиллаж байгаа. Би бол зүгээр л өмнөх үг бичсэн.

 

Ярилцсан Л.БАТЦЭНГЭЛ

Шинэ ном

Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.

http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.