Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
"ТЭНГЭРИЙН СУДАР" НОМЫГ БИЧСНЭЭ УЧИРЛАХУЙ

-ЗОХИОГЧИЙН ЗҮГЭЭС БИЧСЭН ӨМНӨТГӨЛ-

 

            “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” бол домог, түүхэн эсээ, яруу найраг, эрхи товчисын хосгүй антолог, өнөөдрийн утга зохиол судлалын үүднээс харвал асар баялаг судлагдахуун болохуйц өвөрмөц роман мөн. Миний хувьд, энэ насандаа хамгийн олон уншсан, байсхийгээд л сөхөж хардаг цорын ганц ном минь билээ. Энэ номыг сөхөх бүртээ би монгол хүн гэдгээ жинхэнээсээ сэрж мэдэрдэг. Монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл чухамхүү энэ номын буянаар л сэтгэл зүрхэнд минь арилахааргүй гүн бат суусан гэж боддог.

             Дэлхийг эрхшээж буй улсын тэргүүн бол дэлхийн удирдагч гэсэн үг. Дэлхийд тэргүүлж буй орны тэргүүн бичээч бол дэлхийн хэмжээний бичгийн хүн гэсэн үг ээ. Тиймээс XIII зууны дэлхийн тэргүүлэгч бичгийн түшмэлийн туурвисан “Монголын Нууц Товчоон” тухайн эрин үеийнхээ гоц дээд уран бүтээл гэдэг нь маргаангүй. Монголчууд бас өөрийн Хомэрийг төрүүлсэн ард түмэн шүү. Сэрвантэс, Шэкспирээс өмнө, Толстой, Жойсоос хамаагүй эрт.

            1220-иод оны сүүлээр зохиогдсон “Нууц товчоон” бол монголчуудын ариун дээд шүтээн ном. Монгол үндэстнийг нэгтгэн мянга мянган жилд замхарч сарнихааргүй цул болгож бүрэлдүүлсэн аугаа их Чингис хаан өөрийн зарлигаар худам монгол үсгийг “улсын бичиг” хэмээн тунхагласан билээ. Энэхүү бичгээр бичигдсэн ууган судар. Тухайн цагийн хамгийн итгэмжит сударч, их хааны шадар бичээч хүмүүн зөвхөн хаадын алтан урагт зориулан маш нууцаар бүтээсэн, Өгөдэй хаан ордондоо төгсгөлийн үгийг нь тавиулж гүйцээгээд чинад хадгалсан, нүүдэлчдийн төрт ёсны их хүч шингэсэн, ер бусын онцгой туурвил. Монгол түмний бичгийн уран зохиолын эх дээж.

            “Нууц товчоон”-ыг “Нууц товчоон”-оор нь л, бичвэрийн үнэ цэн нь жинхэнэ эхээрээ хадгалагдсан тэр хувилбараар, галигт буусан эхээр нь л унших хэрэгтэй гэж хувьдаа үздэг. Тиймээс энэ номд орсон цохолборуудыг галигтай уялдуулж цэгнэхийг хүсье. Дашрамд хэлэхэд, ханз үсгээр галиглан буулгана гэдэг бол, зарим залуусын ойлгодогчлон, хятадаар бичсэн гэсэн үг огт биш. Өдгөө бид латин үсгээр цахим бичүүр тэмдэглэснээ англиар биччихлээ гэдэггүйтэй яг адилхан, энэ нь язгуур монгол хэлээрээ л буй судар билээ. Монгол үгсийг хятад үсгээр тэмдэглэх Юань гүрний үеэс л улбаатай аргаар, Мин улсын албанд зүтгэж асан монгол эрдэмтдийн шууд оролцоотойгоор “Нууц товчоон” галиглагдсаныг, түүнчлэн монголчуудыг хөөн гаргасныхаа дараа Мин улс монгол бичгээрх ном судар нэгийг ч үлдээлгүй устгах зорилго өмнөө тавьж идэвхийлэн гүйцэлдүүлсэн түүхийг бид мартаж болохгүй. Чухамхүү ханзаар галиглагдсаныхаа ачаар л “Нууц товчоон”-ы ядаж нэг хувь бүтэн хуулбар үлдсэн нь бидний зол, тэнгэрийн ивээл юм.

            Энэ гайхамшигт туурвил бол хүүхдийн ч юм уу, нийтийн уншуур огт биш. Юань төр мөхөхөөс өмнө бол “Нууц товчоон”-ыг алтан ургийн бус хүнд үзүүлдэггүй цаазтай байжээ. 1331 онд “Дэлхийг журамлах их дүрэм” хэмээх цуврал бичиг зохион найруулахад Чингис хааны үеийн сурвалж дутсан тул Төвтөмөр хаан их сударчдаа зарим зүйлийг “Нууц товчоон”-оос нэмж дэлгэрүүлэх зарлиг буулгасан боловч, Бичгийн мэргэдийн хүрээлэнгийнх нь сайд Дашихай: “Товчооныг гаднын хүнээр уламжилж үл болно” гээд гаргаж өгсөнгүй (“Юань улсын судар”, 181-р боть). Хаан гөжүүд түшмэлтэйгээ маргалдалгүй дахин нэг зөвшөөрлийн бичиг үйлдэж, түүхчээ Бичгийн мэргэдийн хүрээлэнгийн нөгөө сайд Ябухад илгээвээс: “Товчооны учир нууц цээрд холбогдохуйн тул гаднын хүнээр уламжлан бичүүлж огт болохгүй” хэмээн халгаасангүй (“Юань улсын судар”, 35-р боть) гэдэг. Гаднын хүн гэгдэгч нь тухайн цагийнхаа хааны ордны гол түүхч бөгөөд Юань улсын дөрвөн их шүлэгчийн нэг хэмээн гүрэн даяар алдаршсан, хааны итгэлийг олсон төрийн их сайд байсан ч, алтан ургийн хүн биш тул үзэж чадаагүй өнгөрчээ.

            Эдүгээ тэр хорио цээр түүх болсон хэдий ч, нийтэд зориулаагүй дээд түвшин нь бичвэртээ хадгалагдсан хэвээр л буй. Арван гурав дөрөвтэйдөө, хамгийн ойлгомжтой гэгддэг Ц.Дамдинсүрэн абугайн хувилбараар анх уншихдаа би л хувьдаа үнэхээр хосгүй ном гэдгийг нь огт таниагүй өнгөрсөн юм даг. Ер нь “Нууц товчоон”-д халдахын тулд нэн тэргүүнд уншигчийн хувьд онцгой боловсрох ёстой. Тиймээс бага дунд сургуулийн хөтөлбөрт оруулаад, “Заавал унш!” гэж хар багаас нь албадаад хүүхдүүдийг залхааж жигшээчихгүй байх тал дээр боловсролын бодлого тодорхойлогчид анхаарваас зохилтой санагддаг юм. Миний багад Д.Сэнгээгийн “Аюуш”, Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” туужуудыг зайлшгүй унших номын жагсаалтад оруулж, уншсан эсэхийг хатуу шалгадаг байсан тул ямар нэгэн харшил далд ухамсарт маань суучихсныг хожуу олж харсан билээ.

            “Нууц товчоон”-ыг онцгой бэлтгэгдсэн уншигчдад л санал болгох ёстой хэмээх мөнхүү үзэлд бүрэн итгэлтэй хүрэн хүртлээ би дэлхийн уран зохиолд чухлаар яригддаг зохиолуудаас өөрийнхөө хэр чинээнд бол цөөнгүйг уншжээ. Тийн уншихын хэрээр “Нууц товчоон”-ы уран сайхны өндөр сэтгэлгээг мэдэрч, дээд түвшний уран зохиолд шимтэх тусмаа эргээд л “Нууц товчоон”-доо татагдсаар ирэв.

            Тэртээ 1991 онд Ш.Гаадамба абугайн сийрүүлгэ эхийг худам бичгээр унших гэж түгдчин бүдчин суухдаа энэ гайхамшигт зохиолын уг эх ямаршуу байсан талаархи анхны төсөөллөө олж, түүнээс хойш өвөрлөгч Баяр абугайн галигийг хэдэнтээ шүүрдэж, Д.Цэрэнсодном абугайн эрдэм шинжилгээний орчуулга, Ш.Бира, Т.Дашцэдэн, Б.Сумъяабаатар, Д.Төмөртогоо, Д.Цэдэв зэрэг эрдэмтдийн боловсруулсан сонгомол эх, Ш.Чоймаа абугайн шинэ хөрвүүлэг зэрэг хувилбарыг ой сайтай хүн сэн бол цээжилчихээр, ухаан сийрүү хүн сэн бол далд нууцад нь хүрчихээр, цөөнгүй л туулсан сан. Гэвч хэл түүхийн боловсрол нимгэн, сурч мэдсэн минь гүехэний харгайгаар “Нууц товчоон”-ы чинад дөхөхөд хүч хүрсэнгүй бөгөөд гагцхүү өөрийнхөөрөө уншсан минь бусдын ойлголтоос нэлээд зөрүүтэйг л олж үзснээс хэтэрсэнгүй. Утгынх нь хагасыг ч болтугай барих гэсэн чармайлтаас минь олигтой үр дүн ч гарсангүй. Олон нийт арай л гүехэн, хуумгай ойлгоод байдаг мэт сэр төрүүлсэн зарим санаагаа хуудасны захад тэмдэглэдэг зуршил минь ужгирсаар сүүлдээ хачин эрээн мяраан номуудтай болж гүйцсэнээс цаашгүй. Тэгээд замбараа муутайхан зурж эрээлсэн номууддаа хар буухын эрхээр “Нууц товчоон”-ыг хэрхэн уншдагаа бусадтай хуваалцаж үзэхээр зориглосон минь энэ.

                Жинхэнэ уншигч байя гэвэл эхлээд жинхэнэ зохиолч болох хэрэгтэй хэмээх тун айхтар үг бий. Өөрийн анхны бэсрэг роман болох “Илбэ зэрэглээ”-г бичиж ахуйдаа би эдгээр цохолборыг эхэлсэн бөгөөд энэ зуур хэд хэдэн роман бичиж, зарим утгаараа зохиолч гэгдэх хэмжээнд хүрсэн ч, “Нууц товчоон” хөлгүй гүн тул насан туршдаа төнхөж дуусахгүйгээ өдгөө ухамсарлаж байна. Тэмдэглэсэн санаануудаас минь давхардсан зүйлс энд тэнд гарсныг үзэх бүртээ хасч орхисоор энэ хүрсэн тул ерөнхийдөө түүвэр цохолборууд маягтай ном болчихлоо. Гэхдээ номыг хэвлүүлэн гаргалаа гээд бүрмөсөн төгсгөчихөж буй хэрэг биш хэмээн найдсаныг минь хүлцэж, андуу солиу харсан, ухвар мөчид сэтгэсэн бүхүйд өчүүхэн намайг бас өршөөн хэлтрүүлнэ үү?

Шинэ ном

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.

Г.Аюурзанын санаачлан гаргасан "Шинэ үеийн номын сан" цувралын анхны боть. Сонгодог гүн ухааныг өргөн олноо хялбаршуулан түгээх гэсэн, Монголын хэмжээний анхны оролдлого. 2000 онд анх хэвлэгдснээсээ хойш олонтаа шинэчлэгдэж, өнөө хэр уншигчдын дуртай ном хэвээр байна.