Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ЗАЛУУ НАСНЫ МИНЬ 10 ХАМТЛАГ

1. The Beatles

                “Судасны чимээ” романы 3-р бүлгийг уншсан хүмүүс ер нь намайг битломан гэдгийг мэдсэн байх. Би хувьдаа Битлз-ийн бүх цомгийг нэг бүрчлэн тоолоод “хосгүй гайхамшигт дуу” наанадаж 50 байна гэж бүртгэсэн юм даг. Мэдээж, шүтэн бишрэгчийн сэтгэл зүрх нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ л, яалт ч үгүй, хосгүй хамтлаг шүү. Хөгжмийн мэргэжилтнүүд ч тэднийг онцгойлон, бүр Жон, Пол хоёрыг “ХХ зууны хамгийн аугаа хөгжмийн зохиолчид” гэж тодорхойлсон нь бий. Аялгууны хаад - Битлзийг шүтдэггүй том дуучин гэж ерөөсөө хорвоод байхгүй дэг. 2007 онд Элвис Костеллогийн тоглолтыг үзэж суутал мань эр шүтээн хамтлагаасаа коверлож “Heeeey, you've got to hide your love away...” хэмээн дуулахад нүдээр нулимс дүүрч, бүх юм бүрэлзээд ирж билээ.

--

                … Жижигхээн хотдоо сайн дураараа түгжигдсэн энэ амьдрал нь даанч энгийн, хэтэрхий ойлгомжтой зүйл байлаа. “Битлз”-ийг бусад хамтлаг, дуучдаар түр зууртаа сольж үзсэн ч, эргээд л “Битлз” рүүгээ ирдэг. “Битлз”-ийг элдвийн хачин киногоор түрэн сэтгэлээсээ гаргаж хаясан удаатай ч, буцаад л “Битлз”-ийнхээ ямар нэгэн дууны өөдсийн чинээхэн тасархайг аль нэг киноны цаана явж буйг сонсох төдийдөө л ТҮҮНД хайртай хэвээрээ л яваагаа ухаардаг. Тэгээд ганцаараа үүдээ түгжиж байгаад охин шиг уйлдаг байв. Мөн ч олон удаа… “Битлз”, дээр үед залуу явахад нь хэн нэгний даапаалсанчлан, үнэхээр охидын л сонирхдог хамтлаг юм болов уу? Насаагийн дотор ямагт л нэг тэнэг охин өвдгөө тэвэрч суучихаад, тэгээд л “Битлз” сонсох бүртээ дотроос нь бархираад, цурхираад, чарлаад байдаг юм биш байгаа? Хижээл нас руу жигтэйхэн хурднаар, өөрөө мэдээд зогсож чадахааргүй тийм хурдан гүйж яваа эрийн доторхи тэнэг охин...

 “Судасны чимээ” роман, 101-102 дахь тал.

 

2. Queen

                Күин-ийг сонсох үед л хааяа Битлзийн эхэн үеийн дуунууд балчир ч юм шиг санагддаг. Гитаар тоглодог астрофизикийн эрдэмтэнтэй хамтлаг болоод тэр биш. Ерөөсөө л рок-н-роллын оргил гэж байдаг бол тэр нь Күин гэж би боддог. Оюутан байхдаа ер бусаар нандигнадаг хэдэн плакаттай байв. 2-3 Битлз, нэг тэнэг “Пэт Шоп Бойз”, тэгээд хамгийн хайртай плакат минь Фредди Мэркюри. Ганган цагаан хослолтой, өндөр микрофоны сууринаас бариад зогсож буй, дуулж байгаа гэхээсээ илүү юм ярьж байгаа бололтой зураг зургаан жилийн турш орны минь дээд талын бохир ханыг утга учиртай болгосон доо. Чөтгөрийн харцтай, шидтэний хоолойтой, байнга гэй зогсолттой зургаа авахуулдаг энэ эрийн дуулсан бүх дуунд дуртай. "Bohemian Rhapsody" хэмээх хэтэрхий урт, “We Will Rock You” хэмээх хэтэрхий хүчирхийлэгч, “Too Much Love Will Kill You” хэмээх хэтэрхий боловсронгуй, “Love Of My Life” хэмээх хэтэрхий уянгын гэхчлэн дуу бүхэн нь, яагаад ч юм бэ, ямар нэгэн дурсамжтай уяатай болохыг би саяхан олж мэдсэн юм. Нэг удаа багын хоёр найзтайгаа Киевт очиж наймаа хийв ээ. Дэлгэрүүлж яривал маш урт, элэг хөшмөөр хөгжилтэй түүх, хожим нь номондоо л бичихгүй бол энүүхэн зууртаа багтахгүй. Киевийн цэнгэлдэх хүрээлэн задгай зах болчихдог байсан бөгөөд бидний ойролцоо дуу бичлэгийн нэг мухлаг байлаа. Тэр мухлагийнхан хоёр л дууг сэлгээд өдөржин тавьчихдаг сан. Нэг нь Скорпионз-ын “Still Loving You”, нөгөө нь “Show Must Go On”. Гэх мэтээр бичвэл явж өгнө өө...

 

3. Pink Floyd

                Ер бусын бүтээлч эрэл хайгуулын төгс биелэл болсон энэ хамтлагтай 1989 оны хавар танилцсан, тоглолт дээр нь очиж бүр бөмбөрийн цохиурынх нь хугархайтай харьж ирсэн удаатай. Энэ тухайгаа хаа нэгтээ бичсэн санагдана. Сансар огторгуйгаас дуулдаж буй мэт аялгуунд нь живж суухдаа ч Пинк Флойд тэртээ 70-аад оны англи сургууль, хаа нэгтээх гараг эрхэс, сарны нөгөө талын тухай дуулдаг гэж би огт бодож үзээгүй. Тэд бидний тухай, Монголын тухай маш энгийнээр дуулж байгаа мэт дандаа санагддаг. Сүүлийн хэдэн жил машины минь чэнжэрээс салаагүй СD-нүүдийн нэг бол “Hey You”-гаар эхлээд “Shine On You Crazy Diamond”-оор дуусдаг, маш гоё сонголттой 10-аад дуу бүхий жижигхэн цомог. Том хүү минь бэлэглэсэн юм. Ер нь миний хүүхдүүд Битлз, Күин, Пинк Флойд гуравт дуртайд би маш их баярладаг. Хүний амьдралд өөр хамтлаг сонсох хэрэггүй ч байж мэднэ. Хэрэв намайг 3-ыг сонго гэвэл энэ 3-аа, 2-ыг сонго гэвэл Битлз энэ 2-оо, 1-ийг л сонго гэвэл Пинк Флойдоо л эргэлзээгүй сонгоно.

 

4. Bee Gees

                Бурхан тэнгэр минь! Бас л дурсамж шүү! Нэгэн үе миний хамгийн жаргалтай дурсамж “Spirits (Having Flown)” гэдэг Polydor-ын ориг, гайхалтай пянзыг олж авсан явдал байж билээ. Наймаачны гарт буй пянзны нэрийг харуутаа л “Би чамд хайртай” кинон дээр Дэлгэрийн бачимдан гүйж явдаг тэр хэсгийн хөгжим гэдгийг таниад шууд л авах гэтэл, бас нэг донтой амьтан хажуунаас булаацалдаад... Мэдээж, би авсан учраас л энэ тухайгаа дурсаж байна. Найзууд маань бүгд “тэнэг наймаа” гэцгээсэн ч, ориг англи пянз гэдэг үнэхээр чанартай эд байв. Мөн ч олон согтуучууд энэ пянзыг минь сонсох гэж зүүг нь салгалсан гараар өргөж, дуу хоорондын завсар зайг сүүмийсэн нүдээрээ олж хараад оночих санаатай нааш цааш чахруулсан даа. Нэг архидааны дараа дор хаяж нэг пянз баталгаатай зурагддаг атал тэр муу Би Жиз минь л таван жилийг дугтуйндаа хэвтсэн юм шиг л цэв цэвэрхнээрээ давсан даа. Тэгээд Идэр найзад минь (одоо НҮБ-д ажиллаж байгаа, түрүү жил Харвард төгссөн) шилжсэн. Идэр тавагт буугаар ч бил үү, байт харваагаар ч бил үү хичээллэдэг хүн. Аягүй бол таваг болгож шидээд буудчихсан биз дээ. Тэгээгүй л бол хэзээ ч гэмтэж устахааргүй, ид шидийн пянз байсан юм.

 

5. Nirvana

                Оюутан байхад минь Курт Кобэйн гоц үзэгдэл байлаа, дараа нь домог болсон. Би хямдад нь болоод Польшийн “Попкорн” гэдэг сэтгүүл захиалдаг байсан бөгөөд “Lider Nirvana poslubyl vocalistku Hole” гэх мэтийн сүржин гарчигтай мэдээг үг бүрчлэн мөрдөж уншдаг сан. “Nevermind” шиг гоё цомог өмнө нь ч, тэр жилүүдэд ч, одоо ч гараагүй. Курт байхгүй учраас ахиж хэзээ ч гарахгүй. Польш сэтгүүл дээрээс гарчиг нь цээжлэгдчихсэн тэр мэдээн дотор “Hole” биш, өч төчнөөн охидын хамтлагийн нэгний нэр байсан сан бол л, тэр амьд үлдэх байсан байж магадгүй. Үгүй ч байж магадгүй. Гранж залууд гранж хүүхэн, гранж үхэл л хэрэгтэй байдаг ч юм бил үү...

 

6. Rolling Stones

                Миний хамгийн үнэтэй авсан пянзнууд Роллингуудынх байсан юм. Ямар ч учиртай юм бэ, “Tattoo You”, “Sticky Fingers”, “Steel Wheels” гэсэн гурван цомгийг нэг гялгар уутанд багцалчихсан, ганган эд. Одоо хүртэл мартагддаггүй, тийм үнэтэй золигнууд байж билээ. Эргүүлээд заръя гэхэд авсан үнээ яагаад ч барихгүй нь тодорхой, тэрхүү гурваа сонссоор “Start me up”, “Brown Sugar”, “Wild Horses” зэрэг дууг цээжилчихсэн сэн. Гайхалтай “Angie”, “Satisfaction” эд нартай, орос хэвлэлийн нэг хямдхан цомог бас байсан. Роллинг Стоунз бол сонсох тусам эхлээд шар айраг шиг, дараа нь тамхи шиг автуулж, яваандаа бүр шүлэг шиг донтуулдаг аюултай хамтлаг. Би өөрийгөө Мик Жаггер шиг чөрийсөн, үрчгэр өвгөн болно байх гэж боддогтоо ч тэр үү, намайг төрж байх үед бичигдэж асан “Get Your Leeds Lungs Out” цомгийнх нь зурагтай футболкдоо их дуртай. Энэ жил өмссөн чинь харин гурван жилийн өмнөхөөсөө турсан тул жаахан хэлхийж байна.

 

7. Oasis

                Орчин цагийн Битлз дээ. 1996 онд “Ардын эрх”-ээс гарч хувийн сонин гаргаж эхэлсэн минь “Hi-Fi” зэрэг СD-ний дэлгүүрүүдийн бизнес эхлэхтэй яг давхацсан юм. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын нэг давхарт, Их дэлгүүрт, Комбинатын үйлчилгээний төвд гэх мэт цөөвтөр газар CD импортлогчид лангуутай байлаа. Өдөр тутмын сонины цалинг бодвол бас ч гэж өөртөө CD авчихаад байхаар болсон тул шинэ гарсан хамтлагуудыг харанхуй маягаар л сонгон цуглуулгадаа нэмэрлэдэг байв. Тэдгээр сохор таамгаар авсан CD-нүүд дунд царай муутай, бүдэг ногоон хавтас бүхий “Morning Glory” байсан нь намайг шууд л ховсдож билээ. Одоо ч гэсэн өөрийн сонголтоор түүвэрлэсэн, хээр хөдөөгийн дэржигнүүртэй замд сонсдог хэдэн хуурцаг дотроос минь гэнэтхэн л “Wanderwall” цангинаад эхлэхэд, тийм сайхан мэдрэмж амьдралд үнэхээр элбэг бишийг ойлгодог.

 

8. Coldplay

                Крис Мартины баг бол манай гэрийнхний дуртай хамтлаг л даа. Өлзий “Yellow”-д дуртай болсноос л бүх зүйл эхэлсэн санагдана. “Parachutes”-ийг хүүхдүүд хаанаас ч юм бэ олоод ирчихсэн байсан юм. Дараа нь Москвагаас “X&Y”-г, Зальцбүргээс “Mylo Xyloto”-г гэх мэтээр цуглуулж авсан. Дуунууд нь жигд, муу гэхээр дуу бараг байхгүй дээ. Гэхдээ бас эхний дөрвөн цомогт онцгой гэхээр дуу тун цөөхөн. Миний хувьд хойшлох тусмаа чангарсан, ялангуяа “Mylo Xyloto”, “Ghost Stories” хоёр нь гоц болсон санагддаг. Энэ хамтлаг одоо ахиж дуу гаргахгүй гэхээр харамсалтай, бас бахархалтай санагдаж байна. Яг л би шүлэг бичихээ больчихсон шиг :)

 

9. Smokie

                Миний дуртай барууны дуучдаас Смоуки, Скорпионз, бас поп од Демис Русос гурав л Монголд ирж байсан. Баруунд бол жинхэнэ хөгжим мэдэрдэг нөхөд л энэ утаа униартай нэрийг сонсоод үнэлнэ. Жирийн банди нар мэдэхгүй ээ. Харин Монголд бол Смоуки-г мэдэхгүй, "Don't Play Your Rock'n'Roll to Me", "I'll Meet You At Midnight", "Lay Back in the Arms of Soneone", "Needles and Pins", "For a Few Dollars More" яваад эхлэхэд дагаад аялдаггүй миний үеийн хүн гэж байхгүй. Надаас дээшээ нэг үе ах хүмүүс бүр ч андахгүй. “Аавын минь зулай” энэ тэр гээд гуйвуулж гэх үү, монголчилж ч гэх үү дуулж өссөн хөвгүүд одоо санчиг заж нь бууралтжээ. Цаг хугацаа гэж! Крис Норман, Сюзи Куатро хоёрын дуулсан  "Stumblin' In" бол миний хамгийн анх сонссон барууны хит дуу байлаа.  Хамтлаггүй ганцаараа супердээд явчих юм байна гэдгээ мэдрээд гарчихсан Крисгүйгээр 1986 оноос хойш амьдарч яваа Смоуки 1998 онд Монголд ирж тоглоод, яг тоглолтынхоо дараа одоо “Говь” ноолууран эдлэлийн дэлгүүр байгаа, дээхнэдээ “Бамбарууш” кафе байсан, тэр үеийнхээр “Хаан брой” шар айргийн газар чанга чанга хөхрөлдөн орж ирцгээж билээ. “Хаан брой”-гийнхон Смоуки-д зориулаад үүдээ эрт барьсан боловч би нэг найзтайгаа аль өглөөнөөс эхлээд л пийвдсэн тул сууж үлдээд, тэднийг хоёр сайхан халамцуу гар шүгэлдээд, алга ташаад угтав. Яахав, тэгээд Терри Атлейтай гар барьж үзсэн шүү!

 

10. NKOTB

               Уг энд Led Zeppelin-ийг нэрлэх ёстой санагдаж байна. Гэхдээ энэ удаад бол nostalgy-д автсан бичвэр бичиж суугаа тул тэр өнгө аясдаа үнэнч үлдэе.  Оюутан ахуйнхаа зургийн цомгийг одоо харахаар инээд хүрээд байдаг юм. Нэг цомгийн хавтас New Kids On The Block-ийн зурагтай. Гялс хийж тэнгэрт мандаад сураггүй болсон хамтлаг. Намайг 20 хүрч байхад “Step by Step” чинь одоогийн “Uptown Funk You Up” шиг л галзуурмаар хит байлаа шүү дээ. Тэр цомгийг бүтнээр нь, бас Крисмасын дуунуудынх нь тусгай цомгийг цээжээр мэддэг байснаа бодохоор үнэнхүү гайхдаг юм. Охидын шүтээн болсон хөвгүүдийн тэр хамтлагт тийм их дуртай байсан гэхээр, залуу явсан минь эргэлзээгүй ажээ. Гэхдээ бас хамаагүй шоолох ч хаашаа юм бэ, “Tonight” гэдэг дуунд нь бол би одоо ч дуртай хэвээрээ шүү. Хамтлаг 1990 оны аймаар алдартай үеэ аль эрт үдсэн ч гандан буурахгүй дуулцгааж л байгаа юм билээ, саяхан Urban Trace Music-ээр нэг тоглолт нь гараад л байсан...

Шинэ ном

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

Гүн ухааны афоризмуудын шигшмэл түүвэр. Г.Аюурзанын сонгож орчуулсан эдгээр онч мэргэн хэлц үгсийг сэдэвчлэн аймагласан тул чухаг үгсээ хайхад дөхөм болжээ.