Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ТҮМЭЭ АХ МИНЬ

 

                Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй.

                                ...Тигр, Евфрат мөрөн гэж бий,

                                Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ?

гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан өдрөө надад сургамжилж байсныг нь тодоос тод сананам. Парис шиг гоё хотод, тийм гоё мөрөнд... Нэг л итгэдэггүй юм даа. “Түмээ амиа хорлох хүн биш ээ” гэж Догмид ах ярьсан байна билээ. Би ч тэгж боддог. Яахав дээ, энэ амьдрал гэдэг ер нь л золгүй талдаа эд шиг.

 

              Намайг Утга зохиолын дээд сургуульд очсон намар Түмээ ах Эрхүүгээс ирж, бид танилцсан юм. Монголын радиогийн алтан сангаас өөрийнхөө шүлгээр бүтсэн бүх дууг нэг хуурцаг дүүрэн бичүүлснээ зориуд өвөртлөн ирж бидэнд сонсгосон сон. Даанч дараа нь найр наргиан маань хэтрээд бид өөрсдөө дуулцгааж, амьд дуу хоолойгоо соронзон хальсанд бичихээр болцгооход, нэг согтуу нь нөгөө үнэ цэнтэй хуурцагийг диктофонд хийгээд ам дамжуулан барьчихаж. Маргааш нь Түмээ ахын нандин хуурцгийг ахин сонсох гэтэл мань хүний тухайн үедээ тусгай зөвшөөрөл цохуулж байж радиогийн хөмрөгөөс хувилуулсан чухал бичлэг ор мөргүй баларч, баахан согтуу улс солгой сөөлжүү дуулцгаасан, тэр дунд Түмээ ах өөрөө хамгийн чангаар “Ай Нан-Аа”-г бархирсан байж билээ.

                Дараа хавар нь Белорусын Театр урлагийн дээд сургуульд сурч байсан, одоо СУИС-ийн багш, УГЗ Ганхуяг нэгэн яруу найргийн цэнгүүн зохиож, Түмээ ах түүнд оролцохоор Улаан-Үүдийн Соёлын дээдэд сурч байсан яруу найрагч Цоозолын хамт давхиж ирэв. Минск явахаас өмнө бас хэд хоногийн нөөцтэй. Түмээ ах надад сэм хэлж байна:

              -За, би цаад Цоозолд чинь “Москвад олон удаа ирсэн. Бүр Их сургуульд байхаасаа л Мелёхиныг дагаж гэрт нь зочлоод, Оросын нийслэлийг нэвт шувт нүхэлчихсэн хүн” гээд ангайтал нь ярьчихсан шүү. Чи намайг баригдуулав аа! Маргаашнаас бид хоёрыг дагуулаад хот үзүүлэхдээ, надад урьдчилан дохио өгч сануулаад явдаг юм шүү! гэж захиж байна.

              Ингээд Цоозол бид гурав гудамж метрлэж гарав аа. “Энэ нөгөө сүм чинь шүү дээ, Түмээ ах аа? Яагаав, Пушкин гэрлэсэн... Орох уу, яах вэ?”, “Түмээ ах аа, таны орох дуртай нөгөө пийвний газар очих уу, яах вэ?” гэхчлэн би байнга л мань эрээс заавар зөвлөгөө аваастай. Түмээ ах ч “За, яахав, аугаа их Пушкин маань Наталья Гончарова гээч, эзэн хаан хүртэл нүд унагаж явсан үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн сүм юм чинь, энэ Цоозолыг оруулж нэг хийморийг нь сэргээе дээ. Би ч орос сүмээс залхсан хүн дээ” гэхчлэн хэнэггүйхэн ийш тийш харж, хөөрхий Цоозолыг бишрүүлнэ. Уушны газар ороод “Аюур аа, миний уудгийг л авчих даа. Энэ Цоозолд таалагдахгүй бол яахав, өөр зүйл захиалцгаая” гэж догирхоно. Цоозол “Түмээ ах та Москвад хэд ирсэн юм бэ? Энэ том хотод төөрчихгүй царайтай юм аа” гэж гайхаад л. “Өө, төөрнө гэж ярихгүй. Мелёхиныд байхдаа би ганцаараа гараад л шөнө орой болтол тэнэчихдэг байсан. Метроны буудлуудын зарим нэрийг харин будилах гээд байдаг болчихож” хэмээн Түмээ ах томорно.

                “Хүүхдийн зохиолч хүүхэд шиг байдаг”-ийг би тэгж л голдоо ортол мэдсэн юм даа.

               Биднийг Минскт очсон өглөө одоогийн УИХ-ын гишүүн Энх-Амгалан, G галерейн захирал Батсайхан, МҮОНТ-д олон жил ажилласан сэтгүүлч Оюунчимэг гурвыг Болд-Эрдэнэ дагуулчихсан, “Ленинградын яруу найрагчдын баг” Театрын сургуулийн оюутны байранд мөн буулаа. Манай сургуулийн Чинзориг, Баттөмөр хоёр үг хэл цэцэн цэлмэг, архи шордохдоо гаргуун, тэр дорхиноо л Ганхуяг, Найдандорж (одоогийн УГЗ, театрын нэрт найруулагч), Энхбаяр (одоо СУИС-ийн багш), Батбаяр нараар ширээ засуулаад тухалчихав. Тойроод шүлэг уншицгаах зуур Түмээ ах “Гаръя” гээд нударч байна.

               -Ямар архи ууж үзээгүй биш. Шинэ газар ирчихээд оюутны байранд суугаад байна гэж юу байсан юм бэ? Эднийг өдөржин ууж хөөрч байх хооронд хоёулаа баатар хот Минскийг нүхэлчихье гэлээ.

               Бид өглөөний цэнгэг салхинд гарч сэлүүн цэвэрхэн гудамжаар баахан алхаад, хотын төв талбай, нүдэнд өртсөн том том хөшөөд рүү оччихоод, бас нэг цэцэрлэгт хүрээлэнгийн буланд гоожуурын пиво зардаг мухлаг байгааг мэдчихээд буцаж ирэхэд манайхан цөм унтацгааж байв.

               Орой нь яруу найргийн баяр болох гээд өөр хотуудаас ирсэн шүлэгч залуус цуглахад, Түмээ ах шинээр авахуулсан зургаа бүгдэд нь харуулж,

                -Та нарыг ногоорч байхад Аюур бид хоёр Минскийг нэвт шувт үзчихээд, хамгийн том гэрэл зургийн студид нь зургаа авахуулаад, зураг гарах хооронд хэдэн хөшөө үзчихээд ирлээ. Минскт та нар надаар газарчлуулсан ч болно хэмээн сайрхсан сан.

                Маргааш нь бид хоёр бас л бусдаасаа салж, Хатынь руу явсан. Тэнд их эвгүй юм билээ, хонх дуугараад л, хачин шуургатай өдөр таарсныг ч хэлэх үү, Түмээ ах ханан дахь хүүхдүүдийн зураг хараад:

                -Хүнд хэцүү дайны жилүүдэд

                Хүүхдүүд ердөө урваагүй гэж... хэмээн өөрийнхөө дууг дуулах гэж оролдсоноо уйлчихаж билээ.

                Тийм л хүүхэд шиг ариухан сэтгэлтэй ахтайгаа хамт алхаж, хүүхдийнх шиг цайлган ярианд нь баясаж явсан өдрүүдээс цөөвтөр зураг л үлдэж. Энэ бол нөгөө л Минскийн “хамгийн том гэрэл зургийн студийнх нь” зураг. Би 19-тэй, Түмээ ах 36-тай байж шүү дээ.

 

               Москвагаас галт тэргээр нэг шөнө л явах зайтай Орёл хотод Түмээ ах ТМС-ийн монгол сурагчид хариуцсан багшаар ирснээр, бид улам ч ойр ойрхон уулзалдах болов. Голдуу өглөө ирнэ. “Аа, хичээлдээ явахаас чинь өмнө амжлаа шүү. За, танай сургууль руу хамт явна аа” гэх. Нэг бус удаа Герцений хөшөөний дэргэд намайг хүлээнгээ шүлэг бичиж суудаг байсан. Заримдаа “Зөвлөлтийн түүх мэтийн чамд ямар ч ашиггүй хичээл байгаа бол тасал тасал. Хоёулаа гудамжаар тэнэе” гэнэ. “Зүгээр л тэнэж юугаа хийх юм бэ?” гэвэл учиргүй гайхаж:

                -Юу гэнэ ээ? Москвагаар тэнэхээс илүү сайхан зүйл гэж юу байдаг юм бэ? Ганган ганган хүн хараад л, ихэмсэг эмгэд, баян өвгөчүүлтэй таараад л, гоё шүү дээ. За, алив, хичээлийн хуваарийг чинь харъя. Өө, энэ муу Найруулга зүй чинь ёстой хэрэггүй эд. Би чинь Хэвлэлийн нэгдсэн редакцид редактор хийж явлаа. Гаадамба гуай анх “Хэтэрхий мэргэн жараахай”-г орчуулаад, би тэрийнх нь найруулгыг энд тэнд зүгээр л донжийг нь олоод гар хүрчихгүй юу. Тэгсэн чинь намайг хүмүүст ярьсан байна лээ, “Тэр хэвлэлийн нэгдсэн редакци одоо л нэг овоо аятайхан хүүтэй болж дээ. Миний юмыг хэрийн хүн засч чадахгүй. Тэгтэл Түмэнжаргал гээч тэр жаал их зөв зассан байна лээ” гээд л ярьсан байгаа юм даа. Энхбаяр анх Толстойн номыг “Хүүхэд ахуй нас” гэж орчуулсныг би “Хүүхэд ахуй махуй гэж одоо юу гэж байгаа юм бэ? Бага нас гэхэд л болно шүү дээ” гээд засаад гаргаж байлаа. Найруулга зүйг бол би чамд багшилчихна. Наад хичээлээ пялчих, тэгэх үү? гээд намайгаа хөөрхөн зальдчих санаатай... Надаар хэл хийж, газарчуулж, хань татах л гэж тэр.

 

                 Би ч Түмээ ахын яриаг сонсох маш их дуртай байсан сан. Монголын уран зохиолын амьдралыг нүдэнд харагдтал ярина.

                -Явуу багш “Тайхар” шүлгээ яаж бичсэн гээч? Нэг өдөр гэрт нь орсон чинь бичгийн машиных нь завсар нэг хуудас байна. Өнгийгөөд хартал “Тайхар чулуу тэнгэрээс унаагүй, газраас ургаагүй” гээд бичээд орхичихож. Нэлээн хэд хоног яг хэвээрээ хэвтээд л байна. Бараг сар болсон байх аа. Нэг өдөр нөгөө цаас нь хөдөлчихжээ. Очоод үзсэн чинь “Тайхар чулуу тэнгэрээс унаагүй, Тайхар чулуу тэндээсээ ургаагүй” болгоод засчихсан байв. Тийм л нямбай хүн байсан даа, бүтэн сар бодоод л яваад байж...

                 Явуухулан гуайн бага хүү Амраагийн багш байсан, тэгээд л их найрагчтай ижий ахай болтлоо дотноссон юм билээ. Зохиолчдын тухайд бол элдэв шалдав онигоо мэтхэн ярихгүй, дандаа л шимтэй, хэзээ ч мартахааргүй ухаалаг үгс хэлнэ.

                 -“Арван найман нас” шүлгийн номоо хэвлүүлчихээд би Төв аймагт нэг очлоо. Хорьтойдоо номоо гаргачихсан хүн тэр үед надаас өөр байсан ч юм уу. Гэтэл манай аймгийнхан Пунцагийн Бадарч, Пунцагийн Бадарч гээд л сүйд, намайг тоох хүн ч алга. Тэр үед би бодож байлаа: “За, наад Бадарчийн чинь насан дээр очихдоо би Монголын уран зохиолд багтахгүй том амьтан болно доо. Гайгүй ээ” гэх маягийн зүйлс бодогдоод л. Одоо би тэр үеийн Бадарчийн наснаас хэтрээд явчихжээ. Гэтэл яг үнэндээ Бадарчийн “Аргагүй амрагийг дарж дарж орхисон хуур...” гэдэг шиг сайхан шүлэг биччихээгүй л явж байна... гээд над руу тун сүрхий харж билээ.

                Би хөдөөний жаал, Улаанбаатарын том зохиолчдыг байтугай залуучуудыг нь ч мэдэхгүй. Түмээ ахын үгээр л тэднийг нэгбүрчлэн таньдаг болж билээ. Хожим нь нэг удаа зохиолчид цугласан найр наргиан дээр мань эр:

                -Аюур надад хэлж байсан. “Би Түмээ ахын үгээр л Монголын уран зохиолд хэн нь хэн бэ гэдгийг анх олж мэдсэн. Хожим нь зохиолчидтой танилцсан хойно Түмээ ахын тэр үгийн зарим нь үнэн, зарим нь үнэнээс жаахан зөрүүтэй л байсан. Гэхдээ л Түмээ ах намайг Монголын уран зохиолын амьдрал руу алхаж орж хутгалдахад эхний хөтөч болсоон” гэж. Аргагүй шүү дээ, энэ Аюур чинь нялх амьтан байсан юм чинь. Миний үгээр л баримжаа хийж Монголынхоо зохиолчдын тухай анхны төсөөллөө олж авсан хүн бол энэ шүү! хэмээн онгирч суусан сан.

 

                Нэгэн өдөр манай оюутны байранд элдвийг ярьж суугаад, халамцан дуулцгаав аа. Есениний шүлгээр хийсэн нэг романс дуултал, Түмээ ах гэнэтхэн:

                -Ерөөсөө цөмөөрөө Есениний төрсөн нутаг руу явцгаая. Яг одоо! гэлээ.

                Вокзал орж, Рязань гэсэн бичиг хараад л цахилгаан галт тэргэнд суучихав. Бас болоогүй ээ, хоёр авдар шар айраг дамжилчихсан. Галт тэрэг 3 цаг л явах газар бидний суусан электричк буудал алгасахгүй зогссоор, өдөржин явж, тэндээсээ автобус ч сэлгэсэн бил үү, бүр бүрэнхий болсон хойно Константиновод буув. Шар айрагтай тулдаа л тэссэн байх. Цэл хөдөө тосгон. Морин чаргатай өвгөн нэвсийсэн цасан дундуур Есенинийх рүү хүргэлээ. Яруу найрагчийн холын хамаатан эмгэн, өвгөн хоёр ирж пийшин галлаад, “Байшин дулаацах хооронд тэнд хооллож болно” гээд хоёр давхар байшин заалаа. Нэг ч хүнгүй ресторанд идэж ууцгаагаад, дараа нь Есенинийд оров. Шүлэгт нь гардаг ээжийнх нь “шушун” – үстэй дээл хананд өлгөөтэй, яруу найрагчийн Америкаас худалдаж авсан царсан сандлууд ширээний нь хажууд байна. Эмгэн, өвгөн хоёр биднийг цайгаар дайлж, Түмээ ах цүнхнээсээ нэг лонх архи гаргаж өвгөнд барив. Байшин халуу дүүгж, нэг мэдэхнээ өвгөн гадагшаа гүйж тосгоныхоо нэрмэлээс авчирч, Оросын хамгийн алдартай яруу найрагчийн төрсөн гэрт бид зад найрласан сан. Зохиолч Эрдэнэбат тэр үед Орёлд сурч байсан бөгөөд хамт явсан бас нэг гэрч маань.

                -Чи бид нар шиг Есенинийд архидаж үзсэн монгол зохиолч байхгүй. Монгол байтугай орос нь ч байхгүй дээ хэмээн Түмээ ах баясч суув.

                Надаас бараг 18 ах ч, бид үеийн нөхөд шиг л явсан юм. Тэр нөхөрлөлөө би нандинаар бодож явдаг. Түмээ ах ч нандигнадаг байсныг мэднэ.

                Парисаас нэг удаа утасдаж байна:

                -Аюур аа, ах нь өтөлсөн хойноо бас нэг хүүтэй болчихлоо. Тэгээд чиний зохиолын баатрын нэрийг өглөө шүү!

                -Ямар нэр вэ?

                -“Арван зүүдний өр”-ийн Тэнгис. Тэнгис гэдэг нэр өглөө шүү, би энэ хүүдээ...

                Харилцуурын цаанаас яг яаж хэлснийг нь одоо эргэн дурсахад сэтгэлд гуниг төрж байна. Түмээ ах минь яг л зохиосон дуунуудынхаа шүлэг шиг өөдрөг, тэмүүлэлтэй, амьдралд маш их хайртай хүн байсан юм аа. Үгийг нь бичсэн дууны тоо 200 шахах байх. Дууны шүлгийн хувьд бол аргагүй мастер шүү. Мастер байхаас ч аргагүй, сэтгэл нь угаасаа дуу. Угаасаа дуу, тийм л хүн...

 

2016.4.8.

 

Шинэ ном

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.