Яриа
Нүдэнд минь гэнэтхэн сонсгол орж...
Өрнийн иргэншил, прагматик амьдралын хэв маягт автсан хүнд Бурхан хэрэггүй юм шиг санагддаг...

 

Энэхүү ярилцлага “Лавайн эгшиг 97.5” радиогоор цацагдсан бөгөөд сэтгүүлч Г.Мөнхбаяр өнгөрсөн онд хийжээ. Яг “Судасны чимээ” роман гарсны дараах яриа тул, энэ романы эргэн тойрон дахь асуудлаар өрнөсөн юм. 2016 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан нийт нэг цаг 03 минутын яриаг http://bsvijin.blogspot.com/ бүрэн эхээр нь буулгажээ. Ярианы бичлэгийг бичиглэсэн хөдөлмөрт тань талархаж байна.

 

-ӨРНИЙН ИРГЭНШИЛ, ПРАГМАТИК АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ АВТСАН ХҮНД БУРХАН ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ-

 

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан. Та хаагуур өвөлжиж байна вэ?

-Гэр зуураа. Би чинь гэрээс гардаггүй, тэр тусмаа өвөл болохоор ичээний амьтан шиг юмаа бичээд л суучихдаг юм. Сүүлийн хэдэн жил хотоос зайдуу, зуслан дээрээ амьдарч байгаа.  

-Та аль нутгийн хүн бэ? Бага нас аав ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн. Гурванбулаг сум хойшоогоо Архангайтай, баруун тийшээ Завхантай залгадаг, Баянхонгорын хамгийн баруун хойд захын сум юм. Ер нь бага нас минь Баянхонгор аймгийн төв дээр өнгөржээ. Тэнд аравдугаар ангиа төгсөөд, хойшоо Утга зохиолын сургуульд явсан. Утга зохиолын сургууль төгсөж ирсэн хойноо “Ардын эрх” гэж өдөр тутмын сонинд сурвалжлагчаар гурван жил ажилласан. Дараа нь ойр зуур, өөрөө нэг хувийн сонин эрхэлж байгаад 2000 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-“Судасны чимээ” роман уншигчдын гар дээр очоод удаагүй байна. Одоо бүгдээрээ хамтдаа Судасны чимээ романы багахан хэсгийг сонсоод эргээд яриандаа оръё.

 

Амарбаясгалантын ойр хавь эгэл биш, үхэр мал бэлчих гуу жалгануудад завилаад суучихсан чулуун бурхад хээв нэгхэн нойрсож хэвтэнэ. Эвэн голынхон тэднийг огт сонирхохгүй мэт, оролддогчгүй дэргэд нь саатаж зогсоцгоодог ч үгүй нь жаал хөвгүүнд бас их хачин санагддаг байлаа. Хааяа нэг бөл дүүгийн хамтаар гишүү түүхээр Бүрэн хаан уул руу гарахад үүлс тэнд нэг л ондоо, зүүдний мэт элдэв амьтан үүсгэх нь сумын төвийн дээгүүр нүүдэг үүлсээс эрс өөр. Тийм үүлсийн доор зогсоод цэлгэр хөндийг ажиглахад ямар ч аниргүй нөгөө л нууц ордныхны тухай үг алдчих вий хэмээн сэрэмжлэн байх шиг үзэгддэг сэн.

“Судасны чимээ” романы хэсгээс...

 

 

-Анх яагаад энэ романыг бичих болсон бэ? Ер нь та зохиол бичих, романуудынхаа санааг яаж олдог вэ?

-Ер нь ямар ч зохиолын санаа амьдрал дотроос, өөрт тааралдсан явдал дотроос урган гарч ирдэг. Зүгээр л сууж байгаад “За нэг юм бичнэ ээ” гээд л биччихвэл элдэв санаа, хүний толгойд орж ирж байгаа сонин бодлууд л бичигдэж магадгүй. Гэвч хүүрнэл зохиолд хамгийн чухал зүйл бол үйл явдал. Зохиолч хүн өөрийнхөө санааг илэрхийлэхдээ үйл явдалд суурилж босгож ирдэг тул  тухайн үйл явдлыг амьдрал дундаас олох, үгүйдээ гэхэд тодорхой нэг хүний амьдралд тохиолдож болох, болсон учралуудаас хөөхгүй бол боломжгүй. “Судасны чимээ” романы өмнөх хуудаст хоёр хүний нэрийг талархлын үгтэй хамт дурдсан байгаа. Тус зохиолыг бичихийн тулд би Бэтүб хийдийн “Найдан” эмнэлэгийн Д.Ганзориг эмчтэй л гэхэд нилээд хэдэн удаа уулзаж яриа хөөрөө авч байлаа. Мөн Хорчины бариач өвгөнтэй зорьж очин уулзаж, дэргэд нь сууж хэд хоносон. Энэ бариач ер нь хүнийг яаж эмчилдэг, уламжлалт анагаах ухаанд хандах хүмүүсийн хандлага ямар байдаг гээд олон зүйлийг өөрийнхөө хэмжээнд судлаж байж бичсэн. Энд нэг зүйлийг тайлбарлах ёстой болов уу. Миний “Гурамсан цадиг” гэх гурван бэсрэг романыг эс тооцвол сүүлийн дөрвөн роман дөрвүүлээ нэг том цикл, мөчлөг роман болж байгаа юм. Энэ мөчлөг романууд ямар нэгэн сонирхолтой сэдэв олж хүмүүсийг уншуулаад, уншиж дууссан хүн энэ романаар дамжуулан “Монгол үндэстэний хувь тавилан ямар байж ирсэн юм бэ” гэдгийг хараасай гэж хүссэн.

-Тарж бутарсан Монгол үндэстнүүдийг нэгтгэх хүсэлтэй гэсэн үг үү?  

-Ний нуугүй үнэнийг хэлэхэд асар том цул байсан үндэстэн тарж бутарснаас болж үндэсний хэл, соёл, ухамсар гээд олон зүйл мөхөлд хүрч буй эмгэнэлтэй явдал болж байна. Бид яг төвд нь байгаа учир тэр бүр анзаардаггүй. Монгол улсын хүн ам саяхан гурван сая хүрлээ. Гурван сая монгол гэдэг нь бидний хувьд бахархам тоо боловч дэлхий дээр амьдарч байгаа Монгол угсаатнуудын 30 орчим хувь нь л шүү дээ. Дэлхий дээр амьдарч байгаа нийт Монгол угсааны хүмүүсийн нарийн тоог гаргахад хэцүү тул ийн баримжаа авч хэллээ. Хэрэв бүх Монгол угсаатан нэгэн цул байсан бол өнөөдөр маш хүчирхэг үндэстэн байх боломжтой. Зөвхөн улс орны ажиллах хүч, нөөц бололцоогоор зогсохгүй бид  соёл уламжлал, өв түүх гээд асар олон зүйлээ алджээ. “Судасны чимээ” романд Өвөрмонголын Хорчины бариач өвгөн гарч буйг та бүхэн мэднэ. Зөвхөн Хорчинд л үлдэж хоцорсон бариа заслын энэ уламжлал Чингис хааны үеэс л түмэнд алдартай байсан. Одоо гэтэл Хорчин нь Монголд огт хамаагүй болжээ. Энэ мэтээр Монгол үндэстний бутрал хуваагдал, зарим их гүрнүүдэд залгигдсан явдлууд үнэндээ газар нутаг алдсанаас илүү асар их соёлын өвөө алдсан эмгэнэлт түүх юм. Энэ бүхнийг олж хараасай гэсэн сэтгэлээр сүүлийн дөрвөн романыг бичсэн. Эхнийх нь бөө мөргөлөөр дамжуулан Буриад, хоёр дахь нь бурханы шашнаар дамжуулан Өвөрмонгол, Хөхнуурын монголчууд, гурав дахь нь туульсын сэдвээр дамжуулан Монголд байгаа хамгийн жижиг ястнуудын нэг болох Торгуудын тухай өгүүлсэн. Ингээд  дөрөв дэх нь Хорчин болж буй юм. Миний номыг залуучууд нилээд түлхүү уншдаг шиг байна лээ. Иймд тэднийг өвөг дээдсийн минь үлдээсэн “үндэстэн” гэх асар том зүйл ХХ зууны улс төрийн тоглоомоор бутарч сарниад, тодорхой хэсэг маань алга болжээ гэдгийг олж хараасай, бодоосой гэж хүссэн. Гэхдээ мөхөж буй энэ угсаатнууд бидний төлөө, биднийг Монгол улс гэж тусгаар тогтнуулахын тулд золиослогджээ гэдгийг бүү мартаасай.

 

-ЗОХИОЛЫНХОО ДҮРЭЭР МАШ ӨВӨРМӨЦ СОНИН ЗҮЙЛ МӨШГҮҮЛЬЕ ГЭЖ ШИЙДСЭН-

 

-Зохиол бичихийн тулд судалгаа их хийдэг гэж та хэллээ. Нилээд их зүйлийн хойноос хөөцөлдөж,  хүн амьтантай уулзаж явдаг байх. “Судасны чимээ” романыг бичихийн тулд хэр их хэмжээний материал цуглуулав. Хаагуур явж судалгаа хийв?

-Зохиолын нэг баатар нь түүх, соёл агуулсан эртний эдлэл сонирхдог эр бий.  Би энэ дүрээр маш өвөрмөц сонин зүйл мөшгүүлье гэж шийдээд хамгийн анх хасбуу тамгыг сонгож авсан. Хасбуу тамга гэж ер нь юу юм бэ, Монгол үндэстний хувьд ямар учир утгатай болох, Лигдэн хутагт хааны түүх гэх мэтээр энэ дүр маш олон сонин зүйлстэй холбогдоно. Зохиолын баатар маань нэгэнт мөшгих учраас би ч мөн мөшгих шаардлагатай болсон. Гэвч бид хасбуу тамганы ул мөрийг нь эгнэгт алдчихсан юм билээ. Тэгээд ч бэлгэдлийн утгатай зүйлийг хөөцөлдөнө гэдэг хэдий сонирхолтой санаа боловч яг эцсийн эцэст энэ зүйл домог уу, үнэхээр тамга байж уу гэдэг яриа тусдаа судалгаа болчихоор зүйл юм билээ. Тиймээс илүү бодитой зүйл хөөлгөхөөр шийдэн алтан Махгал бурханыг хайж буйгаар үзүүлсэн. Махгал бурхан, хасбуу тамга, алтаар барласан Монгол ганжуур судар гурвыг Лигдэн хааны үеэс Монгол төрийн гурван эрдэнэ хэмээн өргөмжилсэн гэсэн домог бий. Харамсалтай нь, төрийн гурван эрдэнэ гэгч нь ямар учиртай, яагаад төрийн гурван эрдэнэ хэмээн нэрийдэх болсон,  энэ гурван эрдэнэ өдгөө хаана байна гэдэг талаар өргөн олон нийт ямар ч ойлголтгүй явж байна. Би ямар нэгэн судалгааны эсвэл түүхийн зорилго агуулаагүй ч уран зохиолоор дамжуулан тодорхой хэмжээний мэдлэг хүмүүст хүргэхийг хичээсэн юм. Тухайлбал, би хүүхэд байхдаа Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романыг уншаад Чингүнжав, түүний дэгдээсэн бослогын талаар мэдэж авч байсан шиг миний романыг уншсан хүн ядаж Монгол төр өөрийн гэсэн тахидаг эрдэнэтэй байжээ, тэр эрдэнээ бид алдаад Манжид дагаар орсон юм байна гэдэг ойлголтыг тодорхой хүмүүст хүрээсэй гэж бодсон юм. Би Хасбуу тамганы мөрийг мөшгөөд Мүгдэн хот руу очсон. Одоогийн Хятадын Ляонин мужийн нийслэл Шэньян гэж хот бий. Тэнд Манжийн хаадын үеийн шарын шашны хамгийн том сүм болох “Шар зуу” гэх сүм одоо болтол ажиллаж байна. Энэ сүмд байгаа бүх лам нар монгол. Тэр монгол лам нартай очиж уулзсан, хамба ламтай нь ярилцсан. Ингээд гурван эрдэнийн ул мөрийг тэд ямар хэмжээнд мэдэж байгаачлан тэр хэмжээнд нь сонирхсон. Нилээд сонирхолтой материалууд олдож, түүнийгээ романдаа чимэг болгож оруулсан.

-Тухайн үед төрийн гурван эрдэнэ өөр хүний гарт очиход улс үндэстэн тэр аяараа дагаар орчихсон байх юм. Миний үеийн залууст их сонин сонсогдож магадгүй. Тэр үеийн Монголчуудын сэтгэлгээний онцлог байсан юм болов уу даа?

-Монголчууд бүх юмыг ид шид мэтээр үздэг байж. Тухайлбал, бидэнд ямар нэгэн явдал тохиолоо гэхэд тэнгэр тэгж хүслээ гэх. Чингис хаан өөрөө ямар нэгэн онцгой зүйл хийгээд Монгол угсаатныг нэгтгээд, дэлхий дахинд мандуулчихсан гэж огт тэд хэлдэггүй байж. Чингис хаан бүх зүйлийг тэнгэр тэгж хүссэн учраас, тэнгэрийн зарлигаар хийлээ л гэж ярьдаг байсан гэдгийг бид түүхийн эх сурвалжуудаас мэднэ. Тэгэхээр тэнгэрийн санаа, тэнгэрийн зарлиг гэдэг монгол үндэстэний хувьд асар чухал ойлголт байжээ. Тэгвэл тэнгэрийн тамга гэдэг нь тэнгэрийн зарлиг хүний гарт буугаад, цаасан дээр ямар нэгэн батламжлах ул мөр үлдээж байгаа нь юм байна. Магадгүй тамга гэдэг ойлголт нүүдэлчдээс гаралтай байх. Өнөөдөр томоохон компаниуд гэрээ хэлцэл хийгээд, захирлууд нь гарын үсгээ зураад тамгаа дардаг. Энэ бүх батламжилж байгаа ойлголт миний л бодлоор нүүдэлчдээс гаралтай. Үгүйдээ гэхэд төв Азиас гаралтай. Ватиканаас олдсон Гүег хааны захидлын булан дээр тамгалсан тамга “Мөнх тэнгэрийн хүчин дор...” гээд л эхэлсэн байдаг. Бид энэ үгийг монголчуудын хууль зарлигийн эхлэл юм байна гэдгийг багаасаа ойлгож өссөн, бидний цус маханд шингэж үлдсэн энэ ойлголт үнэндээ тамганы титэм үг юм. Тамганы бичээс үг “ТЭНГЭРИЙН” гээд эхэлж байна гэдэг нь тэнгэрлиг, тэнгэрийн санааг баталгаажуулсан гэсэн утгатай. Ингээд бодохоор тамга гэдэг нь бидний ойлгодог, өнөөдрийн компаниудын албан бичиг тамгалдаг тамганаас их өөр ойлголт, бүр онцгой, ид шидийн, оюун санааны онцгой хүч орсон ойлголт байж. Гэтэл ийм чухал тамгаа алдчихаар тухайн төр бурханы шашинд өгүүлсэнчлэн шүншиггүй, хий хоосон зүйл болчихож байгаа юм. Нэгэнт Чингис хаан барьж байсан хасбуу тамгыг монгол угсааны биш хүн барьчихаар “Монголын төр доройтлоо” гээд төрөө тулаад л дайтан босч, мориндоо мордох зориг нь мохох, тийм хэмжээний сэтгэл санааны том цохилтонд орох нь лавтай. Тиймээс Манжийн хоёр дахь хаан, Дээд эрдэмт Абахай гэгч “Лигдэн хааны барьж байсан, Юань улсын хасбуу тамга миний гарт ирлээ” хэмээн зарлаад өөрийгөө Монголын хаан гэж өргөмжилсөн гэдэг. Магадгүй ингэж л тэр хүн дэлхийг эзлэх, их Чин улсыг асар том эзэнт гүрэн болгох хамгийн анхны том алхмаа хийсэн байх.

-Монголчууд гэтэл хүн амын хувьд Манжаас харьцангуй илүү байсан шүү дээ?

-Эргээд түүхээс харахад Монгол, Манж хоёр учиргүй байлдаад байсан нь үгүй. Тэрэлжийн Цонжин болдогоос нааш явах замд болсон тулалдаанд үнэндээ давуу хүчээр ялсан. Гэхдээ энэ бүх давуу хүч юу байв гэдгийг эргээд харахаар маш сонирхолтой зүйл гарч ирдэг. Жишээлбэл, Манжийн цэрэг гаргах чадвар тооны хувьд Монгол үндэстнийхээс муу, дутуу байсан. Гэтэл монголчууд хэтэрхий өргөн уудам нутагтай бол Манж үндсэндээ өнөөгийн зүүн Хятадын гурван мужаас бага хэмжээний нутагт төвлөрсөн байв. Тэнд зуд турхан болохгүй мал нь хэдэн жил өсөхөд л хүмүүс баяжаад, цэрэг зэвсгийн хүч нь сайжирч, хүн ам нь олширсон. Гэхдээ энэ багахан нутагт байгаа хүмүүсийн хүн ам нь өсөхөөр хүч нь нэг дороо төвлөрсөн бол Монголчууд эзэнт гүрний үеэс л бүгд өөр өөрийн эзэмшил газар ихтэй, тиймдээ ч тарж суурьшдаг байж. Нэгэнт хүч нь тарамдуу тул Манжууд захаас нь нэг нэгээр нь залгихад их амархан байж л дээ. Хэрэв тухайн үед Лигдэн шиг биш, Чингис хаан шиг удирдагч байсан бол, Монголыг нэгтгэж чадсан сан бол юун Манж байтугай, Хятадад ч үхэр буугаа тавихгүй байлаа. Энэ бүхэн бүр Батмөнх даян хааны үеэс эхлэлтэй юм билээ. Батмөнх даян хаан зургаан түмэн Монголыг нэгтгэсэн. Гэтэл зургаан түмэн Монголыг нэтгэхдээ цаана нь 40 хувийг нь буюу  дөрвөн Ойрад, Буриад, Хорчинг үлдээчихсэн гэдэг. Ингээд бодохоор Дөрвөн Ойрад, Буриад, Хорчингүйгээр байгаа Монголыг нэгдсэн улс гэж хэлэхэд маш хэцүү. Харин Батмөнх даян хаан бие барахдаа бүх хөвгүүддээ газар нутгаа хувааж өгсөн. Халхыг гэхэд л отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайж аваад, Гэрсэнз өөрийнхөө долоон хөвгүүнд ахиад Халхыг хувааж өгсөн. Энэ мэтээр өмч хуваадаг шиг бүхэл бүтэн улсыг зүгээр л нэг тараачихсан, зүгээр л компанийн хувьцаа шиг гэсэн үг шүү дээ. Ингэж л улсад нэгдсэн бодлого байхгүй, мянган толгойтой могой гэдэг шиг болчихсон. Энэ үед нь төвлөрсөн их хүчтэй байсан Манж аймаг Монгол үндэстний дунд ХХ зууны дунд үе хүртэл хамгийн олон хүн амтай байсан Хорчинг өөртөө татаад, хэнд ч дийлдэхгүй хүч гарч ирсэн байх юм. Ингэж байлдалгүйгээр бууж өгсөн, шууд холбоотон болсны цаана өнөө л тэнгэр яаж шийдэв гэх Монгол хүний оюуны сонин үзэл явж байсан. Тэнгэр яаж шийдэв гэдгийнх нь бэлгэдэл нь хасбуу тамга болжээ.

-Алтан Махгал бурханы талаар бас та дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу? Судалгааны явцад олж авсан хамгийн том олз юу байв аа?

-Алтан Махгал бурхан яг хаачсан тухай хамгийн анх Өвөрмонголын эрдэмтэн Захчид Сэцэний Нью-Йоркод хэвлүүлсэн “Чингис хааны удмын сүүлчийн хунтайж” номоос олж уншсан. Англиар хэвлүүлсэн уг номонд “1946 онд Мүгдэн дэхь буддын сүмийг Чань Кайшигийн гоминдан цэргүүд талаад, тэнд байсан Лигдэн хааны алтан Махгал бурханыг аваад Тайвань руу явсан” гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ бурхан 1946 он хүртэл Мүгдэнд байсан юм байна шүү дээ. Ийм хожуу үе хүртэл хадгалж байсан сүм нь ямар сүм байв аа гээд хөөгөөд үзтэл Шар зуу болж таарсан. Лигдэн хаанаас гурван эрдэнийг хурааж авсныхаа дараа тусгайлан тахих гэж сүм байгуулсан нь Шар зуу юм билээ. Ийм л учиртай. Тэгээд энэ бурхан одоо хаана байгаа юм бэ? гээд хөөцөлдөж үзтэл маш сонин, ёстой хэний ч үнэмшихээргүй, үнэхээр хачин домгууд олж сонссон доо. Үүний нэг хууч яриа бол Ц.Дамдинсүрэн гуай ярьсан түүх юм. Академич Ц.Дамдинсүрэн гуай шавь нартаа, яг тухайлан хэлэх юм бол түвдэч Л.Хүрэлбаатар гуайд хэлэхдээ “1950-аад онд одоогийн Мөнххаан сумын нутагт чингэлэгээ гэр рүүгээ оруулаад барьчихсан айлд буудалласан тухайгаа ярьсан байдаг. Тухайн үед монгол хүмүүс хэдийд ч гийчин ирсэн цай хоолоо бэлдэж өгөөд л гэртээ хонуулдаг тийм байсан шүү дээ. Тэр үед Ц.Дамдинсүрэн гуай нөгөө бурхантай айлд бууж таарч. Гэхдээ анх бурхантайг нь мэдээгүй гэнэ лээ. Монгол хүмүүс болсон хойно, тэр оройдоо айлын хүмүүстэй удам судар, нутаг усаа ярилцахад Ц.Дамдинсүрэн гуайн аавыг Сэцэн хан даяар алдартай бичээч байсан Цэнд залан гээч хүн болохыг мэдэж л дээ. Ц.Дамдинсүрэн гуайг удам судартай сүрхий хүний хүүхэд байна гэж мэдээд айлын хүмүүс тэр бүр хүнд үзүүлээд байдаггүй бурхандаа мөргүүлсэн байгаа юм. Тэр бурханы тухай хожим нь Ц.Дамдинсүрэн гуай “Тийм нэг гайхамшигтай бурхан байсан, тэрний учрыг мөшгөөч” гээд түвдэч Л.Хүрэлбаатар гуайд хэлж байсан юм билээ. Тэр бурханыг Ц.Дамдинсүрэн гуай тодорхойлохдоо таван настай хүүхдийн чинээ хэмжээтэй, алтан болов уу гэмээр Махгал бурхан байсан гэж хэлсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуай өөрөө Түвд судлалаар маш гарамгай байсан учраас бурханыг буруу зөрүү харна гэж байхгүй. Харин материал нь алт байсан уу? гууль байсан уу? гэдгийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Гэхдээ таван настай хүүхдийн чинээ бурхан байсан гээд бодохоор Юань улс, Хубилай хааны үед хаан өөрийн сангаас 1000 лан шижир алт өргөж цутгуулсан алтан Махгал буюу хожмоо 1946 он хүртэл Мүгдэний Шар сүмд хадгалагдаж байсан бурхан байж болохуйц. 1000 лан шижир алт гэдэг одоогийн хэмжүүрээр бодоход 38 кг орчим цэвэр алт гэсэн үг. Үүнийг цутгахаар нилээд том бурхан байж болохуйц, металлынх нь жингээр тооцож үзвэл үнэхээр таван настай хүүхдийн дайны бурхан гарч ирэх байх. Гэхдээ би Махгал бурханы зургийг Шар сүмд байсан ламаас авч үзэхэд ардаа сэнтийтэй байсан юм билээ. Сэнтий нь шармал эсвэл цутгамал цэцгэн том суудал шиг артай. Хэрвээ үүнтэйгээ нийлвэл, тэр нь цул алт байсан бол арай ч тийм том болохооргүй ч юм шиг.

 

-ЯСТНЫХ НЬ ХУВЬД ҮНДЭСТНИЙГ ХУВААДАГ ОЙЛГОЛТ БОЛ ҮЗЭЛ СУРТЛЫН КОММУНИСТ ОЙЛГОЛТ-

 

-Шар зуугийн хамба ламтан мөн таны зохиолд гардаг шүү дээ?

-Шар зуугийн хамба лам миний роман дээр Мандал гэх өөрийнхөө нэрээр гарч байгаа. Тэр хүнээс би бурханыг Япончууд авч яваад, дараа нь хайлчихсан гэдэг яриа байдаг тухай, эсвэлТайваньд очоод мөн л алтыг нь авах гээд хайлчихсан юм биш үү? гэж асуутал “Хүн алт гэхээр хайлсан л гэж бодно. Гэхдээ яг үнэндээ тэр бурханыг харсан хүн хайлж чадахгүй. Яагаад гэвэл тэр бол онцгой, тэр бол зүгээр л нэг алтаар хийгээд, алтыг ямар нэгэн хэлбэрт оруулаад тавьчихсан юм биш. Алт бол зүгээр л тэрний найрлагад орсон, ямар ч үнэ цэнгүй зүйл. Өөрийнх нь хийц, амь хоёр бол хосгүй юм шүү дээ” гэж хэлсэн. Мандал ламын хэлсэнчлэн тэрнийг алтыг нь авах гээд хайлуулахаар зүйл биш. Тэр бол онцгой учраас хаа нэг газар байгаа. Чухам хаана байгааг нь мэдэхгүй л байна даа. 

-Ганжуур судар бидний хувьд юугаараа чухал байсан бэ?

-Махгал бурхан бол Түвдийн бурханы шашны онцгой нэг шүтээн, хасбуу тамга Хятанаас эхэлсэн Зүрчидийн Алтан улсыг дамжсан гээд үзэхээр магадгүй Хятадын соёлд ч хамаатай зүйл гэж үзэх юм бол, Лигдэн хааны Алтан Ганжуур бол цэвэр Монголчуудын шүтээн юм. Лигдэн хаан өөрөө тухайн үедээ асар эрдэмтэйд тооцогддог лам нарыг суулгаад Ганжуур судрыг бүрнээр нь орчуулуулж, дутуу байгаа бүлгүүдийг бүгдийг нь бүртгэлжүүлсэн байх юм. Ингээд монгол хэл дээр бүрэн болгоод гаргасан анхны бүрэн хэмжээний Ганжуур чинь Лигдэн хааных шүү дээ. Дараагаар нь бүрэн болгосон Ганжуураа бүгдийг нь алтаар барлаад, төрийн гурав дахь шүтээн болгосон байдаг. Энэ алтаар барласан Ганжуур одоо Буриадын шинжлэх ухааны академийн нууц сан гэх юм уу, эрдэнэсийн санд нь “Лигдэн хааны ганжуур” гэсэн нэрээр бүртгэлтэй байгаа. Чухам бүрэн эсэхийг нь мэдэхгүй. 113 боть гэж түүхэндээ тэмдэглэгдсэн байдаг. Түүнийг зарим нь 108 боть байдаг гэж яриад байдаг, чухам хэдэн боть байдаг эсэхийг нь мэдэхгүй. Энэ хооронд элдэв хувьсгал мэт олон зүйл тохиосон тул зарим хэсгийнх нь алтыг ховхолж авсан байж болзошгүй.  

-Өвөрмонголын нутгаар явж нилээд судалгаа хийсэн байх. Өвөр Монголчууд танд хэр их нээлттэй хандаж туслаж байв? Сүүлийн үед, ялангуяа залуусын хувьд ӨвөрМонголчуудыг сөрөг байдлаар харах, таатай биш хандах үзэгдэл мэр сэр гарах болж. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Монгол хүн л бол монгол хүн шүү дээ. Ястных нь хувьд үндэстнийг хуваадаг ойлголт бол үзэл суртлын коммунист ойлголт. Тэр бүү хэл угсаатнаар нь ялгаварлан гадуурхаж Буриадууд тэгдэг, Захчин хүн тийм байдаг, Өөлдүүд муу гэх үзэл бүгд колоничлолоос үүдэлтэй ойлголт. Өөлдийн гол омог болох Цоросыг үндэсгүй болтол нь үгүй хийсэн нь Манжийн л хийсэн ажил. Яг үүнтэй адил Буриадуудыг Лхүмбийн хэрэг, Октябрын хувьсгалаас зугтсан гэх мэтээр үгүй хийхийг хүссэн. Угсаатнуудыг хооронд нь хагаралдуулж өөрт ашигтай зүйлсээ хийдэг томоохон орнуудын бодлого бий. Бид бие биенээсээ холдож, зайгаа барих тусам үндэстэний маань хүч суларч, оюун санааны нэгдэл алдагддаг. Тиймээс бид Өвөрмонголчуудыг зүгээр л “хужаа”-ийн нэг хэсэг гэж хардаг нь их бүдүүлэг ойлголт, үндэсний түүхээ ойлгохгүй байгаагийн шинж. Бидний түүхийн эмгэнэлт хувь заяаны бодитой, биетэй дүр нь Өвөрмонгол шүү дээ. Монгол нэрээ авч үлдсэн хоёрхон хэсэг нь хамгийн сүүлд 1945 оны Ялтын гэрээгээр эгнэгт буцалтгүй эргээд нэгдэх аргагүй болоод салчихсан. Зөвхөн гадаад Монголын одоогийн статусыг хүлээн зөвшөөрье гээд, тухайн үеийн дэлхийн дайнд ялах магадлалтай гурван гүрэн шийдчихсэн. Тухайн үед хилийн гаднах бүх Монголчууд өөр үндэстэнд хамаатай гээд хуульчилчихсан гэсэн үг шүү дээ. Энэ бол дандаа л их гүрнүүдийн бодлого. Өвөрмонголыг бол арай дэндүүлсэн. Миний сайн таньдаг өвөрмонгол надад өөрийн түүхийг ярьж өгсөн юм. Тэр хүн есөн дүүтэй, айлын том хүү гэнэ. 1967 онд эцгийг нь бариад явахад мань эр өөрөө дөрвөн настай, хоёр дахь дүү нь гэдсэнд байсан гэж байгаа юм. Эцгийг нь үндэстнийг тархан бутраах санаа агуулсан гэсэн үзлээр 10 жилийн ял аваад буцаж ирэхэд эхнэр нь нийт 10 хүүхэдтэй болсон байж. Учир нь тухайн үед аж ахуйд нь туслуулах нэрийдлээр тэднийд хоёр туслах малчин өгсөн юм гэнэ. Тэр хоёр туслах малчин бол соёлын хувьсгалаар хэлмэгдсэн хятад сэхээтнүүдийн төлөөлөл гэсэн үг. “Чонон сүлд” романыг бичсэн Зян Рунь чинь бас тийм хүн шүү дээ. Зян Рунь яагаад Өвөрмонголын тухай бичсэн гэхээр мань эр социализмын эсрэг, эргэлзээтэй үзэл бодолтой оюутан учраас Өвөрмонгол руу цөлөгдсөн аж. Бүх туслах малчин үнэндээ Зян Рунь шиг мэдлэгтэй, боловсролтой хүмүүс байсан уу гэвэл үгүй. Монгол үндэстэнийг дээрэлхэж болно шүү гэсэн ойлголт цаанаасаа авчихсан хятадууд ч байсан байх. Миний таньдаг мөнөөх өвөрмонголыг 15 настай байхад аав нь гэртээ буцаж ирсэн гэсэн үг. Ирэх үед ээж нь туслах малчнаасаа олсонтойгоо нийлээд найман хүүхэд төрүүлчихсэн байсан гэдэг. Нэг нь өөрийнх нь монгол дүү, долоо нь туслах малчин хятадынх. Тэгээд бүгд л монголоор ярьдаг. Бид өвөрмонголчуудыг хужаа царайтай, хятад аялгуугаар ярьдаг гэх мэтээр муулсаар байна. Энэ үндэстэн өөрөө үлдэхийн тулд ямар их зовлон үзсэн бэ гэдгийг бид төсөөлөх ч үгүй. Эд нарын буруу биш, энэ үндэстэн өөрөө хятад царайтай болохын тулд ямар нэгэн юм хийгээгүй, эд том үндэстний дунд ямар ч аргагүй, амь зуугаад л өнөөдрийг хүрч байгаа хүмүүс. Бид нар ойлгох хэрэгтэй, Мэдээж Өвөрмонголд 10 жилийн хатуу бодлогын дунд эрлийз болсон хүмүүс зөндөө байгаа нь нууц биш.

-Гэтэл манайхан өөрсдөө хүүхдүүдээ хятад сургуульд явуулж, хятад хэлд суралцуулах болж.

-Тийм ээ. Хятадууд эдийн засаг нь өндөр түвшинд хүрч байгаа тул хүүхдээ хятад хэлтэй болгоё гээд долоон настай хүүхдээ хятад сургуульд, эсвэл Эрээнд монгол хүүхдүүдийг тусгайлан сургадаг сургуулиудад өгч байна. Тэр бүү хэл эцэг эх нь дэргэд нь очиж амьдраад, сардаа нэг удаа Монголдоо ирж “туг тойрчихоод” буцаж буй. Хүүхдүүдийг ийм багаас нь, долоо настайгаас нь эхлээд Хятадын хэцүү аялгатай хэлээр яриулаад, хятад хоол унд идүүлээд өсгөхөд тэд 25-30 жилийн дараа гэхэд хятад төрхтэй болно. Энэ бол нотлогдчихсон асуудал шүү. Учир нь хүний төрхийг бий болгодог нэг хүчин зүйл нь хэл юм гэнэ. Мэдээж генийн түвшинд хар үс, хар нүдтэй байж болно. Гэхдээ хүний ерөнхий төрхийг хэл бий болгодог. Монгол хэлээр ярьдаг хүн монгол төрхтэй болдог. Жишээ нь хятадуудын эрүүний урагш түрсэн, шүдний наашаа байрласан байдал нь бүр багаасаа хятадын хэцүү аялгаар ярьж өссөнөөс болдог гэнэ. Энэ хэцүү аялгаар ярихад аяндаа булчингууд хүний эрүү төрхийг тийм болгодог, аюултай зүйл юм билээ. Тэгэхээр бид монгол төрх, цус гэж ярихын тулд эхлээд монгол хэл, монгол ухамсар гэж ярих ёстой юм.

-Хорчины алдарт бариачтай уулзсан зургаа та фэйсбүүк хуудастаа тавьсан байсан. Ер нь энэ зохиолын дүрүүд бүгдээрээ бодит дүрүүд үү?

-Таван дүрийн хоёр нь бодит, гурав нь зохиомол дүр. Алтан Махгал хайж яваа дүр бол зохиомол дүр юм. Тэр дүрээ би өмнө нь бичсэн зураачийн тухай зохиол “Цагаан, Хар, Улаан” роман дээр гардаг Мэндээгээс үргэлжлүүлсэн. Ховдын Булганы Торгууд цустай, орчин үеийн зураачийн тухай роман бичихээр Булганд очиж нэлээд суусан юм. Тэр үед Булганы зочид буудлын үүдэнд Ланд 80-тай хоёр залуу хүрч ирээд эд зүйлсээ янзалж байхдаа нэг зүйлийг их нандигнаад боож байсан. Би хэрэгтэй дуртай хойно очилгүй яах вэ. Залуудаа сурвалжлагч байсан болохоороо хүн амьтнаас юм асуух дуртай, тэгээд “Наадхи чинь юу юм бэ?” гээд асуусан чинь “Энэ металл хайгч” гэж хариулсан. Тэгэхээр тэр нөхдүүд булш бунхан ухдаг л нөхдүүд юм гэж ойлгосон. Үүнээс л элдэв юм хайдаг хүний дүр бодож олоод өмнөх романдаа бичсэн учиртай. Тэр нөхрийг л алтан Махгал бурхан хайх нөхөр яг мөн дөө гэж энэ романдаа үргэлжлүүлсэн юм. Зохиолч, “Битлз” ярьдаг нөхөр Насаа бол зохиомол дүр, түүний эхнэр Сэндэр ч мөн зохиомол юм. Гол нь хоёр бодит дүрийг хөгжүүлээд, гурван зохиомол дүрээр баяжуулаад бичсэн.

 

 

-СУДАСНЫ ЧИМЭЭ РОМАНД ЯМАР Ч ХЭТРҮҮЛЭГ БАЙХГҮЙ-

 

-"Шүгдэн" романы Хүчинтөгстэй анх ном зарж байхад нь уулзаж яваад танилцсан байдаг юм билээ. Зоригоо эмчтэй анх хэрхэн танилцаж байв аа?

-Зоригоо эмчийг таних болсон учир нь бас л өвчинтэй холбоотой. Ерөнхийдөө би Европын эм эмнэлэг тухайн үедээ л өвчнийг дарахаас яг цаад урхагийг арилгадаггүй юм байна гэдгийг сайн ойлгож авсан. Тиймээс сүүлийн үед ханиад хүрсэн ч Ганзориг эмч дээр гүйж очоод тан авдаг болчихоод байгаа. Тийм болохоор уулзаж, ярих зүйл их байсан. Ер нь энэ номонд гарч буй уламжлалтын эмнэлэгийн давуу тал, уламжлалт эмнэлэг гэдэг бол зөвхөн хэрэглээний утгаараа биш соёлын утгаараа их үнэ цэнэтэй зүйл гэдэг ойлголтыг Ганзориг эмч надад өгсөн.

-Зарим үед итгэмээргүй ч юм шиг сонин эмчилгээнүүд их гарч байсан. Энд дэгсдүүлэх ч юмуу, хэтрүүлэг хэрэглэсэн хэсэг байгаа юу?

-Ямар ч хэтрүүлэг байхгүй. Жишээлбэл, архи амандаа балгачихаад үлээхэд ус буцаагаад тургиж байгаа юм шиг хүнд санагдана аа даа? Гэтэл тэндээс нь нэг ч ус гарахгүй зүгээр манан татаад л исгэрсэн дуу гараад л. Энэ нь хүнээс гарч болох асар өндөр, дээд зэргийн даралтаар гарч байгаа гэсэн үг юм. Хүний яс хугарна гэдэг механикаар зүгээр л нэг яс хугарчихаад салж байгаа биш, ясыг бий болгож бэхжүүлж байсан хийн тэнцвэр нь алдагдаад алга болж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл амьд цэнэг нь байхгүй болж байгаа аж. Бариач хүн зөвхөн хугарчихсан хоёр ясыг зүйж, үзүүрийг нь нийлүүлчихээд бороолохыг нь хүлээгээд сууж байдаг хүн биш. Зүйсэн тэр ясаа эргээд бүтэн болоход нь дутагдаж байгаа бүх цэнэгийг сэлбэж өгдөг. Би энэ бүгдийг Бо Жиншань гуайтай уулзахаас өмнө мэддэггүй байсан.

-Ийм гайхамшигтай анагаах ухаан их ойр байна. Бид өвчнийхөө болохоо байсан үед л уламжлалт анагаах ухаанд ханддаг шүү дээ.

-Ер нь бид нарын ойлголт ийм болчихоод байна. Бид малчин байхдаа уламжлал, ахуйтайгаа ойрхон амьдарч байсан болохоор өөр байж. Малын хөл хугарахад одоо чиг бариад л боочихдог шүү дээ. Гэтэл тогооны хөө гэх мэт элдэв домоо мал дээр хэрэглэдэггүй. Хүн дээр яагаад дом, бариа засал хэрэглэхээ больчихсон гэхээр мал бол яахав байгалийн амьтан зөнгөөрөө гээд орхичихно. Хүн бол эмнэлэгт очих ёстой гэсэн ойлголттой болчихсон байгаа юм. Гэтэл хүн, мал ялгаагүй адилхан байгалийн амьтан. Тэгэхээр магадгүй бид нүүдэлчин ахуйгаа хаячихсан, илүү хотожсон учраас бидний сэтгэлгээ дагаад хотожсон. Үнэн хэрэгтээ хотожсон, хотжоогүй анхнаасаа бидэнд байгалиас өгсөн биеийн өгөгдөл хэвээрээ л байгаа шүү дээ. Бид нар хамгийн гол нь уламжлалт эрдэм мэдлэгээ халаад шинэ орчин үеийн эмнэлэг оруулж ирэх гэж асар их үзэл сурталжсан, асар их хохирол ч амссан. Шинжлэх ухаанч эмнэл зүйн үр дүн мэдээж гарсан. Гэхдээ уламжлалт эмнэлгээ устгаагүй бол үр дүн илүү сайн байх байсан.

-Романы бүлэг болгоны англиар хэлсэн эшлэлүүд байгаа юм. Тэрийг та яагаад сонгож оруулах болов уу?

-Жишээ нь Бо Жиншань гуайн бүлэгт гэхэд “Үлисс”-ээс авсан нэг хэсэг бий. Тус романы гол баатар номын санд “Өөрийн төрөөгүй байгаа хүүхдийнхээ эцэг нь биш, тэрний дараагийн удмын ч биш, бүр өөрийнхөө эцэг, эцгийнхээ эцэг, тэрнийхээ ч эцэг болсноо мэдэрлээ” гэдэг. Хүн төрөлхтөний уялдаа холбооны тухай модернист маягийн өгүүлэмж л дээ. Энэ ямар гоё санаа вэ? Яг монгол хүний чөлөөт сэтгэлгээний сайхан зүйл чинь энд явж байна шүү дээ гээд тэмдэглээд авчихсан юм. Энэ миний санаа биш, “Үлисс”-ийн санаа учир өгүүлэмжид эшлэхдээ нэр заан дурдсан. Үүний адил бариач байна гэдэг өнгөрсөн ирээдүй хоёрыг залгасан одоо цаг. Одоо цагийн энэ эцэг хүн гэдэг бол эцгүүдийнхээ ч эцэг. Магадгүй элэнцийнхээ ч эцэг юм байна аа гэдэг утгаар Жойсын санаа ийшээ орсон. Энэ мэтээр тухайн бүлгүүдэд түлхэц болсон санаанд хэрэг болж байгаа эшлэлүүдийг авч ашигласан хэрэг.  

 

-БИ ЗАЛУУ БАЙХДАА ӨӨРИЙГӨӨ АТЕИСТ ГЭЖ БОДДОГ БАЙСАН БОЛ ОДОО ӨӨРИЙГӨӨ БУДДИСТ ГЭЖ ХЭЛНЭ-

 

-Та бурханы шашинтай хүн мөн үү? Энэ шашны талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?

-Ер нь бурханы шашны тухай хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьдаг болсон. Энэ их аюултай. Учир нь өөр өөрийнхөөрөө ярьж болдог зүйл зөндөө бий. Гэхдээ ингэж ярьж болохгүй, хүн болгон санаандаа орсны зоргоор бураад байж болохгүй сэдэв байна. Ихэнх залуу хүмүүс шашны талаар ярихад их дургүй байдаг. Учир нь шашин залуу наснаас хол, энэ бол хүний мөн чанар. Хүн нас явахын хэрээр аливааг ухаардаг. Хүний ухаан суух процесс хэзээ ч зогсдоггүй, ухаан суух процесс зогсох юм бол хүн үхнэ. “Би одоо ном уншихгүй, сургуульд сурахгүй ээ, элдэв юм сонирхохгүй ээ, яршиг” гэж байгаа хүн бол үндсэндээ оюун санаа нь үхэж байна гэсэн үг. Магадгүй гутал зарах процессд ч ухаан зарж болно. Гэхдээ магадгүй гутал зарах нь хангалттай биш гэдгийг ойлгох оюун санааны түвшинд хэзээ нэгэн цагт хүрэх ёстой. Тэгж байж хүний амьдрал жинхэнэ утга учраа олох юм. Тэгэхээр бид өнөөдөр ухаан суух, хүний ухаан төлөвших, яаж би болох гэдгийг ярихын тулд бурханы тухай ярьвал илүү энгийн жишээ болох юм. Жишээлбэл, ихэнхи хүн залуудаа түүнийг ойлгож авах чадваргүй, эсвэл хэрэгцээгүй байдаг. Магадгүй Ницше “Бурхан үхчихэж” гэж хэлсэн шиг өрнийн иргэншил, прагматик амьдралын хэв маягт автсан хүнд бурхан хэрэггүй юм шиг санагддаг. Жишээлбэл, хойд нас, урд нас, үйлийн үр гээд байх юм. Өнөөдрөөрөө амьдарч, маргаашийн тухай битгий бод, өчигдөр нэгэнт өнгөрсөн гэдэг. Гэтэл өнөөдрөөрөө амьдрахын утга учир юу юм бэ гэдгийн гүн рүү ороход бурханы шашинд маш олон сайхан үзэл баримтлал бий. Үүнийг хүн өөрөө туулж, танихгүй бол бусдад ярихад хэцүү. Бид буддизмын тухай ярихаар дандаа шашин юм шиг ойлгодог. Гэтэл энэ хоёр тусдаа ойлголт юм. Нэг хэсэг нь шашин, нэг хэсэг нь философи. Гүн ухаан, амьдрал, ертөнц, бүх юмыг олж харах, зүй тогтол, зовлон гэж юу юм бэ, шүтэн барилдлага гэх мэт ойлголтууд нь асар гүнзгий философитой. Үүнийг энгийн хүмүүс ойлгож чаддаггүй. Энгийн ойлгож чадахгүй байгаа хүмүүст шашныг шууд номлох нь амар байдаг биз. Жишээлбэл, чи буян хийхгүй бол муу заяанд төрнө гэх мэтээр. Хүн муу заяанд төрөхөөсөө айсандаа буян хийнэ, буян хийдэггүй юм аа гэхэд муу юм хийхгүй. Барууны сэтгэлзүйчид хүртэл шашин бол хүнийг хүмүүжилтэй, зөв замаар явуулах арга юм гэдгийг тогтоочихсон. Жишээ нь манъяакууд, бүх гаж донтнууд, цуврал алуурчдын дунд сэтгэлзүйн судалгаа хийхэд бүгд шашингүй үзэлтэй байж. Шашингүй үзэлтэн байна гэдэг нь өөрийгөө хянах, цагдах юмгүй, Фройдын тодорхойлсончлон “ИД” гэгч хүсэл нь өөрөө л хянаж барихгүй бол аргамжигддаггүй зүйл. Үүнийг аргамжихын тулд шашин хэрэгтэй. Философи талаас нь яривал үнэхээр гайхамшигтай л даа. Би залуу байхдаа өөрийгөө атеист гэж боддог байсан бол одоо өөрийгөө буддист гэж хэлнэ. Учир нь тэр нь илүү зөв зам юм гэж сонгосон. Гэхдээ би үүнийг залуу хүмүүст хэлэхээсээ жаахан болгоомжлоод байдаг юм.

-Та Ажиа гэгээнтэй хэр олон удаа уулзаж байсан бэ?

-Арав гаруй удаа уулзаж байсан.

-Танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Би өөрөө залуугаасаа лам, Гандан гэж явж мэддэггүй байсан. Харин надад хамгийн анх сайхан сэтгэгдэл төрүүлсэн лам бол Ажиа гэгээнтэн. Өмнө нь тийм жинхэнэ ламтай учраагүй явсан уу? тэр үед монголд жинхэнэ лам цөөн байсан уу? мэдэхгүй юм. Надад ямар ч шашин ярилгүй, хүний мөн чанар, хүнлэг ёс, ариун зүйл, яг ямар ч ёслол сүсэг бишрэл элдэв мөргөл ямар нэгэн зан үйл хийхгүйгээр бурханыг барьж болох гэж юу юм бэ гэдгийг ойлгуулсан хүн бол Ажиа гэгээн. Би тэр хүнтэй АНУ-д анх уулзаж байсан. Одоо Монголд жилд дунджаар гурван удаа ирдэг. Тийм болохоор уулзах боломж их болсон. Гэхдээ уулзах боломжтой, үгүйдээ биш юм билээ. Ер нь хүнтэй заавал уулзаж байх ч албагүй юм байна. Зарим хүмүүсийг мэдээд  л өнгөрөхөд ахиж уулзахгүй байж ч болох тийм их зүйлийг мэдэж авдаг. Үнэхээр лам хүний онцгой чанар тэр хүнд бий. Тийм мундаг амьдарч, сүрхий байж чаддаггүй юмаа гэхэд яаж бусдад муу юм хийхгүй, худлаа ярихгүй, өөрийнхөө мөн чанараас урвахгүй явах вэ гэдгийг үлгэрлэж чадсан тэр хүн биечилж юу ч хэлээгүй ч гэсэн надад маш их зүйлийг ойлгуулсан онцгой хүн юм.

-Мухар сүсэг гэж таны бодлоор юу вэ?

-Мухар сүсэг, чин сүсэг хоёр үнэхээр их ялгаатай. Ихэнх хүмүүс бурхан байна гэж үздэг нь сүсэгтэй, бурхан байхгүй гэж үздэг нь сүсэггүй гэж яриад байдаг. Гэтэл  энэ нь “Амьдрал бол зовлон” гэж Будда хэлсэн юм аа гэдэг шиг хялбарчилсан ойлголт. Яг үнэндээ бурхан байх, байхгүйгээс үл хамааран хүний сүсэгтэй, сүсэггүй байх нь түүний дотоод мөн чанар. Магадгүй ойлгож мэдсэнийхээ хэрээр ухаан суугаад байдаг ч зүйл биш юм шиг байна. Учир нь асар их юм мэдэж, асар их юм ойлгосон байж болохоор хүмүүс мунхаглаж байгаа зүйл зөндөө. Гэтэл нэг их юм мэддэггүй жаахан хүүхэд маш зөв юмыг олоод харчихсан байх жишээтэй. Тэгэхээр хүнд цаанаасаа өгөгддөг хэмжээ байх шиг байна. Магадгүй Зонхов богдын сургасан шиг өмнөх насных нь үйлийн үр, ерөөл тавилан байж болох юм. Нэг дор адилхан ном үзээд явж буй нэг багшийн хоёр шавь нэг нь мухар сүсэгтэй, нэг нь чин сүсэгтэй болчихсон явдал зөндөө. Мухар сүсэгтэй хүн нь миний хүүхэд нэг юм хулгай хийгээд ирж, хулгайлаад аваад ирснийг нь цагдаад баригдуулахгүй өнгөрүүлчих юмсан гээд Гандан руу гүйж байна. Нөгөө чин сүсэгтэй хүний хүүхэд хэзээ ч хулгай хийхгүй байх жишээтэй.  

-Зэн буддизмын талаар та ямар ойлголттой явдаг вэ?

-Зэн бол миний бурханы шашинтай ойртож, учрыг нь таних гэж оролдсон хамгийн анхны оролдлого байсан. Би Зэнг одоог хүртэл хосгүй гайхамшигтай зүйл гэж боддог. Япон хүмүүсийг дэлхийд маш сайхан зүйлийг түгээжээ гэж боддог. Япон хүмүүс л түгээсэн болохоос яг  үнэндээ хөрс нь боловсорсон газар бол Хятад шүү дээ. Зэнгийн талаар эргээд бодоход, би залуу байсан, бас яруу найрагч байсан үе бодогддог. Яг яруу найргийг ойлгоход зэн надад хамгийн их тус болсон. Яруу найргийн дотоод гүнд нь байдаг жинхэнэ чив чимээгүй, гэхдээ бүхнийг ойлгож олж хардаг тэр зүйлийг таньж авахад надад Зэн тусалсан. Зэнгийн шүлгүүд, яруу найраг, бясалгалууд нь. Гэхдээ Зэн гэдэг яг юу юм бэ гэдгийг гүйцэд таньж чадахгүй л явсаар байсан. Гэтэл сүүлд Випашяна гэх бясалгалын төв удирддаг Ширэндэв гэгч  залуугийн удирдлага дор бясалгалд хэсэг явсан. Түүний дараа л би “Өө миний нөгөө оюутан цагаасаа дурлаад байдаг яруу найргийн сайхан мэдрэмж, цаана нь байгаа юмыг яагаад ч юм мэдрээд байдаг байсны утга учир чинь энд байсан юм байна” гэж ухаарах шиг болж, Зэнг тийм хожим нь л Випашянагаар дамжуулж илүү жаахан мэдэрсэн. Одоо бол би бясалгалаа сайн хийж чаддаггүй. Ер нь бясалгалаа сэргээгээд бясалгалаараа дагная гэж бодож байгаа. Бясалгалыг мэдэхгүй хүмүүс шоолоод байдаг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж монгол ардын зүйр үг байдаг. Тэр бол үнэхээр үнэн үг. Тэр хүн өөрөө үзэх хэрэгтэй. Үзсэний дараа, ойлгосны дараа бүр тодорхой болно. Үзээгүй юмаа хөндлөнгөөс цэгнэнэ гэдэг мунхаг ойлголт.

 

-МИНИЙ РОМАНЫГ ШҮҮМЖЛЭХ ХЭМЖЭЭНД МАНАЙ ШҮҮМЖ ХҮРЭЭГҮЙ БАЙНА-

 

-Цаашид Афганистан ч юмуу бусад улс орнуудад байгаа Монгол угсаатнуудын талаар ном зохиол бичье гэсэн төлөвлөгөө бий юу?

-Би үндсэндээ бусад монгол угсаатныг “Монгол угсаатан” л гэж хэлэхээс цаашгүй болчихсон хүмүүс гэж боддог. Тэд надад төдийлөн хамаагүй. Би Хазарууд хөөрхий, яаж зовж тарчилж байна гэж санаа зовдоггүй. Учир нь Хазарууд зовж байгаа нь үнэн ч тэднээс илүү зовж байгаа үндэстэн ч бий байх. Эцсийн эцэст Хазарууд Монгол угсаатан мөн ч гэсэн Монгол хүмүүс биш болсон. Харин яг одоо Монгол хэлээ авч үлдчих гээд оролдоод байгаа ч монголоор ярих боломжгүй болж буй Буриад, Өвөрмонгол хүмүүсийг илүү ойлгодог. Магадгүй хэрэв үнэхээр бололцоо гардаг сан бол Монгол улс баяжаад эдийн засгийн хувьд хүчирхэг гүрэн болох юм бол олсон бүх мөнгөө Монгол үндэстнийг буцааж цуглуулахад зарцуулаасай гэж боддог.

-Монголд урлагийн шүүмж ямар түвшинд байна вэ? Таны романууд, зохиол бүтээлийг чансаатай шүүмжилсэн шүүмж байгаа юу?

-Байхгүй. Ер нь тэр хэмжээнд манай шүүмж хүрээгүй байна. Манай шүүмж бол зүгээр л аахар шаахар, тэгдэг шүү дээ, ингэдэг шүү дээ гэх мэт номчирхох юмуу эсвэл худлаа цэцэрхэх хэмжээнд л явж байгаа. Юмыг цэвэр анализ хийж, задлах хэмжээнд манай шүүмж судлал хүрээгүй. Хүрээгүйгээс гадна угаасааа хөрс нь анхнаасаа сайн тавигдаагүй. Социалист уран зохиолд хамгийн их хөрөнгө оруулалт хийж байсан он жилүүдэд манай яруу найраг, өгүүллэг, тууж, богино роман маягийн зүйлс боломжийн хөгжсөн ч шүүмж судлал хөгжөөгүй. Энэ нь шүүмж судлалаа хэтэрхий нэг загварт барьчихсан, цэвэр үзэл сурталд үйлчлүүлж байсантай холбоотой. Тиймээс өөрөөр яаж шүүмжилдэг, яаж уран зохиолыг задалдагийг мэддэг шүүмжлэгч нар манайд ерөөсөө байхгүй. Нэгэнт уламжлалгүй учраас өнөөдөр хөлөө олохгүй хэцүү байдалд байна. Тиймээс аль нэг романыг сайхан задлаад ярьчих шүүмжлэгч одоохондоо Монголд алга байна.

-Ном зохиол бичихэд орчин бүрдүүлнэ гэдэг их чухал уу? Та жишээ нь яаж орчноо бүрдүүлдэг вэ?

-Орчин бүрдүүлэх нь нэг их чухал биш дээ. Мэдээж өнөөдөр компьютергүйгээр юм бичихэд хэцүү болчихлоо шүү дээ. Гэхдээ үүнгүйгээр балын харандаа барьчихаад л амны цаасан дээр бичээд байсан ч гэсэн цаад чадвар нь байвал хамаагүй. Ер нь бол орчин гэдэг тийм ч их чухал зүйл биш. Яг үнэндээ хүний оюун санааны амьдрал бүх зүйлийг шийддэг. Тэр яриад байгаа орчин гэдэг юмгүйгээр ч зохиол сайн бичигдэх боломж зөндөө бий.

-Таны зохиол ихэвчлэн төгсгөл задгай орхигддог шиг. Ер нь өөртөө зориулж төгсгөсөн зохиол бүтээл байдаг уу?

-Ер нь зохиолыг төгсгөхгүй явуулаад байя гэвэл явуулаад л байна. Тухайлбал, “Судасны чимээ” романы төгсгөлд бариач өвгөн Монголд ирчихээд л Онон мөрний рашаан дээр очиход гэнэтхэн хажууд нь өвөг дээдсийнх нь сүнс ирж байгаа мэт санагдаж буйгаар төгсөж байгаа шүү дээ. Тэгтэл түүнийг цааш нь үргэлжлүүлээд л сүнс нь юм яриад л, мань хүн зүүд ч юм шиг сонин байдалд ороод л гээд бичээд л байвал яваад л байна. Гэхдээ зохиол хэдийд дуусах ёстой, хэзээ зогсох ёстой гэдгийг зохиолч хүн өөрөө шийдэх ёстой л доо. Бүр явуулаад л байя гэвэл явуулаад л байна, гэхдээ эцсийн эцэст хэрэг байна уу үгүй юу. Миний бодлоор ингээд л орхичихвол хангалттай юм шиг санагдсан.

-Та стресст ордог уу?

-Гайгүй шүү.

-Юутай холбоотой гэж та бодож бай?

-Олон юмтай холбоотой. Уран зохиол өөрөө их баялаг ертөнц шүү дээ. Уран зохиолын хүн боллоо гэхэд байнга бичээд л, зохиогоод л сууна гэж байхгүй. Хүний цэнэг барагдана, бодсон санасан юм дуусна. Би багаасаа ч тэр, хожмоо ч тэр өөрчлөгдөөгүй нэг зүйл бол миний амьдрах хэв маяг НОМ болчихсон. Байсхийгээд л ном уншдаг. Сүүлийн үед залуугийнх шигээ их уншиж чадахаа больсон ч номгүйгээр амьдралыг төсөөлж чадахгүй. Ном руу орно гэдэг зүв зүгээр байж байгаад л шал өөр ертөнц рүү гэнэт орчих шиг сайхан. Бясалгал хийхэд бид бие, сэтгэлийн нилээд хат тэвчээр шаардаж өөр ертөнц рүү ордог. Харин ном уншихад өөр ертөнц рүү, зүв зүгээр сууж байгаад шууд яваад орчихож болохоор маш энгийн боломж. Тийм болохоор магадгүй ном уншдагаасаа болоод стресст ордоггүй байж болох юм.

Ярилцсан: Г.Мөнхбаяр 

 

Шинэ ном

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.