2016 оны 3-р сард хэвлэгдэн гарсан "Нууц товчоон"-ы цохолборууд бүхий энэ номонд академич Д.Төмөртогоогийн бичсэн ‘ТЭНГЭРИЙН СУДАР’-ЫН ТЭМДЭГЛЭЛ хэмээх өмнөх үгийг толилуулж байна:
Монгол үндэстэний түүх-уран зохиолын алдарт дурсгал ‘Монголын Нууц Товчоон’-ы утга агуулга, үг хэллэг, бүтэц зохиомжийн талаар дотоод, гадаадын олон эрдэмтэд 150 гаруй жилийн турш анхааран судалж, түүний түүхэн улбаа, уран дүрслэл, хэлний онцлогийн талаар олон арван ном зохиол, олон зуун судалгааны үгүүлэл нийтлэгдсэн хэдий ч, монгол үндэстэний уламжлалт зан заншил, аман уламжлал, сэтгэлгээний онцлогтой шууд холбогдох олон асуудал бүрэн тайлагдаагүй байсаар байгаа билээ.
Зохиолч Г.Аюурзана “Монголын Нууц Товчоон”-ыг энгийн уншигчийн хувьд үсэг залгин уншаад өнгөрсөнгүй, харин түүнд шингэсэн үндэстэний зан заншил, домогийн сэтгэлгээ, аман уламжлал, уран дүрслэл, тайлал хүлээсэн нууцлаг үг үгүүлбэр, нарийн нандин шигтгээ бүрийг шимтэн шимтэн уншиж, ухаж ойлгосоноо, бодож бясалгасанаа уншигч олонтойгоо хуваалцахын тул энэхүү бүтээлээ туурвижээ. Аюурзана зохиолч монгол туургатаны зан заншил, түүх соёлын уламжлалын талаар баялаг материал цуглуулж, хэд хэдэн роман тууж туурвисаныхаа хувьд МНТ-ны дотоодод нэвтрэн орж, түүнийг зохиосон тэр он цагт хүрч, тэр үеийн монгол хүний сэтгэлгээ рүү өнгийсөн нь энэхүү бүтээлээс тодорхой ажиглагдана. Энгийн ардын өдөр тутмын үг хэллэгээс аваад эртний улбаатай үлгэр домог, баатарлаг туульсын сэтгэмжээр тайлал болгож, тэдгээрийн дотор хадгалагдан үлдсэн амьдралын философийг танин мэдсэнийхээ үндсэн дээр гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэд зуу гаруй жил судлахдаа олж ажиглаагүй сондгой өнцөгүүдийг олж, олон сонирхолтой таамаг дэвшүүлсэн нь түүний энэ бүтээлд нэвчин шингэсэн шим шүүс нь гэлтэй. Хүмүүний амьдаралын утга учир, сайн муу, сайхан муухайг танин мэдсэнээс урган гарсан гүн гүнзгий сэтгэлгээ бүхий монгол зүйр цэцэн үгс, ерөөл бэлгэдэл, ёгт нэрлэлт, муу ёр, сайн совингийн тайлалуудыг сайтар ашигласан нь МНТ-ны гүн утгад нэвтрэх далд оньс, таарах түлхүүрийг олсон хэрэг. Түүнийхээ үндсэн дээр уг зохиолын агуулга, зохиомжийн талаар хэрхэн үнэлсэнийг нь нэгэн үгүүлбэрт багцлавал: “Нууц товчоон бол домог, түүхэн эсээ, яруу найраг, эрхи товчисын хосгүй антолог..., төрт ёсны их хүч шингэсэн..., ер бусын онцгой туурвил..., монгол түмний бичгийн уран зохиолын дээж..., эрин үеийнхээ дээд эрэмбийн уран бүтээл” хэмээн дүгнэжээ.
’Уншигчийн байр сууринаас хандсан’ хэмээн даруухан дурдсан энэ бүтээлийг уншиж үзвэл уншигч төдий бус, судлаачийн байр сууринаас хандсан судалгааны бүтээл болох нь шууд мэдэгдэнэ. Тэрвээр энд МНТ дахь уран сайханы хэтэрүүлэл, хийсвэрлэл, дүрслэл, бэлгэдэл, ёгтлолын тухай, мөн “сүлдэр” хэмээх “totem”-ын тухай, домогийн сэтгэлгээтэй холбогдох олон баримт жишээ дурдаж, сонирхолтой тайлал гаргасан нь нэг талаас, монгол уран зохиолын уран дүрслэлийн арга хэлбэр, нөгөө талаас, монголчуудын уг удам, уламжлалт зан заншил, итгэл бишрэл, сэтгэлгээний онцлогийг судлахад үнэтэй чухал хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Ялангуяа эртний овог аймаг, түүхт хүмүүс, өргөмжлөлт цол гуншин, газар усны нэрийн талаар шинэлэг таамаг тайлалууд нь анхаарал татаж байна.
Зохиогч XIV зууны персийн түүхч Рашид-ад-дин-ы ‘Сударын чуулган’-аас аваад XVIII зууны түүхч Мэргэн гэгээний ‘Алтан товч’, ХIХ зууны их бичээч Инжаннашийн ‘Хөх судар’-ыг хүртэлхи түүхэн сурвалжууд, ХIХ зууны шведийн дорно дахины судлаач эрдэмтэн Abraham Constantine Mouradgea d’Ohsson-ы ‘Histoire des Mongols’-оос аваад ХХ зууны үеийн Л. Н. Гумилевын ‘Ритмы Евразии’-ийг хүртэлхи түүх судлалын бүтээлүүдийг уншиж ашигласанаас үзвэл “Тэнгэрийн судар” хэмээх энэхүү бүтээл нь жирийн уншигчийн тэмдэглэл төдий бус, жинхэнэ судалгааны бүтээл болохыг давхар баталж байна. Уран зохиолч хүний торгон мэдрэмж, утга зохиолд мэргэжсэн хүний гүнзгий ухаарал шингэсэн энэхүү бүтээл нь уншигч түмний мэлмий, судлаач эрдэмтэний оюунд тусахуйц шинэлэг санаатай шилдэг бүтээл болжээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.ТӨМӨРТОГОО
Уг түүвэр 2009 онд гарчээ. "Бүтээл" хэсэгт буй "Миний дургүй сарууд" бол энэхүү номд орсон шүлэг болно.
Г.Аюурзана урьд нь яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд" (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001), "Философийн шүлгүүд" (2001), "Non Plus Ultra" (2005) түүврүүд хэвлүүлжээ.
"Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд" 2002 онд анх хэвлэгдсэн. Уг ном нь "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх метароман буюу өөр хоорондоо уялдаа бүхий өгүүллэгүүд, "Есөн эсээ" хэмээх мөчлэг эсээнүүд, "Цасны роман" бичил тууж, "Хэвтрийн хүн" оп-романыг багтаасан, Г.Аюурзанын хүүрнэл зохиолын төрлөөр хэвлүүлсэн анхны ном болно.
Уг номд багтсан "Цаг хугацааны тухай яриа" эсээг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.