Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ЭНЭ ЖИЛ БАС Л НЭГ ХОНОГИЙН НААНА ЦААНА ШИНЭЛЦГЭЭХ НЬ ДЭЭ

 

Зурхайч, Утгач овгийн Ц.Цэрэн-Очир гуайтай сар шинийн их баярын өмнө хууч хөөрч, хэн хүнгүй анхаарч санаж явууштай зарим нэг зүйлсийг хөндөн ярилцснаа сийрүүлэн толилуулж байна:

 

            -“Цагаан сар” баярын утга учир, үүслийн тухай яриагаар хөөрөлдөөнөө эхэлвэл ямар вэ?

          - Энэ бол онд мэнд орсноо ёслон хуран чуулж, буянт малынхаа хишиг болсон цагаан идээ, мах шүүс тэргүүтнийхээ дээдээр биесээ цайлж дайлан, их багагүй цэнгэлддэг, жилдээ ганц тохиодог хөлтэйхэн баяр. Тийм учраас л “За, лагшин тунгалаг, сүрэг тарган, жилдээ жинтэй, ондоо олзтой амар сайхан оров уу?” хэмээн амар мэндээ мэдэлцдэг уламжлалтай. Чингис хаан Тангад улсыг 1227 онд мөхөөсөн. Түүнээс өмнө эл баяраа монголчууд цагаан хувцас өмсөөд, намар хийдэг байжээ. Онхуд овгийн Жамъян гүний “Урт өдрийн улиг үгний бичиг” хэмээх хуучин бичгээр хэв дарсан товхимол Улсын Төв Номын санд бий. Түүнд ингэж гардаг: “Манай монголын Чингис хаан Тангадын Минаг хэмээх хааныг алаад, хааны газрыг олсон их хуримын сар хэмээн барс эзэлсэн сарыг жилийн эх болговой”. Түүнээс хойш эдүгээ хүртэл билгийн тооллын барс сард буюу ихэвчлэн өвөл, хаврын заагаар шинэлээд, даруй 788 жил улирчээ.

          -Тэр бүтээлдээ зохиогч чухам хэдийд шинэлдэг талаар дурдсан байх юм уу? Яагаад ингэж асуув аа гэвэл манайхан чинь шинэлэх гэж 1990 оноос хойш “зөв, буруу өдөр” гэж их маргалдав шүү дээ.

          -Тэр номонд “Манай монголчууд цагаан сараа хаврын амьсгал орохоос өмнө, хойно тохиолдох арван тавны дотор тохиолдох шинийн нэгэнд ёсолдог” гэж байна. Үүнийг баримтаар нь магадлаж үзэхэд хэрэв хаврын амьсгал орохоос (хаврын амьсгал аргын хоёрдугаар сарын дөрвөнд орох нь элбэг байдаг) өмнө шинийн нэгэн болвол түүндээ, байхгүй бол хойд сарын арван тавнаас наана учрах шинийн нэгэндээ гэдгийг анхааруулсан үг юм билээ. Энэ бол оройтлоо гэхдээ хоёрдугаар сарын хорьдоос үл хэтэрнэ гэсэн сануулга. Манайхаас бусад Азийн том, бага улс орон ч түүнийг яг таг баримталж шинэлдэг.

          -Тэгэхээр, энэ оны тов зөв үү?

          -Шар зурхайн ёс буюу аль 174О-өөд онд монгол мэргэд Дани улсын дэлхийд зартай одон оронч-зурхайч Тихе Брахе гэгчийн онолд дулдуйдан бүтээсэн цаглабар зурах “Солбицон барих бодрол бичиг” хэмээх билгийн тооллыг тооцон барих ёсоор бол аргын тооллын хоёрдугаар сарын найманд, Богд хааны зарлигт дурдсан төвд зурхай буюу Төгс буянтын шинэ зухайн ёс гэдгээр нь мөн сарын есөнд, өөрөөр хэлбэл,нэг хоногийн наана цаана шинэлэх нь.

          -Та бол хэдэнд нь шинэлэх вэ?

          -Нарт ертөнцийн жамыг нэг л их зөрчих нь гайгүй, нэлээд ханатай, шинжлэх ухаанжсанаар нь наймандаа шинэлнэ. Манайхан ёсыг дагаж шинэлээд гучаад жил болж байна. Өлзий буянаа хайрласаар л байгаа, тэнгэр минь.

          -Нөгөөх нь тийм их зөрчдөг юм уу?

          -Энэ зурлагын гол гэм нь билгийн тоололдоо л байдаг юм. Бусад нь гайгүй. Түүний билгийн тооллын зарим хоног ер нь л сард заавал тасарчихдаг, тасарсан бол түүнийгээ нөхөх гэж бас давхардуулчихдаг тул ингэж үзэж байгаа юм. Нарт ертөнцийн хамаг юм зогсолтгүй хөгжил, хөдөлгөөнийхөө ачаар оршин тогтож байгаа биз дээ. Нэг хоног алга гэдэг маань дэлхий хуучнаасаа нэг дахин хурдан буюу өөрөөр хэлбэл нэг хоног алгассан, тэрчлэн өчигдрийн хоног өнөөдөр ахин улирч байна гэдэг нь дэлхий огт хөдлөөгүй л гэсэн үг биш үү? Тэгвэл эх дэлхий маань ёстой л тэнхэлгээсээ мултраад, тэнэсэн сум шиг харван, хумхийн тоос болчихно биз дээ? Жишээлэхэд, 2011 оны төмөр туулай жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёр байсан. Эхнийхэд нь шинэлээд л өнгөрсөн. Давхарддаг нь үнэн юм бол маргааш мөн л шинэлэх ёстой биз дээ? Энэ жилийн хулгана сарын шиний найман нь алга байсан. Бүх хийдийн хуврагууд найман тасарсан гээд Манла бурханаа тахилгүй амраад л явчихалгүй хийдгээ хийгээд л сууж байсан. Тэгэхлээр энд нэг жог байна даа. Жил, хоногийн хугацаа тэгш байдаггүйн учир хүн төрөлхтөн нийтээр мөрдөх төгс төгөлдөр цаглабар бүтээх боломжгүй л дээ. Дөрвөн жил тутамд хоёрдугаар сарыг 29 хоногтой болгодог нь үүний нэг баталгаа. Яагаад гэвэл аргын буюу нарны тооллын нэг жил 365 хоног 6 цаг...тай тэнцдэгийнх. Тэгэхээр, хоног ч бас яг 24 цаг биш. Хэдий тийм ч үнэнд арай дөт байвал зүгээр сэн.

          -Битүүлэх, мөр гаргах, золгох, тамхилахын учрыг залууст тайлбарлаж өгнө үү?

          -Билгийн тооллын сар бүрийн сүүлчийн хоногийг битүүн гэдэг.  Тэгэхээр, жилд 12 битүүн болдог байх нь. Тэдгээрийн дотроос үхэр сарын буюу жилийн эцсийн сарын битүүнийг, маргааш нь шинэ жил шилжирч, хуучин жил хулжирах учраас онцгойлдог. Битүүлэх гэгч нь битүү хоол хийж хүртэхтэй ямар ч хамаагүй. Энэ бол сар, нар хоёрын хооронд дэлхий орж таширлахаар дэлхийн сүүдэр саран дээр бүтэн тусч, сар битүү юм шиг харанхуй болохыг хэлж байгаа хэрэг. Бурханы шашинтнууд энэ үдэш гэр дээрээ мөс тавьдаг нь луус хөлөглөсөн, Балданлхамо гэж төвдөөр хэлдэг Цогт охин тэнгэр битүүнд орчлонг тойрч давхихад унаа нь цангадаг гэдгээр ундлах гэж байгаа нь тэр юм гэдэг. Гаднах хатавчиндаа өргөст харгана хавчуулдаг нь муу зүгийн юмыг айлган, зайлуулж байгаа нь тэр гэдэг. Тэгээд айл бүр битүүлгийн идээ гэж бууз хийж хүртдэг бөгөөд айлыхантайгаа солилцдог нь найрсаг байгаагийн шинж. Өрхийн тэргүүлэгч Охин тэнгэрийг төсөөлөн сэтгэлдээ ургуулаад, зүрхэн тарнийг  нь “Жо рагмо, жо рагмо,жо жо рагмо түн жо, ха ла раг чэнэ мо рагмо, а  жа да жа, түнэ жо, рү лү рү лү хүүн жо хүүн” хэмээн урьж залбираад, битүүлгийнхээ идээ, умдаанаас тахилд өргөдөг. Түүнчлэн, наснаас нөгчсөн өвөг дээдэс, төрөл төрөгсөд буй аваас хөргийг нь гаргаж адис хүртээд, дээдлэн залж, идээ умдааныхаа дээжийг зориулсан ариун саванд нь хийгээд, зул барьж, цайныхаа дээжийг өглөө бүр тахилын цөгцөнд өргөнө. Үүнийг таваг хураатал ягштал үйлдэнэ. Энэ бол тэднийхээ сүнсийг амаржуулж буй нэн эртний эрхэм дээд тахилга. Мөн оройноос авахуулаад маргааш өглөө нь болтол бурханы шашны хурал номын газар хойтон жилийн амар, амгаланг горилж, Цэдор Лхамо айлтган, балинг нь адислаж залдаг уламжлалтай.

          За, мөр гаргах гэдэг бол шимт ертөнцийн нэгэн хэсэг болсон бидний явдал, мөрийг сав ертөнцийн эерэг нөлөөтэй шүтэн барилдуулж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл Алтан гадаснаас цацран ирдэг соронзон орны ээлтэй урсгалтай, огторгуйн нөлөөтэй шүтэн зохицуулж байгаа нь тэр. Амьтай бүхэн тэр чигээрээ сав ертөнц хэмээх мөнх тэнгэрийн бүрэн эрхшээлд төрөөд, мөхдөг нь хорвоогийн жам буюу. Мөр гаргахдаа тухайн жилд суусан суудлынхаа цог залийн зүг рүүгараад, буяныхаа зүгээс гэртээ ордог. Энэ хоёр дээр нэмээд эм, амь хэмээх дөрвөн зүг нь тухайн хүнд тэр жилдээ өлзийтэй эрчим хүчийг заяадаг. Үлдсэн дөрөв нь өлзий бусын зүг тул тийшээ зорчих, тэр зүгээс идэш ууш, эд таваар авах дор хянуур байвал зохилтой. Зарим хүн Тасганы овоон дээр очиж, мөр гаргавал сайн хэмээн учир үл мэдэх хүмүүсийг уруу татаад байх шиг. Тэр болгон хүнд таарахгүй газар гэж би санаж байна. Юун хэмээвээс, тэндээс  зүүн тийшээ байдаг мод, ус,гал, салхинаа суусан хүмүүсийн бол гурван хорлолт зүг нь юм. Тээр жил нэг нөхөр “Усан”-д суусан хүмүүс зүүн тийшээ (уг нь “ус”-ны цог залийн зүг нь тийшээ чиглэдэг юм) мөр гаргаж болохгүй, яагаад гэвэл тийш чинь хар нохойн ам чиглэж байгаа гэхчихжээ. Бас л хөөрхөн будилаан болсон. Тэнгэрийн нохойн ам зүүн тийшээ харна гэдэг чинь харин баруун тийшээ л мөр гарвал үмхүүлчихнэ биз дээ. Зүүн тийшээ амаа ангайж байгаа юм чинь ямар хамаа байна! Тэгээд ч зурхайн эх бүтээлүүдэд “тэнгэрийн нохойн ам уруу хандуулж цэрэг мордуулах, хүүр гаргах, бэр буулгах гурвыг цээрлэтүгэй” хэмээн номлосон тул цагаан сараар тийшээ мөр гарахад цээргүй. Суудлынхаа цээрийг гаргах гэж нэг дом буй. Энэ бол тухайн жилд хорлож мэдэх махбодоо дайсан болох махбодоор нь номхотгох арга. Ухаандаа галыг усаар, модыг төмрөөр, төмрийг галаар, уул шороог модоор, модыг төмрөөр номхотгох гэсэн таван махбодын засал  байдаг бол салхи, огторгуй хоёр суудал өнцөгдсөн, тэнгэрийн нохойн гүйдэлтэй, эцгийн суудал гэхээс гадна эр хүн бөгөөс суудал угтсан, эм хүн - суудал дагасан гэдгээрээ осолтой гэх ба засал нь өөр.

          -За, тэгвэл хэрхэн золгодог ёсыг өгүүлнэ үү

          -Золгоно гэдэг бол нэг ёсондоо сүлд хүчээ солилцож байгаа ухааны юм даа. Нар тусмагц нарандаа “Оом ма ри зэ е маан соваахаа” хэмээх тарнийг нь долоонтаа урьж, залбирчихаад, мөрөө гаргачихсан хойноо эцэг эхтэйгээ, дараа нь хадаг барьж багш, шавийн барилдлагатай болсон номыхоо багштай луу цагт буюу нар лав тусгаад золгоно. Юу барьж золгох нь тухайн хүний хэрэг боловч эцэг эхдээ цэнхэр өнгийн Аюүш хадаг, багштайгаа сэрш хадгийг хагас алдлан алган дээрээ тохоод, магнайдаа шүргүүлэн байж, мэхийн,хоёр тохойноос нь дэмнэн өргөх янз үзүүлэн, дээдлэж буй шинжтэй золгодог.

          -Ямар тохиолдолд шинэлдэггүй, золгодоггүй вэ?

          -Төр, улсын эзэн таалал төгссөн үед ард нийтээрээ бэлэвсрэл учирсан хэмээн золгодоггүй. Их эзэн Чингис хаанаа тэнгэр болоход лав шинэлээгүй байж таарна. 1952 онд улсын эцэг хэмээн дээдэлдэг асан өрлөг жанжин Х.Чойбалсанг таалал төгсөхөд нэгдүгээр сарын 26-нд шинэлэх гэж байснаа орон даяар гашуудан, тавгаа хурааж байсан түүх бий. Түүнчлэн эцэг эх, эхнэр нөхөр нас нөгчвөөс цагаалах ч үгүй, бусадтай ч золгохгүй. Мөн дэр нийлүүлсэн эр эм хоорондоо золгодоггүй, жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлээд хоорондоо бас золгодоггүй заншилтай. “Онь өдөр гарлага гарна”гэж цээрлээд, ёс жудагтай хүмүүс шинийн хоёронд айлчилдаггүй, зочин хүлээж авахаас цэрвэдэг. Шиний гуравнаас холын ахан дүүс, худ ураг, анд нөхөдтэйгөө золгохоор одно доо.

          -Тамхилах, хөөрөг зөрүүлэхийн утга учир...?

          -Мэнд, усаа мэдэлцэнгээ тамхилцгаадаг. Тэгээд л тамхийг “мэндийн улаан”, “танилцахын эх тамхи” ч гэдэг. Тамхилах гэдэг бол нэг ёсондоо эвтэй эетэй яваагийн шинж юм. Ам муруйсан хүмүүс цагаан сараар тамхилж, сэтгэлээ цайруулдаг ёс буй. Тамхи татдаггүй улс бол өөр өөрийн ухаанаар учир зүйгээ ололцдог байх. Заавал тамхи татдаг хүн л хөөрөг тамхи төхөөрч явах учиртай биш, ахас ихсээ хүндэтгэхийн үүднээс ёсыг бодож, хэн ч хэрэглэж болох эд л дээ. Тэгэхээр цагаан сарыг бас эвлэрлийн баяр ч гэж болох мэт. Өрнөдийн улсуудад эвлэрлийн өдөр гэж байдаг. Ер нь ямар ч үед,ахмад хүнээ хүндэлж дүү хүн эхэлж тамхилдаг. Тамхийг нь үнэрлэчихээд, буцааж өгсөн хойноо өөрийн тамхийг дүү хүндээ барьдаг. Жинхэнэ монгол хүн мэндийн тамхийг үнэрлээд л өгдөг бол, төвдүүд тамхинаас нь халбагаар нь хутгаж авч татчихаад өгдөг. Энэ бол ёс. Ёсыг эрүүл ухаантай хэн бугай ч зөрчдөггүй. Манайхан хөөрөг зөрүүлэх гэдгийг буруу ухаараад, их багагүй л алган дээрээ хоёр хөөргөө харшуулаад солилцож байгаа харагддаг. Энэ бол хөөрөгний толгойг дарж өгсөнтэй адил эвдрэлцэх, өстөн бололцохын ёргэж цээрлэдэг зүйл. 

          -Мэнд гэснээс, мэндийн хариугүй, мэндийн солиогүй хүн” гэдэг нь ямар учиртай үг юм бол?

          -Их учиртай. Одоо манай монголчууд уулзахаараа ихэвчлэн “Сайн уу, сайн уу?” гээд байх юм. Энэ чинь дутуу мэндчилгээ шүү дээ. Нөхөрсөг гэхээсээ, бие биедээ тоомжиргүй хандаж буйн нэг шинж. Тиймээс ч бидний өвөг дээдэс уулзахын эх нь мэнд гэдэг байсан. Бүх юм мэндлэхээс эхэлдэг. Зүй нь “Сайн байна уу? –Сайн, та сайн байна уу? -Сайн.” гэж бүтэн, зөв мэдэлцгээвэл бие биенээ хүндлэхийн зэрэгцээ хэр зэрэг хүн болсноо харуулчихаж байгаа нь тэр.Дутуу зөрүү, мэндийн хариугүй ч гэх үү, буруу мэндэлдэг, манайх шигулс ховор байх. Оросууд л лав эрүүл энх байхыг хоёр биендээ ерөөсөн маягтай “ - Здравствуйте! - Здравствуйте!” гэдэг. Төвдүүд “ - Дашэй дэлэг! - Дашэй дэлэг! “ буюу “Өлзий хутаг орших болтугай!” гэсэн утгаар өрөөлцөж мэндлэх жишээтэй. Өвөрхангай, Баянхонгорынхон “ - Аятай байна уу? – Аятай, аятай байна уу?” гэдэг өдөр тутмын мэндтэй. Харин уулзаагүй удсан хүнтэйгээ л  “- Сайн байна уу?” гэж мэндэлдэг. Цагаан сарын үндсэн мэнд бол “-Амар сайн уу, - Сайн, амар сайн уу? - Сайн.” гэх нь голдуу.  Дараалаад жил, улирлын чанартай мэнд гээд хөвөрнө дөө. Энэ бүхэн бол ёс, заншил. Ёс ёмбогор гэсэн үг бий дээ.

          -Таныг багад цагаан сарын бэлэг сэлтэд юу голлодог байсан бэ? Одоо ямар байвал зохино гэж боддог вэ?

          -Цагаан идээ, боов боорцог, чихэр жимсл өгдөг байсан. Хятад бараа их тараадгийг таашаадаггүй. Сүүлийн үед үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжин тэтгэх сэтгэлээр тэднийхээ бүтээлийг өгөх нь элбэгшсэн байна. Энэ маш зөв, эх оронч үзлийг хөхүилэн тэтгэсэн сайн үйл юм. Ахмадуудтайгаа хадаг самбайнаас гадна шинэ сайхан мөнгөн дэвсгэрттэй золгож л байна. Энэ ч бас настангуудынхаа аж төрлийг бага ч атугай дэмжих гэсэн сайн санааны үзүүр л дээ. 

          -Тавгийн идээний талаар ярихад, гадуур янз янзын л ул боов байна. Сонгоход хэцүү л байх юм...

          -Хожим нь хүртэхээ бодвол шөлний тос хачирлан зуурсан, хажууг нь нуруулдаж зүссэн боовл дээр дээ. Хажууг нь нуруулдаж зүсэхээр наанадаж түүхийрдэггүй. Шар тостой усаар зуурвал үнэр нь сайхан авч хатах нь хурдан. Тэгээд ч “Хүүхнийхээ муухайг торгонд, махныхаа мууг гурилд боодог” гэгчээр хааяа нэг ашигч этгээд хахуурсан, хуршсан шар тосоо боовонд үйж зарлагаддаг болж. Сайн шинжиж авах хэрэгтэй. Шөлний тос барагтай муудахгүйгээс гадна, голдуу шинэхэн байдаг, тэгээд ч шимтэйгээс гадна мөд хатдаггүй юм. Хатна гэдэг чинь чийгээ алдчихаж байна аа даа. Чийгээ алдана гэдэг нь шим, шүүсгүй болж байгаахэрэг. Хүн хүртэл 35 хувийнхаа шингэнийг алдвал нөгөө ертөнцийн хаалга татна гэдэг биз дээ. Дээр үед хятад төмрийн дархчууд манай хонины мах чанасан шөлний тосоор өрөвтөл, хуурай, цүүц, хасуураа хатаадаг байсан гэдэг. Энэ нууцыг нь одоогийн Дундговь аймагт аж төрж агсан Даваа гэгч их гарын панзчин мэдээд, зэгсэн олз хүртдэг байсан гэдэг юм. Монголчууд их эзэнт гүрнийхээ үед дэлхийнхний хийж байсан таван янзын гангийн гурвыг нь ширээж байсан нь энэ байтугай жор мэддэг байсных.

          -Ул боовыг яагаад сондгой тоогоор өрдөг юм бэ?

          -Тэр их учиртай. Сондгой тоог манай монголчууд эртнээс нааш тэнгэрийн тоо, бүх эрчим хүчний цогцгэж дээдэлдэг. Монголчууд сондгой буюу хэлтгий тоогоор рашаанд ордог, оточ нар эм залахдаа сондгой тоотой өгдөг, нас нөгчигсдийг нутаглуулахад сондгой тоотой хүн явдаг, ёслол хүндэтгэлийн таваг засахдаа насны эрэмбээр нь сондгой үелэж өрдөг байх жишээтэй.

          - Долоог муу зүгийн тоо гэхийн учир юу вэ?

          -Шарын шашныг манайд нэвтрүүлснээсээ хойш төвдүүд бидний сайн зүгийн долоог муу зүгийн тоо гээд, муу зүгийн есийг сайн зүгийн тоо хэмээн “шахсан” юм. Хүний мэдэлд орсон хүмүүс шууд эсэргүүцвэл ялтайг мэдэх тул далдуур дургүйцэн, есөн нүдтэй цацлын хэрэгсэл хийгээд, сүүгээ өргөж түүнийг нь цайруулах болсон учиртай юм. Долоон өвгөн гэж байсныг нь хүртэл долоон бурхан гэдэг болгосон. Хэрэв долоогийн тоо чөтгөрийн тоо юм бол язгуураасаа тэнгэр шүтлэгтэй биднийг тэр долоон од үгүй хийчихгүй яасан юм бэ? Тэр бол дэмий үг. Өнөөдөр монголд хаа сайгүй “7777“ гэсэн дугаар бүхий суудлын тэрэгтнүүд эсэн мэнд давхилдаж явааг бишгүй л харж байгаа биз дээ?

          -Манай нэг ах "ул боовон дээрээ еэвэн тавилаа” гэж дургүйцэж байсан. Энэ учрыг тайлбарлаач?

          -Өө, энэ чинь түүхэн улбаатай юм. Чингис хааны отгон хүү Толуйн хоёрдугаар хөвүүн Хубилай сэцэн хаан Хятадын дайталцахаас өөр ажилгүй шахам баахан ханлигийг хураан, нэгэн жолоонд оруулж эрхшээсэн 120 жилийн дотор арван хүн хааны ор суусны сүүлчийнх нь Тогоонтөмөр. Түүний үедхятадууд монголчуудын эрхшээлээс гарах тухайгаа товлосон бичиг еэвэн дотор хийж тарааснаар, товлосон цагтаа, арван гэрийн монгол даамлыг хөнөөсэн төдийгүй, угсруулаад том том бослого өрнүүлсээр сайхь аравдугаар хааныг дутаалгаж, эх нутагт нь буцаасан гэдэг юм. Тэгж сандарч явахдаа их гүрнийхээ “Хасбуу” тамгыг үрэгдүүлсэн ч гэх нь бий. Биднийг бодвол, хятадууд их зовлон туулж,Монгол, Манж, Японы эрхшээлд дараалан орж, хал үзсэн улс. Харин тэр дотроосоо монголчуудын эрхшээлээс гарч тусгаар улс болсноо онцгойлон “еэвэн сар” гэж сүрхий ёслодог юм. Энэ бол нутагтаа байгаа тэр ард түмнийх хэрэг. Харин ертөнцийн талыг эрхшээж, их гүрэн болж явсан босоо түүхтэй бид үүнийг нь “сохор нохой чимээнээр, соотон халтан дүйвээнээр” гэгчээр дагаж шарваганан, еэвэн мээвэнг дээдлээд байх нь тун зохихгүй юмны нэг. Түүнээс  хойш эдүгээ хүртэл, дотор хүмүүс жил бүрийн наймдугаар сарын 15-нд Монголын эрхшээлээс ангижирсан өдрөө хийдэг бөгөөд тэгэхдээ еэвэн хага шидэж, бутархайг нь “монголын толгойг идэж байгаа нь энэ” гэж хувааж залгидаг заншилтай болжээ. Монгол яс, цустай хүн байтугай, энэ газар шороон дээр хүн болж төрөөд, хөлжиж төлжсөн хятадын эрлийз, хурлийз ч ”усыг нь уувал ёсыг нь дагадаг” гэгчээр,энэ оронд л амь зууж яваа бол ивээн тэтгүүлж буй ард түмэн, газар шороог маань хүндэтгэн, ёсыг дагаж, “еэвэн сар” хийх нь эс хэл, ямбаныхаа идээний дээр еэвэн ч залах ёсон үгүй. Тэгвэл тэдэнд л өлзийтэй. Ихэс дээдсийн маань сүнс хилэгнэнэ шүү дээ, тэдэнд. Ямар сайн байх вэ. 1960 оны дундуураас 1990 он гартал БНМАУ-д цагаач хятадууд “еэвэн сар” гэж хийдэггүй зарчимтай байсан юм шүү дээ. 

          -Зарим нь ууц, зарим нь үхрийн өвчүү, зарим нь ч зүгээр л мах чанаад тавьчихсан байдаг, энэ тухай та гэх сэн бол?

          -Эдүгээ цагт айл айлын бэл бэнчингээс шалтгаалдаг болж. Харин урьдын цагт жирийн ард цагаан сараараа аль алийг нь тавьдаггүй байсан юм. Төрийн их ёслол, насны найр, ураг барилдсаны хурим, хүүхдийн даахь үргээхэд бүтэн буюу хагас шүүс гэж ууц оролцуулсан тусгай таваг засдаг ёс байсан, одоо ч энэ ёс хэвээрээ. Өвчүүг харьцангуй саяхнаас тавих болсон. Уг нь, ямагт холгуулж амар заяа үздэггүй зовлонтой, муу ёрын эрхтэн гээд ямбаны идээнд тавихыг цээрлэдэг байсан л гэсэн. Дал дөрвөн өндөр, үхрийн тарган хавирга таваглачих ч сайхан л даа. Энэ баяр бол бусдыг дайлах, цайлах, хүн цатгаж буян хураах учиртайгаас биш, бандгар сүүлтэй ууц харуулах, гайхшруулах зорилготой баяр биш шүү дээ.

          -Битүү чанасан толгойг зааж тавьдаг байсан гэсэн...

          -За, тэр чинь их эртний дом маягтай ёслол юм гэнэ билээ. Тахилдаа урагшнь харуулаад, духнаас эхлээд хамрыг нь дагуулан цагаан тос халзалж түрхсэн хонины битүү толгойнхоо хоёр завжийг заагаад, нар тусахаар, мөр гаргахаасаа өмнөхөн босгон дээрээ амыг нь дээш харуулж тавиад, тухайн айлынхан амаар нь дээс углаж, хоёр талаас нь татан эрүү толгой хоёрыг завсарлуулдаг нь хэл ам, хэрүүл тэмцэлгүй төвшин сайн жил болохын бэлгэдэл юм. 

          -Бууз, банш, хуушуур манай үндэстний хоол мөн үү? Чухам хэдийд, юуг нь хэрэглэдэг юм бэ, тийм тогтсон ёс байна уу? 

          -Энэ чинь суурин иргэд буюу дотор газрынхнаас манайд нэвтэрсэн хоол. Хятадаар бао зи, биан ши, хуо шао гэдэг нь сунжирсаар ийм нэртэй болчихсон юм гэж “монголжсон” харь үгийн дохионы бичигт дурдсан байсныг санаж байна. Саяхан болтол монголчууд усанд чанасан баншаар цагаан сарынхаа зочдыг дайлдаг байлаа.  Буузыг битүүлгийн идээ гэнэ. Үдэш хиншүү гаргахыг цээрлэдэг тул ер хуушуур хийх нь ховор. Тэгээд ч шарсан, хайрсан юм амттай боловч хэтрүүлбэл доторт муу тултэр болгон хийгээд байдаггүй. Гурил сүү хоёр харшилдаг болохоор хүний биед хэт нь осолтой гээд сүүнд, сүүтэй цайнд биш, баншийг чухамдаа усанд чанаж өгдөг учиртай. Тэгэхээр жирийн үед ч гэсэн “хий хуйд сайн” гээд,долоон баншийг сүүтэй цайнд үйж хүртэхгүй нь байна шүү дээ. Хийд, хүрээний бэлтэй, нямбай чамбай хүмүүс ганц савхдаад аманд хийхэд таардаг жижиг бууз их хийдэг байсан гэж хуучны хүмүүсийн дурсамжид бий. Тэгээд түүнийг нь “хүрээ бууз”гэдэг байжээ. Энэ бол “нарийн харамч”-даа биш, бусдыгаа хүндэтгэн эдийг нь гамнасных. Аманд багтахгүй том буузыг хүртчих санаатай үмхэлсээр байтал шүүс, тос нь гоожоод, хайран хувцас уруу асгачихвал ямар сайн байх вэ. Идээ унданд учиртай утгатай хандах нь зүй.

          -Өөр нэгэн зүйлийг лавлая. Цагалбарт их төлөв 1-90 хүртэх настны жилийн ноён нурууг зурсан төөргийн чулуу гэж нэг юм хавсаргадаг. Ихэнх зурхайчийн цаглабар хоорондоо зөрөх юм?

          -Тухайн жилд учирч мэдэх сайн, муугийн оноог хар зурхайн таван махбодод барилдуулан зурдаг ёс бол өнө эртнийх юм. Харин манайд нэг учрыг нь олоход бэрх юм бий болоод удаж байна. Нэг хэсэг хүний тавьсан чулуу хоорондоо эс хэл өөр зуураа ч зөрчилтэй. Гэтэл тэр хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн “номын садан”гэдэг. Тийм л бол, бүгд таарч байх ёстой биз дээ, нэг л арга, түлхүүртэй юм чинь. Бас нэг хэдэн хүн буух эзэн, буцах мөртэй ламын гэгээн болон Далай ламын “Эмнэлэг, зурхайн хүрээлэн”-гийн  арга ухаанаар чулуу тавьдаг ч хоорондоо зөрөхгүйн дээр бие биеэ танихгүй, хаа хамаагүй улс. Үүнийг дээрхийн гэгээн Далай багш, Банчэн эрдэнэ баримталсаар ирсэн зурлага байж таарна. Тиймээс аль нь чухал болохыг тэднээс лавлах нь зүйтэй байх. Эдгээр төөргийн зурлагаар түмэн олон маань жилийнхээ заслыг хийлгэдэг шүү дээ.

          -Заавал шинийн 15-наас өмнө заслаа хийлгэх ёстой байдаг уу? 

          -Албагүй л дээ. Энэ хэд хоногийг хуучин номын арван тав хоног буюу Чойпрүл жо-а гэдэг юм гэсэн. Эл хоногуудад бурханы шашны хуврагууд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд буян хийж байгаагаараа Бурхан багшийнхаа ачийг хариулж байгаа нэг том, нандин ажлынх нь нэг  юм гэнэ билээ. Учрал, барилдлага сайтай өдөр чин сүсгээр засал, номоо айлтгуулахад өмнө, хойны ялгаа юү байх вэ. За, үг олдож, үхэр холдох минь. Шинэ жилийн амгаланг ерөөе!  Буян болтугай!

 

                                                          Улаанбаатар. 2016.01.27

 

Шинэ ном

“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.

http://news.gogo.mn/r/75276

Зохиогч шүтэлцээт гурван роман болох "Илбэ зэрэглээ", "Арван зүүдний өр", "Цуурайнаас төрөгсөд" бүтээлүүдээ нэгтгэсэн хувилбар. Бас "Илбэ зэрэглээ" роман дотор цухас гараад, тайзан дээр тоглогдож буйгаар дурдагдаад өнгөрдөг "Үхсэн хүний амьдрал" жүжиг энэ хэвлэлд бүрнээрээ багтсан байна. Нэг л гар бичмэл тойрсон, элдэв янзын үйл явдлууд эхлэлээрээ ч, төгсгөлөөрөө ч зангилагдсан, орооцолдоон хэлхээ нь чухамдаа Чингис хаан, түүний эцэг нэгт ах Бэгтэрийн тухай ямар нэгэн нууцлаг романы тухай санаагаар холбогдсон, гэвч энэ л гурван романыг хооронд нь хамаатуулаад буй тэр л гар бичмэл нь ерөөсөө хаа ч байхгүй, тийм л сэжүүрээр бүтээгдсэн зохиол. Эхний романд уг зохиолыг сэдэж бичсэн зохиогч өөрөө гар бичмэлээ шатаачихав. Удаахь романд тэр шатаагдсан зохиолд нэгэн франц хүний бичсэн тайлбарыг олж авсан нэгэн мөнөөх зохиолыг сэргээн бичээд, эцэст нь мөн л шатаачихав. Гутгаар романд эхний романы зохиолчийн хүү, хоёр дахь романы судлаач нар уулзалдаж, судлаач хүүгээс нь өөрийнхөө мөнөөх зохиолын тухай таамаглал алдаатай байсныг олж харна. Тэгээд энэ гар бичмэлийн нууцад мухардсандаа ч юм уу, эсвэл зохиогчийн өөр нэг роман болох "Бөөгийн домог"-т өгүүлдэгчлэн бүтэлгүй дурлалаас ч болсон уу, Байгал нуурын бөглүү арал руу яваад долоон жил сураг тасардаг. Гэхдээ "Гурамсан цадиг" зөвхөн эдгээр хүмүүсийн тухай ч зохиол биш. Энд маш олон үймрэл, дотоод ертөнцийн хямрал, бас бясалгал, амьдралын тухай эргэцүүлэл, бидэнтэй өдөр тутам таардаг олон янзын учрал тохиол, хайр дурлал, цөхрөл мухардал бий. Хэрэв энэ номын дараа үргэлжлүүлээд "Бөөгийн домог"-ийг унших юм бол, зохиогч бүр дөрөмсөн цадиг биччихсэн ч юм шиг сэтгэгдэл төрөх вий.

http://en.wikipedia.org/wiki/Song_of_Songs#References_in_film