Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
Орь залуугийн дэвтрээ эргэн үзвээс

 

АНХНЫ ХАРЦ

 

Харцаганд ээрэгдсэн болжмор

                гэрийн тооноор чавхаддаг шиг,

Хавханд гэнэдсэн чоно

                сүүлчийн хөлөө ч хэмлэдэг шиг,

Анхны минь харц арга ядан чамд дурланам.

 

Чамайг үзэрхмээн төдийдөө би

Эхдээ ян халилаас түлхүүлэх

                нисч үзээгүй бүргэдийн дэгдээхэйн,

Ижил сүргийнхээ манлайтай тэмцэх

                туур нь бэхжээгүй хулангийн үрээний

Ирт заяанд тавигдахаас үл буцнам.

 

Наран ургахын намуу цэцэг шиг,

Саран мандахын бадамлянхуа шиг,

Дэлгэрч нэг, хумигдаж нэг, чамд дурланам.

 

Царгил наадсаар уяран мөлийгч голын чулуу,

Жаргал аялсаар замдаа цөөрөгч нүүдлийн шувуу,

Тоохгүйг чинь мэдэвч өөрийгөө голоогүй миний бие

Торомгор чиний амьдрах хорвоод тус тус оногдном.

 

Модноос тасарсан намрын навч

                хаа газардахаа мэдэхгүй,

Одноос эмтэрсэн шатмал солир

                юу мөргөхөө хайхрахгүй.

Дэндүү сайханд чинь би унаж автнам.

Дэндүү…

                Ай, чамд дурланам!

 

1988.12.12.

 

--

 

ГУНИГТАА ХАЙР ХҮРЭХ

 

Бишгүй л их уйтгарлаж үзлээ.

                Нар нь буцсан намар шиг

                Налгархан гуниг минь!

Би чамаасаа л уйдаж явсангүй.

 

Уйдаахын мөчгүй, чимээ имээгүй гуниг минь

Усан дээр туссан модны сүүдэр шиг мөнхийн.

Харин, баясал жаргал минь

                                тэр усанд

Хатсан навч ойчсон мэт урсан одогч, зуурдын.

 

1989.7.22.

 

--

 

***

 

Амьдрал гээч

                хаврын ганцхан өдрийн

Алтан наран гийсэн

                өглөө нь чи байжээ.

 

Гэгээн тунгалагт бишрээд

                чимээгүйн гоёд гирэвшихэд

Гэнэхэн яриа нэхээд

                чи минь уйдаж суужээ.

 

Өчнөөн ихийг хэлэх гээд

                ам эвлээгүй багын минь

Өглөө л санахгүй бол,

                мартагдаж орхидог зүүд шиг

Хайран дoтoр сүнс нь байдаг гэх

                энэ амьдрахуйн

Хамаг сайхан дурдатгал

                сэтгэл дотроо бөхжээ.

 

1990.12.24.

 

--

 

***

 

Хурууны өндөг догдлоох нахиаг

Хувь заяа нь хожим шажигнуулан тууна.

Худал, үнэн хоёрын сүлэлдсэн зааг –

Хундага архиа би намуухан ууна.

 

Ууна. Намуухан, би архиа хундагалж

Зааг сүлэлдсэн хоёр өнгийг холино.

Ус, ааг хоёрын хилийг хагалж

Залуу нас минь хаврын нахиаг олно.

 

1991.

 

--

 

***

 

ЭГДҮҮ хөдлөм нялх нахиа сэрийнэ,-

Энэ улиасанд хавар болсных оо.

Элгээр нэг, зүрхээр нэг хөндүүр айсуй,-

Инээдэнд чинь сэтгэл хавархсаны дараахь аа.

 

Нүцгэн бүлээн мөчир хацар сараачна,-

Нүүрээ үл хайхран бодлогоширч алхсных аа.

Нөмгөн тавиланд ухаанаа үймээр,-

Нүдний чинь учрыг тайлж чадаагүйнх ээ.

 

Хонхортой завьжинд чинь дотор самуурна,-

Хоёр биенд адилхан хавар болсных оо.

Хойноос чинь дагалгүй цэцэрлэгийн гүнд хоцорно,-

Хол цуг явахгүйдээ сэтгэл зовсных оо.

 

1992.4.22.

 

--

 

***

 

АМЬДРАЛЫН богинохон орооцолдоон дунд,-

Автобусанд,- зүрхийг минь үймүүлсэн Чи!

Адтай, хурц, эм хүнийхээ совингоор

Аньсган дотроо үүнийг мэдэрсэн Чи!

 

Гэнэтийн тэмүүлэл нүдээр минь дүүрэхэд

Гэрэлд хоргоогдсон зээр шиг

                ахин ахин харц тулсан Чи!

Гэмгүйхэн инээж харцыг минь дальдраагаад

Гэрлээс цойлж одсон, айхтар овжин Чи!

 

Эзгүй арал дээр чамтай хаягддаг ч болоосой.

Эргэж харсан, даанч хөөрхөн Чи!

Ирдэг, буцдаг түмэн учралын гүнд

Ай, миний дурлаж болох л байсан Чи!

 

1993.12.12.

 

--

 

***

 

Тэнхээт алсаас бороо нь түгсэн нутаг

Тэнгэрийн дуунаас давхийн цочдог

                                                Эх орон минь!

Сэтгэл хэмээх дотогшоо хүнхэр орчлонг

Сэрүүцэн амиртал цэлийн цайрах эмзэглэл минь!

Сэмэрхий самбайнд шүгэлсэн өлийн салхи - сүнс минь!

 

Хурдан хүлэг дэргэдүүр цахилаад одох шиг

Хуйлран арилах аадар - өдгөө залуу нас минь!

Хурдхан алгаа тосоход ганц л дусал амь минь!

Алганы зураасан ховилыг дагах бороо

Алдуурахын цагт хэрэг нь бүтэх

                                                цэцгийн орон минь...

 

1994.7.19.

 

Шинэ ном

2010 оны З-р сард анх хэвлэгдсэн энэ романаа бичихийн тулд зохиогч гурван жил дараалан Байгал нуурын Ольхон арал руу явжээ. Эртнээс монгол угсаатны умард хэсгийнхний бөө мөргөлийн ариун дагшин газар байсан уг арлын тухай тэрээр: "Их далайн дундах бяцхан тал нутаг. Одод энд тодоос тод цацарч, домог зүүдлэгддэг..." гэж бичсэн бий.

Романд нэгэн халх залуу Байгал нуурын арал дээр суудаг бөөтэй танилцан, дэргэд нь долоон жилийг өнгөрөөж байгаа тухай өгүүлнэ. Жил бүрийг нэг онцлог явдлаар төлөөлүүлсэн бөгөөд энэ зохиол 7 бүлэгтэй. Бүлгүүдийн нэрийг танд сонирхуулъя: 1. "Онгодын тоос", 2. "Хийсвэр модны сүүдэр", 3. "Хэнгэрэгийн амь", 4. "Тэнгэрт агч гэргий", 5. Бурхан хадны ордон", 6. "Харанхуйн орны тайлга", 7. "Алдагдсан сүнсний эрэлд".

Роман олон домог яриа агуулсан, буриад ястаны үүх түүхийн сэдвийг нэлээд эмзэг талаас нь хөндсөн, бас хүний сэтгэлийн үймээн зөрчилдөөний аясыг илэрхийлсэн, сэтгэлгээний бүтээл юм.

Зохиогч энэ номоороо "Алтан өд", "Гоо марал" шагналууд хүртжээ.

 

  "Дэлхийн сонгомол яруу найраг: Сапфо-гоос Жэймс Тэйт хүртэл" хэмээх энэхүү антологт сонгодог, модерн, постмодерн чиглэлийн гол чухаг яруу найрагчдын бүтээл 300 орчим шүлэг монгол хэлээр орчуулагдан орсон бий. Эртний яруу найргийг Сапфогоор эхлүүлсэн нь уг номын зарчим туульсын яруу найрагт бус, уянгын яруу найрагт түлхүү анхаарал хандуулсаны гэрч болно. Энд орсон яруу найрагчдын дотор өдгөө амьд сэрүүн яваа Робэрт Хаас, Жон Эшбэри, Жэймс Тэйт, Воул Шоинка зэрэг өнөөдрийн яруу найрагт үзэгдэл болсон нэрүүд ч, ХХ зууны домог болсон Т.С.Элиот, Уоллс Стивэнс, Эзра Паунд зэрэг сэтгэлгээний их тугчид ч, шинэ яруу найргийг үүсгэлцсэн Уолт Уитмэн, Эмили Дикинсон, хэзээ ч хуучрашгүй Бодлэр, Борхэс, Лорка, Малармэ, мөнхийн яруу найрагчид болох Башё, Ли Бай гээд яруу найраг гэж юу болохыг мэдэхийг хүссэн хэн бүхний заавал танилцах ёстой суу билигтнүүд багтжээ.