Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...
ГҮНЗ

-өгүүллэг-

 

                Үүр хаяараа ч үгүй байхад Гүнз сэрэв.

                Үдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээ. Одоо жигдхэн амьсгалаад унтаж байна. Хацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэв. Эхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн аялсан сан. Ямар дуу байв даа? Тэрүүхэн үед нь сайн тогтоож авсан ч, одоо бол мартжээ. Юутай ч тэр дууны үгийг өвгөн залуудаа буйд хөдөөгийн нэгэн тариачнаас олж сонсоод, цааснаа буулгаж тэмдэглэсэн билээ. Тэмдэглэсэн дууны тоо гурван зуу хол давсан тул, чухам аль дууг эхнэр нь аялсаар гэртээ орж ирснийг санах амаргүй аж.

                Гүнз насан өндөр болсон хойноо өөрөөсөө гурав дахин залуу, гурав дахин царайлаг, мэдээж гурав дахин тэнэг эхнэр авчээ. Мэдээж гэсний учир нь, ямар ч ухаалаг эм хүн тахианы хэрийн л уураг тархитай гэж үздэг Гүнзийн хувьд залуу эхнэр өөрөөс нь дор хаяж гурав дахин тэнэг л байсан байж таарна. Чалхтай өвгөн сайхан хүү хийж, залуу эхнэр гоц ухаантай хүү төрүүлсэн тэр гайхамшигт өдөр цагийн аясаар тэртээд хоцорч, өвгөний хувьд гэрээс гарах нь бүү хэл, хорин алхмын цаадтайх цэцэрлэгийн сэхээвч рүү очих ч хүчир хэцүү хэрэг болов. Харин тэрхүү сэхээвчинд өвгөнөөс, магадгүй, ес дахин мунхаг боловч хүч чадал, хүсэл тэмүүллээрээ ес дахин илүү идэрмэг эр үдшийн цагаар нуугдан суудаг болжээ.

                Эхнэрийнхээ уулзаад буй хархүүг Гүнз сайн мэднэ. Тийм ч цэл залуухан эр биш. Яахав дээ, чихний үзүүрт бол “ганц бие эр хүн” гэдэг үг хэзээд дур булаам, магадгүй, эрэлхэг баатар гэх шиг сонсогддог байх л даа. Харин “хөгшин эрийн залуу эхнэр” гэдэг үг ямагт хялбархан олз мэт дуулдана. “Хялбар олз” өөр рүү нь харц унагасан “дур булаам баатарт” унаж гүйцэх нь аргагүй. Үнэн хэрэгтээ бол, инжний мөнгөгүй ядуу дорд нэгэн учраас л өдий хүртэл гоонь яваа гэдгийг нь олж харахын тулд эр хүн болж төрөх хэрэгтэй ч юм бил үү? Гүнз эхнэрээ өөрөөс нь ч илүү ойлгодог тул, хацар нь туяаран унтаж буйг төсөөлөхдөө ахин инээмсэглэлээ.

                Ер нь хүмүүсийн мөн чанарыг нэвт шувт мэддэг байх ч дэмий зүйл юм даа.

                Уг нь Гүнз авааль эхнэртэйгээ тавин нас хол давтлаа, сэтгэл нийлж сайхан амьдарчээ. Гэвч эхнэр нь тавин тавтайдаа тэнгэрт одож. Нас барахынхаа өмнө энэ залуухан бүсгүйг гэрийн ажилд хамжилцуулахаар авчирсан бөгөөд яг үнэндээ бол эр нөхрөөсөө нууцаар эр нөхөртөө зориулан сүйлж, инж бэлгийг нь сэм төлөөд авчирсан хүүхэн байсан хэрэг. Ажилсаг, дуулгавартай, бага иддэг, бас цэвэрч бүсгүй талийгаач эхнэрт нь машид таашаагдсан юм. Хөгшин нь амьсгал хураахдаа дараагийн эхнэрийг нь бэлдсэнээ нөхөртөө дуулгаад, “Энэ бүсгүй бидний хүүг төрүүлэх ёстой шүү!” гэж хатуу сануулсан аж.

                Тэнгэрийн санааг бид таах биш дээ.

                Хөгшнөө нас барснаас хойш Гүнз чанд ёсыг даган, гурван жил гашуудав. Энэ гурван жилд бүсгүй журамтай, ажилсагаараа түүний сэтгэлийг татаж чадсан бөгөөд өвгөн өөрийгөө бараг залуугаараа байгааг гэнэт мэдрээд ахин аз жаргалтай болсноо одоо эргэн дурсаж хэвтэнэ. Талийгаачийнх нь насан туршаа мөрөөдөж байсан хүүг залуу эхнэр төрүүлж өгчээ. Гүнз удам залгах хүүгийнхээ нялх улаан царайг баясан ширтэхдээ тэнгэрт буй эхнэртээ илүү талархаж байсандаа одоо жаахан гэмшив. “Өөрт нь хангалттай талархаагүй учраас л шөнө болмогц сэхээвчний сүүдэрт нуугдан буй тэр харанхуй бүдүүлэг амьтан руу гүйх болсон юм биш байгаа?”

                Хэдий асар их ухаантай боловч, Гүнз заримдаа өөрийнхөө өтөл насыг, эхнэрийнхээ залуу насыг мартчихдаг аж. Эр хүний л араншин даа. Гэвч түр зууртаа мартагдсан зүйлс эргэцүүлэлд нь баригдаад ухаан санаанд нь жам ёс ахиад л тов тодорхой болдог юм.

                Эмэгтэй хүнд өөрийгөө биш, өөрийнхөө амьдралыг ч биш, зэрэг зиндаа, өв хөрөнгө, бүр үр хүүхдээ ч биш, эр хүнийг л илүүтэй бодох нас гэж байна. Энэ хорвоог Гүнз ямар мэдэхгүй биш дээ. Тэр өөрөө ч мөн эр хүн. Гэхдээ залуу эмэгчний хүсэл болсон эр хүн бол амьсгал бачимдтал нь тэврэх чийрэг гар, шунамгай халуун үнсэлт, хамаг биеийг нь бадайруулж орхидог тэр л ичгүүртэй хүчирхэг эрхтэн. Магадгүй, эм хүн өөрийгөө ямар нэгэн зүйл сох дутуу заяагдсан амьтан гэж дорд үзэж явдгаасаа болоод л бусдын илүү зүйлийг өөртөө оруулан барих мөчдөө жинхэнээсээ сэтгэл дүүрэн болдог ч байж мэднэ. Өвгөнд харин залуу эхнэрээ дүүрэн байлгах ид шид үлдсэнгүй. Гэвч энэ нь хорвоод гомдох шалтаг биш ээ.

                Гомдолд ч, талархалд ч тэнцэх зүйл угаас хаа ч үгүй.

                Гүнз залуу эхнэртээ нялуун үг хэлдэггүй. Эм хүний чихэнд наалдацтай уран гоё үг урсгая гэвэл хэн хүнээс илүү чадах ч, тийм үгсийг шидтэйхэн хэлэх нас гэж бас байна. Тэгээд ч анхнаасаа л тэдний хооронд эзэн хийгээд үйлчлэгчийн л харьцаа оршсоор иржээ. Харин нөгөө сэхээвчний сүүдэрт нуугдсан ядуу эр бол “Чи ямар хөөрхөн нүдтэй юм бэ?” гэж хэлдэг байж таарна. Бас биеийнх нь нууж хааж явдаг өөр хэсгүүдийг ч хормойг нь сөхөнгөө магтдаг биз. Эм хүний хувьд эр хүнээс бие эрхтэн рүү нь хандсан магтаалын үг сонсоно гэдэг “Чамайг би жирэмслүүлье” гэж буй мэт, эм хүн өөрөө цаад эрдээ сайхан харагдахыг хичээх нь “Чамаас би хүүхэд олъё” гэж буй мэт тийм л нэг нууц хуйвалдаан юм. Гүнз чилсэн сүүжээ сэлгэн хөрвөөнгөө “Магадгүй, хүү минь төрсөн дүүтэй болбол сайн ч биз” хэмээн өөртөө хэлэв.

                Эхнэр нь амандаа дуу аялсан ч, дуу нь нэг л гунигтай байсан шиг.

                Нүүр царайндаа, хувь тавиландаа, хайр сэтгэлдээ, ерөөсөө энэ амьдралд сэтгэл дүүрэн явдаг нэг ч болов эм хүнтэй таарч байснаа Гүнз огт санахгүй байлаа. Ой ухаан нь ингэтлээ мохсон ч юм биш, сэтгэл дүүрэн байх гэдэг угаасаа л эм хүнд харш зүйл шүү дээ. За, тэгээд хов ярих, буруу замд бусдыг зуучлах дуртай авгайчуул хорвоогоор нэг байна. Эхнэрийг нь гоонь эрийн амраг болгохоор ятгахдаа “Хүзүүнд чинь үрчлээ гарах нь ээ. Өвгөжөөр нөхөртэй хүүхэн амархан өтөлдөг юм байна шүү. Одоохон, чамайг хүн шохоорхож байгаа дээр янаглаад амжихгүй бол, амьдрал чинь дууслаа!” гэж санаа тавьсан ч байж мэднэ. Эм хүн аминчилж шивнэсэн үгэнд автамхай, журамт эхнэр байх уу, эмэгчин амьтан явах уу гэдгээ ч хөндлөнгийн хүний үгээр л сонгодог. Өвгөрсөн нөхөр нь түүний дутуу гуцуу тал юм бол, залуу эртэй амраглаж л байхгүйгээ сэлбэхээс яах вэ?

                Гэхдээ үүрийн энэ харанхуй тэнгэр насны бөгсөнд залуу эхнэр авсныг нь буруутган шоолж буй ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй. Харин ч залуу эхнэрийн хүчээр Гүнз өв залгамжлагчаа хорвоод үлдээж чадлаа шүү дээ. Эхнэр нь шөнөдөө сэм гарч гүйх бол яльгүй явдал. Өөр эр хүн шохоорхохын тухайд бол, аль залуу хүчирхэг эрчүүл хормой султай эхнэртэй байхыг тоочиж барах билээ? Эд хөрөнгөгүй, байр суурьгүй, нэр алдаргүй, ямар ч ирээдүйгүй эрд өөрийгөө зориулахаар хөгшин хэдий ч баян, нэр хүндтэй, язгууртан нөхрөө мэхлээд тэр сарампай сэхээвч рүү үдэш бүр гүйнэ гэдэг чинь цаад утгаараа бол эхнэр нь үнэн сэтгэлтэй хүн болохыг харуулж байгаа бус уу?

                “Мэдэхгүй дээ, эм хүнийг гүйцэд танихын тулд өөрөө эм хүн болж төрөх ёстой дог оо” гэж Гүнз бодоод, нэг их тайвшралыг мэдэрч инээмсэглэв.

                Тайвшрахад нь үүр цайж, дараа нь нар манджээ. Өдөржингөө Гүнз “Шүлэглэлт ном”-ыг энд тэндээс нь сөхөн уншсан бөгөөд нар шингэхтэй хамт түүний амь ч бөхлөө. Дараа нь бүрэнхий нөмөрч, чив чимээгүй суурингийн дээгүүр одод түгэв. Тэр л оддын зүг нисэн хөөрөх замдаа Гүнз сэхээвч рүү гүйн очих залуу эхнэрээ сүүлчийн удаа энхрийлэн харж, “Дулаан юм өмсөхгүй дээ!” хэмээн дуу алджээ.

 

2009. 9.8. Москва.

Шинэ ном

"Сонгодог утга зохиолын өлгийн дэргэд Хомэр, шарилын дэргэд Борхэс зогсч байлаа. Хоёр, аугаа их сохор..." гэж Аргентины энэ суут зохиолчийг нас барахад дэлхий дуу алджээ. Постмодернист утга зохиолын түүчээ болсон их бичээчийн хамгаас шилдэг өгүүллэгүүд монгол хэлээр гарсан нь энэ. Г.Аюурзанаас нэгэнтээ хамгийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү гэхэд "Монтэнь, Фолкнер, Сартр, Борхэс" хэмээсэн нь бий. Ийнхүү тэрээр хамгийн дуртай зохиолчдоосоо нэг нэг түүвэр эх хэл рүүгээ орчуулж хэвлүүллээ.

"Гурамсан цадиг"-аас өмнө гарсан бүхий л өгүүллэг, туужуудаа эмхэтгэн ботилсон бүтээл.