Нэг залуу Акутагавагаас орчуулж байгаа тухайгаа бичээд, “...нэг л хуурай хөвсөргөн яваад байна. Яах вэ?” гэж асуужээ. Аугаа их Борхэс тэр гайхамшигт япон зохиолчийн тухай бодууштай зүйлс нэлээд хэлсэн байдаг юм. Тэр үгийг нь өөр хоёр өгүүллийн хамтаар толилуулж байна. Бараг 10-аад жилийн өмнө хообийрч орчуулсан эд.
--
1. “1001 шөнийн үлгэр”
Хүүхэд наснаасаа л дуртай байсан номынхоо тухай, “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн тухай ярина гэдэг гайхалтай. Анх би англи хувилбараар нь уншсан бөгөөд “Арабын шөнүүд” хэмээх нэртэй байж билээ. Мэдээж, “Мянга нэгэн шөнө” гэдэг шигээ тийм гоё биш ч, бас л нууцлаг сонин дуулдаж байгаа биз?
ХV зуунд, Сулхарнай Александрын байгуулсан Александрия хотноо эртний үлгэрүүдийг эмхэтгэжээ. Үлгэр бүрийн үүх түүх хачирхалтай сонин байсныг хэлэх юун. Эдгээр үлгэрийг анхандаа Энэтхэгт, дараа нь Перст, тэгээд Бага Азид ам дамжуулан ярьсаар, эцэстээ араб хэлээр бичигдсэн хувилбараар нь Каирт ботилжээ. Миний л бодлоор бол, хорвоо дээрх хамгийн гоё нэртэй ном бол энэ дээ.
Анхны европ орчуулга болох зургаан ботийг Францын дорно судлаач Антуан Галлан 1754 онд хэвлүүлжээ. Романтизмын давалгаан дор Европчуудын ухамсарт Дорно дахин тэр чигээрээ орж ирсэн үе. Дорныг сонирхогч сэхээтнүүдийн төлөөлөл болгож, хоёр аугаа нэрийг дурдахад л хангалттай. Нэг нь хувь хүнийхээ хувьд зохиол туурвилуудаасаа ч илүү алдаршсан Байрон, нөгөө нь бүхий л талаар үв тэгш суутан асан Хюго. Дорно дахинаар өвчлөх үзэгдэл бүр 1890-ээд оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд “Хэн Дорно дахины дуудлагыг олж сонсоно, тэр мөнхүү дуудлагаа хэзээ ч мартахгүй санаж явах болно” хэмээсэн Киплинг ч үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
“Мянга нэгэн шөнийн үлгэр” орчуулагдсан явдал бүхий л Өрнө дахины соёлын хувьд гоц гойд үйл явдал байлаа. 1754 оны Франц орон бол Буало утга зохиолынх нь хуулийг тогтоогоод өгчихсөн тийм улс байсан юм. Харин яруу найргийн үндэс бол оюун ухаан гэж тодорхойлсон мань Буало өөрийнх нь бий болгосон үгийн урлагийн амин сүнсэд дорно дахины сэтгэлгээний их түрэмгийлэл заналхийлнэ гэдгийг төсөөлөө ч үгүй, 1711 онд нас барсан билээ.
Өрнө гэдэг үгийн гарал өнөөдөр утгаа алджээ. Өрнийн соёл гэдэг нь үй түмэн соёлын холилдоон бөгөөд яаж ч харсан түүнд яг өрнийн гэх зүйлс тэн хагасыг нь л эзэлбэл дээд билээ. Бидний соёлын эх үндсийг Герег (Ром бол эллинизмийн үргэлжлэл шүү дээ), дорно дахины орон Израиль хоёр л тавьсан. Өрнийн соёл гэдэг чинь ердөө л энэ. Ариун бичээсүүдээс ургуулаад бодсон ч тэр, Өрнө Дорнын шүтэлцээ яг ижилхэн сүлэлдэж нэвчилцсэн шинжтэй. Нэгэн франц хүний бичсэн “Европыг хятадууд нээсэн нь” хэмээх нэртэй ном байдаг. Тийм нээлт бол зайлшгүй тохиолдохоос өөрцгүй, бодтой явдал билээ.
Дорно дахин гэдэг бол нар ургадаг газар. Герман хэлэнд Дорныг их гоё үгээр нэрлэдэг юм: “Morgenland” – “өглөөний орон”. Тэгэхээр Өрнө бол “Abenland” – “үдшийн бүрэнхийн орон” болж байна. Дорно гэж юу сан билээ? Газар зүйн хувьд тодорхойлъё гэвэл, ихэд сонин зүйл төсөөлөгдөх вий. Герег, ромчуудын хувьд Дорно дахин гэж тооцогдож асан газруудын нэлээд хэсэг нь Өрнө шүү дээ. Тухайлбал Хойд Африк бол Дорно. За тэгээд Египет, Израиль, Бага Ази, Перс, Энэтхэг цөм Дорно. Гэтэл эдгээр орнуудад өөр хоорондоо адил төстэй гэх зүйл бараг л үгүй. Цаашлаад Татаар-Монгол, Нанхиад, Япон бидний хувьд Дорно дахин. Ерөнхийдөө бид Дорно гэдэг үгийн утгад нэн тэргүүнээ лалын шашинт ертөнцийг, газарзүйн хувьд Энэтхэгийн хойд хэсгийг төсөөлдөг.
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс төрөх анхны сэтгэгдэл энэ. Гэхдээ Израильд төдийлөн анзаарагддаггүй дорнын хэв маяг Гранадад, эсвэл Кордовт мэдрэгддэг тохиолдол бий шүү. Ийм сэтгэгдлийг өдөөгч нь гарцаагүй “Мянга нэгэн шөнийн үлгэр” юм. Энэ ном яаж бий болсон нь тодорхойгүй, нууцлаг. Дорно дахинаас илүү Өрнө дахинд гоц гойд үнэлэгдэж, хамгаас их нэрд гарах гайхамшигт номыг бүтээлцэж байна гэдгээ төсөөлөө ч үгүй мянга мянган зохиогчдын бүтээл. Дорно судлаач барон Хаммер-Пургшталлын дурдсанаар бол, шөнийн цагаар үлгэр ярихаар бэлтгэгдсэн хүмүүс эрт дээр цагт байжээ. Анхны ийм ажил мэргэжлийг буй болгогч нь нойроо хулжих бүрт үлгэр домог гарамгай мэддэг хүмүүсийг дуудан авчруулдаг Македоны Александр байсан гэдэг. Үлгэрийн сайхан нь ёс зүйдээ байдаггүй. Эзоп болон энэтхэгийн үлгэрчид адгуусан амьтдыг хүнчлэн харуулж, эмгэнэлтэй болоод инээдэмтэй нөхцөлд оруулан өгүүлэх дуртай байв. Ёс зүйн үзэл санаа нь гагцхүү төгсгөлдөө цухас дурсагдах бөгөөд гол үйл явдал нь чоно ишиг хоёр, эсвэл арслан алтан гургалдай хоёр ярилцахад л оршиж байлаа.
Македоны Александр ийм үлгэрчдийн яриаг амтархан сонсдог байжээ. Энэ мэргэжил ч нэлээд хожуу болтол оршсоор байсан юм билээ. Лейн “Өнөө цагийн египетчүүдийн зан заншил” хэмээх номдоо 1850 оныг хүртэл Каирт үлгэрчид маш олон байсныг дурдсан нь бий. Тэрээр тавь орчим мэргэжлийн үлгэрчийг тоолсон байдаг бөгөөд ихэвчлэн “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс ярьцгаадаг байж.
Энэтхэгт зохиогдсон үлгэрүүд Перс рүү түгж, тэндээ нэлээд өөрчлөгдөн арабжаад, эцэст нь Египет хүрдэг энэ тархалт XV зуун хүртэл үргэлжилжээ. Чухам тэр үед л анхны перс хувилбар “Hazar afsana” – “Мянган домог” нэрээр хэвлэгдсэн байна.
Эхлээд мянга байснаа яагаад мянга нэг болчихдог билээ? Хоёр шалтгаан байна гэж бодном. Эхнийх нь тэгш тоог муу ёрд тооцдог мухар сүсгээс үүджээ. Ингээд л нэгийг нэмсэн хэрэг. Хэрвээ номын нэр есөн зуун ерэн ес байсан бол, бидэнд нэг дутуу мэт санагдах нь гарцаагүй. Харин мянга нэг гэхэд ахиад л үргэлжилж буй, ер бусын төгсгөлгүй мэдрэмж өөрийн эрхгүй төрж байна шүү дээ. Дорнын хүмүүст түүхэн он дараалал огтхон ч чухал биш бөгөөд тэдний хувьд өнө мөнхийн зүйл бол ердөө л уран зохиол, яруу найраг билээ. Тэгэхээр дөнгөж өнөө өглөө бодож олсон байлаа ч, “Мянга нэгэн шөнө” гэдэг бол үнэхээр сайхан, төгс оноогдсон нэр юм шүү. Төгсгөлгүй мэт санагдагч ийм номын гүнд автах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Арабууд “Мянга нэгэн шөнийг” уншиж дуусгах боломжгүй гэлцдэг юм билээ. Ном уйтгартай болоод тэр биш, төгсгөлгүй болоод л тэр юм.
Гэрт минь Бертоны орчуулсан арван долоон боть бий. Би хэзээ ч бүгдийг нь уншихгүй гэдгээ мэдэж байна л даа, гэхдээ тэдний гүнд нэгэн цагт намайг хүлээн буй тэр л шөнүүд буй гэдэгт эргэлздэггүй ээ. Амьдрал надад золгүй санагдах тийм цаг ирэх юм бол, мөнхүү азгүй өдрүүдийн минь дотор “Мянга нэгэн шөнийн үлгэр”-тэй арван долоон боть байгаа шүү гэж өөртөө хэлээд л би тайвширчихаж чадна.
Энэ номын уг үндэс юу билээ? Хаашаа ч эргэж болзошгүй үйл явдлуудын эргүүлэгт орцгоочихсон, нэг бол маш их жаргалтай, эсвэл тэсэшгүй зовлонтой, нэг бол хэмжээлшгүй баян, эсвэл ор хоосон ядуу хүмүүс. Бас юу хийж байгаагаа хэнд ч тайлагнадаггүй хаадын ертөнц. Эгээ л бурхад шиг хариуцлага хүлээдэггүй тийм хаад.
Аа, тийм, бас эрдэнэсийн сан. Ядуусын хэн нь ч олчихож болох эрдэнэс. Амьдралд маш чухал нөлөөтэй, ид шид, дом шившлэг. Ингэхэд ид шид гэж юу билээ? Ид шид бол нэг төрлийн учир шалтгаан юм. Нэгэн шалтгааны улмаас нөгөө үйл явдал урган өрнөнө. Тэдгээрийн уялдаа холбоо санамсаргүй тохиолдлоос, бөгжнөөс, эсвэл дэнлүүнээс урган гардаг. Бид зүгээр л бөгжөө, эсвэл барьж явсан дэнлүүгээ унагачихад л гэнэтхэн бирд гараад ирнэ. Бирд бидний хүслийн боол мөртлөө бүхнийг эрхшээх хүчтэй. Тэр хэзээ ч өмнө маань зогсож байж мэднэ. Лонхонд, эсвэл загасны торонд шүүгдэн гарч ирсэн домбон дотор сууж асан бирд.
Энэ мэтээр л төгсгөлгүй хөвөрнө дөө. Дотор дотроо орчихдог хятад бөмбөлөг, орос модон хүүхэлдэй шиг л. Эдгээр үлгэрийн сэдвүүд “Дон Кихот” дотор ч тааралдаж л байдаг.
Үдэш бүр шинэ эхнэр аваад, өглөө нь түүнийгээ алдаг хааны түүхийг мэдэхгүй хүн өнөөдөр үгүй биз ээ. Энэ бүхний төгсгөлийг үзэж, цэг тавихаар зорьсон Шахразадаг гарч иртэл, мянга нэгэн шөнө үлгэр ярьсны эцэст тэр ухаалаг бүсгүй хаанд хүүг нь харуулах хүртэл хөврөөд л байна. Бараг л дуусашгүй уг номын дотор заримдаа толгой эргэх ч шиг болдог. Ай, энэ ямар гайхамшигтай ном бэ!
--
2. Шэкспирийн тухай ганцхан хуудас
Мөнхийн ном туурвих зам ердөө хоёр л бий. Хоорондоо төдийлөн уялдаатай биш ч байж мэдэх энэ замуудын эхнийх нь (Бурханд, эсвэл Ариун сүнсэнд хандсан дуудлагаас эхэлдэг бөгөөд) шуудхан л өндөр дээд зорилго руу тэмүүлсэн байдаг. Хомэр буюу бидний өнөөдөр Хомэр гэж нэрлээд байгаа тэр л гайхамшигт найраглал яг ийм замаар, Ахиллесын хилэгнэлийг, эс бөгөөс Одиссэйн аян замыг магтан дуулахыг онгодоосоо залбиран хүсэхээс л эхэлдэг. Хойч үеийнхний ой ухаанаас гээгдэж арилахгүй боть бүтээнэ гэдэгтээ итгэл төгс байснаараа Мильтон ч, мөн Тассо хийгээд Камоэнс ч ялгаагүй билээ. Эхний энэ зам дээрээс аугаа суу билиг ч, бардамнал ч, цэцэрхэл чамирхал ч, заримдаа бүр залхам нуршуу үгс ч харагддана. Удаахь нь мөн л амаргүй зам: тэр нь адал явдалт роман зохиох, эсвэл, Америк тивийн ямар нэг голоор бяцхан жаалын хамтаар сэлж яваа хар арьст боолын тухай гунигт өгүүллэг бичих, эсвэл арилжааны жүжигчдэд зориулан Плутархын ч юм уу Холиншэдийн эшлэлээс сэдэвлээд хэн нэгний зохиолыг цус урсгасан үзэгдлүүдээр баяжуулж шинэчлэх гэх мэт хоёрдугаар зэргийн, инээдтэй ч гэмээр зорилгод хөтлөгдсөн жим. Ний нуугүй хэлэхэд, Шэкспир бол сүйхээтэй “наймаачин”, өнгөрсөн ирээдүй хоёр сүлэлдсэн өөрийнхөө л цаг үед зориулан бичиж байсан хүн. Аз гийсэн дурлалт хос, амьдралын ээдрээг тольдсон аллага таллага, тайзнаа хөглөрсөн үхдлүүдийн дунд хүний хувь тавилангийн эсэн бусын хувилбар зохиосон, тэр тусмаа герман хийгээд латин хэлний найруулгаар англи хэлийг ер бусын бололцоотой болгон хөгжүүлсэн тэр л зохиолууд нь түүнд өөрт нь төдийлөн чухал ач холбогдолтой байгаагүй юм. Хамлет; Макбэт; чөтгөр шуламс; дагинас; заяа муутай эгч дүүс; хэдхэн мөрөөр цухас дурдагдаад л мөнхөрчихсөн, булшинд хэвтээ алиа салбадай Йорик цөм ердөө л, хар аяндаа бичигдчихсэн дүрүүд. "Revisit'st thus the glimpses of the moon" бас "This still A dream; or else such stuff as madmen Tongue and brain not" гэх маягийн орчуулагдашгүй мөрүүд ч мөн л тийм замаар буй болжээ.
Загалмайн шүтлэгтнүүд Библи хэмээх ариун судартай байлаа (Уг номыг өнөөдөр ч протестантууд, ялангуяа англиар ярьдаг протестантууд онцгойлон нандигнадаг). Хожим нь улс орон бүр өөрийн ариун номтой болж, өөрийн гэсэн утга зохиолын дүрийг амилуулжээ. Италийн бэлгэдэл нь Дантэ, Норвегийнх Ибсэн гээд л яриад байвал барагдашгүй жагсаалт гарна. Франц л гэхэд уран зохиолын уламжлал нь дэндүү баян учраас үндэснийх нь бахархал “Роландын дуулал” уу, Хюгогийн туульсын романууд уу, Вольтерын хүүрнэл зохиол уу, Вэрлэний уянгын яруу найраг уу, аль нь вэ гэхэд оноох амаргүй. Яг энэ жишгээр Шэкспир бол Английн бэлгэдэл, цаг хугацаа ба орон зай түүн дээр давхацсан үзэгдэл юм. Тэгсэн мөртлөө "Seafarer" (Тэнгисийн аянчин)-ыг бидэнд үлдээсэн, нэр нь үл мэдэгдэх саксон зохиогчтой харьцуулахад тэр англи гээд байх зүйлээр хавьгүй бага, бүр Ариун бичээсийг орчуулсан хүмүүсээс ч, түүнчлэн Сэмюэл Жонсон, Вордсвортоос ч англижуу шинжээрээ дутуу билээ. Түүний аян замын хүлэг бол хэцүү адилтгал зүйрлэл, хэтрүүлэл байснаас биш, "understatement" (далд өгүүлэмж) биш ээ. Түүнээс далай тэнгист тэмүүлсэн онгод огт харагддаггүй. Аливаа жинхэнэ яруу найрагчаас ажиглагддагчлан, Шэкспирийн гоо зүйн эрчим өөрийнх нь тайллаас хавьгүй урагш давшиж, тиймэрхүү тайллыг төдий л хэрэгтэй биш болгочихдог. The mortal moon hath her eclipse endure (Үхмэл сар хиртэлтэд нэрвэгдлээ) гэсэн мөрийг уншихад л хүн тийм гэхийн аргагүй догдлолд автдаг, энэ мөр цаанаа хатан хаан Элизабэтийг ёжлоод байна уу, эсвэл үнэхээр сарны тухай дүрсэлж үү, үгүй бол аль алинд нь л хамаатай (тун магадгүй шүү) хэрэг үү гэдэг нь бидний хувьд төдий л чухал биш ээ.
Шэскпир хэмээх хувь хүний тавилан яг л өөрийнх нь зүүдлэн байж бүтээсэн дүрүүдийнхтэй нь ижилхэн. Тэр ердөө танхимд суугаа үзэгчдийн хүссэнийг л, эсвэл Ариун сүнсний хэлж өгснийг л бичсэн, үүндээ гойд ач холбогдол өгч, зүрхээ шаналгаж хамаг хүчээ барж, зовж тарчлаагүй. Дараа нь, зүгээр л толгойд нь орж ирсэн тэдгээр үгсийг тэмдэглэсэн, шавхагдашгүй гайхамшигт хуудсуудаа аз болоход бидэнд үлдээчихээд, үзгээ тавьж, төрөлх хот руугаа явсан. Тэр бөглүү жижигхэн хотдоо очоод алдар нэрийг биш, үхлийг хүлээсэн билээ.
--
3. Акутагава Рюноскэ “Лусын орноо”
Цац суваргын өндрийг тооцоолохын тулд Фалес сүүдрийг нь хэмжиж байжээ. Пифагор, Платон нар сүнс биеэс биед дамждаг тухай номлож байв. Фарос арлын энд тэнд аваачин суулгасан далан бичээч дал хоногийн турш бие биетэйгээ уулзаагүй атлаа Мосэйн таван номыг өөр хоорондоо ялгарах юмгүй адилхан орчуулсан гэдэг. Вергилий хятад урчууд л хийдэг асар нимгэн торгыг “Георгикууд” бүтээлийнхээ дэд бүлэгт магтан дуулсан бол, саявтархан Буэнос-Айресын нэгэн дүүрэгт “поло” хэмээх перс тоглоомын тэмцээн боллоо. “Өтөл Эдда” хэмээх дуунуудад хүннүгийн Аттила хааны дүр гардгаас өгсүүлээд нэрлэх юм бол барагдашгүй, энэ мэт жишээнүүд үнэний ортой ч бай, эсвэл дэгс ч бай, - эл бүхэн өчнөөн олон зууны турш нэг нь нөгөөгөө дагаж ургасан, өнөөдрийг хүртэл үргэлжлэн хөвөрсөөр буй эх үзүүргүй орооцолдоон бөгөөд чухамдаа Өрнийн ард түмнүүд Дорныг нээсэн үйл явц билээ. Энд нөгөө тал бас бий нь ойлгомжтой: Өрнө өөрөө Дорно дахинд нээгдсэн явдал. Үүний жишээ болгон буддын шашинт эзэнт хаанаас Александрия хот руу илгээсэн шар жанчтай лам нарыг, загалмайн шашинт Испанийг байлдан дагуулсан лалын дайчдыг, түүнчлэн зүрх сэтгэл ховсдом, заримдаа айдас төрүүлэм Акутагавагийн номуудыг нэрлэж болно.
Акутагавагийн уран бүтээл дотор Өрнө ба Дорныг яг таг ялгаж зааглах боломж үгүй, энэ хоёр нэр томьёо нь нэг нэгийгээ түлхдэггүй: тэгээд ч сэмитүүдийн оюуны өв болох христийн шүтлэг өнөөдөр Өрнийн иргэншлийг тодорхойлж байгаа шүү дээ. Гэсэн хэдий ч би Акутагавагийн сэдэв болоод мэдрэмж үнэхээр дорнын шинжтэй, өрнийн туурвил зүйн аргуудаас цаанаа л өөр гэж маргамаар байна аа. “Кэса, Морита хоёр”, “Рашэмон” тууриудаас Браунингийн “Бөгж ба ном”-доо ашигласан, янз бүрийн баатруудаар дахин яриулсан нэг л үйл явдлын хэд хэдэн хувилбар үзэгддэг. Тэгэхдээ ямар нэгэн нууцлагдмал гуниг, гадаад ертөнц рүү хандсан ажиглалт, бичлэгийн хөнгөн аяс нь надад орчуулга дамжсан ч гэсэн маш гүнзгий япон шинжтэй санагддаг юм. Акутагавагийн хуудсууд дээр дасал болоогүй, аймшигтай зүйлс ноёрхдог атал бичлэгийн хэв маяг нь хэзээд нэвт гэрэлтсэн гэгээн тунгалаг төрхөө хадгалсаар байдаг.
Акутагава англи, герман, францын утга зохиол судалжээ. Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан сэдэв нь Уильям Моррисын уран бүтээл байв. Тэр байсхийгээд л Шопенхауэр, Иэйтс, Бодлэрийг эшилнэ. Түүний өмнөө тавьсан гол зорилгуудын нэг бол ард түмнийхээ уламжлалыг цоо шинээр, сэтгэлзүйн үүднээс тайлж дүрслэхэд оршиж байлаа.
Свифтийн тухай бодно гэдэг бол ямартаа ч эзэнт гүрний уналтын тухай бодно гэсэн үг хэмээн Теккерейн хэлсэнчлэн, яг л тийм уналт сүйрэл Акутагавагийн “Лусын орноо”, “Арзгар дугуйнууд” туужуудаас нь мэдрэгддэг. Эхний зохиол нь зохиомол амьтдын дүрээр ёгтолж хүн төрөлхтөнийг зад шүүмжилсэн бөгөөд энэ арга руу түүнийг Свифтийн адгуусан төрхт дүрүүд, Анатоль Франсын оцон шувууд, магадгүй буддын эх сурвалжуудад гардаг чулуун сармагчны бядан явсан аяллын тухай сэдвүүд түлхсэн болов уу. Өгүүлэх явцдаа Акутагава хошин шог зохиолын тогтсон аргаас хэтийдэж, нөгөө амьтад маань яваандаа хүн болон хувирч, бүр Маркс, Дарвин, Ницшегийн үзэл санаа руу ордог. Уран зохиолын тиг загвараар бол энэ нь алдаж будилсан хэрэг л дээ, гэвч төгсөхдөө илэрхийлэхийн аргагүй хайнгуут аястай болох бөгөөд зохиогчийн нүдэнд бүх зүйл, эргэн тойрны бодот явдлууд ч, өөрийнх нь зүүд зөн ч жинхэнээсээ утгаа алдаж, бүүдийж сиймийсэн хэрэг ээ. Акутагава төд удалгүй амиа хорлосон бөгөөд этгээд гаж хийгээд бидний аж төрж яваа, энэ жир ертөнц аль аль нь ижилхэн л утгагүй, зуурдын болохыг өгүүлсэн “Лусын орноо” тууж бол зохиогчийнхоо хувьд сүүлчийн ажил болсон юм. Зохиолчийн ухамсрыг нөмөрсөн бүрэнхийллийг илүү хурц гэрчилсэн зохиол бол “Арзгар дугуйнууд”. Эгээ л Стриндбэргийн “Там”-ын адилаар алгуурхнаар ухаан нь самуурч буй хүний өршөөлгүй, нягт нямбай тэмдэглэл билээ, энэ тууж.
Хоёр соёлын уулзвар гэдэг гарцгүй эмгэнэл гэж би хэлмээр байна. 1868 оны эргэлтийн дараа Японд Оросыг ялж, Их Британи болоод Гуравдугаар Рэйхтэй холбоо тогтоож чадсан цэргийн хүчирхэг гүрэн болох нөхцөл бүрдсэн билээ. Иймэрхүү гайхалтай цэцэглэлтийн ард ямагт оюун санааны хувьд мөхөн сүйрэх, зовлонтой хямрал дагаж явдаг. Ийм л хөрвөлтийн золиос болсон суу билигтний нэг нь 1927 оны долдугаар сарын 24-нд амьдралаас буцсан Акутагава юм.
1959.
Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.
Уул хичнээн цэнхэртэнэ,
Төчнөөн хол.
Хэдийчинээ гэрэлтэнэ,
Төдийчинээ хүйтэн
хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.
Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.
Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.
Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.
Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.