Умбэрто Эко (Umberto Eco) бол өдгөө 83 настай, Италийн нэрт зохиолч, постмодерн утга зохиолын гол онолчдын нэг. “Сарнайн нэр” (1980), “Фукогийн дүүжинт цаг” (1988), “Түрүү өдрийн арал” (1995), “Баудолино” (2000), “Хатан хаан Лоаны нууцлаг дөл” (2004), “Прагын оршуулгын газар” (2010) романууд туурвисан. Саяхан “Дугаар Тэг” романаа гаргаад байна.
--
...Аливаа зохиомол явдлын тухай өгүүлэхэд богино бөгөөд түргэн өрнөлтэй байваас ончтой. Яг л үлгэр шиг. Хүнд хялбарханаа ойлгогдохуйц бүхнийг агуулсан бичвэр бүр нэг л том дутагдлыг агуулдаг, энэ нь төгсгөлгүй үргэлжлэх боломж юм. Үлгэр уншсан хүн “амар сайхандаа жаргачихаад” байхад нь ч үргэлжлүүлэн бодсоор явдаг. Тухайлбал, Кафкагийн зохиосон нэгэн гайхалтай үлгэр “Нэгэн өглөө тун тааламжгүйхнээр унтаад сэрэхдээ Грегор Замза орон дотроо аймшигт муухай шавьж болчихсон хэвтээгээ мэдэв” гэж эхэлдэг шүү дээ. Уншигчид яагаад Грегор Замза шавьж болоод хувирчихав, тэр урьд нь юу идчихсэн юм бол гэдгийг бушуухан мэдэж авахыг хичээн сониучирхдаг аа? Үлгэрчдийн л арга шүү дээ.
Үлгэр бол хүүхдийн зохиол гэж зарим хүн эндүү боддог. Үгүй дээ, чухам ямар уншигч түүнийг хүлээн авч байгаагаас л тухайн зохиол хэнд зориулагдсан нь хамаардаг. Оюун санаа нь балчир хэвээрээ яваа хүнд бол ихэнх буурьтай бүтээлүүд хүүхдийн зохиол шиг санагдах вий.
Энд би Рожэр Шэнкийн эшилсэн нэг жишээг дуръя л даа:
Жон хэмээх хархүү Мэрид хайртай, гэвч бүсгүй түүнтэй гэрлэхийг хүссэнгүй. Нэгэн сайхан өдөр аймшигт луу Мэри хүүхнийг шилтгээнээс нь хулгайлчихжээ. Жон морио унаад лууг хөөн гүйцэж, толгойг нь тас цавчив. Ингээд Мэри түүний эхнэр болохыг дуртайяа зөвшөөрсөн бөгөөд өнөө хүртэл тэд эвтэй найртай сайхан аж төрж байна.
Шэнкийн энэ ном хүүхдэд зориулагдсан нь мэдээж. Тэгээд зохиогч зохиолынхоо талаар гурван настай охиноос асууж л дээ:
А. Яагаад Жон лууг алсан бэ?
Х. Яагаад гэвэл луу их муу.
А. Муу гэнэ ээ? Ямар муу хэрэг тарьсан юм бэ?
Х. Тэр түүнийг гомдоосон.
А. Яаж гомдоосон юм бэ?
Х. Ммм, галаар тургисан байх аа.
А. Яагаад Мэри Жонтой гэрлэхийг зөвшөөрсөн бэ?
Х. Яагаад гэвэл түүнд их хайртай байсан, бас Жон түүнтэй гэрлэхийг хүсч байсан…
А. Эхлээд тэр түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байсан шүү, дараа нь яагаад гэнэтхэн гэрлэхээр шийдэв ээ?
Х. Энэ их хэцүү асуулт байна аа.
А. Гэхдээ чи юу гэж бодож байна?
Х. Эхлээд тэр гэрлэмээргүй байсан, дараа нь түүнийг гуйсан, ятгасан, тэгээд л түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн байх.
Хүүхдийн зохиолыг хүүхэд иймэрхүү л маягаар ойлгодог. Охины танин мэдэхүйн хэмжээ луу галаар тургидаг гэсэн зүйлээр л хязгаарлагдаж байна, харин бүсгүй хүн талархах сэтгэлдээ хөтлөгдөөд хайргүй хүнтэйгээ гэрлэчихэж болдог гэдэг нь хүүхдэд ойлгомжтой хэрэг огт биш юм. Тэгэхээр чухамхүү ямар уншигчийн сэтгэлгээг тооцоолж зохиогдсоноос л бүх зүйл хамаарах нь.
Гэхдээ уран зохиолын аливаа бичвэр (бичигдээгүй, аман зохиолыг ч энд хамааруулж байгааг минь ойлгоно уу) дан ганц эрүүл саруул ухаанаар л уншигддаг зүйл гэж үзэх нь эндүүрэл билээ. Шинжлэх ухааны үнэнээр зохиолын минь магадлалыг шалгаад дараа нь цэгнэ гэж Стэрн ч, Эдгар По ч, “Улаан малгайт”-ын зохиогч ч биднээс шаардаагүй. Ойд хүний хэлээр ярьдаг чоно байдаг гэвэл эрүүл ухааны үүднээс бол бид маргаж няцааж чадна л даа. Харин утга зохиолын ойд бол уншигч бичвэрийнхээ хувьд л зөв замыг сонгож авах нь гол юм.
“Эрт ээ урьдын цагт…” гээд эхлэх үедээ л зохиол маань жинхэнэ уншигчаа, өөрөөр хэлбэл хүүхдийг ч юм уу, эсвэл тухайн ярианд гарах бүхэнд шууд л итгэн үйл явдалд нь амьдаар оролцож чадах бэлтгэлийг уншигчийнхаа дотоодод бий болгочихлоо гэсэн үг. Зарим “Би” баатартай зохиолыг уншихдаа гэнэхэн уншигч өөрийгөө зохиогч болчихлоо гэж сэтгэх нь бий, жинхэнэ уншигч гэж чухамхүү түүнийг л хэлнэ.
Үлгэр чухам яаж төгсчихөв өө гэдгийг ултай мэдэж авахын тулд, аль багаасаа мэднэ ээ гэлгүй, түүнийг ядахнаа ахиад нэг удаа унших хэрэгтэй. Ер нь номыг нэг бус удаа, дахин дахин уншина гэдэг бол уран зохиолын амт шимтийг мэдэх шалгарсан арга билээ. Ямар ч буурьтай зохиолын хувьд уншигч хаа байгаа, юун тухай яригдаж буй, өнгөрсөн одоо хоёрын хил зааг чухам хаагуур өнгөрч буйг ухаарахын тулд байсхийгээд л хэдэн хуудас урагш сөхөж харах хэрэгцээ гардаг шүү дээ.
Үлгэр бол дэвшүүлсэн санаа (subject) үгүй, ердөө л үйл явдал, баатруудын үйлдэл (fabula) бүхий бичвэр билээ. “Улаан малгайт” л гэхэд гэрээс ой руу явж буй охины үйлдлээр эхлээд, чоно алагдаж, охин гэртээ буцан ирж байгаагаар төгсөнө. Нийтлэг онолын үүднээс бол, уран зохиол дэвшүүлсэн санаагүй байж болно, харин үйл явдал тэнд заавал байх ёстой. Хүн бүр уран зохиолыг тодорхой хэмжээгээр мэдээд байдгийн учир гагцхүү Улаан малгайтын тухай бид яаж ийгээд сонссон байдгийнх л юм шүү дээ. Энэ хэв шинж ах дүү Гриммийн, Пьеррогийн, бас ээжүүдийн маань ярьсан үлгэрүүдэд цөм бий.
Үлгэрийн явдлыг яг хэддүгээр зуунд болсон явдал вэ гэж хэн ч тодруулахыг оролддоггүй. Нийтлэг утга зохиолд ч цаг хугацааны баримжаагаа бид алддаг, алдаж байж л тухайн зохиолын гүнд нэвтэрдэг. XIV зууны үед амьдарч асан Бэртолд Шварц гээч лам гүн ухааны чулуу хайж байгаад дарийг нээсэнчлэн, хүн төрөлхтөн хүүхдээ унтуулах гэж үлгэр зохиосоор уран зохиолын амин сүнсийг олж харсан байна.
Зарим номыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулж, уншихыг албаддаг байсан учраас олон хүн үзэн яддаг. Эдгээрийн дотор Алессандро Манзонийн “Сүй тавигсад” шиг гайхамшигтай романууд ч орчих нь бий. Харин үлгэрийг бид ухаан орохоосоо л мэддэг мөртлөө насан туршаа хайрласаар явдаг. Уран зохиолоор мэргэжихэд хүрэх юм бол, тэндээс бүр ч олон шинэ санааг байнга олж харсаар явах болно. Хэдхэн хормын дотор унших үлгэрийн гүнд хичнээн ч романы санаа агуулагдана. Эгээ л утасны лавлах шиг. Хэдэн жилийн өмнө надаас эзгүй арал руу ямар ном авч явах вэ гэж асуусан юм л даа. Тэгэхэд нь би: “Утасны лавлах. Тэнд тоо томшгүй олон нэр бий, дүр бүрийн цаана тоолшгүй олон үйл явдлыг бодож олж болно” гэж хариулсан билээ.
Миний хувьд Жюльен Сорель (Стендалийн “Улааныхан ба Харынхан” романы гол баатар) төрсөн эцгээс минь ч илүү танил хүн. Тэгэхээр олон хүн үлгэрийн баатруудад яг тийн ханддаг нь лав. Тиймээс би үлгэрийг биширдэг. Чоно ярьж чадна гэдэгт би итгэхэд бэлэн, гэхдээ ёгт үлгэрийг уншиж байх тэр үедээ л итгэх болно. Энгийн амьдралдаа бол Шарь Пьеррогоос илүү Амьтан судлалын хүрээлэнгээс гаргасан товхимолд илүү үнэмшинэ.
“Улаан малгайт”-ын олон янзын тайлал бий (хүн судлалын үүднээс, сэтгэц задаргааны үүднээс, домог зүйн талаас нь, фэминист байр сууринаас гэхчлэн). Тэгээд ч яг энэ сэдэв өөрөө олон хувилбартай, Перрогийн хувилбарт байгаа зүйл ах дүү Гриммийнхэд байхгүй байх жишээтэй. Нэгэн цагт энэ үлгэрийн алхимич тайлал ч гарах л байх. Бүр нэгэн итали эрдэмтэн үүнийг эрдэс чулууг цэвэршүүлэх үйл явцыг ёгтолсон үлгэр гэж нотолсон удаатай. Улаан малгайт нь шунх бүхий хүдэр, чоно нь хлорт мөнгөн ус. Ингээд мөнгөн усаар нөгөө бодисыг бариулснаар эцэст нь чонын амнаас аврагдахдаа цэвэршсэн эрдэнийн чулуу болж байна ч гэл үү дээ. Ерөөсөө мөнгөлөг малгайт охин байдаггүйн учир бол химийн урвалуудыг ёгтолсноос тэр ч гэх шиг. Энэ мэтээр уран зохиолыг харах өнцөг хязгааргүй юм.
Хэрэв зохиогчийн санаа л үүнийг бүтээсэн гэж бид өөрсдөө итгэл төгс төсөөлж чадах юм бол, үлгэрт буй санаандгүй нэг дүр л урлагийн дээд илрэл, хосгүй санааны эх ундарга болдог. Үүний учрыг тайлбарлая гэвэл, сайн уншигч байхын тулд сайн зохиолч байх хэрэгтэй гэдэг үгийг гүйцэд ухамсарлахаас өөрцгүй билээ. Өөрийгөө таних явц хязгааргүй. Тиймээс үлгэрээр дамжуулан танин мэдэх нь ч зохиолч хүний хувьд чухаг алхам болно. Дантэг шүтэн бишрэгчдийн зарим нь “Тэнгэрлиг туульс”-аар мэргэ төлгө тавьдаг гэлцдэг. Дундад зууны үед Вэргилийн “Энейн дуулал”-ыг, яг л өнөөдөр Нострадамусын “Зуунууд”-ыг элдвийн нээлт, томоохон үйл явдалтай холбогдуулан домог зохиодог шиг тийм маягаар, зөнч ном гэж үздэг байсан юм билээ. Тэгэхээр хэн яаж хүлээж авахаас л тухайн номыг хүүхдийн үлгэр, эсвэл далд гүн ухааны шаштир хэмээн дүгнэж болно оо.
Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.