Зинаида Гиппиус бол Оросын яруу найргийн сэргэн мандлын үе болох мөнгөн зууны томоохон төлөөлөгч эмэгтэй юм. Түүний нөхөр Мережковский нь Оросын цагаачдын тэргүүн зохиолчдын нэг байсан бөгөөд Бунины хамтаар Нобелийн шагналд нэр дэвшиж байв. Энд та бүхэнд З.Гиппиусын бичсэн Блокын тухай дурсамжийг толилуулж байна. Миний хувьд Блокын тухайд ийм амттай бичигдсэн дурсамж өөрийг ер уншаагүй санагдаж, тэр сэтгэгдэлдээ хөтлөгдөн 1994 онд, оюутан байхдаа үүнийг орчуулсан билээ. Сонины хувилбар болгохын тулд бага зэрэг танаж товчилсон болно.
Г.АЮУРЗАНА
-----
Энэ бол Блокийн яруу найргийн тухай өгүүлэл биш. Тийм өгүүллүүдийг би хангалттай бичсэн. Бас Блокийн өөрийнх нь тухай өгүүлэл ч биш, түүнийг шүүн цэгнэх оролдлого ч биш юм. Би зөвхөн Блоктой уулзаж байсан уулзалтуудаа л дурсах гэсэн юм. Тийм уулзалт маш олон байсан. Бидний харилцааг сар шиг сайхан нөхөрлөл гэж ойлгож болно. Дашрамд хэлэхэд, нөхөрлөл гэдэг сарных, хайр нарных байдаг юм гэнэ билээ.
1.
Петербург орчмын зусландаа би тэр нэгэн намрын өдөр Ольга Соловьевагийн захидлыг уншиж суулаа. Энэ гайхамшигт эмэгтэйн тухай би цухас дурсмаар байна.
Тэр бол Владимир Соловьевын дүү Михаилын эхнэр байсан юм. Хэдийнээс бид захидлаар харилцах болсноо санахгүй байна. Нас барахаас нь өмнөхөн л бид танилцсан юм даг. 1913 оны хавар бил үү дээ, Михаил Соловьев хүндээр өвчилж, Ольга амьсгал хураатал нь сахисан гэдэг. Тэгээд хараагаараа нас нөгчсөн эр нөхрийнхөө зовхийг буулгачихаад, нөгөө өрөөндөө орж өөрийгөө буудсан юм. Тэднийг цугт нь оршуулсан бөгөөд маш их шүтлэгтэй тэр бүсгүйн шүтээн нь гагц хайр байжээ.
Тэр үед 16 настай үлдсэн хүү Сергей нь хожим тун аятайхан шүлэг бичдэг болсон бөгөөд хэд хэдэн ном хэвлүүлж, дайны өмнөхөн (Дэлхийн I дайныг хэлж байна. Орч.) лам болсон юм.
2.
Дээр дурдсан Ольга Соловьевагийн захидлын төгсгөлд: «Та шинээр гарч ирж байгаа Петербургийн нэгэн яруу найрагчийн тухай юу ч мэдэхгүй гэж үү? Энэ оюутан одоогоор хаа ч хэвлэгдээгүй нь мэдээж. Гэвч та тохиолдлоор түүнийг таньдаг байж ч болох юм. Нэрийг нь Блок гэдэг. Шүлгүүдийг нь Боря (Хожим Андрей Белый хэмээн алдаршсан яруу найрагчийг хэлж байна. Орч.) гойд биширдэг юм. Заримаас нь танд явууллаа. Юу бодож байгаагаа бичээрэй» гэсэн байлаа.
Тэр аймхай ч юм шиг шүлгүүд эмхтгэлүүдэд нь хэвлэгдэж байгаагүй санагдана. Тэдгээр нь дэндүү бүрхэг, хэллэг муутай байсан. Сэдэв нь л харин ёстой Блокийнх, тэндээс Сайхан хатагтайн эх дүр харагдаж байсандаа.
3.
Түүнээс хойш би Блокийн нэлээд хэдэн шүлгийг олж харсан боловч өөртэй нь тааралдаагүй л байлаа.
Хаврын эхээр, нэг хүйтэн өдөр манай хонх дуугарав. Оюутны саарал хүрэмтэй, зүс танихгүй залуу зогсож байна.
-Тасалбар захиалж болох болов уу... Би «Баасан гаригт Мережковский лекц уншина» гэсэн зарлалын дагуу л...
-Болноо. Хэн гэж бичих вэ?
-Блок...
-Та Блок юм уу? Алив, орооч. Тасалбар масалбар гэх юу байх вэ, дэмий юм. Танилцъя...
Блок тийм ч царайлаг биш. Хэнэггүй, гөлгөр, модоор ч юм уу, чулуугаар зорж хийсэн мэт нарийхан гонзгой царайн дээгүүр бор үс буржийна. Их сонин царай.
Блок хөдөлгөөн муутай, үг бүрээ зөөж байх шиг хачин унжруулж дуудна. Гэвч энэ бөглүү хоолой, хүйтэн царай, ажигч саарал нүдэнд ямар нэгэн хүүхдэрхүү, өхөөрдөм төрх ажиглагдана. Яг юун тухай ярилцсанаа санахгүй байна, ямар ч байсан ахиж уулзалдахаар л тохирсон шиг санагдана.
4.
Тэр жилүүдэд би Блокийг хаа сайгүй л хардаг байсан. «Новый путь» сэтгүүл бий болох үед түүний Сайхан хатагтайн тухай шүлгүүд анх хэвлэгдсэн. Сэтгүүлийн шүүмжийн хэсгийг эрхлэхэд Блок надад тусалдаг байв. Бараг л гарсан ном болгонд жижиг шүүмж, өгүүлэл бичнэ...
Блок бид хоёрын ямар ч яриаг дамжуулан буулгахад бэрх. Эдгээрийг ойлгохын тулд Блокийг өөрийг нь ойлгох хэрэгтэй. Бид юу эс ярьсан гэх вэ. Гэвч хамгийн гол юм руу хэзээ ч орж байгаагүй. Өөртөө их чухал зүйлийг тэр «хэлж боломгүй» гэдэг байв.
Тэр «хэлж боломгүй» бүхэн нь намайг бухимдуулж, манантсан нууцлаг санааг биш, шууд ойлгогдох үгийг би хааяа эрдэг байлаа. Ийм түлхүүр Блокт таараагүй юм. Ямар ч атугай, миний одоогийн ярьж байгаа тэр Блокт таарахгүй арга байв.
Бидний философи, логик, метафизик гэж нэрлэдэг бүхэн түүнд онц сонин биш, тэр ч бүү хэл Блок шашин шүтдэггүй байсан. Владимир Соловьевын шавь, түүнийг биширдэг Блок багшаасаа хийсвэр нууцлагт шүтэгч чанарыг нь л хуулснаас, шүтлэгийг нь дууриасангүй.
5.
Дотно танилцах тусмаа би Блокоос тун хачин хоёрдмол шугамыг олж харах боллоо. Энэ бол эмгэнэлтэй, дорой чанар нь байсан юм. Үүнийгээ өөрөө ч мэддэг байсан байх. Тиймээс ч бусдын түүнд бэлдэж байгаа хувь заяаны шуургыг тэр бүхий л хүчээ дайчлан хүлээж зогссон юм.
6.
...Би зөвхөн өөрийнхөө л харсан Блокийн тухай бичиж байна. Бид хэзээ ч бие биендээ хувийн амьдралаа ярьж байсангүй.
Блокийн намтрыг ерөнхийд нь би гадарлана. Эцэг эх нь салсан, тэрээр ээж болон хойт эцгийнхээ хамт аж төрдөг, эцэг нь Балти хавийн хязгаарт байдаг, түүнтэй хамт үлдсэн охин дүүгээ Блок бараг мэддэггүй гэхчлэн. Гэхдээ энэ бүхнийг хаанаас олж сонссоноо санахгүй байна.
Нэг удаа бид сэтгүүлийн ажлаар их орой болтол суулаа. Тавдугаар сарын цагаан шөнө ч аль эрт өнгөрч, жижигхэн цонхигор нар мандчихсан байхад ч, бид суусаар л байлаа. Хэдий нар мандчихсан ч хот тэр аяараа унтаж байв.
Би Блокт:
-Гарч зугаалах уу? гэлээ.
Гудамж сэлүүхэн, нам гүм, хаа нэгтээ тахиа донгодно. Бид энэ хотод хоёулхнаа байгаа юм шиг. Бидний элгэмсүү хот амьгүй юм шиг, гэвч хот зүгээр л унтаж байгааг бид мэднэ.
Юу ярилцсанаа бас л санахгүй байна. Гэхдээ энэ удаа тун ховор хөнгөхөн, зугаатай яриа болсныг л санаж байна.
Буцаж яваад, намайг үүдэн дээр минь хүргэж өгөх үед би, яагаад ч юм бэ,
-Ингэхэд та гэрлэх талаар боддог уу, Александр Александрович? гэж асуутал, тэр гайхмаар хурднаар,
-Тийм ээ, боддог, гэрлэхийг одоо маш их бодож байгаа гэсэн юм.
Блок гэрлэх нь гэдгийг өөр хүн бүтэн оройжин ярьснаас ч илүү би мэдэж авсандаа хэн нэгээс нь,
-Блок гэрлэх гэж байгааг мэдсэн үү? хэмээн асуухад хариулт нь маш тайван байсан юм:
-Мэдсээн. Любочка Менделееватай. Би тэр бүсгүйг бүр багаас нь мэднэ, тийм нэг цулцгар.
7.
Гэрлэснийхээ дараа нэг хэсэг тэр Москва орчмын Шахматово эдлэн рүүгээ алга болов. Сэтгүүлийн ажил бахь байдгаараа, уйтгартай. Шинэ хүмүүс ч үзэгдэхгүй.
Гэнэтхэн Блок ороод ирлээ, шүлгүүдтэйгээ, нөгөө л Сайхан хатагтайн тухай, нөгөө л гоё шүлгүүдтэйгээ! Би:
-Та «Тэр бүсгүйнхээ» тухай бодохдоо ямар ч бодит эмэгтэйг төсөөлж чаддаггүй юм уу? гэчихлээ.
Тэр ичсэн юм шиг доош харж,
-Тийм ч биш л дээ, яалаа гэж! гэв.
Би ч бас иччихлээ. Эхнэр авчихсан хүнд хаанаас тийм хийсвэр мөрөөдөл төрөх вэ дээ. Юун хачин юм олоод хэлчихэв ээ! Гэрлэснээсээ хойш бага ч гэсэн өөрчлөгдсөнийг нь би л олж харах ёстой байсан...
Явахад нь,
-Та намайг эхнэртэйгээ танилцуулахгүй юм уу? гэвэл,
-Үгүй ээ. Танилцуулмааргүй байна. Илүү ажил гэж билээ.
...
14.
Ахиад Петербург. Нөгөө л өрөө, нөгөө л Блокийн сууж байгаа буйдан сандлыг миний сууж байгаа сандлаас тусгаарласан нөгөө л ширээний чийдэн.
Энэ он жилүүд байгаагүй юм шиг... Үгүй ээ, гурван жил биш, 30 жил өнгөрсөн юм шиг.
Блокоос урьдын танил, хэзээ ч өөрчлөгдөшгүй дүрийг би олж ядна. Гадна төрх нь ч нэг их хувирсангүй л дээ. Гэвч анх уулзахдаа л бид бие биеэ төдийлөн сайн «танихгүй» байлаа. Мартагдсан нь их, мэдэхгүй юм олон болжээ. Бид өөр өөрөөр амьдарч иржээ.
Төдхөн Блок үгийг шууд хэлэхээс булздаг байсныг нь санав. Энэ нь яг л хэвээрээ. Гэлээ ч Блок ямар нэг талаар арай л нийтэч болсон юм шиг. Үгүй ч юм шиг. Яриа нь аанай л бодлогошронгуй, удаан. Одоо бол нэрд гарсан, хүмүүсийн хайртай энэ яруу найрагчийн чулуун царай улам л чулуужиж, дээр нь бас гайхалтай, таагүй бодлын ул мөр бараантана. Бас тайвшраагүй, догьшроогүй, эмгэнэлт ганцаардлын ул мөр үзэгдэнэ.
Заримдаа тэрээр сэтгэлээ хөдлөхөд догдолсондоо дуу алдах шахавч түүнээ гарган илэрхийлж үл чадна. Тийм үедээ нүд нь хачин хүүхдэрхүү, аргаа барсан гунигтай болдог байлаа.
Блок надад өнөө хүртэл хэн ч мэдэхгүй, хаа ч гараагүй нэгэн жүжгээ уншиж өгөв. Тэр үед надад уг жүжиг жигд биш, хааяа зэрлэгдүү юм шиг атлаа гойд сайхан болсон санагдаж билээ. Харин хожмын нь жүжиг «Сарнай, загалмай хоёр» бол харьцангуй сул, явцуу...
Энэ ч яахав. Хүүрнэл зохиолд юм. «Фаина» гэж бид ярилцаж суухдаа нэрлэсэн бүлэг шүлэг л үнэхээр «блокийн юм» байлаа. Сонсох тутам урьдын, залуу, мөнхийн Блок улам тодорно. Фаина бол Фаина биш, нөгөө л Сайхан хатагтай, Тэр бүсгүй, Солонгон хаалганы охин болохоос, газрын хүүхэн биш.
Эргэж ирэхгүйгээр
Чи тал руу явсан,
Энд нэр чинь л
гийж хоцорсон...
Үгүй ээ, эргэлт буцалтгүй биш, нөгөө л..,
...Он цаг зөрж одно.
Ойлгож байна:
Дүрээ чи өөрчлөнө...
Би өөрийн эрхгүй,
-Александр Александрович, энэ чинь Фаина биш, ахиад л Тэр бүсгүй байна шүү дээ гэлээ.
-Тийм ээ.
Өөр хэдэн хуудас уншлаа. Би гайхсан, бат итгэлтэй дуугаар:
-За тэр! Энэ бол Тэр бүсгүй, Сайхан хатагтай байна. Тэр гэдэг бол Орос орон! гэж дуу алдлаа.
Блок тайвуухан, энгүүхэн:
-Тийм ээ. Орос орон... Орос орон ч байж болох юм. Тийм ээ.
Блокт ямар нэгэн шинэ юм бий болжээ. Ширээний ард бусдын дунд сууж байхдаа бусдын л адил юм яривч, тэр бусдаас үнэндээ өөр байлаа... Тэр өөрийнхөө Орос орныг хайрлаж, өөрийнхөө тэр «хэлж боломгүй» хайрыг хайрлах болсон байлаа.
15.
Блок өвджээ. Бид (Д.С.Мережковскийн хамт. Орч.) нэгэн орой Галерная гудамжинд байх жижигхэн байр луу нь очлоо.
Цэгцтэй, тохилог, энгийн. Маш олон ном. Гэртээ Блок тун жирийн суудаг аж. Эхнэр нь их өөрчлөгджээ. Сайхан, биерхүү, гэхдээ нэг л биш. Гэрэлтэж байдаг гэгээ нь унтарчээ, жинхэнэ үзэсгэлэн нь алга болжээ.
Өнгөрсөн хэдэн жилийн туршид Любовь Димитревна (Блокийн эхнэр. Орч.) театраар оролдож, Орос орноор их айлчлан тоглосныг, их ч ажилласныг бид мэдэж байв. Гэвч үүнээс болж тэр ингэтлээ өөрчлөгдсөн юм биш. Түүнд бүр гэрэл гэгээ ч байсан, гэхдээ тэс ондоон гэрэл гэгээ.
Энэ үед биднийг гадаадад явахаас өмнөх нэгэн явдал санаанд оров. Бид шашин-гүн ухааны цуглааныг цэвэр өөрийнхөө хүрээнд, илүү дотно, илүү гүнзгийрүүлсэн маягаар явуулдаг байсан юм. Энэ цуглаандаа Блокийнхныг татан оролцуулах сонирхол их байлаа. Блок нэлээд хэд ирсэн бөгөөд, цуглааныг анх санаачлах үед зохион байгуулагчдын нэг байв. Үйл ажиллагаа явуулж эхэлсэний дараа Блок ч тэр, эхнэр нь ч тэр алга болчихов.
Дараахан нь би Л.Д.-тэй тааралдаад, яагаад цуглаанд ирэхгүй байгааг нь асуувал,
-Саша тэнд, «хэлж боломгүй» байх ёстой зүйлсийг ярьж байна гэсэн гэлээ.
Блок өөрөө бол хэзээ ч ингэж шууд хэлэхгүй энэ гэнэн хариултад найдваргүй үнэний сүүдэр байсан юм. Ямар ч цуглаанд, бүр хамгийн төгс боловсронгуй байсан ч ялгаагүй, Блок ирэхгүй гэдгийг би тэгэхэд ойлгож авсан юм.
16.
Гаднаа тийм их шуугиантай, дотроо бол хэцүү бэрх тэр жилүүдэд би Блокийг үргэлж бидний дэргэд байснаар санадаг. Бидэнд бие биеэ харах шаардлага гардаг болохоор тэр байсхийгээд л манайд ирнэ. Тэгэхдээ үргэлж ганцаараа, намайг зочингүй байх үед. Элдвийг ярин шөнө дөл болтол суудаг сан.
Блокийн тухай хүмүүс юу ярьдаг нь надад мэдээж дуулдалгүй яахав. Түүнийг хэдэн шөнөөр алга болж архиддаг, гэхдээ бүр ганцаархнаа шүү гээд гайхацгаадаг байлаа. Хэрэв энэ нь нөгөө л Блок маягийн ганцаардал, үйлийн үрээс зайлах газаргүй эмгэнэлт байдал ахул гайхах юу ч байх вэ дээ. Энэ талаар бид харин ярилцаж байсангүй. Яриад ч яах юм билээ дээ, бэлээхэн шүлгүүд байхадчинь.
Түүнээс ч бага ярилцсан сэдэв бол миний тухай. Бараг нэг ч үг солиогүй байх шүү.
Нэг удаа Блокийг ирэхэд ширээн дээр миний хэвлэлд бэлдсэн хоёр дахь номын гар бичмэл хэвтэж байв. Тэрээр бүгдийг нь мэдэх боловч маш анхааралтай уншиж гарлаа.
-Александр Александрович, аль хүссэн шүлгийг тань танд зориулж болно шүү гэвэл,
-Нээрэн үү? Яасан гоё юм бэ! гээд хэдэн шүлэг сонгож авав. Тэдэн дотор нь сайн ч шүлэг байсан, муу ч бас байсан хэдий ч, надад бусдаас илүү эрхэм санагддаг шүлгүүдийг л олж сонгосон юм даг.
17.
Блокийг энгийн, хүнлэг, гэрэлтсэн царайтайгаар нэг л удаа харснаа санаж байна. Ер нь бол түүний инээх нь нэг их сонин, анзаарагдамгүй. Харин тэгэхэд инээмсэглэл нь тавиухан, энхрий байж билээ. Хоолой нь арай дулаахан болчихсон ч юм шиг.
Энэ бол хүүхдээ төрөхийг хүлээж байсан хийгээд төрсний нь дараахь өдрүүд юм. Энэ хариуцлагатай өдрүүдэд Блок манайд үргэлж ирдэг байсан. Одоо бодоход, эхнэрийг нь хэн асарч тойлдог байсан юм бол доо? Эхнэр нь төрөх гэж байгааг ч бид хачин цухас сонссон сон. Төрөлт нэлээд хүнд байсан, Блок манайх руу үүр шөнөөр эмнэлгээс утасдаж байсныг санаж байна. Тэгээд хүү төрсөн.
Дараахан нь Блок манайд гэрэлтсэн царай, инээмсэглэлтэйгээ ирдэг боллоо. Хүүхэд нь тун дорой, хордлоготой байсан боловч Блок түүнээ алдчихна гэж ер итгэхгүй, «Тэр ийм том» гэдэг байв. Хүүдээ Менделеевийн дурсгалыг хүндэтгэн Дмитрий гэдэг нэр өгсөн юм. Манай хоолны өрөөнд нэг л өөр, гэрэлтсэн, хайнга амьтан цай ууж сууна. Юу ч ярихгүй.
-Та юу бодоов?
-Үгүй, энэ... яаж одоо түүнийг... Митькаг... хүмүүжүүлнэ ээ?..
Хөөрхий Митька найм бил үү, арав хоног дээрээ эндчихсэн юм.
Блок яагаад хүн болж чадаагүй тухай нь бидэнд тодорхой тайлбарласан. Тэр зүгээр л ярьж суусан боловч, нөгөө цөөхөн хоног гэрэлтсэн царай нь эргээд хүрлийж, үл итгэсэн, айж балмагдсан, хаягдсан төрхтэй болсон байв.
...Сүүмэлзэн байсан найдвар унтарлаа. Дөнгөж нээгдээд байсан хаалга хав хийтэл хаагдлаа.
18.
Блок хүүхдээс ямар найдвар хүлээдэг билээ гэж гайхах хүн гарна л даа. Блок эцэг байх! Тэр чинь яруу найрагч, мөнхийн хүлэг баатар. Хэрэв тэр насанд хүрээгүй юм бол энэ мөнхийн хүүхдэрхүүэрээс илүү сайхан юу байна? Хүү нь амьдарлаа гээд түүнд юу өгөх байсан юм бэ? Магадгүй, түүнийг гэрийн хүрээнд бариад хэн ч биш болгоод хаячих байсан биш үү?..
Энэ мэт асуулт барагдахгүй л дээ. Гэвч нэг л зүйлийг хэлье. Тэр хүүхэд Блокийг амьдралтай цус махаар нь холбож, түүнд хариуцлага хүлээлгэх байсныг тэр зөнгөөрөө мэдэрч байсан юм...
19.
Блокийг энгийн үгээр тодорхойлъё гэхэд, түүний өвөрмөц талууд саад болно. Түүнийг ухаантай гэх, тэнэг гэх ч хэцүү. Тэр номонд маш дуртай, үнэхээр боловсролтой хүн байсан. Метафизикч биш, гүн ухаантан биш, гэхдээ түүхийг гойд сонирхоно. Улс төр сонирхохгүй, гэвч энд тэндхийн маргаан дээр саналаа нэмэрлэчихэж чадна.
Нэгэнтээ биднийг очиход эхнэр нь угтав. Блок унтаж байгаа гэнэ. Өглөө ирсэн юм байх. Жаахан азнаж байгаад Блок орж ирлээ. Цонхигор, дуугай, чулуун царайтай. Дэнлүү шиг гэгээтэй цагаан тасалгаанд нэг л хачин бараан, бүрхэг санагдана. Тэднийхээс буцаж явахад, үргэлж төрх нь хувирч байдаг Сайхан хатагтайн тухай шүлгүүд санаанд буулаа.
...........................................
Солиот сэтгэлд минь байгаа эрдэнэсийн
Түлхүүр ганцхан надад л бий.
Согтуу гайхал, чиний зөв!
Туйлын үнэн гэгч дарсанд л бий.
«Үл таних бүсгүйг» хэн хүнгүй л мэднэ. Гэвч хэн энэ шүлгийг голд нь ортол ойлгосон билээ? Үргэлж дүрээ ху¬виргадаг Сайхан хатагтай нь хар өмсгөлтэй, солонгон хаалганы доор биш,согтуучуудын дунд байх гэдэг, ай бурхан минь, энэ жинхэнэ аймшиг биш ээ. Илүү аймаар юм бий.
...
26.
Жинхэнэ хачин цаг ирлээ!
Андрей Белый бүжиглэх мэт алхаж, Хомер маягаар ярьж, «Тийм ээ, тийм. Тийм, Оросын туг улаан туг болох нь ээ? Үнэн үү? Улаан байх нь үнэн хэрэг үү?» хэмээн хашгичиж байсан тэр өдрүүдэд 1916 оны намар фронтод явсан Блок хувьсгалт Питерт ирлээ.
Урт түрийтэй гуталтай, дасал болоогүй хурдан алхаагаар хивсэн дээгүүр минь туучлах тэрээр, ахин дахин:
-Үгүй энэ... яаж одоо түүнд... оросын ард түмэнд... зүтгэнээ? хэмээн үглэж байв.
Царай нь алмайрсан, баргар, урьдын мөчүүдээс тэр мөч тэс өөр байсан хэдий ч, гэнэтхэн,
-Үгүй энэ... яаж одоо түүнийг... Митькаг... хүмүүжүүлнээ? гэж байсан залуу, гэгээн үгс сэрхийн бодогдлоо.
Энэ дурсамжийг сөхөн санаж суух яасан аймшигтай вэ! Магадгүй, тэгэхэд Блокийн хувьд найдварын хаалга нээгдсэн ч юм бил үү? Тийм хожуу юу?
27.
Блокийн тухай миний мэдэхгүй үе 10-р сарын шинэдээр эхэлсэн юм. Орой завтай цагтаа би түүн рүү утас цохидог, тэр ч хариу утасддаг байв. Ингээд би манайд болох цуглаанд урилаа.
-Үгүй ээ. Би очиж чадахгүй байх.
-Яагаад? Та завгүй юм уу?
-Үгүй л дээ. Би тийм сонинд оролцож чадахгүй.
-Та юу ярина вэ? Дэмжихгүй байна уу? Юу болсон бэ?
-Дайн болж байна. Энэ үргэлжлэх ёсгүй. Энхийг тогтоох хэрэгтэй гэх Блокийн бүгтхэн дуу сонсдов.
-Юу... Энхийг ээ? Немцүүдтэй найрамдах гэж үү?
-Тийм дээ. Би Германд хайртай. Тэдэнтэй найрамдах нь дээр.
Би золтой л харилцуураа алдчихсангүй.
-Та бас... Бидэнтэй нэгдэхгүй... Арай большевикуудын талд байгаа юм биш биз дээ?
-Тийм ээ, хүсээд байвал тань большевикуудын талд гэе. Тэд энхийг хүсч байна.
Тэвчихийн аргагүй юм. Би арга барагдсандаа,
-Тэгвэл Орос орон, Орос яах юм бэ? гэлээ.
-Орос орон яагаав?
-Большевикууд та нар Орос орныг мартаж байна шүү дээ.
-Тэгтлээ шаналаад байгаа нь ч юу л бол...
Би биеэ барьж тайвнаар:
-Александр Александрович, хэрэв Боря большевикуудыг дагаад гүйвэл би ойлгоно. Тэр бол «орхигдсон хүүхэд» шүү дээ. Харин та! Би итгэж чадахгүй байна.
Чимээгүй жаахан азнаснаа:
-Би бас..Магадгүй би бас л «гээгдсэн хүүхэд» байвал... гэх нь тэр.
Миний чихэнд Блокийн «Орос орон тэгтлээ шаналаад байгаа юм алга» «Большевикуудын талд...» гэх хорон үгс хангинасаар байлаа. Большевикууд бол хэний ч зовлон, цусаар угаагаад арилахгүй Орос орны хир толбо, шившиг гэдгийг санах хэрэгтэй шүү дээ.
... Яг иймээрээ миний Орос орон
Ямар ч нутагтай эгнэшгүй ээ, чи...
гэж ямар азаар Блок большевизмаас бүр өмнө бичсэн юм бэ!
Блок ч, Андрей Белый ч сайн дураараа большевикуудад зүтгэж байгаа дуулдах болов. Түүний «12» хэмээх 12 улаантан зандалчдыг удирдсан Христийн тухай найраглал гарсанаас хойш Блокийн талаар сонсохыг ч хүсэхээ больсон. Гэхдээ түүнийг бодоход харуусал хөндүүр төрнө. Хүн худлаа ярьж болно. Тэгвэл нөгөө Сайхан хатагтай, Үл таних бүсгүй нь яах билээ? Түүний Фаина, Орос орон, түүний хайр юу болж таарах вэ?
28.
...Дараахан нь Блок надад номоо явуулсан байв. Нэгэн дээр нь шууд надад хаягласан шүлэг харагдана. Ямархуу шүлэг байсныг би санахгүй нь, харин Блок хэзээ ч ийм новшийн юм хэлхэж байгаагүйг л санаж байна. (З.Гиппиуст гэж хаягласан Блокийн нэлээн хувьсгалч, дайрч давшилсан маягийн шүлэг бий. Орч)
Сар өдрүүд он жилүүд шиг л өнгөрсөн...
29.
Би трамвайгаар явж байлаа. Гэнэт хэн нэг нь миний хажууд зогсоод мэндэллээ. Энэ хоолойг өөр хэнийхтэй ч андуурахын аргагүй. Блок. Саравчтай малгайн доороос унжгар бараан царай харагдана.
-Та надад гараа өгөх үү?
-Зөвхөн хувийн зүгээс гээд би гараа өгөхөд тэр үнсээд
-Баярлалаа гэлээ. Тэгээд жаахан азнаснаа,
-Та гарч явах юм (цагаачлах) гэл үү?
-Юу гэж... Эсвэл энд үхэх, эсвэл гарч явах хоёр зам л байна шүү дээ. Мэдээж хэрэг хэрэв таны байдалд байвал ч...
Тэрээр удтал дуугүй явснаа,
-Аль ч байдалд үхэж болно. Би танд их хайртай шүү гэж хэллээ.
-Би ч танд хайртайг та мэднэ шүү дээ.
Чимээ аниргүй зорчигчдын дунд бид хэнэг ч үгүй чангаар ярилцаж зогсов. Сонссон хүмүүс юу бодсоныг мэдэхгүй, гэвч бидний байдал үнэхээр эмгэнэлтэй харагдсан байх аа.
Г.Аюурзана оюутан байхаасаа л зэнг сонирхдог байжээ. Энэ ном бол түүний олон жилийн мөрөөдөл юм. Дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн оргил -Зэнгийн тухай хэн бүхнээ ойлгомжтой хэлбэрээр бичсэн энэ бүтээл орчин үеийн олон уншигчийн ширээний ном болжээ.
"Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" бол Хомэрээс хойш ХХ зууны шилдэг романчдыг хүртэлх бүхий л цаг үеийн сод бүтээлүүдийн товч утгыг хүмүүс нэг нэгдээ кино ярьдаг шиг л тодорхой өгүүлсэн, басхүү тухайн зохиол юугаараа хүн төрөлхтөний соёлд онцгой хэмээгддэг учрыг мөн тайлбарласан бүтээл юм. Дэлхийн утга зохиолыг ололт амжилт бүхнийг 444 хуудсанд багтаасан уг боть нь 2002 оноос хойш Монгол Улсын номын сангуудын хэмжээнд хамгийн их уншигдсан ном болжээ.