Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
НАБОКОВ АУГАА ИХ УТГА ЗОХИОЛЫН ТУХАЙД

                Бичгийн онцгой хүмүүсийн нэг Владимир Набоков Оросын болоод дэлхийн утга зохиолын тухай цуврал лекцүүд их сургуульд уншдаг байжээ. Гэвч романууд нь ашиг орлоготой болоод ирмэгц багшийн ажлаа орхисон юм. Тэрээр Гоголиор 7, Достоевскийгээр 5, Чеховоор 3, Толстойгоор 2, Тургеневээр 1 лекц уншсан нь баруунд Оросын утга зохиолыг замчилсан бол, Сервантес, Остин, Диккенс, Флобер, Стивенсон, Прүст, Кафка, Жойсын тухай лекцүүд нь өдгөө ч утга зохиол судлалын гайхамшигт тооцогддог.

                2009 онд миний бие “Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган” 50 ботийн редактороор ажиллаж байхдаа боть бүрт өмнөх үг сонгох болж билээ. Тэгээд Набоковын лекцээс зарим хэсгийг орчуулан, 4-5 ботийн өмнөтгөлд тавьснаа өдгөө эргэн нэг харж, орос зохиолч л Оросын утга зохиолоо цэгнэх эрхтэйг ахин мэдэрлээ.

--

1.ГОГОЛЬ

 

                Гоголь тун ч этгээд хачин хүн байв. Гэхдээ суут хүн хэзээд л этгээд байдаг билээ. Аугаа их утга зохиол баргийн ухаан хүршгүй тийм холын хязгаарт л тэнцвэрээ олдог. “Хамлет” л гэхэд мэдрэл нь өвчилсөн эрдэмтний солиотой зүүд шүү дээ. Гоголийн “Шинель” бол амьдралын бүүдгэр зургийг хар нүх гартал нь цоо цоо хатгасан, галзуу, хар дарсан аймшиг юм. Өнгөцхөн уншигч бол энэ өгүүллэгээс мулгуу салбадайн зүдэргээнт самуурлыг л олж харах вий. Гэтэл илүү гүнзгий бодолтой нэг нь Гоголийн гол санаа бол орос маягийн хүнд суртлын аймшигтай үнэн дүрийг илчлэн харуулахыг зорьжээ л гэх биз ээ. Гэвч элгээ хөштөл инээх гэж зорьсон хүн ч, буурьтай зохиол уншиж бодлогошрох гэж мэрийсэн уншигч ч, хэн хэн нь “Шинель” чухам юун тухай зохиол болохыг ойлголгүй үлдэнэ. Алив, надад, ургуулан бодох, урнаар төсөөлөх авьяастай уншигчийг заагаад аль. Чухам түүнд л зориулагдсан тууж юм шүү дээ, энэ чинь.

                Төлөв төвшин Пушкин, “газрын” Толстой, бүрэг даруу Чехов - тэд цөмөөрөө л энгүүн ухаанаас хэтийдсэн санаануудад автаж, үзэл бодол нь агшин зуур өөрчлөгдөн, үг утгын цаана нууцлаг бэлгэдлийг сэмхэн далдлах эрмэлзэлд автаж явсан. Харин Гоголийн хувьд гэнэтийн этгээд гаж санаанууд бол бүтээж асан урлагийнх нь үндэс язгуур; тиймдээ ч уламжлалт хэв маягаар бичихийг хичээж, бодот амьдралтай зүйл дүрслэх гэж оролдох бүртээ ямар ч авьяасгүй амьтан шиг болчихдог байсан юм. “Шинель” хэмээх мөнхийн бүтээлээ тэрлэж суухдаа тэр толгойдоо орж ирсэн солиотой бодлуудыг зоргонд нь тавьчихсан, ингээд л Орос оронд өнөө хэр алдар нь хэвээрээ, хамгийн аугаа зохиолч болж чадсан билээ.

                Аугаа зохиолчид ердийн амьдралыг өөр өөрийнхөөрөө л дүрсэлдэг. Гоголь хоёр л төрлийн хөдөлгөөнийг үндсэн аргаа болгожээ: довтлон шунгах, элин халих. Хөл дор чинь гэнэтхэн л алам хар нүх онгойхыг, тэгтэл таныг ойчуулалгүй өндөрт өргөсөн ид шидийн хөнгөн нислэгийг төсөөл дөө, энэ мэдрэмжээ замхрахад та зэргэлдээх нүхэнд нь ойчих болно. Ийм абсурд өгүүлэмж Гоголийн онгод байсан юм. Энд би “абсурд” гэдэг нэр томьёог этгээд хачин гэсэн утгаар ч, шоочилсон утгаар ч хэрэглээгүйг ойлгоорой. Абсурд дүр яг л эмгэнэлт дүр шиг, яг л төдий хэрийн өнгө хийгээд зэрэгтэй байдаг, тэр тусмаа Гоголийн хувьд абсурд чанар, эмгэнэл хоёр хил залгаа юм. Гоголь зохиолынхоо баатруудыг абсурд байдалд оруулж дүрсэлсэн гэж хэлэхэд огтхон ч буруудахгүй. Хэрэв амьдран буй бүхий л ертөнц нь абсурд чанартай байх аваас та хүнийг абсурд байдалд оруулан төсөөлж чадахгүй; бас “абсурд” гэдэг үгийг ямар нэгэн инээдтэй, мөрөө хавчмаар зүйл хэмээн ойлгох аваас дээрхийг мөн л мэдэрч чадахгүй. Харин үүнийг ямар нэгэн өрөвдмөөр зүйл гэж ухаарах юм бол, хүний чухам ямар байдалд орчихоод буйг, басхүү энэ бүдүүлэг ертөнц дээр хүний хамгийн өндөр дээд тэмүүллүүдтэй холбоотой бүхнийг үнэн голоосоо шунаж шаналж байж ойлгох юм бол,- энэ л чухам хэрэгтэй гарз маань бөгөөд, Гоголийн, аймшигт, хариуцах эзэнгүй ертөнцөд хаягдсан хөөрхий амьтан ёстой жинхэнээсээ “абсурд” болон хувирна.

                Хүн төрөлхтөний мөн чанар Гоголийн ертөнцийг буй болгогч хуурмаг өвчнүүдийн эмх замбараагүй бужигнаан дотроос төсөөлөгдөмгүй гэв гэнэтхэн гарч ирдэг. Акакий Акакиевич эмгэнэлтэй учраас, тэрээр хүн учраас, хүний мөн чанарынхаа эсрэг тэсрэгийн дунд оршигч тэр л хүчин зүйлсийн дүнд төрсөн учраас абсурд дүр юм…

                “Шинель”-ийн үйл явдал маш энгийн. Доод тушаалын ядуу түшмэл маш чухал шийдвэр гаргаж, шинэ шинель захиална. Оёгдон буй шинель түүний хувьд энэ насных нь цор ганц мөрөөдөл болон хувирдаг. Ингээд өмссөн эхний үдшээ л харанхуй гудамжинд шинэ шинелиэ дээрэмдүүлчихнэ. Хөөрхий түшмэл харамслаа даалгүй үхэж, сүнс нь хотоор тэнүүчлэх болжээ. Ердөө л энэ; базаад харвал өгүүлэмж нь (Гоголийн бүхий л зохиолын адил) нэг онигоорхуу. Гэхдээ жинхэнэ утгаар нь цэгнэе гэвэл оюун санааны нэлээд өвөрмөц эргэлт хийх хэрэгтэйн дээр зохиогчийн үг бүрийг мөшгиж, хүний төсөөллийн зам мөрөөр анхааралтай, хянуур урагшилбаас зохилтой. Гоголийн ертөнц нь орчин цагийн физик дэх “Орчлонт ертөнц бол тэлж эвхэгдэх хөөрөг хуур мэт”, “Сансар хорвоо бол тэсрэлт” гэх мэт тулгуур онолуудтай төстэй бөгөөд цагийн дүүжин шиг тайвнаар савлах өнгөрсөн зууны ертөнцтэй огт адилгүй юм. Утга зохиолд ч огторгуйн орон зайн доторхи шиг өөрийн гэсэн мушгирал гажуудал бий; орос уншигчдын хувьд Гоголийн шидэт ертөнц рүү нэвтрэн орох тэмүүлэл төдий хэр байдаггүй. Тургеневийг аугаа их зохиолч гэж үздэг ч юм уу, эсвэл Пушкиныг Чайковскийн дуурийн уйтгарт үгийг бичсэн төдийгөөр л цэгнэдэг оросууд бол Гоголийн гайхамшигт тэнгисийн өнгөн дээгүүр л гулгаж, инээдтэй, зугаатай үгэн тоглоомын шооч аясыг нь л таашаагаад өнгөрдөг. Гэвч жинхэнэ хар сувд хайн усны гүнд шумбагч хүнд бол нарны шүхрүүд алагласан эргийн элснээс далайн ёроол хол илүү санагддагийн адилаар, “Шинель”-ийн гүнд хүрч байж л бид дээд оюун санааны онцгой мөчүүдийг нь амталж чадна.

                Пушкины хүүрнэл зохиол гурван хэмжээстэй, харин Гоголийнх дор хаяж дөрвөн хэмжээстэй. Эвклидийг бут ниргэж, хожим нь Эйнштэйний боловсруулсан олон онолыг зуун жилийн өмнө нээсэн орчин цагийн математикч Лобачевскийтэй л түүнийг харьцуулж болно. Зэрэгцээ шулуунууд огтлолцдоггүй учир нь огтлолцож чадахгүйдээ бус, тэгэх шаардлага байхгүйдээ л тэр юм. “Шинель”-ээр дамжин өмнө маань нээгдэж буй Гоголийн ертөнц зэрэгцээ шулуун зураасууд огтлолцохгүй байхаас гадна, муруйж тахиралдаж ч чадна, бүр усны өнгөн хярхаг шиг долгилон үелзэж ч болно гэдгийг бидэнд харуулж байна. Гоголийн суу билиг бол усны өнгөн дээрх тэр л үелзээн юм. Түүний ертөнцөд хоёр хоёрын тав байх боломжтой бөгөөд таваас квадрат язгуур ч зүй ёсных мэт л гарчихна. Гоголийн ертөнцөд бидний мэддэг математик ч, байгалийн хөдөлшгүй гэгддэг хуулиуд ч, ний нуугүй хэлэхэд, огт хүчингүй билээ.

 

--

2. ДОСТОЕВСКИЙН ГОЛ РОМАНЫ ТАЛААР

 

                Залуу насандаа Достоевский улс төрийн сонирхолын хувьд радикалуудын, тэр тусмаа барууны үзэл баримтлалын талд байв. Тиймдээ ч Сэн-Симон, Фурье нарын үзлийг дагалдагч залуусын нууц нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцдог болжээ. Засгийн газрыг шүүмжилж, социализм байгуулах тухай сэм ярилцдаг асан тэрхүү бүлгэмийн удирдагч Төрийн зөвлөлийн албан хаагч Михаил Петрушевскийг илрүүлэн баривчлах үеэр, хэдийгээр уг байгууллагын жинхэнэ гишүүн байгаагүй боловч, залуу Достоевский үүнд өртсөн юм. Түүнийг үнэн алдартаны сүм хийдийг гутаан доромжилсон утга агуулга бүхий “Гогольд бичсэн Белинскийн захидал”-ыг хувиараа олшруулж тараасан хэмээн буруутгасан аж. Ингээд хоригдогсдод тус бүр найман жил (дараа нь уг хугацааг хоёр дахин багасгажээ) Сибирт цөлөх тун чанга ял оноосон байна. Тэгэхдээ Петропавловск гянданы захирагчид хэрэгтнүүдээр тохуурхаж, хоригдлуудын эхний хэсгийг баганад хүлээд, буудан алах ял оноосон мэтээр зарлажээ. Ийн зүрхийг нь үхүүлснийхээ дараа жинхэнэ ялын тогтоолыг сонсгосон байна. Хоригдлуудын нэг нь тэгэхэд галзуурсан бөгөөд энэ аймшигт сэтгэгдэл Достоевскийн сэтгэлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.

                Тэр үед улс төрийн хэрэгтнүүдийг эрүүгийнхнээс тусгаарладаггүй байсан тул, албадлагын хөдөлмөрийн дөрвөн жилийг Достоевский нийгмийн адаг шаар болсон хүмүүс буюу  алуурчид, хулгайч нарын дунд өнгөрөөжээ. Энэ тухай “Үхмэл байшингийн тэмдэглэлүүд” хэмээх жихүүдэс төрөм зохиолд нь нэлээд тодорхой өгүүлсэн бий. Ер нь түүний амьдралд аймшигт адал явдлууд цөөнгүй тохиолдсон бөгөөд зохиолд нь эдгээрийн нөлөө их туссан байдаг. Түүнчлэн франц болон орос орчуулгаар буй барууны утга зохиолын, тэр дундаа Ричардсон (1689-1761), Анна Радклифф (1764-1823), Диккенс (1812-1870), Руссо (1712-1778), Эжен Сю (1804-1857) нарын уянгын болоод готик романуудын нөлөө Достоевскийн зохиолуудад сэтгэл зүйн гунихрал болон хувирсан шашны мухар сүсэгтэй холилдон сүлэлдсэн онцлог ажиглагддаг. Хамгийн анх томоохон амжилт олсон роман нь “Албин чөтгөрүүд” бөгөөд нас барахынхаа өмнөхөн туурвисан “Карамазовын хөвгүүд” бусад зохиолоос нь ч илүү алдаршсан юм.

                “Карамазовын хөвгүүд” бол Достоевскийн бусад романуудад байнга давтагдсаар ирсэн адал явдлын сэдэвт зохиолын гайхамшигт жишээ билээ. 1000 гаруй хуудас дамнах, зэгсэн урт энэ роман тун ч уншууртай. Сонирхол татмаар өгүүлэмж олон. Өчүүхэн жижиг хэсэг, яльгүй өгүүлэмжээр ч зохиогч уншигчдыг өдөн дуудаж, сониуч занг нь бадраана.

                Бүлгүүдийн нэр л гэхэд этгээд содон. Тэдгээр бүлгийн гарчгуудыг л зөвхөн гүйлгээд харчихъя л даа. Номыг уншаагүй хүн эдгээр нэрсийг харахад л өмнө нь роман биш, ямар нэгэн этгээд хачин дуурийн либретто байгаа мэт төсөөлөлд автдаг. 3-р бүлэг:“Омголон зүрхний шүлгэн наманчлал”, 4-р бүлэг: “Омголон зүрхний онигоон наманчлал”, 5-р бүлэг: “Омголон зүрхний годройтсон наманчлал”. Цаашлаад дэд дэвтэрт, 5-р бүлэг: “Зочны өрөөн дөх эгдүүцэл”, 6-р бүлэг: “Модон байшин дахь эгдүүцэл”, 7-р бүлэг: “Бас цэвэр агаарт” гэж байх жишээний. Зарим бүлгийн нэр маш товчхон нь хачирхал төрүүлэм: “Шарзны ард”. Утга авцалдаагүй гарчгууд ч таарах бөгөөд эгээ л хошин өгүүллэгүүдийн нэрс шиг санагдана.

                Уг ном бол хэв шинжит адал явдал, чамбай бодож сүлжилдүүлсэн гэмт хэргийн роман бөгөөд харин үйл явдлын өрнөл нь их удаан. Ерөнхийдөө бол, зохиогчийн урьдчилан харсан гэмт хэргийн бай нь адгийн ааш авиртай өвгөн эцэг-Карамазов юм. Түүний дөрвөн хүүгийн гурав нь хууль ёсных. Харин нэг нь нууц хүүхэд юм. Хэн нь ч алуурчин байх магадлалтай. Отгон Алеша бусдаасаа илүү хүнлэг, зөв хүн боловч романы явцад Достоевскийн үзэл бодлыг зөвшөөн дагаж байгаагаас үзэхэд тэр ч бас эцгийгээ хороочихож чадах, үгүйдээ л Дмитрий ахынхаа төлөө ийм зүйл хийчихэж мэдэх л хүн гэдэг сэжиг төрнө.

                Үйл явдал өрнөх зуур уншигч хэн нь алуурчин бэ гэдгийг удаан хугацаагаар тааварлах ёстой болдог. Бүр шүүн таслах хурал болон болтол энэ оньсого битүү явдаг. Тэгсээр шүүхээс ямар ч гэм буруугүй ахмад хүү Дмитрийг ялладаг бөгөөд угтаа жинхэнэ гэмтэн нь эцэст тодорхой болдог билээ. Үйл явдлын хувьд иймэрхүү, гэхдээ үзэл баримтлалын хувьд маш олон өвөрмөц санаа романд хөндөгдсөнийг уншигч абугай та бэлээхэн олж үзэх вий.

 

--

3. ЧЕХОВ

 

                Хүний зовлон шаналлыг олж харахдаа Чехов шиг жинхэнэ зураач байна гэдэг нэг хэрэг, Горький маягийн ёс зүйч байх ч тэс өөр хэрэг ээ. Чехов бол Пушкинтэй эн зэрэгцэн, зохиол бүтээлээс нь анхилж буй төгс зохицлын амьсгалыг түгээж мөнхөд ариун хэвээрээ үлдэх уран бүтээлч юм. Хэн хэн нь л дорд ядуу хүмүүсийн тухай бичээд байвч, Горький тэр хоёрын хооронд асар их ялгаа бий. XXI зуунд Орос орон одоогийнхоосоо хавьгүй хүчирхэг, чухаг орон болно гэж би найддаг. Тэр цагт Горькийгоос ердөө нэр л үлдэнэ, харин Чехов бол хусан төгөл, шингэх нар, уран бүтээлд шимтэх тэмүүлэл хэд наслах вэ, тийн мөнхрөх нь лавтай.

                “Хөсөг дээр” хэмээх өгүүллэгийн нэгээхэн эшлэлээр л тодорхойлчихож болох тийм эмзэг баатруудыг, гэхдээ ямар ч уянгын нялууралгүйгээр дүрсэлсэн зохиолч өөр нэг ч байхгүй. Тэнд юу гэж бичсэн байдаг гээч: “Ийм гоо сайхан, энхрий зөөлөн, өхөөрдөм гунигтай нүдийг Бурхан юунд сул дорой, зол заяагүй, ашиг завшаангүй хүмүүст соёрхдог юм бол, яагаад тийм нүд ийм их сэтгэл булаадаг юм бол оо? гэж бүсгүй бодлоо”.

                Бас “Албан хэргээр” хэмээх өгүүлэгт гардаг, өөрөө ойлгож чадахгүй, ойлгохыг ч хүсэхгүй тийм л нэг утгагүй тушаалыг даган өч төчнөөн мод газар цасан дундуур бүдчиж яваа тэр өвгөн цагдаа байна. “Миний амьдрал” туужийн, барилгачин эцгийнхээ хотын гудамжинд босгосон жигшүүртэй байшингуудаас бөглүү мужийн амьдралын харгис бурангуй биеэ тоосон байдлыг олж хараад тэвчиж чадаагүйдээ тохилог гэрээ орхин ядуу будагчны амьдралыг сонгон замд гарч буй залуу эрийг мөн хар. Эцэг нь байшин барьж, хүү нь түүнийг будна, ийм эмгэнэлт зугаа наргианаас ямар л зохиолч буцах сан билээ дээ. Чехов ийм байдлыг тодруулан зарлаж, түүгээрээ өгүүлэмжийн нэхээсийг цоо таталгүй, зүгээр л далдуур сэм ёгтлоод уншигчийг өөрөө олж хараг гээд орхичихож байна. “Цамхагт байшин” өгүүллэгийн, нэрийг нь англиар дуудахад тун ярвигтай, намрын шөнөөр дан цамцтай бээрч дагжин буй турьхан бүсгүй Мисюсь хийгээд түүний давжаахан мөрөн дээгүүр хүрмээ нөмөргөж буй залуу эр хоёр; эцэст нь бүсгүйн гэрийн гэрэлтэй цонх, унтарч буй хайр дурлал л үлдэнэ. Мөнөөхөн “Хөсөг дээр” хэмээх өгүүллэгийн тосгоны багш эмэгтэйн хүсэл мөрөөслийг замын энхэл донхол болоод түүнийг “Васильевна” хэмээн бүдүүн хадуун боловч элэгсгээр дуудах хөтчийн дуу тасалдуулж байгааг ч бод. Түүний хамгийн хүчирхэг өгүүллэгүүдийн нэг болох “Жалган дотор”-ын Липа хэмээх үр хүүхдийнхээ амийг харсаар байж таслуулчихсан, хөөрхийлөлтэй, гэнэн тариачин бүсгүйг үзэгтүн. Хүүхэд амьд, эрүүл саруул, цовоо цолгин байсан өмнөх хэсгийг нь унш даа, залуу эх хаалга тийш очоод хүүтэйгээ тоглож, “Амар байна уу, Никифор Анисимыч” гэж мэхийн зугаацаж, дараа нь хүү рүүгээ үсрэн очиж, тэврэн энхрийлж байдаг. Бас тэр л гайхалтай өгүүллэгт гардаг золгүй тэнүүлч эр Орос орноор хэрхэн хөндлөн гулд хэсүүчилснээ Липад ярьж буйг аваад үзээч. Нэг удаа Ижил мөрний хавьд түүнтэй таарсан, бодвоос Москвагаас цөлөгдсөн улс төрийн хэрэгтэн бололтой ноёнтон тамтаг болсон хувцас, зовж тарчилсан царайг нь үзээд: “Ээ, чааваас даа, идэх талх чинь ч, эдлэх амьдрал чинь падан хар ажээ” хэмээн уйлсан тухай хэсэг тэнд бий.

                Бүхий л зохиолчоос анх түрүүн Чехов л бодтой утга санааг илэрхийлэхдээ далд дам санааг ашигласан билээ. Липа бүсгүй түүний нялх хүүгийн тухай тэр л өгүүллэгт шоронд орсон луйварчин эр нөхрийн дүр бий. Урьд нь тэр хот газар амжилттай хэрэг өрнүүлж буй хэмээн их гоё бичиг бүхий захидлууд гэр рүүгээ илгээж байдаг. Түүнийг нь ганзага нийлдэг Самородов гэгч бичдэг байсан хэрэг л дээ. Тэр найз нь зохиолд ерөөсөө гардаггүй, гэтэл бүтэлгүй эр нөхөр албадан хөдөлмөрт цөлөгдсөнөөс хойш ахиад л Сибирээс нөгөө гоёмсог бичигтэй захидлууд ирэх болжээ. Өөр юу ч бичсэнгүй, гэлээ ч түүний анд Самородов гэгч чухамдаа хэн байсан, гэмт хэрэг өдүүлээд одоо ялаа эдэлж буй нь даанч тодорхой харагддаг бус уу?

                ***

                Зохиолч бүр өөрийн гэсэн тогтмол тоо бүхий хуудастай л ном бичдэг, хичнээн ч том санаа сэдлээ гэсэн номынх нь зузаан тэр тоогоо давдаггүй гэж нэгэн хэвлэн нийтлэгч надад хэлсэн удаатай. Миний тоог 385 гэж хэлсэн санагдана. Чехов бол хэзээ ч зузаан роман бичихээргүй хүн байсан юм. Суу билигт нь өртсөн амьдралын дүр төрхийг тэрээр удтал барьж хээлж чимэглэн зуураад байлгүй, буй бүхнийг амьд чигээр нь яг л нэг өгүүллэгт багтаан дүрсэлж чаддаг зохиолч байлаа. Жүжгийн зохиолууд нь ч (тэр дотроос суут туурвил нь болох “Цахлай”) илэрч гараагүй романчийн ажлууд байсан бөгөөд тэндээс харагддаг алдаанууд нь цөмөөрөө, хэрэв тэр том роман бичсэн болж гэм гаргах байсан, тийм л алдаанууд билээ. Чеховыг хоёрдугаар зэргийн франц зохиолч Мопассантай харьцуулцгаах нь бий. Хэдийгээр энэ нь Чеховыг доромжилсон мэт хэрэг боловч тэдэнд үнэхээр төстэй талууд бий. “Хонгор найз”, “Амьдрал” гэх мэт романууд бичсэн Мопассан болон Чеховын хоёулангийнх нь амьсгал нэг тийм, богино хэмжээтэй. Гэхдээ Чеховын өгүүллэгүүдэд нэвчсэн цаад үзэл санаа нь Флобер, Толстой нар шиг төрөлхийн романчдынхтай л дүйж очно. Залуугийнх нь faux pas-ыг эс тооцвол Чехов нэг ч зузаан ном бичээгүй бөгөөд хамгийн урт зохиолууд болох “Буудалцаан”, “Гурван жил” хоёр ч мөн л өгүүллэгүүд юм.

                Чехов хөгжилтэй хүмүүст зориулан гунигтай ном бичдэг байлаа. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй уншигч л тэрхүү гунигийг нь жинхэнээсээ мэдэрч чадна аа гэдгийг би онцолмоор байна. Зарим зохиолч элэг хөшөөх, эмгэнэлт үзэгдлийн дараа сэтгэлийг амраах хошигнолд мэргэшсэн байдаг. Энэ бол ердөө л дорд ангиллын үгэн илбэ төдий зүйл шүү дээ. Чеховын хошигнол тэдгээрээс эрс ондоо; энэ бол цэвэр “чеховын” зүйл. Хорвоо ертөнц түүний хувьд нэгэн зэрэг инээдтэй бөгөөд гунигтай, гэхдээ та зугаатай байдлыг нь анзааралгүйгээр уй гунигийг нь ухаарах боломжгүй, учир нь тэд хэзээ ч салшгүй юм.

                Орос шүүмжлэгчид Чеховын өгүүлэмжийн хэв маяг ч, үгийн сонголт ч Гоголь, Флобер, эсвэл Хэнри Жэймс шиг мэргэжлийн түвшинд хүрээгүй, үгсийн сан нь ядуу гэлцдэг. Үнэхээр ч тэр Гоголь шиг үгээр тоглохдоо гаргуун биш л дээ, түүний Онгодын тэнгэр ердийн тааруухан хувцасласан байдаг нь үнэн. Уран нарийн дүрслэл ч байхгүй. Гэвч түүнийг ердөө л авралгүй, хөөрхийлөлтэй байдалд орсон хүмүүсээр дагнасан зохиолч гэж үздэг хүмүүс маш том алдаж буй хэрэг. Чехов бол Оросын ард түмний зовлон хийгээд Оросын утга зохиолын яруу алдар хоёрт эн сацуухан автсан тийм л сэхээтнүүдэд хүртээлтэй зохиолч юм. Нийгмийн болон гоо сайхны зүй тогтолд анхаарал хандуулахгүйгээр, түүний авьяас билиг Орос орны амьдралын бүхий л гаслан зовлонтой талуудыг илчлэн зурагласан билээ. Үүгээрээ тэр ядуу хүмүүсийн дүртэй мануухайнуудаар нийгмийн үзэл санааг илэрхийлэх гэж оролдсон Горькийрхуу зохиолчдоос ангид, дээгүүр юм. Чеховоос илүүд Достоевский, Горький нарыг дээгүүр тавьдаг хүмүүс уран зохиолын мөн чанарыг хэзээ ч ойлгож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэе. Оросуудад нэг аятайхан наргиа бий: таньдаг мэддэг бүх хүмүүсээ Чеховт дуртай, дургүй гээд хуваачихна. Тэгээд дургүйчүүдийг нь нэг их олон юм яриад нэмэргүй хүмүүс гэж дүгнэчихдэг. Голтой арга шүү. Тиймээс би та бүхэнд байсхийгээд л Чеховыг уншиж байхыг (орчуулгаар нь ч бай хамаагүй), тэдгээр үлгэрийн юм шиг зүүд бүр хэрхэн бий болсон, тэдгээрийг хэрхэн бодож олсныг тандаж байхыг чин сэтгэлээсээ зөвлөе. Гандуу байгаль, шалбаагт замын дагуу алтран үзэгдэх уд модод, зэвхий тэнгэрийг нэвтлэх саарал хэрээнүүд, хаа нэгтээх бөглүү орчинд гэнэт санаанд гийх дурдатгал – энэ бүх бүүдгэр мэдрэмж, эдгээр гайхалтай хүчин мөхөстөл, Чеховын ийм л үзэгдэх төдийхөн ертөнцийг эргэн тойронд маань хашгиралдан буй ичих нүүргүй хорвоо дэлхийд хайрлан эрхэмлэж явах хэрэгтэй юм шүү.

Шинэ ном

Г.Аюурзанын Бурханы шашны болоод өмнөд монголчуудын тухай сэдвээр бичсэн роман. Уг номын талаар "Мэдээ" хэсэгт буйг үзнэ үү.

“Дэлхийн сонгомол өгүүллэг: Чехов-оос Хунот Диаз хүртэл” хэмээх энэхүү антолог нь орчин үеийн утга зохиолын хамгийн өргөн уншигддаг жанр болох өгүүллэгийн талаар мэргэжлийн түвшний ойлголт авахад зориулагдсан, ХХ зууны үгийн урлагийн сод төлөөлөгчдийн, судлаачдын хүрээнд өндрөөр үнэлэгдддэг өгүүллэгүүдийг хамарсан нэгэн боть болно. Сонгодог өгүүллэгийн хаад гэгддэг Чехов, О.Хэнри, Фолкнер, Набоков, Хэмингуэйгээс эхлээд өнөө цагийн постмодернизмын угтал болсон Жойс, Борхэс, Сартр, Жэксон, Кортасар, Карвэр, Сэлинжер, Маркес, XXI зууны гарамгай мастерууд Павич, Дёрри, Диаз, И Гуанчин, Мураками гээд үе үеийн олон шилдэг зохиолчдыг танилцуулснаараа хосгүй үнэ цэнтэй ном юм. Г.Аюурзана эдгээр бүтээлүүдийн орчуулах эрхийг зохиогчдоос нь албан ёсоор авч хэвлэсэн ажээ.

http://news.gogo.mn/r/75276