-1999 онд бичсэн, гурван ч янзаар гарсан энэ нийтлэлийн мөнхүү хувилбар “Дэлхийн яруу найргийн охь дээжис” номын өмнөх үг болно-
1.
«Яруу найрагч хүнд намтар гэж байдаггүй. Түүний намтар бол шүлгүүд нь» гэж Мексикийн яруу найрагч Октавио Паз хэлжээ. Үнэн үг л дээ. Харамсалтай нь, 1990 оны Нобелийн утга зохиолын шагналт энэ эрхмийн үг өнөө цагийн уншигчид яруу найргаас нүүр буруулсаны тайлбар болчихоод байгаа юм. Яруу найрагч бол улс төрч, бизнесмен, кино жүжигчдээс даанч өөр. Ихэнх нь бүтэлгүй, бүтэлтэй зарим нь «стандартын бус» сэтгэлгээтэй, хамгийн гайгүй нь нийгмийн бусад гишүүдтэй эв зүйгээ ололцож чаддаггүй. Өнөө үед тийм хүний намтар хэнд ч сонин биш. Тэгээд бас ойлгоход амаргүй хэлбэрээр бичигдсэн байна гээч!
Яруу найраг бол хүүрнэл зохиолоосоо дээгүүр түвшний, тэр хэрээрээ тодорхой хүрээний уншигчдын хэрэгцээний урлаг. Тиймээс нэлээд өөр түвшинд ярьж, хэлэлцэх шаардлага гарна.
Өнөөдөр (1999 !) хамгийн их уншигдаж байгаа ном «Харри Поттер» гэдгийг бид цөм мэднэ. Жоанн Роулинг хэмээх эмэгтэй зохиолч эдгээр цуврал номуудаараа анхны тэрбумтан зохиолч боллоо. Орчин цагийн энэ үлгэрийн гол баатар ид шидийн сургуулийн сурагч Харри Поттер бол бэтмэнээс ч илүү олон янз хувирч, нисч чаддаг жаал. Түүнд бас лорд Вальдеморт гэж дайсан бий. Мэдээж, Харри хүү л ялж таарна. Тэгэхгүй бол олон нийт уншихгүй. Энэ ном үнэ цэнийн хувьд гавихгүй хэдий ч, асар их гүйлгээтэй байна. Тэгэхэд орчин цагийн үгийн урлагийн шилдэг мастеруудын ном хамгийн их хурдалсан нь л гэхэд бэстсэллэрийн 15-рт орох жишээтэй. Орчин үеийн хамгийн онцгой зохиолчид болох Мишима Юкио, Абэ Кобо нарын номууд эрэлт хэрэгцээгээрээ Япондоо эхний 10-т ч багтдаггүй юм байна. Хүүрнэл зохиол ийм байхад чинь, яруу найраг уншигдахаа больсонд гайхах хэрэггүй.
Утга зохиолын хөгжлөөр толгой цохидог, 60-аад сая хүн амтай Францад хамгийн олон хувиар хэвлэгддэг «Аксьон Поэтик» хэмээх уран зохиолын сэтгүүл ердөө л 3000 ширхэг гардаг аж. Нэрийг нь орчуулбал «Яруу найргийн амьдрал» гэсэн утгатай уг сэтгүүл яруу найргаар дагнасан, дэлхийн хамгийн том сэтгүүл гээд бодоход... Цагтаа зургаан оронтой тоогоор яригдах захиалагчтай байсан Оросын «Иностранная Литература» сэтгүүл 1999 онд 15700 (2000 онд 13750 (2001 онд бүр 12500) хувиар хэвлэгдэх болж. Ийм хурдацтайгаар цөөрсөөр л байх бололтой. Хэрэв Соросын сан тодорхой хэмжээгээр худалдан авч ОХУ болоод ТУХН-ийн орнуудын номын сангуудад тараадаггүй сэн бол бүр ч цөөрөх нь. Тэгэхээр манай сонинууд шүлэг нийтлэхээ больсон нь аргагүй, «зөв» ч юм уу?
Гэхдээ л яруу найраг оршин тогтносоор байна. Улам ч бат бэх тогтнох нь лавтай. Учир нь мөнхийн зүйл гэдэг хэзээд мөнхөд л үлддэг жамтай.
1987 онд Нобелийн шагнал хүртсэн Орос-Америкийн яруу найрагч Иосиф Бродский нас барахаасаа өмнөхөн «ХХ зууны шилдэг 100 шүлэг» хэмээх антолог эрхлэн гаргасан нь хүн төрөлхтөний соёлд онцгой үйл явдал болсон юм. Бродскийн амьдралын сүүлчийн жилүүд яруу найргийн нэр хүндийг өргөхөд гойд нөлөөлсөн бөгөөд түүний араас Октавиа Паз, Дерек Уолкат, Симус Хини, Вислава Шимборска зэрэг яруу найрагчид «Нобелд» хүрчээ. Ер нь Нобелийн шагналыг 3-4 жил тутамд дунджаар нэг яруу найрагч хүртэж, сая орчим доллар гардан авдаг. Ханшийн хувьд гэвэл ийм.
Нөгөө талаас, манайхан дэлхийн яруу найрагт шалгуур хэмжүүр гэж огт байхгүй юм шиг ойлгоод байдаг. Тийм биш ээ. Олон оронд яруу найргийн нэр хүндтэй академиуд идэвхтэй ажилладаг. Олон улсын яруу найргийн их наадмууд байнга л энд тэндгүй зохиогддог. Өнөөдрийн ертөнц дээр яруу найрагчийн хувьд хэн нь хэн бэ гэдгийг мэргэжлийн хүрээнд төдийлөн толгой гашилгалгүй шийдчихдэг болжээ.
Сүүлийн хориод жилд манайд яруу найргийн уншигчид илт цөөрсөн. Гэхдээ энэ бол уналт биш, харин сэргэн мандалт ч байж магадгүй. Урьд нийтийн хэрэглээний зүйл байсан яруу найраг өнөөдөр сонгодог утга руугаа, цөөхөн дээгүүр уншигчтай мэргэжлийн хүрээ рүүгээ ирэх ёстой. Угаасаа яруу найраг бол нийтийнх байж болохгүй урлаг билээ. Зарим зүйлийг харьцуулахад төдийлөн зохимжтой биш хэдий ч, нийтийн соёлын хэрэгцээнээс ондоо яруу найргийн тухай ганц жишээ энд авъя л даа. ХХ зууны сонгодог яруу найрагчдын нэг Уоллс Стивэнс:
Хойд нутаг минь нүцгэн, бас хүйтэн.
Хольцтой хүмүүстэй, бас үүлстэй ижилхэн...
гэж бичсэн байдаг. Манайхны «Болор цом» дээр бол иймэрхүү санаа нь «Манай говь дулаахан, сайхан. Машин зам нэг ч үгүй...» гэсэншүү үгс л болж сонсогдох вий. Ялгаа байгаа биз? Стивэнсийн шүлэгт дүрслэлээс гадна бас тэр бүр хүнд баригдамгүй, ухаж бодолгүйгээр ойлгочихомгүй зүйрлэл орж. Нөгөө жишээний тухайд бол, говь дулаахан сайхан нь үнэн л дээ. Гэхдээ ийм эл дол үгс ярьж зогсоно гэдэг чинь яруу найрагт ер хамаагүй зүйл билээ.
Жинхэнэ яруу найргийн шалгуур тэгвэл юу вэ? Мэдээж, олон бий. Тэгэхдээ хамгийн гол нь юу вэ?
Манай ихэнх ахмад найрагчдын хэлдэгчлэн, уран үг хүний сайхан сэтгэлээс л төрөн гарах албатай биш. Пушкины цэцэрхсэнчлэн, «Поэзия должна быть немножко глуповата» гэдэг ч үеэ өнгөрөөсөн ойлголт. Жинхэнэ яруу найраг харин ч гүнзгий ухаанаас төрсөн, хэр баргийн хүн зориглож дөхөмгүй алсын зүйл юм. Гэтэл манайд бичиг үсэгт хагас дутуу тайлагдсан хоньчин ч яруу найрагч болохоор нийслэлийг зорьдог нь нийслэлд жинхэнэ бус яруу найраг жинхэнийн үүргийг гүйцэтгэж байгаатай холбоотой.
Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна
Тэр хоолойн суу билиг давалгаанаас өндөр...
гэж Стивэнсийн өөр нэг шүлэгт бий. «Уртын дуунаас минь илүү уянга тансаг нь үгүй...» гэх маягийн үгс үүний дэргэд шүлэг биш. Бүр юу ч биш. Яруу найргийн дүрслэл далайн хөвөөнөө зогсоо бүсгүйн дууг хуйлран түрхрэх хүчит давалгаанаас дээгүүр тавьжээ. Далайн түрэлтийг дүрслэн бодоход, сүрдэм гайхамшигтай сэтгэгдэл төрнө өө дөө? Гэтэл энэ нь бүсгүйн, магадгүй намуухан, гунигтай дуунд дарагдсан байна.
Дээрх эшлэл бол орчин үеийн яруу найраг төлөвшихөд суурь дэвсгэр болж өгсөн үй түмэн сонгодог жишээний нэгэн. Тэгвэл бас барьц муутай, тийм хялбар ухаж ойлгогдохгүй авангард чиглэлүүд ч яруу найрагт улам бүр олширч байна. Баруунд маш нэр хүндтэй, Унгарын яруу найрагч Петри Дёрдь гол шүлгээ уншиж өгнө үү гэсэн хүсэлтийг
Эрин үе амь тавьлаа,
ялзарсан үнэр ханхийнэ.
Эвдэрсэн тэр л тоглоомд
дуртай байсан минь тоогүй
гэсэн утга бүхий хоёрхон мөр шүлгээр гүйцэлдүүлжээ.
Америкийн утга зохиолын бүх томоохон шагналыг түүсэн Чарлз Симикийн «М.» хэмээх шүлэг бий:
М.
М. хүртэл би явган алхлаа
Энэ М. дотор хэн ч байсангүй.
Өнөөдөр, гэгээ ормогц М.-ийн
Үзэгдэх бүхэн нуран унах вий гэсэндээ
Эрээн мяраан байшингуудын хажуугаар
Эвтэйхэн, өлмий дээрээ гишгэж өнгөрөв, би.
Эдгээр хачин шүлгүүд харин ч «гайгүй». Хэний ч билээ, нэг этгээд сонетыг уншсанаа санаж байна. Үг гэх юм үгүй тул, тэр чигээр нь үзүүлье:
А - no,
B - no,
C- no,
D - no.
E - no,
F - no,
G - no,
H - no.
I - no,
K - no,
L - no.
М - no,
N - no,
О, no!
Утга нь бол «ер юу ч алга, өө, бүр хов хоосон» гэж хэлжээ. Үүндээ цагаан толгойн дараалал үсгийг маш аятайхан сонгож, төгсгөлийн мөрийн «О» үсэг «Өө» хэмээн дуу алдан шогшрох янзыг давхар илэрхийлснээр тун догь шийдэл болсон хэрэг.
Эдгээр нь нэлээн дээр үеэс эхтэй бөгөөд 1940-өөд онд Эзра Паунд алдарт «Cantos»-оо Ромын радиогоор уншихад Америкийн сөрөг тагнуулын албаныхан «Энэ ойлгомжгүй үгс, лав, нууц түлхүүртэй фашист мэдээлэл байх» хэмээн сэжиглэн шалгаж байсан гэнэ. Сэргэн мандлын үеийн соёлоор өвчилсөн, постмодернизмын эцэг яруу найргийнхаа шинэчлэлд эртний хятад ханзуудаар хөшүүрэг хийснийг судлаачид бүр хожим нь олж тогтоосон юм.
Эртний хятад шүлэг нүдээр харахад уран зурагтай төстэй бөгөөд үүнээс санаа авсан имажистууд 1910-аад онд шүлгийн мөрийг зураг шиг харагдуулах оролдлого хийж байв. Зарим нь жинхэнээсээ ч илүү болж,
Чамин цагаан торгон дэвүүрийг
Зүлгэн дээр орхих шиг,
Чамайг ч бас
мартжээ
гэх Эйзенштейний шүлгийг будлиу нийтлэгч андуураад хятадын сонгодог шүлгийн орчуулгын эмхтгэлд оруулчихсан ч гэлцдэг.
1913 онд Парисын метроны тухай Эзра Паунд дорно дахины маягаар шүлэглэснийг танд эх төрхөөр нь харуулъя:
The apparition
of these faces
in the crowd:
Petals
on a wet bough.
Мөр мөрөөр нь хадаж орчуулбал:
Тодрон үзэгдэх нь / энэ л царайнуудын / олны дунд -
Цоморлигууд / нойтон мөчир дээр
буюу утгачлах аваас «Энэ л царай зүс олны дундаас тодрон үзэгдэх нь нойтон мөчирт цэцгийн цоморлиг дэлгэрэхийн адил» гэсэнтэй дүйнэ. Эхний мөр метроноос гарч ирж буй бүсгүйчүүдийг олж харах агшныг, удаахь мөрүүд тэдний царай бусад олноос илт ялгаран гэрэлтсэнийг илтгэж байна. Дөрөв тав дахь мөрүүдэд нэг сонин дүрслэл байгаа нь нойтон мөчир юм. Тэгэхээр бороотой бүрхэг Парисын гудамжнаа метроноос жавхаалаг гоо охид гарч ирсэн нь яруу найрагчид маш хурц сэтгэгдэл төрүүлснийг ийн дүрсэлжээ.
Яах аргагүй дорнын шүлэг байгаа биз? Эзра Паундын дээрх шүлгийн сүүлчийн мөрийг зарим номонд on a wet, black bough гэж дурдсан байдаг. Нойтон, хар мөчир гэсэн нь Башёгийн алдарт «нүцгэн мөчир»-ийг өөрийн эрхгүй санагдуулна. Тэгвэл энэ нь өрнийн яруу найрагт бий болсон шинэчлэлийн нэг томоохон урсгал гэгддэг юм шүү дээ. үүнтэй холбогдуулж хэлэхэд, өнөөдөр бид дорножин буй Өрнийн, эсвэл өрнөжиж буй Дорнын ертөнцөд нэгэн зэрэг аж төрж явна. Тиймээс заавал монгол ахуйд л хамаатай шүлгийг л таашааж хүртэх гээд явах албагүй юм. Дэлхий хаашаа харж буйг яруу найргаар дамжуулаад ч бас ухаарч мэдэж болно.
Нөгөө талаар, өнөөдрийн яруу найргийг хахь этгээд зүйл гэсэн бодлоо даруйхан орхивоос зохилтой. Учир нь орчин үеийн яруу найраг дахь шинэчлэл бүхэн өөрийн уламжлалтай. Яг л абсурд театр, орчин цагийн дүрслэх урлагийн хийсвэрлэлүүд бодтой уламжлал дээр тулгуурладаг шиг. «Цоо шинэ зүйлийг ч гэсэн, олны мэддэг хуучин үгсээр тайлбарлаж байж л хүнд ойлгуулдаг» хэмээх үг бий. Харин хөгжиж чадаагүй уламжлал бол шинэ сэтгэлгээнд нэмэр бус чөдөр болдгийн жишээ, харамсалтай нь, манай яруу найрагт хангалттай...
Яруу найраг дахь хийсвэрлэлийн хамгийн том жишээ гэвэл Эрнст Яндль байна. Берлин болон Дармштадтын урлагийн академийн гишүүн, Траклийн болон Бюхнерын шагналтай, Австрийн төрийн шагнал хүртэж байсан (Австрид төрийн их шагнал гэж байдаг юм билээ) энэ яруу найрагчийн шүлгүүдтэй та энэ номоос бэлээхэн танилцах тул этгээд, донжтой шүлгүүдийн жишээг давтан нуршихаа азная.
Яруу найрагт этгээд панк өнгө аяс олноороо үзэгдэх болсон ч, жинхэнэ яруу найрагт хандах хүний үнэлэмж хувирахгүй л дээ. Тэгээд ч иймэрхүү, хэлбэрийн эрэлхийлэл нь угтаа яруу найрагчийн сэтгэлийг илэрхийлэхээс өөр зорилго агуулбал утга учраа алдахад хүрнэ.
Намрын тэнгэр уйтай хоосон,
Ядахнаа хэрээ ч нисэхгүй
гэсэн Такүбокү Ишикавагийн хоёр мөрийг сэтгэл тайван уншиж болдоггүй. Энэ бол уламжлалт хайкуны хэлбэрийг эвдсэн хайку, гэвч сонгодог яруу найргийн амьсгал өчүүхэн ч алдагдсангүй.
Яруу найргийг хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэл бол асар гүнзгий мэдрэмж билээ. Харин ихэнх хэлбэрдэлд мэдрэмж үгүй болдог гэм бий.
2.
Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол, чамд ямар ч найдлага алга.
Ф.Гарсиа Лорка
Энэ их чухал үг санагддаг юм. Далайн оронд навч унахыг, үүлс хөвсөн тэнгэрийг, гол бидэртэн урсахыг, эсвэл зүгээр л хотын цардмал замыг харж болно. Эргэн тойрноосоо гунигийг олж харахгүй бол яруу найргийг мэдэрч ойлгох тухай саналтгүй.
«Монгол бол яруу найргийн орон, монголчууд цөмөөрөө яруу найрагчид» гэж бид ярих дуртай. Ганцхан Монгол ч биш, энэ дэлхий тэр чигээрээ яруу найргийн ертөнц, хүн бүхэнд өөрийн гэсэн яруу найраг байдаг.
Барууны нэгэн кинон дээр нууц амраг нь:
-Чи яах гэж түүнтэй суусан юм бэ? гэж асуухад, гол баатар бүсгүй:
-Тэр их сайн яруу найрагч байсан хэмээн хариулдаг. Залуу хархүү бүсгүйн биеийг тэмтрэн илэх зуураа:
-Энэ ч бас яруу найраг биш гэж үү? хэмээн асуудгийг санаж байна.
Үнэхээр ч яруу найраг гэдэг бол маш өргөн ойлголт л доо. Шүлэг шиг кино, шүлэг шиг байгаль, шүлэг шиг уран зураг бишгүй л тааралддаг.
Тэгвэл «жинхэнэ» яруу найргийг бүтээгчид нь Монголд ямар байдаг билээ?
Тэдний нэг хэсэг нь шүлэг бичдэгтээ харамсан халагладаг. Шүлэг бичээгүй л бол өдийд саятан явах байсан гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ бол, шүлэг бичдэгийнхээ хүчээр сонин хэвлэл, радио телевизэд ажиллаж, сэхээтнүүдийн дунд бүртгэлтэй яваа, зарим нь улс төрд орчихсон тэдгээр найрагчид нэгэн цагт азаар Нацагдорж, Явуухуланг дууриан хэдэн мөр бичээгүй болж гэм, өнөөдөр ямаа самнаад, гутал загнаад, биеэ үнэлээд явж байх асан. Гутал загнах муухай ажил гэж би хэлж байгаа юм биш. Яруу найраг хүнийг гайхалтай өөр замд хөтөлдгийн жишээ энэ.
Нөгөө хэсэг нь шүлэг бичснээ бусдын өмнө гавьяа байгуулсан мэт үздэг. Байгуулсан гавьяагаа маш өндрөөр үнэлүүлэхийг чармайдаг. Үнэлэхгүй бол байж ядсандаа хүн алахад, хулгай луйвар хийхэд ч бэлэн болдог. Шүлэг бичснийхээ төлөө их мөнгө авах ёстой гэж улайраад, мөнгө олохгүй бол яруу найргийг худалдаж борлуулах арга зам хайж эхэлдэг. Тэдний хувьд шүлэг бичдэг гэж хүндлүүлэх нь л гол болохоос, сайн шүлэг бичиж чадсан эсэх нь гол биш. Хэрэв зээ сайн шүлэг бичихийн туйлын дээд таашаалыг амсч үзсэн бол хэрхэвч анхаарахгүй байсан тийм юмсад адган тачаадснаараа тэд ерөөсөө яруу найрагч биш болцгоодог.
Арай илүү элэгтэй нь элдвийн сулхан өгүүллэг, тууж бичиж нөгөө үнэлэмждээ хүрэхийг боддог. Даанч тэд ихэвчлэн яруу найрагч болох гээд бүтэлгүйтсэн хүмүүс байх тул утга зохиолын хөгжилд нэмэр болдоггүй. Манай уран зохиол дэлхийн жишгээс багаар бодоход, зуун жилээр хоцорсон нь үүнтэй холбоотой. Түүнээс биш нийгэм эдийн засгийн формациас болоод сайн бүтээл төрдөггүй гэвэл түүн шиг үлгэр хаа ч үгүй юм. Жишээ болгоод, Андрей Платоновыг, эсвэл Борис Пастернакыг нэрлэхэд л хангалттай.
Жинхэнэ яруу найргийг амь зуух, алдар нэр олохын тулд бичдэггүй. Нэгэн яруу найрагч 3-4 удаа л сонин сэтгүүлд хэдэн шүлэг гаргаж л дээ. Өтөлсөн хойноо найзуудынхаа ятгасан ёсоор сонины хэдэн шүлгээ ном болгож. Түүнийг Анатоль Франсын оронд Францын Академийн утга зохиолын сэнтийд залсан хойно ч, шүлгээ өөртөө л бичиж, яруу найрагчийн хувьд алдарших нэг ч оролдлого хийлгүй явсаар 1945 онд нас барсан байна. Тэр бол хүн төрөлхтөний түүхэнд төрсөн цөөхөн гарамгай найрагчийн нэг Поль Валери шүү дээ.
Түүний хамгийн зартай «Асгарсан дарс» хэмээх сонет:
...Давалгаа согтуурч, дусаасан дарс замхарлаа.
Дараахан нь би гашуун агаар дунд
Даажинтай түмэн дүрс нисэлдэхийг олж харлаа
гэсэн утгатай үгсээр төгсдөг. Яруу найрагч маш олон жил дарсан, үнэлэхийн аргагүй ховор дарсаар далайд сэржим өргөжээ. Гэхдээ ийм үнэтэй дарсыг яах гэж далай руу асгаж байгаагаа тэр өөрөө ч мэддэггүй. «Магадгүй, цус зөгнөсөндөө ч юм уу» гэж эргэцүүлсэн байдаг. Эрэг рүү эвхрэх давалгааны тэрүүхэн хэсэг согтож, дарс «уугдан» далайд шингэж байна. Тэгмэгц яруу найрагч өөдөө хараад үй түмэн хачин дүрс нисэлдэхийг олж үзнэ. Дарсны шид шүлэгт ийн буусан хэрэг. Яруу найраг гэдэг яг л ийм ер бусын, онож тодорхойлох аргагүй «барьцгүй» зүйл бөгөөд, Валери дарсыг «ахуй хоосон болохыг бэлгэдэн өргөсөн» гэж бичсэн байдаг. Яруу найраг бол ахуйгаас нэгэнт тасарчихсан тэнгэрлиг мэдрэмж болохыг ийн томьёолжээ.
Амьд ахуйдаа нэг ч шүлгээ хэвлүүлээгүй Эмили Дикинсон бол Америкийн хамгийн аугаа яруу найрагч. Бүхий л насаараа өөрийгөө зовоож шүлэг биччихээд, ганцыг нь ч хэвлүүлэлгүй үхнэ гэдэг хэрэглээний сэтгэлгээний үүднээс харах юм бол утгагүй мэт.
Гэвч яруу найрагчийн амьдралыг ингэж хэмжиж болдоггүйд л хамаг учир нь байгаа юм. Энэ «бүхний мэддэг хэмжүүрээр хэмжиж болохгүй» гэдэг бол яруу найргийн наад захын шалгуур. «Яруу найрагч мөн гэдгээ мэдрэх» нь өөрөө дээд зэргийн таашаал юм. Яруу найргийн дотоод мөн чанарт нэвтрэх нь яруу найргийг таних, ойлгох цорын ганц зам юм. Тиймээс алдаршихгүй л бол шүлэг бичихгүй гэж боддог эхлэн бичигч ч байх ёсгүй. Алдаршихын тулд л шүлэг бичдэг хүнийг ямар яруу найрагч гэх билээ дээ!
Яруу найргийн талаар бас нэг харамсмаар ташаа ойлголт манайханд буглаад байгаа нь «Жинхэнэ сэхээтнүүд, гарамгай хүмүүс шүлэгт шооч маягаар ханддаг» гэсэн гайхалтай бүдүүлэг үзэл юм. ХХ зууны ийм ийм зохиолчдыг унших хэрэгтэй гээд Жойс, Кафка, Пруст, Томас Манн, Борхэсийг нэрлэгч зарим эрхмүүд хүртэл дээрх хүмүүс бүгдээрээ яруу найрагч гэдгийг мэддэггүй нь маш инээдтэй. Тэр ч бүү хэл, Аристотелиэс өмнөх үеийн бүх философич ердөө л яруу найрагчид байсныг, орчин цагийн сэтгэлгээний хэв загварыг зохиогч Шопенхауэр, Ницше, Бергсон, Сүзүки, Кришнамурти, Сартр, Камю, Лиотар цөм яруу найрагч болохыг олж хараагүй нь, тэгсэн мөртлөө яруу найргаас хол явахыг залууст захиад байдаг нь аймшигтай.
Иймэрхүү үзлээсээ болоод бид өөрсдийн бүтээсэн яруу найргаас ч таньж хүртэж чаддаггүй. Тиймээс “Дэлхийн яруу найргийн охь дэжис” хэмээх эл номд Данзанравжаа, Инжаннаши, Нацагдорж, Явуухулан дөрвийг дэлхийн суутнуудтай зэрэгцүүлэн багтаалаа. Монгол үндэсний яруу найргийн ололтоос мэдэж бахархаж сурсан цагтаа л хойч үе маань Монголын төлөө цохилох зүрхтэй болох билээ. Үүнд яруу найргийн хүмүүнлиг болоод оюунлаг нөлөө, үнэ цэн юутай ч харьцуулшгүй аугаа юм. Өнөөдрийн зарим тэргүүлэгч сэхээтнүүд ч аливааг материаллаг ашгаар л хэмжих болжээ. Бид хүүхдүүдээ «Чиний наад дуунаас чинь хичнээн төгрөгний орлого олж болох юм бэ?» гэсэн үгээр хүмүүжүүлж байна. Ноёд оо, ингэж л ярьж суугаа бол бид юуных нь боловсролтой хүмүүс байх вэ дээ?
Гадаад хэл, бизнес-эдийн засаг, компьютерийн мэдлэг чинь үнэндээ боловсрол биш шүү дээ. Мэргэшил ч юм уу, дадал, магадгүй, амь зуух арга юм. Шувуу ч хэл сурдаг. Хэрэм ч хураасан самраа арвижуулахаа, хэмнэж зохицуулахаа мэддэг. Ердийн сармагчинг арван хурууны бичээчийн ажилд сургаж болно. Хөгжимд дурлах, сайхан үзэгдлийг харж таашаах мэдрэхүй хүнээс бусад амьтдад, бүр ургамалд ч байдаг нь маргаангүй нотлогдсон зүйл. Харин нэг ч амьтан яруу найрагч байж болох шинж мэдэгдээгүй. Хүн зүгээр нэг амьтан төдий зүйл байхгүйн тулд яруу найргийн мэдрэмжээ гээж болохгүй. Үүнийг хэн ч ярихаа больчихжээ.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүмүүжүүлэгчид яруу найргийн тухай зүүдлэх ч үгүй яваа тул хүмүүжигчид нь хүн гэхээсээ илүү сургуультай адгуустай төстэй болцгоож байна. Ийм харамсалтай шалтгаанаар, залуус шүлгээс холдож байна. Тэднийг яруу найрагт шимтдэг, уудам сэтгэлтэй, дотоод ертөнц нь баян дүүрэн иргэд болоход энэ ном өчүүхэн боловч тус нэмэр болоосой гэж залбирнам.
"Цагаан Хар Улаан" бол зохиогчийн торгууд түмний дунд байж хийсэн судалгаа, орчин үеийн урлагийн талаархи зарим санаа, өнөөгийн хүний дотоод ертөнц рүү хийсэн эрэл, туульсын сэтгэлгээний нарийн утга учир, бүтэлгүй хайр дурлал зэрэг олон сэдвийг хамарсан, нэн шинэ чиглэлийн роман болно.