Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ТӨМӨР СЭРГЭ ГЭЖ ИЙМ НЭГ ЯРУУ НАЙРАГЧ БИЙ ДЭЭ

Буриад түмнээс төрсөн, энэ цагийн гайхамшигт найрагч Сергей Тумуровыг илүү гүн мэдэрч ойлгохын тулд би шүлгүүдээс нь сорчлон орчуулж сууна. Эхлээд утгыг буулгана; дараа нь шүлгийн хэлбэрт оруулна; шүлэглэхдээ эх бичвэрийг бүрмөсөн огоорч, тэр найрагчийн зүрх сэтгэлд шургаад; өөрийнхөө дотроос эцэст нь бусдыг олж уншнам.

 

БУРИАД МОНГОЛЧУУД

-Баргужин Төхөмд бичсэн шүлэг-

 

Шаргал ногоон өвсөн тэнгисийн хөвөөнөө

Шаналгаант нөгөө л дассан байдлынхаа эрхшээлд – бид.

Эргийнх нь нарснуудын битүү шаналан,

Ээрэм говийн салхины цамнаан

Араншинд маань л үлджээ.

                Уудам талын ил задгай хаана нь буйг,

                Цуутай хаадын түүх хаачсаныг

                Ирээд үз, тэгээд ойлго.

Ногоон шаргал өвсөн тэнгисийн хөвөөнөө

Нойрмог эрин зуунууд тэр аяараа

Цусанд маань уугин шатаж байна.

 

 ---

 

СОРВИ

                                Алаар дүүргийнхээ ойд зориулав.

                                Кутулик

 

Хөвгүүн чигчий хурууныхаа хугарсан хумсны дэргэд

Хүн анзаарамгүй жижигхээн сорвитой юм...

Хөөрхий дөө! Эх хэлээ мэдэхгүй явахын

Ичгүүрийг чинь, зүүдийг чинь

Энд санаж дурсах ч хүн алга.

Аньсан шархаа задалж яраад,

                бүх дайсныхаа

Ангааг тайлж умдаал. Уурлаж бухимдаад нэмэргүй...

Анзаарагдах төдийхөн сорви бол хувь тавилан,

Чигчий хурууны чинь л хувь тавилан.

 

---

 

ОЙЛГОХУЙ

                                Бурутхан нутгийнхандаа

 

1.

Алаарын цаадтайх, ширгэсэн горхины дэргэд

Чиний нүд рүү ширтээд,

Алга болсон улс, эртний хүслийнхээ

мартагдсан гүвээг олж үзлээ.

Өвгө дээдсийн маань нарны хуулиар

Сарны тооллын хуанли

Үл үзэгдэх тойргоор нүүсээр

Эхлэл цэг рүүгээ буцан ирлээ.

 

2.

Алаарын цаадтайх, довцогийн оройг өнгийхүйд,

Их нүүдлийн жигүүрээс миний улс

Ангаж хатсан горхины дэргэд

Ойчсон өд л төдий үлджээ.

 

3.

Бүрэнхий бороо туг тугаараа

Довцогийн оройг бүрхэв.

Бүгээн өдрүүдийн сормууснаас

Бүдэг саарал ус

Сэтгэл харангадтал, чимээгүй дуслана.

Эрт дээр цагийн Бурутханчуудын

                Айдас,

                Эрх сүр төгөлдөр доромжлогдол нь

                Амилаад, юутай ч өөрийгөө зөвтгөөд,

Ийнхүү биднээс өшөөгөө авч байна.

 

4.

Илчлэн хэлэхэд нэгэнт оройтжээ,

Улс орон минь алга –

Энийг зөвхөн ойлгох л үлджээ.

Урт нүүдэл, ширгэсэн горхины шувуудад

Уг нь нуур бий болгоод өгдөг сөн бол ч.

Төрөлх нутгаа зорих замдаа шувууд

Түр ч болохноо буугаад

Тэнгэр цэлмэхийг хүлээх ч юм бил үү.

 

---

 

ҮГ

 

Шөнөөр, зүүдний хэрчлээсээр үгс хөвнө,-

Нүцгэн үүлс бээрнэ.

Нүдний минь хүүхэн харааг нэвт,

Хүйтэн жаврыг нэвт гэрэл тусна.

                Би хэн юм бэ? Энэ бүхнийг хөтөлж яваа

                Тэр хэн, Тэр бас юу юм бэ?

                Хариуд нь ердөө л дийзэнд харших

                Халбаганы бөглүүхэн чимээ...

Цонхон цаана бороо шивтнэж,

Гэгээ орж байна.

Агшин агшнаар үүлсийг нэвтлэн

Ахиад л үүр гийж байна.

                Би хэн юм бэ? Тэр хэн, Тэр бас юу юм бэ?

                Битүү утгат энэ үг Бурханыг хаанаас хүлээсэн юм бэ?

 

---

 

ХҮННҮ УУЛАНД НОЙРСОГЧ ӨВС*

 

Уудам тэнгэрийг чимээгүй бясалган

Уулс дээрээс маань өнгийнө.

Униарт хөтлөөр нь хүннүчүүд довтолгон гарч,

өнгөрсөн үеийн нам дороос биднийг нэвт

өртөөлөн гараад,

                цаг хугацааны оргил тийш давхилдсаар одно...

 

Эртний бурхадын хамтаар

Ийн чимээгүй замхран буцахад нь

Эрин зуунуудын гүн рүү шидэгдсэн чулууд

Бидний гүнд буй тэнгэрийг хагачина.

Хэлтэрхий нь хөлийн маань доор

Хэлгий цайвар нойрмог өвсний цэцэгс болж ургана.

 

Өмнөх амьдралаас авч гарсан түр зуурын бүлээн илчээ

Өнөө ч бид цааш зөөсөөр л явна.

Өлийн салхитай оргил дээр

                Хууч домгийн сэржим өргөхдөө,

Өөрсдөө бид ахиад л тэнгэртэйгээ чацуурна.

 

*- Хүннү уул Улаан-Үүдийн дэргэд орших бөгөөд нойрмог өвс гэдэг нь яргуйн нэг нэр юм.

 

---

 

ЦӨЛЛӨГИЙН ХАР ДУУН ДОТОРХИ ХАР ЦЭГ

-Элстэй хот дахь овоггүй Эрнстийн хөшөө-

 

Хазахаар ярзайх морины шүднээ

Урагдаж тасарсан арван гурван жил.

Халимаг эрийн бууралтсан сүнс –

Уй айдас нэвчсэн арван гурван жил.

Цурхиран ангайх төмөр морины шүднээ

Цус нэвчсэн арван гурван жил.

 

Арван гурван үхмэл он жилийн

Амьд дурсамж хар цэг болж,

                Талын гүвээний орой дээр

                                Хуйларна...

Төмөр морины арзайсан шүднээ

Төөрсөн хар аялгуу болж сүнс амилна.

 

                                2007.4.18. Элстэй.

 

---

 

МОРИН ДЭЛ ДЭЭРХ ӨНӨ МӨНХ

 

Монгол хүмүүс

Дүүрэн суусан танхимд

Ар араас нь би шүлгээ уншив.

Морьтон ардын оюун сүнс

Зүрхний минь эхэр таталт болж

Энэ нутгийн дээгүүр хөшиж тогтов.

 

Нүүдэлчдийн ертөнцөд

Яргаж ургасан чулуу болж

Би зогсов...

Нүүгүүл зуунуудын салхинд бууралтсан

Нэгэн бөө дотор минь амилж

Мөргөл үйлдэв.

 

Гэм зэмгүйхэн орон зайн гүнээс

Морин дэл дээр өнө мөнхийг дархалж,

Гэрэлт цаг хугацааг нэвтлэн

Эзэн богд Чингис хаан маань

Ирээдүйгээ ширтэв.

 

                                Улаанбаатар. 2006.11.24.

                                (Монгол төрийн 800 жилийн ойд зориулсан монгол туургатны яруу найргийн баяр зохиогдсон өдөр)

Шинэ ном

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.