Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...
ПОСТМОДЕРНИЗМЫН ТУХАЙ ЗУРВАС ЗАРИМ ОЙЛГОЛТ

Хүн яг өөрийн аж төрж яваа эрин үеийнхээ сэтгэлгээг тодорхойлж бараг л чаддаггүй. Тэр тусмаа урлаг, утга зохиолын төлөв байдал, чиг хандлага, яг өнөөдөр хүрээд байгаа ололт ба алдаа самуурлыг тоймлох бүр ч хэцүү. Энэ утгаараа постмодернизмын эрин дууссан хойно эргэж харвал бидний үеийн сэтгэлгээний хэв маяг илүү тодорхой үзэгдэж магадгүй. Дэлхийн 2-р дайны өмнө модернизмыг дүгнэх боломжгүй байсантай энэ нь яг адилхан юм.

                Нэр томьёоноосоо эхлээд л ярвигтай. “Пост-модернизм” гэдэг нь “модернизмын дараах” гэсэн утгатай. Тэр “модернизм” гэдэг нь юу байгаад, түүнийг залгаад ямар чиглэл гараад ирсэн хэрэг вэ гэдгийг тодорхой түвшинд төсөөлөхийн тулд эхлээд модернизмоо ойлгох хэрэгтэй. Модернизмыг ойлгохын тулд мэдээж модерноос өмнөх буюу сонгодог гоозүй, сонгодог утга зохиол юу байсныг ч бас мэдэж байх ёстой л доо. Гэхдээ тэгж нуршихаа больё.

                Модернизмын үр хөврөлийг XIX зууны аж үйлдвэржилттэй холбодог боловч, жинхэнэ утгаараа чиглэл болж тогтсон нь ХХ зуун юм. Шинжлэх ухааны ололтууд хувь хүний амьдралд жинтэй нөлөө үзүүлж эхэлснээр шашинд итгэх итгэл суларч, өдөр тутмын амьдрал улам бүр техник технологиос хамааралтай, хувь хүний эрх чөлөө засаг төрийн бодлогоос илт хараат болж эхэлсэн, зах зээлийн эдийн засаг бэхжиж, нийтийн соёлын хамрах хүрээ өргөссөн, энэ бүхнийг дагаад хотжилт эрчимжиж, хүйсийн ойлголт өөрчлөгдөж ирсэн нь урлаг, утга зохиолд цоо шинэ үзэл, цоо шинэ дуу хоолой тодрон гарах үндэс суурь болжээ.

                XIX зууны уран зохиолын нэг чухал ололт “Анна Каренина” романыг та бүхэн сайн мэдэх байх. Эмэгтэй хүний дотоод ертөнцийг уудлан үзүүлэхийг зорьсноороо энэ роман “Бовари хатагтай”-г дагахын зэрэгцээ даван гарч чадсан юм. Тэгвэл шинэ модернист цаг үеийн хүний мөн чанарыг илэрхийлэхэд “Анна Каренина” маягийн бичлэгийн хэв шинж хангалтгүй гэдэг нь сэхээтнүүдэд мэдрэгдээд эхэлсэн байна.

                Ингээд оюун санааны ертөнцөд шинэ уран зохиолын хүлээлт бий болов. Хүлээлтийг нэн тэргүүнд хоёр яруу найрагч, нэг романч гүйцэлдүүлсэн нь Т.С.Элиотын “Үр шимгүй газар”, Э.Паундын “Кантос”, Ж.Жойсын “Одиссей буюу Үлисс” гэсэн бүтээлүүд юм. Энэ хоёр яруу найрагч “Үлисс”-ийн эхний хэсгүүдийг гар бичмэлээр нь уншчихаад, өнгөрсөн одоо хоёрын завсар дахь зэрэгцээ ертөнцийг мэдэрснээ гагцхүү битүү далд утгат үгсээр л илэрхийлэх боломжтойг олж харсан нь модернизмын эхлэл цэг болжээ. Эдгээр гурван бүтээлд цоо шинэ санаа, урьд байгаагүй өвөрмөц арга барил гэсэн хосолмол ололт нэгдэж чадсан юм. Эзра Паундын нэгэн богино мөрт бий. Модернизмын бүтээлч тунхаг болчихмоор мөнөөх шүлгийн нэр “Тан улсын үеийн тэвшин дээрх алтан бичээс”:

 

                                Өглөө бүр шинээр манддаг нар шиг

                                Өдрөөс өдөрт цоо шинээрээ бай!

                                Үргэлж шинэчилж, өөрөө ч шинэчлэгдэж бай!

 

                Шинэ санаа. Шинэ арга техник. Урлагт энэ хоёр зам яаж сүлэлдсэнийг цомхон ойлгохын тулд хэдэн зураг харуулбал зүгээр болов уу гэж бодож байна. Модернизмыг бие даасан хүчирхэг чиглэл болоход зохиолчдоос дутуугүй зураачид, бас хөгжмийн зохиолчид чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1900-1910-аад онд урлагт Сэргэн мандлын үеийн хэв маяг илэрхий хоцрогдож эхэлсэн. Гэрэл зураг хөгжсөнөөр яг бодтой зураг утгаа алдаж, зүгээр л байгаагаар нь хараад дуурайн зурахыг хэн ч авьяас гэж тооцохгүйд хүрчээ. Үүнийг зөвхөн аж үйлдвэржилт, шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулан ойлгох нь бас учир дутагдалтай. Ерөөсөө хүн төрөлхтөний сэтгэлгээ хөгждөг зам гаднын нөлөөгүй, дотоод эрчим далайцаараа дэвжиж дэвшиж явдаг жам байна. Манай сонгодог романч Инжаннаши л гэхэд “Харагдаж буйг зурахаас, санааг зурах нь нэн эрхэм” гэж хэлсэн байдаг шүү дээ. Ийнхүү зураачид харагдаж байгаа шиг нь бус, харин төсөөлж байгаагаараа зурахыг эрхэмлэдэг болж өөрчлөгдлөө. Морь гэхэд ширээ шиг дөрвөлжин, тосгон гэхэд хүүхдийн эвлүүлдэг тоглоомын овоорол шиг, бүсгүй хүн гэхэд геометрийн дүрсүүдийн донжтой зохиомж шиг дүрслэгдэх нь илүү сэтгэлгээ ур шаардах болов. Үр дүнд нь хүнийг зүгээр л шилэн аяга, дарсны лонх, сонины цаас хумхиж базаад л дүрсэлчих, кубист фовист гэх зэрэг этгээд урсгалуудын нэрээр тодорхойлогдсон зургууд урлагийн дээд түвшнийг төлөөлөх болжээ.

 

                (Зураг1 ба2.)

 

                Яг иймэрхүү сэтгэлгээ тэр цагийн яруу найрагт илэрч гарсны жишээ болгож Элиотын нэгэн гайхамшигт шүлгээс уншиж өгье:

 

                “Жэй.Алфрид Прүфрокын дурлалын дуун” (p.153)

 

                Томоохон модернистууд цөмөөрөө л Ницше, Бэргсон, Фройд, Юнг, Айнштэйн зэрэг соёл ухамсрын хувьсгалыг манлайлагчдыг залгамжилсан том сэхээтнүүд, бас цаг үедээ тэргүүлэх соёл судлаачид байсан тул ХХ зууны эхэн хагас шинэлэг санаагаар ёстой л буцалж байлаа. Соёл судлалын нөлөө гэхэд л, домог зүйн шавхагдашгүй гаргалгаанууд орчин үеийн амьдралыг урлаг болгон үзүүлэх өргөн бололцоог бий болгох жишээтэй. Мөн Прүст, саяын энэ хачин боловч гүнзгий шүлгийг бичсэн Элиот, Жойс, Виржиния Вульф нарын яруу найргийн сэтгэлгээ “ухамсрын (бодлын) урсгал” хэмээх цоо шинэ бичлэгийг утга зохиолд бий болгов. Уран зохиол өмнө нь огт байгаагүй шинэ хэлээр бичигдэж эхэлсэн гэсэн үг. Сэтгэлгээнийх нь бүдүүвч загварыг бас л зургаас илүү тод харж болно.

 

                (Пикассо “Авиньоны бүсгүйчүүд”)

 

                Дасал болоогүй нүдэнд бол муухай, үзээрийн, амьд хүн гэхээсээ илүү африк багтай төстэй, зарим гярхай судлаачдын үгээр бол архаг тэмбүүтэй хүний дүр төрх бүсгүй хүний гоо сайхныг шинээр харах боломжийг нээжээ. Үүнийг хүний дотоод ертөнцийн шууд илэрхийлэл болгож чадсан “ухамсрын урсгал” хэмээх шинэлэг бичлэгийн арга барилтай холбож үзэх юм бол, шинэ гоозүй, шинэ хэл гэж чухамдаа шинэ ойлголтын тухай яриа гэдэг нь анзаарагдана. Сонгодог уран зохиол дууссан. Бүхнийг шинээр хийхээс өөр зам үлдээгүй гэсэн үг. Ингээд Фолкнерын “Шуугиан цухалдаан” романы Квентин Компсон гагцхүү үухамсрын урсгалын хүчээр л дээрх Прүфрок шиг, Жойсын хоёр роман дамнаж гардаг Стифэн Дедалус шиг оюунлиг, бас өмнөх бүх үеийн гоц санаануудаар өвч зэвсэглэсэн, яруу найрагч маягийн дүр болж уншигчдын сэтгэлд хүрсэн хэрэг. Виржиния Вульфын “Хатагтай Даллоуэй” хятадаар бий гэж сонссон. Тийм бол гол баатрынх нь 24 цагийн турш үргэлжилсэн сэтгэлийн дотоод зураглалыг дагаж уншихад модернист бичлэгийн гол мөн чанар мэдрэгдэх байх аа.

                Далд ухамсар ба төсөөллийн харилцан хамааралтай энэхүү “ухамсрын урсгал” гээч нь өнөөдөр уран зохиолд төдийгүй бүх урлагийн үндсэн өгүүлэмж болжээ. Тэгэхээр “ухамсрын урсгал” гэж яг юу юм бэ гэдэг дээр түр тогтож ярилцъя.

                Ер бусын содон сэргэг дүрслэл, бэлгэдэл, далд ухамсар, зүүд совин, хувь хүний өөрийгөө ухамсарлах мэдрэмж зэрэг ойлголт ХIХ зууны сүүл хагасын яруу найргийн дээд зиндааг тодорхойлж байлаа. Яг эндээс сэтгэлгээ нь эх авсан тэргүүлэгч модернистуудын хувьд аливаад дүгнэлт гаргалгаа хийхдээ зөрөлдөөн маргалдааныг илүүд үзэх замаар үнэнд хүрнэ гэсэн цоо шинэ, ардчилсан хандлагыг утга зохиолд шинээр нэмсэн юм. Хувь хүний сэтгэлзүйд чиглэсэн, нийтийн цаг хугацаанд эсрэгцсэн субьектив цаг хугацааны мэдрэмжийн маань уян хатан шинжүүдийг хөндснөөрөө ухамсрын урсгал үнэхээр чухаг бөгөөд урьд нь ойлгож ирсэн бичгийн хэлнээс эрс өөр юм. Бичих арга барил нь булзсан дам утгат битүү санаагаар дүүрэн, логик уялдааг улайм цайм үгүйсгэж гуйвуулсан аястай. Сэтгэцийн сул зоргоороо байдал, сэрүүн зүүд, өгүүлэх явцдаа л илрэн гарах урьдаас бодож төлөвлөөгүй урсгал яриа зэргээр илэрхийлэгдэнэ. Тухайн баатрын гаргаж хэлэхгүй боловч сэтгэлд нь торсоор буй үелзэл догдлол, дотоод зөрчлийг илэрхийлэхэд, миний л бодлоор бол, харьцуулшгүй сайн арга. Ухамсрын урсгалын маш тод уран жишээ бол Жойсын “Үлисс” романы гол баатар Блум эхнэрээ хардаж сэрдэж байгааг өгүүлсэн хэсэг. Энэ хэсгийн гоц гойд нь юундаа байна вэ гэвэл, баатар маань хэнд ч хэзээ ч гаргаж ил хэлэхгүй, тэгж огт чадахгүй зүйлээ зүгээр л хөвөрсөн бодлууд дундаа үнэртүүлчихдэг. Бусад хүүхнүүд рүү харц шидэж, тэдний тухай бодож байхдаа ч цаанаа бол эхнэрийнхээ үнэнч бусад зовниж, уулзахаар болзсон нууц амрагийг нь үзэн ядаж буй нь уншигчид халдварлан мэдрэгдэх жишээтэй. Яг иймэрхүү дам өгүүлэмжийн бас нэгэн сонгодог жишээ бол Фолкнерын “Шуугиан, цухалдаан” романы эхний бүлэг буюу оюуны хомсдолтой Бэнжи хөвгүүний эмх цэгцгүй бодлон яриа байна. Тухайн үедээ цочирдом шинэ бичлэг байсан. Энэ бүхэн одоо бол илэрхийллийн сонгодог арга барил болчихсон л доо. Молли Блум бэлгийн амьдралынхаа талаар ганхийх ч үгүй буй нь зохиогчийн уран санаа гэхээсээ илүү XIX зуунд эмэгтэйчүүдийн зүгээс ор хөнжлийн явдлыг барагтай л бол ил шууд дэлгэж заншаагүйтэй ч холбон тайлбарлаж болно. Модернизмын бас нэг чухаг төлөөлөгч, гайхалтай яруу найрагч Лоурэнсийн романууд эр эмийн ёсны нарийн ширийнийг сэтгэлзүйн талаас нь шинэлэг хэлбэрээр илэрхийлснийг хамруулан үзэхэд, эдгээр бичвэрт модернист гэхээсээ илүү шинэ содонг хайсан эрэл голчилсон байх талтай. Ер нь модернизмын эхэн үед хориотой хаалттай сэдэв гэж байсан нь шинэчлэлийг улам ч хүчирхэгжихэд түлхэц өгсөн юм.

                Ухамсрын урсгал бий болоход сэтгэлгээний хувьд Бэргсон, сэтгэлзүйн хувьд Фройд гол нөлөө үзүүлж, хувийн үзэл бодлоо зохиогчид гол төвд тавьж эхэлсэн нь ухамсрын урсгалыг төгөлдөржүүлжээ. Тод томруун жишээ гэвэл Прүстийн романууд дахь Марселийн монолог, түүнчлэн Стифэн Дэдалусаар дамжуулж Жойс өөрийн хөргийг зурсан зэргийг тоочиж болно.

                Ийм бичлэгийн гүнд уран зохиолын шинэ дүр, баатрууд бий болов. Тэд бол туульсын романы хүчирхэг дүрүүдтэй харьцуулшгүй, бодлогошролд автсан, идэвхгүй, аминдаа арчаагүй, гэхдээ ухаалаг, хүлээц тэвчээртэй, амьдралд нь тохиолдож буй давшгүй үйл явдлын маш шударга гэрчүүд байлаа.Тэд ямагт сүйрэл, утга учиргүй орчинтой нүүр тулж, өөрөөсөө өөр хэнд ч найдах аргагүй тийм нөхцөл байдалд унацгаадаг, хувь мөн чанараараа л энэ бүхнийг даван туулахаас өөр гарцгүйг мэдэрчихсэн, төрөлх зөн совингоо л тэмтрэхээс өөр авралгүй хүмүүс. Ийм дүрүүд бүхий л ХХ зууны утга зохиолд ноёлсон юм. Виржиния Вульф, Хэмингуэй, “Дүр төрхгүй хүн”-ий Мүзил, цоо шинэ театрыг бий болгосон Бэккэтт бүгдээрээ ижилхэн. Монголд ийм дүрүүдийн сонгодог тусгал болсон олон зохиол орчуулагдсан. Бэлээхэн тод жишээ бол харагддаггүй шүүгч, ойлгогддоггүй шүүхийн тухай, өмнөх удаад миний ярьсан роман байна. Кафкагийн “Шүүх”, Камюгийн “Этгээд хүн” зэргийг уншиж байж л та бид модернизмын хамгийн чухаг урсгал болох экзистенциализмыг мэдэрнэ шүү. Кафкагийн тэр баатар төгсгөлдөө “Яг л нохой шиг” гэж өөрийгөө дорд үзэн хэлэхдээ ямар нэгэн шившигт гутамшиг өөрт нь нэвчиж гүйцэхийг мэдэрдэг. Энэ бүх утга учиргүй шүүх ажиллагаанд тэр өөрөө ямар ч буруугүй мөртлөө шүү дээ.

                Модернизмын гол гол шинж чанар гээд тоочоод байгаа эдгээр зүйлс дээр чухамхүү постмодернизм ургаж дэлбээлэх хөрс тогтов. Модернист зохиолчид аливааг байж болох хамгийн олон талаас үзүүлэхдээ дээрх ухамсрын урсгалыг сонгосон нь маш зөв шийдэл болсон юм. Үйл явдал ч, бидний бодол ч угаасаа л урсан гарах байдлаар өрнөдөг шүү дээ. Бодлоо аль болохуйц бодол шиг бичих, түүнийг тайлах, өөрийн зүгээс хэрхэн харж ойлгож буйгаа үзүүлэх, аливаа зүйлс нэгэн зэрэг өрнөдөг бөгөөд тохиолдлын шинжтэйг дүрслэх нь цаанаа гүн ухааны ч утгатай. Уран зохиолыг философиос салгашгүй. Модернистууд том сэтгэгчид байсныг байн байн хэлээд буй минь ийм учиртай.

                Модернизмд нэлээд хэв шинжтэй болчихсон онцлог бол цуврал, мөчлөг, сэдэв давтагддаг, нэг санаа өөр өөр хувилбараар хийгддэг зохиомжууд. Уран зохиолд хамгийн их тусгалаа олсон ч, хөгжимд, уран зурагт илүү тод анзаарагддаг. Кандинскийн библийн сэдвээр хийсэн цуврал, Сэзаннын нэг л уулыг дахин давтан зурсан ажлууд гэх мэт. Уран зохиолд ийм илэрхийлэл нь харилцан шүтэлцээт зохиолуудыг бий болгосон бөгөөд олон модернист роман өөр хоорондоо дам холбоотой байдаг.

                Дээр хэлсэн экцизсенциализмаас гадна бас нэг гоц гойд модерн урсгал бол сюрреализм. Сюрреализмаасшидэт реализм, шидэт реализмаас постмодернизм эх авсан гэдэг утгаараа энэ талаар мөн гол зарим ойлголттой байваас зохино. “Сюрреализм” гэдэг нь яг л бидэнд сонсогдож байгаа шигээ сүр-реализм. Хэдийгээр бяцхан хошигнол боловч үнэний хувьтай. Ертөнцийн жинхэнэ дээд бодот чанарыг илэрхийлэх, дээд бодот байдал гэсэн утгын цаана санаа бодлын шууд бус, дам тоглолтууд байгаа юм. Жинхэнээс илүү жинхэнэ дээд бодот байдал бол ахуй бус, харин оюун сэтгэлгээний ертөнц, эд юмсын харагдахаас ч цаадхи бодот шинж нь гэсэн санаа. Зүүдний бүхнийг гэтлэгч, ямар ч логикд баригддаггүй гоц чанар бол дээд бодот байдал гэж сюрреалистууд үздэг. Уран бүтээлчдийн сюрреалист хандлагад өлсөж ядрах үеийн мэдрэмж, хар тамхины нөлөө, зүүд, сэтгэцийн эмгэг зэрэг түлхүүрүүд олонтаа тэмдэглэгдсэн бий. Хүний бодол санааг төгс илэрхийлэхэд, ертөнцийн бодот чанарыг дүрслэхэд бидний өдөр тутмын ярианд хангалттай хүрэлцдэг хэл маань хүрэлцэхгүй, зарим тохиолдолд нэг хэлний боломж сэтгэл хөдлөлийг маань илтгэхэд дутагдалтай гэдэг үзлийн улмаас Жойс “Финнеганы хойлго” хэмээх, хэд хэдэн хэл хольж, зарим газар нь утга агуулаагүй өгүүлбэр зохиож бичсэн романаа гаргажээ. Хүний төсөөлөл үнэхээр баригдашгүй, салхи мэт чөлөөтэй зүйл билээ. Сюрреализмыг онцгой суут зураач Сальвадор Далийн ажлуудаар мөн л зураглан харцгаавал нэлээд боломжийн сэдэл өгөх болов уу.

 

                (Зураг4.)

 

                Би өөрөө ч модернизмд дуртай болохоор, яриа маань модернизмын халдварт бүр нэрвэгдчихлээ. Гэвч одоо үндсэн сэдэв рүүгээ, энд гарчиг тавьсан постмодернизм руугаа орцгооё.

                Хэдийгээр энэ нэр “-изм”-ээр төгсч байгаа боловч, изм биш, яг тодорхой хэлбэл аливаа измийг дэмждэггүй үзэл баримтлал болохыг нэн түрүүнд хэлмээр байна. Яагаад гэвэл “-изм” гэдэг бол сэтгэлгээний загвар. Постмодернизм бол ямар ч загваргүй сэтгэлгээ. Бидний амьдралд загвар байхгүй. Маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Постмодернизм амьдралыг, энэ цаг үеийн энэ ертөнцийг л илэрхийлэх тусгал. Тиймээс постмодернизмыг хийсвэр урлаг ч юмуу, бодтой дүрслэлээс татгалзсан модернизмын үргэлжлэл гэж үзэж болохгүй. Постмодернизмын дотор өмнөх үеийн бүх чиглэл, сонгодог реализмаас эхлээд хийсвэр абстракт цөм багтана. Гэхдээ (хамгийн гол ойлгох зүйл бол) модернизмоос ялгаатай. Жишээ нь, модернизм “урлаг урлагийнхаа төлөө” гэсэн зарчимтай, урлаг утга зохиолыг хүртэх чадвараар нь элитийн ба массын гэж хатуу зааглан ангилж байсан бол, постмодернизм ийм зааг хил хязгаарыг үгүйсгэн гарч иржээ. Гэвч үгүйсгэл гэдэг өөрөө загвар руу хэлбийх хандлага тул постмодерн сэтгэлгээг асар өндөр боловсролтой сэхээтнүүд залж чиглүүлсний үрээр 1970-аад оны сүүлчээс эхлэн модернизм, постмодернизм хоёрын зөрчил багасч, харилцан буулт хийж, өнөөдрийн сэтгэлгээний чиг хандлага тогтсон юм. Өнгөцхөндөө ялгааг нь олж харахад хэцүү л дээ. Гэвч та бүхэн модернизмын эхлэл болсон Жойсын романыг уншаад дараа нь Алан Роб-Грийетэй танилцвал маш их ялгаатай нь шууд харагдах болно. Жойсыг бүрэн уншихад та бүхэнд хүчиртэй байх аа. “Үлисс” роман нь л гэхэд Азид одоохондоо гуравхан хэлээр, япон, солонгос, монголоор л орчуулагдаад байгаа. Харин Роб-Грийе хятадаар бий гэж сонссон.

                Постмодерн утга зохиол ерөнхийдөө уялдаа холбооноос зориудаар татгалзсан, уламжлалт уншигчдад бол ийм зохиолууд авцалдаа муутай ч юм шиг, хэтэрхий тулгаж гөрдсөн мэт, зүгээр л амар хялбараар өрөөд тавьчихсан мэт санагддаг. Үйл явдлаас илүүтэй уншигчийн ойлгох явцыг чухалчилдаг, тийм ч учраас өгүүлэмжээ гүйцээлгүй дутуу хаяад дэвшүүлж буй санааныхаа тайллыг хөөгөөд явчих нь элбэг. Өмнөх үеийн үгийн урлаг ба сэтгэлгээний туурвилын бүх ололт цугтаа постмодерн утга зохиолоос харагддаг. Зохиомол ба жинхэнэ баримт нэг дор холилдох, зарим тохиолдолд сэтгүүлзүй үнэртэх, Барт, Флобэр, Прүст гурав ч юмуу, Ницше, Деррида, Хайдеггер, Маллармэ дөрвийн холимог маягийн үзэл нэг зохиол болчихсон "тууж" явах нь ч энүүхэнд. Миний хамгийн дуртай зохиолчдын нэг Борхэс өөрөөсөө өмнөх үеийн зохиолчдынхоо сайхан санагддаг үгсийг зүгээр л зээлдээд авчихдаг байв. Учир нь тэр ч, түүний залгамжлагч постмодернистууд ч энэ ертөнцийг ердөө л бичвэр текст гэж үздэг, тэднийхээр бол аливаа зүйл бичигдэнэ гэдэг нь л хамгийн чухал хэмжүүр юм. Дуртай зохиолчийнхоо санааг давтах нь тэр үгийг амьд хадгалж үргэлжлүүлэн бусдад түгээж байгаа буян гэсэн үг. Дээр нэр нь гарсан Роб-Грийн зохиолуудаас гэхэд л Сартрын “Огиудас”, Камюгийн “Этгээд хүн” шууд ханхалдаг. Ер нь постмодернизмын гол онолчдыг ч бодсон, энэ чиглэлийн гүнд нэвтрэхийн тулд францаар уншдаг байх ёстой юм шиг билээ. Би франц хэл мэдэхгүй тул, гаднаас нь өнгөц харсан таамаг хэлж байж ч магадгүй шүү.

                Гэхдээ постмодерн уур амьсгал гэдэг нь хязгаар эцэсгүй давтагдах цуурай, үл ойлголцлуудын бүртгэл, өмнө бичигдсэн зохиолуудыг харж болох бүхий л өнцгөөс нь цоо шинээр нягталж тайлсан, бичвэр дээрх оюун санааны задлан шинжилгээ юм шиг санагддаг. Ер нь шинэ хэл, шинэ тайлалд нээлттэй байна, цуурайтах чадвар өндөр байна гэдэг уран зохиолын гол үнэт чанар юм. "Хэл бол дохио тэмдгийн систем" гэдэг дээр постмодернизмын ихэнх том онолчид санал нэгдсэн бөгөөд хэлний болоод сэтгэлгээний урлаг болохынхоо хувьд (эсвэл хэл сэтгэлгээ хоёр угаасаа л нэг учраас) утга зохиол бол дохио тэмдгүүдийн чөлөөт тоглолт гэж үздэг. Зохиогч тийм тоглоомын орчин ба дүрмийг л санал болгоно. Зохиогч ч, зохиолд гарч буй дүр ч ердөө нэг удаагийн л өгөгдөл. Баатар нь уламжлалт ойлголтын дүр болтлоо төлөвшинө үү, хэт цахих мэт очлуур болоод л орхигдоно уу, зохиол цаашаа үргэлжилнэ үү, тэгээд мухардана уу, уншигчийн эрх. Бүр яаж төгсөхийг ч уншигчид оюун санаандаа чөлөөтэй шийдэх эрхтэй. Хятадад хориотой жагсаалтад байдаг “1984” хэмээх Оруэллын зохиолыг Кафкачилж шинээр бичих оролдлогыг хийсэн франц сэтгэгч Ролан Барт ийм шийдлийг “Зохиогчийн үхэл” гэж томьёолсон байдаг. Ийм тохиолдолд зохиол гэдэг нь ердөө л өдөөгч-бичвэр, магадгүй дам санаа өгөгч-бичвэр, далд бэлгэдэл-бичвэр болно.

                Энд би шугаман ба metaphorical гэгддэг дам бэлгэдлээс бүтсэн хоёр шүлгийг та бүхэнд харьцуулан уншиж өгье. Эхнийх нь та бүхний сайн мэдэх Ли Байгийн “Сарны саруулд ганцаар согтохуй” хэмээх шүлгийн эхний хэсэг. Энэ бол сонгодог шугаман өгүүлэмжтэй яруу найраг.

 

                (р.21)

 

                Харин одоо унших шүлэг бол Маргарет Этвүүд хэмээх канад яруу найрагчийн дөрөвхөн мөр.

 

                (р.263)

 

                Нэгэнт шүлэг харьцуулж ярьсан дээрээ хэлэхэд, харьцангуй хэмээх үг постмодернизмд их чухал ойлголт шүү. Постмодернистууд аливааг жишиж харьцуулж хамаатуулахдаа гаршсан уран бүтээлчид байдаг. Нэг зохиолын баатар гэр бүлийн амьдралаа нурааж байхад бүр цаад өгүүлэмжийн далайц дээр тухайн үндэстний орон зай сүйрч байх жишээтэй.

                Постмодерн утга зохиол ямар нэгэн зүйлийг хэлбэрэлтгүй үнэн болгож үзүүлэхээс татгалздаг. Үнэн гэдэг бол өөрөө нэгэн хүнийхээр тогтоочихож болдог зүйл биш. Тиймээс постмодернизм маш олон урлаг, сэтгэлгээний хэв шинжийг нэг дор цогцлоохыг эрмэлздэг чиглэл юм. Хэлний илэрхийлэх чадвар ч энэ утгаараа бол эргэлзээтэй. Яагаад нэг л хэлээр ярилцаад байгаа атлаа хүмүүс бүрэн ойлголцож чаддаггүй вэ гэдэг нь үгийн утгадаа байгаа юм биш, харин үнэний туйлын шалгуур гэж огт байхгүй учраас тогтсон ойлголтын зөрүү хэзээ ч арилдаггүйд, энэ нь тэдний хүмүүжил боловсролын түвшнээс биш, ердөө л бидний энэ ертөнц абстракт харагддаг ч угийн абсурд чанартайгаасболдог. Үүнийг хөндсөн учраас бодот амьдрал, уран сэтгэмж хоёрын завсар дахь бүх зөрчилдөөн хийгээд эргэлзээг базаж дүрсэлсэн “шинэ роман”, шидэт реализм гэх мэт урсгалууд постмодернист уран зохиолын үндэс суурь болсон хэрэг.

                Дөхөм ойлгогдохуйц нэг жишээ хэлье. Уламжлалт роман, постмодерн роман хоёрт хамгийн гол, үндсэн ч гэж хэлж болохуйц зарчмын ялгаа нь нэн тэргүүнээ уншигчийн байр сууринд байгаа юм. Сонгодог романыг уншиж байгаа хүн бол бүх үйл явдлыг гаднаас нь харж, зохиолын баатар төмөр зам руу гүйгээд галт тэргэн доогуур орчихлоо гэхэд үүнийг кино үзэж байгаа үзэгчийн байр сууринаас л харж, байдлыг шүүж цэгнэж суудаг. Харин постмодерн романд бодтой үйл явдлын араас зогсолтгүй хөөцөлдсөн бичлэг байдаггүйгээс гадна хэрхэн төгсгөхийг өөрөө шийдэх боломж уншигчид заавал үлддэг. Баатар галт тэргэн доогуур орж ч магадгүй, эцсийн агшинд буцаж ч магадгүй. Зохиогч хэзээ ч тодорхой бичихгүй. Угаасаа баатрын дотоод ертөнц рүү орж чадсан уншигчийн хувьд бол яаж ч шийдсэн зөв л төгсгөл болох учиртай. Энэ хэв шинж биш л дээ, зүгээр л жишээ. Гэхдээ уламжлалт роман, постмодерн роман хоёрын ялгааг ийм маягаар бүдүүвчлэн ойлгоход анхны удаад бол хангалттай.

                Хэл бичгийн бэрхшээлээс болоод постмодерн зохиолууд та бүхний гарын доор олдчих боломж хомс хэдий ч, постмодерн байдлаар тайлал хийж болохуйц хоёр богинохоон, монгол зохиол санал болгоё. Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, П.Баярсайханы “Зуун жил” гэсэн хоёр өгүүллэгийг уншаад төгсгөлийнх нь хувилбарыг өөр өөрийнхөөрөө төсөөлөөд үзээрэй. Аль аль нь худам бичигт буусан байгаа.

                Энэ сунжруу ярианы дүнд та бүхэн ганцхан л зүйлийг ойлгож аваасай гэж бодож байна. Постмодернизм гэдэг нь өмнөх измүүдийн нэг огт биш, ямар ч измгүйн нэр. Ямар ч загваргүй сэтгэхийг л хэлж байгаа юм. Загваргүй гэдэг үгээр сэтгэлгээг чөлөөлөхийг хэлж байгаа юм. Сэтгэлгээ чөлөөлөгдсөний дараа бол урлаг өөрөө юухнаас ч төрөх боломжтой. Жон Кэйж хэмээх хөгжмийн зохиолчийн “4’33” хэмээх төгөлдөр хуурын бүтээл байдаг. 4 минут 33 секунд юу ч тоглохгүй, төгөлдөр хуурынхаа ард чив чимээгүй суудаг. Цаана нь бүхэл бүтэн найрал хөгжим удирдаачийнхаа хамт мөн чимээгүй хүлээдэг. Хүлээж байгаа ч юм биш. Тэд нам гүмийг тоглож байгаа юм. Хөгжим бол чимээ ба чимээгүй хоёрын зохицол шүү дээ. Хөгжмийг хүмүүс дуу чимээ гэж л төсөөлдөг. Тэгвэл дуу авианаас ч илүүтэй хөгжмийн зохиолыг бүтээлцдэг нам гүмийг цэврээр нь, дангаар нь тоглоно гэдэг бол загваргүй сэтгэлгээний үр дүн юм.

                Постмодерн утга зохиол модернизмыг дагаж шинэчлэх замаар гарч ирсэн, өөгүй дардан замаар явж байгаа чиглэл огт биш. Одоо хэр нь постмодернизмыг жигшин зэвүүцдэг зохиолчид улс орон бүрт бий. Энэтхэг гаралтай англи зохиолч Салман Рушди л гэхэд бүр Ираны шашны дээд мяндагтнаас цаазаар авах ял эчнээ сонсож байсан удаа ч бий. Хүмүүс Рушдийг шуугиан тарьж алдаршсан зохиолч мэтээр ойлгоод байдаг нь ёстой буруу шүү. 1980-аад онд энэ зохиолчийн “Шөнө дундын хүүхдүүд” роман, бас Италийн зохиолч, маш өвөрмөц сэтгэгч Умбэрто Экогийн “Сарнайн нэр” хэмээх хоёр роман гарснаар постмодерн уран зохиол жинхэнэ утгаараа төлөвшлөө олсон юм.

                Постмодернизмыг яг өнөөдрийн сэтгэлгээний дүр төлөв гэж үзээд байгаагийн нэг үндсэн суурь бол интернет. Интернет орчин бол зохион байгуулалтгүй, хяналтгүй, эвлүүлмэл зүймэл холимогсоёлын бөөгнөрөл юм. Тэнд ердийн гутал хувцасны наймаанаас эхлээд асар олон талт мэдээллийн солилцоо тасралтгүй явагдаж байдаг. Постмодерн ертөнцийн дүр төрх нь энэ.

                За, одоо яриагаа нэлээд энгийн байдлаар цэгцлэе. Миний бие 2001 онд “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” гэдэг танин мэдэхүйн хялбаршуулсан чиглэлийн ном гаргасан юм. Тэнд постмодернизмын гол гол шинжийг дурдах гэж оролдсон бий. Энэ номын талаар та бүхэн Д.Бат багшаасаа илүү дэлгэрүүлээд лавлаж болно. Энд хамгийн товчоор хэлэхэд, хүний сэтгэлгээг хүлээс загварт барьдаг бүхнийг постмодернизм үгүйсгэн буруушаадаг. Хаос. Олон эшт үзэл. Гүнзгий нарийн яруу найргийн мэдрэмж. Эрс шулуун үгүйсгэл. Хэвшмэл загварыг үл хүлээн зөвшөөрөх. Үе дамжсан үнэт чанар ба зүй тогтлыг, хатуу чанд байр суурийг авч үл хэлэлцэх. Иймэрхүү л үгс хаа нэгтээ сонсогдож байвал тэнд постмодерн сэтгэлгээ яригдаж байна гэсэн үг. Хэрэв та хэн нэгэн яруу найрагчийг бурханчлан шүтэж, тэр хүний талаар таагүй үг хэлсэн хүнтэй өс зангидахад бэлэн яваа бол постмодернизмд хүрэхэд нэлээд зайтай байна шүү. Учир нь сохор бишрэл бол постмодернизмд харш. Харин шүүмжлэлт байр суурь, үгүйсгэл маш чухал тал нь. Шүүмжилж хэн ч чадна, шүүмжлээд үр дүн гардаггүй гэж ярьцгаадаг л даа. Гэвч уран зохиол биш зүйлийг уран бүтээл мэтээр сурталчилдаг үзэгдэл хаа сайгүй ноёлсон хэвээрээ л байна шүү дээ.

                Жинхэнэ уран зохиолын зарчмыг бүр 3000-гаад жилийн өмнө эртний герегчүүд нэг мөр тодорхойлчихсон бол, постмодернистууд тэр уран зохиол нь өөрөө яг юу юм бэ гэдгийг зоригтойгоор тунхагласан юм. Герегт тодорхойлсон ойлголтыг огт ухамсарладаггүй зохиолчид өнөөдөр ч байдаг. Тэр эрт үед юу гэж тодорхойлсон бэ гэвэл, ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙГ НОМЛОСОН НЬ УРАН ЗОХИОЛ БИШ! ХҮН ЯГ ХЭН ЮМ БЭ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛСЭН НЬ Л УРАН ЗОХИОЛ! Постмодернистууд уран зохиолыг харин юу гэж тодорхойлов оо гэвэл, ЗОХИОГЧИЙН ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЗАМ МӨРӨӨС ӨӨР ЮУ Ч БИШ! Тиймээс постмодернизмын шүүмжлэлт, бас бүтээлч сэтгэлгээг би ямагт дэмждэг.

Шинэ ном

Г.Аюурзанын санаачлан гаргасан "Шинэ үеийн номын сан" цувралын анхны боть. Сонгодог гүн ухааныг өргөн олноо хялбаршуулан түгээх гэсэн, Монголын хэмжээний анхны оролдлого. 2000 онд анх хэвлэгдснээсээ хойш олонтаа шинэчлэгдэж, өнөө хэр уншигчдын дуртай ном хэвээр байна.

Сонгодог уран зохиолын эхлэлийг тавьсан дөрвөн л нэр бий. Энэ бол Хомэр, Шэкспир, Сэрвантэс, тэгээд Монтэнь юм. Францын сэтгэгч, эсээ хэмээх төрлийг уран зохиолд үндэслэн хөгжүүлсэн Монтэнийн сор эсээнүүдийг түүвэрлэн орчуулсан энэ ном бол олон зууны туршид дэлхийн сэхээтнүүдийн ширээг чимсээр ирсэн бүтээл билээ. Г.Аюурзана орос, англи хувилбаруудыг дүйлгэн орчуулсан эдгээр эсээ нь аугаа их философичийн сонгодог бүтээл монгол хэлнээ гарсан анхны тохиолдол болно.